Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00624

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00624

 

 

Д.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00184 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Агийн хариуцагч Д.Од холбогдуулан 79 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.О 2014 онд цайны газар нээж ажиллуулах мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлдүүлээч гэх саналыг надад тавьсныг би зөвшөөрч, төрсөн дүүдээ итгэн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, тус өдөр бэлнээр 25 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дансаар 25 000 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр хоолны газар ажиллуулах гэсэн юм, тохижилт түрээсийн мөнгө хэрэгтэй байна гэхэд нь мөн зөвшөөрч, хамтдаа Бээжин хот руу явж тус хоолны газрын тохижилтын зүйлсийг худалдан авч, түрээс, тохижилтод нийт 55 000 000 төгрөг өөрийн зүгээс дүүдээ өгсөн. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар банкны орон сууцны зээлийн 8 хувийн лизингт оруулж өгье, нийт 66.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууц м.кв-ыг нь 1 880 000 төгрөгөөр тооцоод 124 982 400 төгрөгийн 30 хувийн урьдчилгаа өгөөч гэсний дагуу түүнд 37 500 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр өгсөн. Улмаар зээлсэн мөнгөө буцаан төлөх хугацаа болоход төлөхгүй, холбоо барих нь багассаар 2015 оны сүүлээр надад хэлэхгүйгээр Япон улс руу ажиллаж амьдрахаар хэл сураггүй явсан. 2017 онд эргэн ирсэн тухай мэдээд очиж уулзахад зээлийн хүүнд төлсөн мөнгөө үндсэн зээлээсээ хасуулаад, оронд нь 66,48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг хувь лизингээр надад авч өгөхөөр болж 10 000 000 төгрөг төлөөд, 24 сарын турш 2 500 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг оны эцэст өгнө гэснийг нь би зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би Д.Оы санал болгосны дагуу н.Өрнөхбаяртай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.О ярьснаараа байрны урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг төлж, цаашид сар бүр 2 500 000 төгрөг төлөх тухай баталгааг худалдагч н.Өрнөхбаярт гаргаж өгснийг нь хүлээн зөвшөөрч, уг байранд манай хүүгийнх гэр бүлээрээ орж өөрсдийн зардлаар тохижуулан засвар хийсэн. Гэвч Д.О нь сар бүр 2 500 000 төгрөгийг миний өмнөөс төлөх үүргээ зөрчиж, 1 000 000 төгрөгийг төлдөг байсан тул н.Өрнөхбаяр нь дутуу төлбөрийг надаас нэхдэг байсан. Байранд ороод удаагүй байхад тус орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн байсан учраас банкны зүгээс биднийг байр чөлөөлөхийг шаардсан мэдэгдлийг удаа дараа ирүүлж шаардсан ба 2020 оны 1 дүгээр сард тус байрнаас бидний гаргасан ба, миний өмнөөс төлсөн 21 000 000 төгрөгийг банк надад буцаан олгосон. Учир нь уг байр 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавигдсан байсныг мэдэлгүй миний бие худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байсан. Д.А, Д.О нарын хооронд хэд хэдэн удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч тэдгээр гэрээний үүргүүдийг 2017 онд нэгтгэн дүгнэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу өмнөх үүргийг өөр үүргээр сольсон. Тодруулбал, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх шинэ үүрэг талуудын хооронд бий болсон. Зээлийн гэрээнүүдийг дүгнэж, эдгээр гэрээнүүдийн дагуу Д.Ооос Д.Ад буцаан шилжүүлж өгөх үлдэгдэл 142 500 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг талуудын хооронд үүсэж, уг мөнгийг хэрхэн яаж буцааж төлөх нь талуудын хоорондын тохиролцооны асуудал болно. Талууд харилцан тохиролцож, нийт үлдэгдэл төлбөрт тооцон 124 982 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Д.Ад шилжүүлж өгөх буюу тухайн орон сууцны төлбөрийг худалдагч тал болох гуравдагч этгээдэд төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Тус орон сууц нэхэмжлэгчид шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс талуудын гэрээгээ дүгнэснээр тооцсон үлдэгдэл 142 500 000 төгрөгөөс Д.Оы нэхэмжлэгчид төлсөн 62 900 000 төгрөгийг хасан тооцож, үлдэгдэл 79 600 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Тухайн орон сууц одоо Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд шилжсэнээр орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах боломжгүй болсон учир мөнгөн төлбөрөөр тооцож, үлдэгдэл 79 600 000 төгрөгийг өөрийн хөрөнгийг хэмнэх зорилгоор хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 55 000 000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зориулсан мөнгө гэж тайлбарласан нь Д.Оы өөрийн бичгээр гаргасан өргөдөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хамтын үйл ажиллагаа биш байсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яг энэ асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ нар нь Д.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ тухай баримтаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 125 тоот захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан үр дагаврыг бий болгодог тул нэхэмжлэгч Д.А нь нэг асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй гэж ойлгож байна. Д.О нь 2014 оны 3 дугаар сард өөрийн төрсөн эгч Д.А, төрсөн эгч Д.Осүрэн нарын хамтаар Амирлахуй нэрт хийдийн 3 дугаар давхрыг түрээслэн авч, зоогийн газрын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож, гурван талаасаа хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч тэдний эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа тооцоолж, төсөөлж байсны дагуу явагдаж чадаагүй бөгөөд улмаар алдагдалд орж, бизнесийн үйл ажиллагаа нь зогссон байдаг. Уг үйл ажиллагаанд ганц Д.