Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч Э.Г-н хууль ёсны төлөөлөгч: Т.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Н-н Н-д холбогдох 1935003950208 дугаартай эрүүгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 12-нд Увс аймгийн Ө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом суманд оршин суух З овогт Н-н Н.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр "Ойрад театр"-ын урд авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн автомашин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7-гийн а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Э.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, иргэн Б.С-н амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр "Ойрад театр"-ын урд авто зам дээр өөрийн эзэмшлийн 22-00 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Э.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, иргэн Б.С-н амь насыг хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

1. Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг гарсан гэх газар нь дөрвөн замын уулзвар байх ба замын гэрлэн дохио ажиллаж байв. Замын зорчих хэсгийн зүүн хэсэгт асфальтан зам дээх тахир дутуу хүний тэргэнцэр ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан байрлалтай, тэргэнцэрээс урд хэсэгт эрэгтэй хүний цогцос асфальтан зам дээр толгой нь зүүн урд зүгт харсан байрлалтай, баруун мөр хэсгээрээ хэвтэж, хоёр хөлөө хагас нугалсан, баруун гараа урагш шулуун тавьсан, зүүн гараа хагас нугалж гэдэс орчимдоо тавьсан байдалтай байв. Зүүн дух, хамар чихнээс цус гарсан байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтасны 3-6, 9-15--р тал/,

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтасны 7-8-р тал/,

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтасны 16-24-р тал/,

4. Автомашинд үзлэг хийсэн “жолоочийн суудлын арын шалавч дээр хөх алаг өнгийн гялгар уутанд 0.5 литрийн Соёрхол нэртэй архины шил 1 ширхэг, 0.5 литрийн Ауруг нэртэй архины шил 1 ширхэг, нэг удаагийн цаасан аяга 2 давхар, кока кола нэртэй 0.5 литрийн ундааны сав 1 ширхэг, ариун цэврийн цаас, чихрийн цаас байсныг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтасны 30-34-р тал/,

5. Н.Н-н согтуурал шалгасан “2019 оны 10 дугаар сарын 02-ны 23 цаг 08 минутаас 23 цаг 13 минутанд Н.Н-г согтуурал шалгах драгер-6820 багажаар  үлээлгэж шалгахад 0.85 хувийн согтолттой байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтасны 62-63-р тал/,

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дискэнд хадгалагдсан “Хэргийн гарсан даруй буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны 20 цаг 30 минутын үед шүүгдэгч Н.Н-г Увс аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн байранд согтуурлын зэргийг драгер-6820 багажаар үлээлгэж шалгахад 1.67 хувийн согтолттой байсныг харуулсан” дүрс бичлэг,

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дискэнд хадгалагдсан “цагдаагийн албан хаагчид шүүгдэгч Н.Н-г хэрэгт үйлдэгдэхийн өмнө болон дараа замын хөдөлгөөнд оролцож явсан байдлыг харуулсан” дүрс бичлэг,

8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед дүү Б.Б-н гэр рүү түүнийг эргэж харахаар гэрээсээ ганцаараа явган гараад явсан бөгөөд удалгүй 30-40 минутын дараа манай гэрт цагдаагийн албан хаагч нар ирээд зам тээврийн осол гарсан гэж хэлсэн юм. Бид Цагдаагийн газар дээр ирсэн бөгөөд манай нөхөр Б.С зам тээврийн осолд орж нас барсан талаар нь мэдсэн. Хэрхэн яаж, ямар байдлаар явж байгаад зам тээврийн осолд орсон талаар нь мэдэхгүй. Б.Б-н гэр рүү явж байх замдаа тэргэнцэртэй залуутай таараад түүнийг дөхүүлж өгөх гээд тэргэнцэрийг нь түрээд хамт явж байгаад зам тээврийн осолд орсон байх гэж бодож байна.... Н.Н гэх хүн ирж уулзахдаа санамсаргүй явж байхдаа ийм асуудал гарчихлаа, юу болсныг би сайн санахгүй байна. Ахыгаа уучил гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 хавтасны 86-92-р тал/,

