Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 27

 

Н.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Нд холбогдох  1935003950208 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Я.Батханд, Б.Батгэрэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Я.Батханд, Б.Батгэрэл нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 12-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг Галдан бошгот хорооллын 10 дугаар байрны .. тоотод оршин суух, З овогт Н-гийн Н .

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Ойрад театр”-ын урд авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 22-00 УВХ улсын дугаартай авто машин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7-гийн а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Э.Гантулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, иргэн Б.Со-ын амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Н-гийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ялаар, 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 40 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногоор тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд, Б.Батгэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Н.Н нь 1962 онд төрсөн, 58 настай, багш мэргэжилтэй бөгөөд урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөн гэрч Ё.Б-гийн “ Н.Н нь төр, олон түмний дунд нэр хүндтэй, ажлын төлөө дайчин, санаачлагатай ажилладаг. Энэ чанараараа сумын сургуулийн захирал, ЗДТГ-ын дарга, сумын засаг даргын ажлыг хашиж байсан. Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч, 2016 оноос аймгийн ЗДТГ-ын түшмэл, 3-р сургуулийн захирал зэрэг ажлыг хийж байсан.

2016 оноос түүний бие эрүүл мэндийн хувьд элэгний эмчилгээтэй байсан. Мөн элэг, зүрхний хавсарсан суурь өвчтэй бөгөөд зүрхний хэм алдагдалт оношоор 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл 60 хувиар тэтгэвэр тогтоогдсон” гэх мэдүүлэг, гэрч Н.Б /1-р хавтаст хэргийн 140-р тал/ -ын “Н.Н нь зан аашийн хувьд тогтуун дөлгөөн зантай, элэгний эмчилгээ хийлгэж байсан, сүүлийн 7 жилийн хугацаанд элэгний хатуурал өвчтэй байгаа, гэрч Д.Батзориг /1-р хавтаст хэргийн 141-р тал/ Н.Нг аймгийн Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн байхаас нь таньж мэднэ. Яагаад архи уудаггүй гэхээр элэгний өвчтэй, эмчийн хяналтанд байдаг гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Д /1-р хавтаст хэргийн 188-р тал/-ийн “ Н.Н нь зан аашийн хувьд дөлгөөн, хүнтэй ширүүн харьцдаггүй, аль болох хүний арга эвийг олж харьцахыг хүсдэг, элэгний өвчтэй эмчийн хяналтанд байдаг” гэх мэдүүлгүүд,  мөн 1-р хавтаст хэргийн 52 дугаар тал Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр С вирусын шалтгаант элэгний хатуурал оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож,  хугацаан 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан байгаа,

1-р хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан “ Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр С вирусын шалтгаант элэгний хатуурал оношоор  хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар сунгаж шийдвэрлэсэн байгаа,

Н.Н-гийн гавъяа шагналын талаар: 1-р хавтаст хэргийн 39-47- р талд

Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын яамны тэргүүний ажилтан, спортын мастер гэх мэт.

Хохирогч Э.Г-ын хохирлын талаар: /1-р хавтаст хэргийн 122-р тал/ хохирлын зардалд 3.670.000 төгрөгийг төлж дууссан. Одоо Н.Нгаас өөр нэхэмжлэх зүйлгүй болно. Н.Н нь санамсар болгоомжгүйн улмаас хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хуульд зааснаар ялыг нь бүрэн хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байдаг.

Амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Бын шүүхэд гаргаж өгсөн баримт Н.Н нь санамсар болгоомжгүйн улмаас уг хэргийг үйлдсэн боловч хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хуульд зааснаар ялыг нь бүрэн хөнгөрүүлж өгөхийг хүсье. Жолооч Н.Н нь бидний дотны нөхөр байсан болохоор архи уудаггүй, элэг зүрхний хурц өвчтэй байсныг бид мэднэ. Бидний уй гашуу, гомдол тэмцлийг ойлгож, хохирлыг барагдуулж, цаашид бидний амьдралд байнга туслаж байх тул түүний ялыг хөнгөлж өгөхийг хүсье. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бд 30.000.000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байдаг. Мөн Н.Н нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б болон хохирогч Э.Г нар цаашид гарах зардлыг нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн байдаг.

Гэм буруугийн талаар: Үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүний амь нас хохироосон, хүний биед хүнд хохирол учруусан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б, хохирогч Э.Гантулга нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулж, чин санаасаа гэмшиж байгаагаас харагддаг.

Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйл буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 6.7-р зүйлийг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Н миний бие 1962 онд төрсөн, 58 настай. Өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироож, бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний бие элэгний хатуурал өвчнөөр өвдөөд 7 жил гаруй хугацаа өнгөрч байна. Мөн зүрхний хэм алдагдал өвчнөөр Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бөгөөд элэг зүрхний өвчлөл хүндэрч газар авч байгааг өөрийн биеэр мэдэрч байна.

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хоригдож байгаа ба хоригдох хугацаандаа элэг зүрхнээс гадна бөөр, нуруу өвдөж эмчилгээ хийлгэж байна. Миний бие өдий насандаа ийм хэрэгт холбогдож, залуу сайхан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсандаа амь хохирогчийн ар гэр, хань, үр хүүхдүүдээс, мөн Э.Гантулга болон түүний ээж, ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж мөн харамсаж байгаагаа илэрхийлж байна. Одоогоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон хохирогч Э.Гантулгын нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан. Миний бие гэм буруугаа ухаарч, үйлдсэн гэмт хэргийн талаар маргахгүй байгаа ба прокуророос сонсгосон зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Жолооч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө зам тээврийн осол гаргасны улмаас нөхөр Б.Сонинбаярын амь нас эрсэдсэн. Н.Н нь уг хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа нь илт харагддаг. Мөн санамсар болгоомжгүйн улмаас үйлдсэн, цаашид харж хандах хүсэлтээ илэрхийлсэн. Н.Н нь өндөр настай, эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй тул анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж, нэг жил болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй хэргийн бодит байдалд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Я.Батханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нарын гаргасан гомдлуудыг үндэслэн  Н.Нд холбогдох, 1935003950208 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Ойрад театр”-ын урд авто зам дээр өөрийн эзэмшлийн 22-00 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.7 а-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосныг зөрчсөнөөс иргэн Э.Гантулгын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Б.Сонинбаярын амь насыг хохироосон,

мөн дүрмийн 3.5.а, б, г-д заасан осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ зогсоож ослын газрыг хамгаалах, осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх талаар авах арга хэмжээг аваагүй, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, иртэл хүлээх заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Нгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Я.Батханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Н.Нд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх суурь үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх нөхцөл бөгөөд энэхүү зохицуулалт нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх болон түүний өмнөх шатанд хэрэгждэг заалт төдийгүй шүүгдэгчид ял оногдуулахдаа заавал хэрэглэгдэхээр шүүхэд үүрэг болгосон заалт биш юм.

Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Н.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, согтуугаар энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй” талаарх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэж ялласан, анхан шатны шүүх энэ үндэслэлээр гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа боловч уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэдгийг эс зөвшөөрч маргаж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм, өөрөөр хэлбэл согтуурсан үйл баримт тогтоогдсон байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж маргаж буй нь хэргийн үйл баримт, улмаар хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.   

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Н.Н нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “тухайн өдөр шүд өвдөж байсан учир спиртийг хөвөнд шингээж шүдэндээ зууж  байсан, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас долоогоны ханд хэрэглэдэг бөгөөд хэрэг учрал болсны дараа сандралд орсон тул тайвшрах зорилгоор долоогоны ханд уусан“ гэж тайлбарлаж байгаа боловч гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Н.Н нь дунд зэргийн согтолттой байсан нь осол болсон даруйд буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20 цаг 30 минутын үед шүүгдэгчийг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн байранд авчирж, согтуурлын зэрэг шалгах драгер-6820 багажаар үлээлгэж шалгахад 1.67% согтолттой гарсан нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан согтуурал шалгах ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг, шүүх химийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “...Иргэн Н.Нгийн цусанд 1.6 промили спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна“ гэх дүгнэлт болон хэрэг гарсан даруйд хэргийн газрын хамгаалалт хийсэн, Н.Нгийн биед үзлэг хийсэн, эрүүлжүүлэх байранд хүлээн авсан зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч Б.Алтансүх, С.Лхагва, Н.Сүхтулга, А.Лхагвадорж, Д.Мөнхбат нарын “Н.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан“ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон ба энэ талаар  анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаас шүүгдэгч Н.Нд гурван жилийн хорих ялыг сонгож оногдуулсан нь  түүний үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний биед хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээнд тохирсон ба эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Я.Батханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Н нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Я.Батханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Нгийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 5 дугаар  сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