А хөрөнгө оруулсан биш бөгөөд Д.Осүрэн, Д.О нар мөн адил хэмжээгээр хөрөнгө оруулж, алдагдалтай үйл ажиллагаа явуулсны улмаас дээрх гурван хүн бүгд анх оруулсан хөрөнгөөрөө алдагдал хүлээсэн. Д.А нь Д.Од ямар нэгэн байдлаар мөнгө зээлүүлээгүй бөгөөд түүнд өгсөн гээд байгаа мөнгө нь хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө байсан юм. Хариуцагч Д.Од зээлдүүлсэн гэх 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь дүү Д.Осүрэнд зээлдүүлж, түүний өмчлөлийн Вива сити хотхон дахь орон сууцыг барьцаалж, хожим нь үүрэг дуусгавар болсныг өөрсдөө хэлцэл хийсэн учир уг мөнгийг Д.Од зээлдүүлсэн гэдэг нь худал болж байна. Харин 55 000 000 төгрөгийн хувьд Д.А, Д.О, Д.Осүрэн нар хамтарч хоолны газар ажиллуулах зорилгоор оруулсан хөрөнгө бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу тэд хариуцлагаа бүгд ижил хэмжээгээр хүлээх ёстой. 2015 оны 37 500 000 төгрөгийг Д.О байрны урьдчилгаанд тооцож авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас 62 900 000 төгрөг хүлээн авсан гэдгийг өөрөө тайлбарладаг ба энэ төлбөрт тухайн 37 500 000 төгрөг орж, буцаан төлсөн байгаа. 2017 онд үүрэг өөрчлөгдсөнөөр өмнөх үүргийг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа ч тухайн орон сууцыг хэзээ, ямар байдлаар шилжүүлэхээр тохирсон байдал нь тодорхой бус байна. Сэжигтнээр байцаалт өгөхдөө сандарсандаа би төлөх ёстой гэж мэдүүлэг өгсөн, гэхдээ сэжигтний мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй. Д.Оы цагдаа прокурорт өгсөн мэдүүлгүүд тогтворгүй, нэг байдлаар давтагдсан зүйл байхгүй, байнга давтагдаж байгаа зүйл нь 55 000 000 төгрөг Амирлахуй гэх ресторан хөрөнгө оруулалтаар орсон, Д.А эгч өөрөө орж ирсэн гэх зүйлийг байнга мэдүүлдэг. Тэрийгээ сайхан сэтгэлийн үүднээс буцааж өгье гэж бодсоны үндсэн дээр цагдаад буцааж өгнө гэх мэдүүлгийг өгч байсан. Тэр нь уг хэрэгт хамаарал бүхий нотлох баримт биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ооос 79 600 000 /далан есөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 555 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 555 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.А нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэг 93 214 925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч уг асуудлаар тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасанг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхээс тус иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хуулийн дээрх заалтаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй зохицуулалт юм. Шүүхээс талуудын хооронд гэрээний ямар харилцаа үүссэн эсэхийг тодорхойлолгүй хэрэгт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Од холбогдуулан 79 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 26/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2017 онд өмнөх зээлийн гэрээний үүргүүдийг нэгтгэн дүгнэж өмнөх үүргийг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээр сольж, үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг хариуцагч төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс 2019 оны 12 дугаар сард орон сууцнаас албадан гаргасан учраас үлдэгдэл төлбөр 79 600 000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч 79 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг өмнө нь шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой, мөн зээлдүүлсэн гэх 50 000 000 төгрөгийг Д.Од бус Д.Осүрэнд зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн бөгөөд уг үүрэг дуусгавар болсон, 55 000 000 төгрөгийг хамтарч зоогийн газар ажиллуулахад оруулсан хураамж учир төлөх үндэслэлгүй, 37 500 000 төгрөгийг авсан бөгөөд буцаан төлсөн, Эрүүгийн хэрэгт сэжигтнээр өгсөн мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй... гэж тус тус тайлбарласан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00125 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99 124 925 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн./хх28-29/ Харин Д.Агийн нэхэмжлэлтэй Д.Од холбогдох 79 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч өмнө нь шүүхэд хандаж, захирамж гарсан учраас дахин шүүхэд энэ асуудлаар хандах эрхгүй гэх хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй. Учир нь талууд 2017 онд 112 068 000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууцны үнийг төлөх үүргийг Д.Агийн өмнө Д.О хүлээж, өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ, Д.Оы Юу би ич ХХК-д хандан гаргасан өргөдөл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон. Иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасанд нийцсэн бөгөөд талууд 142 500 000 төгрөгийн зээл төлөх үүргийг 112 068 000 төгрөгийн орон сууцны үнийг төлөх үүргээр сольсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар өмнөх зээл болох 142 500 000 төгрөгийн үүргийн харилцаа дуусч 112 068 000 төгрөгийн орон сууцны зээлийг Д.Агийн өмнөөс төлөх үүрэг үүссэн. Өмнөх өр төлбөртөө тооцож бусдын өмнөөс үүргийг нь гүйцэтгэх талаар хэлэлцэн тохиролцохыг хуулиар тухайлан зохицуулаагүй боловч хуулиар хориглоогүй учраас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардах эрх Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэлийн хүрээнд хамаарна.