9. Хохирогч Э.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..би Ундармал Улаан сарнай ресторанаас гараад гандны зогсож, такси барих гэсэн боловч такси баригдахгүй байсан болохоор тэргэнцэрээ түлхээд машины замаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хажууд явж байтал миний араас нэг эрэгтэй хүн ирээд юу байна? гэж асуухаар нь би тайван гэж хариулахад тэр хүн хаашаа явж байгаа юм бэ? Би хүргээд өгөх үү? гэж асуухад гэр рүүгээ явж байна. Намайг хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэр хүн миний тэргэнцэрийн араас түлхээд машины замаар явсан. Тэр хүн намайг түрээд Ойрад театрын үүдний хавьд зөрөөд явж байхад бид хоёрын араас автомашин ирээд мөргөсөн. Нэг сэрэхэд эмч намайг татаж сэрээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 94-99-р тал/,

10. Хохирогч Э.Г-н хууль ёсны төлөөлөгч Т.Ц-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүүг түрж явсан хүний ар гэрийн хүмүүст харамсалтай байна. Мөн хүү маань тахир дутуу хүн байсан. Өөрөө тэргэнцэр дээрээ өөрөө суугаад явдаг байсан. Сүүж, нуруу нь гэмтэснээс болоод босож сууж чадахгүй байнга хэвтэрт байдаг болсон. Одоо орон дээрээ өндийж сууж, хүний тусламжтайгаар тэргэнцэр дээрээ суудаг болсон. Баас, шээсээ байнга зөөлгөж байгаа. Улаанбаатар явуулж гэмтлийн эдгэрэлт нь хэр байгааг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд зардлын талл туслалцаа үзүүлээч гэж Н.Н болон ар гэрт нь санал тавьсан боловч боломжгүй гэж хэлсэн. Одоо хүртэл гарсан эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг төлсөн. Цаашид ямар эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Эмчилгээ хийдгэх үед нь зардлыг нь гаргаж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 100-104-р тал/,

11. Гэрч С.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өөрийнхөө 25-01 УВХ улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашинтай гурилын үйлдвэрийн дөрвөн замаас урагшаа чиглээд хар замаар Ачит нуур зочид буудлын хажуугаар зөрөөд явж байсан. Тухайн үед манай эхнэр О автомашин жолоодож явсан. Тэгээд Ачит нуур зочид буудлын дөрвөн замын гэрлэн дохио дээр улаан гэрэл асахаар нь зогсож, ногоон гэрэл асахаар нь хөдлөөд дөрвөн замын уулзвар өнгөрч байтал урд түс тас гэх хүчтэй чимээ гарсан. Би машины цонх бага зэрэг онгойлгосон явж байсан болохоор дуу чимээ сонсогдсон. Тэгээд юу болов гээд урагшаа зам дагуу харахад урдаас хойш чиглэлд бага оврын жийд машин өнгөрөөд уг машины араас цагаан өнгийн жижиг суудлын автомашин зөрөөд явсан. Тэгсэн манай эхнэр О наана чинь хүн дайрчихлаа ш дээ гэж хэлсэн. Эхнэр автомашинаа эргүүлээд гэрлээ тусгаад харахад тахир дутуу хүний тэргэнцэрийн хажууд хоёр хүн хэвтэж байсныг хараад шууд Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Цагдаа нар хаана осол болсныг заагаад өг гэхээр нь цагдаа нартай хамт хэргийн газарт ирэхэд хар куртиктай хүн газар дээрээ нас барсан бололтой толгойноос их хэмжээний цус гарсан ухаангүй хэвтэж байсан. Нөгөө эрэгтэй хүн нь тэргэнцэрийн хажууд хэвтэж байсан ба хөдөлж байхаар нь очоод таны бие гайгүй юу гэж асуухад гайгүй гэх шиг болсон. Өөр зүйл хэлээгүй. Тэр хоёрыг бага оврын жийп ангиллын автомашин дайрсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 105-106-р тал/,