 

Эдгээрээс үзвэл, хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдлыг хангах боломжгүй юм. Нэхэмжлэгч нь өмнөх шүүхийн шийдвэрт заагдсанаас өөр буюу солигдсон үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргасан.

Тодруулбал, Д.Агийн худалдан авсан орон сууцны урьдчилгаа төлбөр болон эргэн төлөлтийг Д.О төлж байсан, нийт 21 000 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Агийн худалдан авсан орон сууцны зээлийн төлбөрийг төлөх үүргийг Д.О биелүүлээгүйн улмаас уг орон сууцыг Худалдаа хөгжлийн банк ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Орон сууц хүлээлцэх тухай актаар тогтоогдсон. /хх15/ Түүнчлэн, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас уг орон сууцны зээлд төлөгдсөн 21 000 000 төгрөгийг Д.Ад буцаан төлжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Түүнчлэн, хариуцагч Д.О нэгэнт орон сууцны үнийг төлөөгүй, орон сууц Худалдаа хөгжлийн банк ХХК-д шилжсэнээс нэхэмжлэгч Д.Агийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон учраас нэхэмжлэгч Д.А нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээнээс татгалзах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход 112 068 000 төгрөгийн орон сууцны үнэ төлөх үүргээс төлөгдсөн 21 000 000 төгрөгийг хасахад 81 068 000 төгрөгийн үлдэгдэл байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 79 600 000 төгрөгийг хариуцагч Д.Ооос гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын ... Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэх хэсэг үндэслэлтэй. Гэрээгээр үүссэн үндсэн үүрэг бус гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгах шаардлагад хамаарах хуулийг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 186 дугаар зүйлийн 186.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.2, 225 дугаар зүйлийн 225.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Б.НАРМАНДАХ