12. Гэрч А.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 103-ын жижүүрийн эмчээр ажиллаж үүргээ гүйцэтгэж байхад 20 цаг 10 минутын орчимд Цагдаагийн газрын жижүүрээс тэргэнцэртэй хүн “Ойрад театр”-ын урд талын зам дээр автомашинд мөргүүлсэн байна гэх дуудлагыг хүлээн авч, 3 минутын дараа Нэгдсэн эмнэлгээс гарч тухайн дуудлагаар хэргийн газар очиход зам дээр нэг эрэгтэй хүн их хэмжээний цус алдсан, хөдөлгөөнгүй байсан. Би тухайн хүнийг шалгаж үзэхэд ямар нэгэн амьгүй, нас барсан байсан. Тухайн нас барсан хүнээс холгүй зайд тэргэнцэр байх ба тэргэнцэрийн хажууд зам дээр нэг эрэгтэй хүн гар нуруу өвдөж байна гэсэн зовиуртай хэвтэж байхад нь очиж тухайн хүний амин үзүүлэлтийг үзэхэд хэвийн байсан тул 103-руу автомашинаар эмнэлэг рүү тээвэрлэж авч явсан. Нэгдсэн эмнэлэг дээр авч ирээд шуурхай эмчилгээнд оруулж, эмчилгээг эхлүүлсэн. Нас барсан хүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Харин эмнэлэг рүү зөөвөрлөсөн хүнийг Э.Г гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 116-р тал/,

13. Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагдаагийн газрын жижүүрээс Ойрад театрын урд талын зам дээр зам тээврийн осол гарлаа, яаралтай яваад очоорой гэж мэдэгдэхээр нь Ойрад театрын урд талын зам дээр очиход хоёр эрэгтэй хүн зам дээр хэвтсэн мөн тахир дутуу хүний тэргэнцэр байсан. Нэг эрэгтэй хүний толгойноос цус гарсан, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Харин тэргэнцэрийн хажууд хэвтэж байгаа хүний хажууд эмч Ганхуяг гэх хүн ганцаараа байсан тэр хүн тусламж үзүүлсэн байсан. Г эмч хэлэхдээ энэ хүний гар хугарсан юм шиг байна. Харин хэвтэж байгаа хүн газар дээрээ нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би М-Мартын гурван замын уулзвар дээр зам хааж, хамгаалалт авсан. Хамгаалалт аваад зогсож байхад Гурилын үйлдвэрийн дөрвөн замын уулзварын чиглэлээс хар өнгийн Ниссан Экстриал маркийн автомашин жолоодсон хүн ирэхэд би зогсоох гэхэд тэр машин зогсохгүй хурдаа нэмэх гэхээр нь урдуур нь орж зогсоосон. Тухайн автомашины баруун талын гэрэл хагарсан, баруун талын шанаа хэсэг нь чихэгдэж, гэрлийн шил хагарсан байсан. Тухайн автомашиныг Н.Н гэх хүн жолоодож явсан ба автомашиныг зогсоож шалгах хооронд машинаа унтраахгүй, урагшаа явчих гээд хаазлаад байсан. Тэгээд уг машины түлхүүрийг манай замын цагдаагийн тасгийн зохицуулагч Д.М авч машиныг нь унтраагаад осол гарсан талаар хэлэхэд Н.Н гэх хүн ах нь ийм юм хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд Н.Н-г Цагдаагийн газар руу авч явсан. Н.Н нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд харахад согтуу гэдэг нь мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 117-р тал/,

14. Гэрч А.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хар өнгийн автомашин хамгаалалтыг зөвшөөрөлгүй нэвтрээд явж байхад нь ахмад Д.М, цагдаа А нар зогсоогоод “Осол гаргасан машин энд байна” гэж намайг дуудахаар нь очиход 3 дугаар сургуулийн захирал Н.Н гэдэг хүн байсан. Н-г Цагдаагийн газарт авч ирээд драгер багаж үлээлгэхэд 1.67 хувийн согтолттой байсан. Согтуурал шалгах явцыг би өөрийн самсунг Ж-4 загварын гар утсаар бичлэг хийж бэхжүүлж авсан. Н.Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 132-133-р тал/,

15. Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ачит нуур зочид буудлын 4 замын уулзвараар хар өнгийн автомашин ирэхэд нь замын цагдаа С зогсоох дохио өгсөн боловч дохиог зөрчиж хэргийн газар руу орж ирэхээр нь М.Март дэлгүүрийн зам дээр А-н хамт хамгаалалт хийж байгаад уг хар авто машиныг дохиороор зогсоох дохио өгч, шүгэлдсэн боловч зогсохгүй яваад байхаар нь би урдуур нь орж зогсоосон. Жолооч талын хаалгаар очоод хаалгыг онгойлгоход Н.Н гэх зүс таних хүн байсан. Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх гээд байхаар би авто машины арааг салгаж, машинаас буулгасан. Хэргийн газарт ажиллаж байсан эрүүгийн мөрдөгч Л Н.Н-г цагдаа А-д өгч цагдаагийн газар луу явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 134-135-р тал/,

16. Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үүрэг нуур хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах гэр хорооллын байрнаас Нэгдсэн эмнэлэг рүү өөрийн машинтайгаа явж байгаад Ойрад театрын урд талын зам дээр хоёр хүн осолд орсон байдалтай цагдаагийн машин ирчихсэн, хүмүүс дэргэд нь байсан. Тэгээд би эмч учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, уг хоёр хүнд тусламж үзүүлэх боломжтой эсэхийг очиж үзэхээр шийдээд очиход нэг хүн нь газар дээрээ нас барсан. Нөгөө хүн нь ухаантай байсан ба юу өвдөж байгаа талаар асуухад зүүн гарын бугалга өвдөж байгаа талаар хэлж байсан. Удалгүй 103-ийн дуудлагын эмч нар ирээд амьд байсан хүнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 122-р тал/,

17. Гэрч Н.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хамгаалалт аваад зогсож байхад хар өнгийн Ниссан Экстриал маркийн автомашин Ачит нуур зочид буудлын дөрвөн замын уулзварын баруун талаас ирээд гэрлэн дохион дээр зогсоход уг автомашиныг харахад баруун талын урд их гэрлийн шил хагарчихсан харагдахаар нь би урдуур нь орж улаан модоор дохиж, шүгэлдэж, зогсоох гэхэд хамгаалалт дайрч хэргийн газар руу нэвтэрсэн. Би уг нь хэргийн газар руу оруулахгүй гээд замын зохицуулалтыг чигээрээ зүүн тийш буюу хойд зүгийн чиглэлд автомашиныг явуулж, зохицуулалт хийж байсан. Тэгээд уг хар өнгийн автомашин надаас зөрөөд явахад нь станцаар нэвтэрсэн талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 128-р тал/,

18. Гэрч С.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г, эрүүгийн мөрдөгч Л, нохойн төлөөлөгч А нар Н.Н гэх хүнийг эрүүлжүүлэхээр авч ирж хүлээлгэж өгсөн. Н.Н-гийн согтуурлыг шалгаж, эрүүлжүүлэх байранд хүлээн авч оруулсан. Тухайн үед Н.Н нь хувцсаа тайлахгүй хэсэг сууж байгаад хувцсаа тайлж, эрүүлжүүлэхийн өрөө рүү орсон. Н.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гаднаас нь харахад мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх байранд ороод ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд зүгээр байж байгаад унтаж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 129-р тал/,

19. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “...Талийгаач Б.С-н биед Гавал тархины гэмтэл, суурь ясны хөндлөн хугарал, тархины хатуу хальсны доорхи цус харвалт, духны зүүн дээд хэсэг, 2 гарын сарвууны хэсгийн зулгаралт, зүүн гуяны дотор тал, баруун тахим орчмын зөөлөн эдийн цус хуралт, няцралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач Б.С-н биед үүссэн дээрх гэмтэл нь амьд үед үүссэн гэмтэл байна. Талийгаач Б.С-н биед үүссэн дээрх гэмтэл нь шууд үхэлд хүргэх амь насанд аюултай гэмтэл юм. Талийгаач Б.С-н үхлийн шалтгаан нь гавал тархины хүнд гэмтэл, суурь ясны хугарал, тархины цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутлаар нас барсан байна. Талийгаачийн үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Б.С нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шүүх-химийн шинжилгээ хийхэд цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх 61 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтасны 148-149-р тал/,

20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “.... Э.Г-н биед баруун сүүжний тогоо, урд багана дайрсан зөрүүтэй хугарал, баруун суудал ясны хугарал, ууцны 2-р нугаламын баруун, зүүн латерал массын хугарал, ууц, нуруу, баруун ташаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Увс аймгийн Эмнэлэг, Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Э.Г нь нугасны зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, доод мөчдийн сул саажилт оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүйгээр алдсан байна. Дээрх өвчин эмгэг нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослоос үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй ба гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Э.Г-н биед учирсан баруун сүүжний тогтоо, урд багана дайрсан зөрүүтэй хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун суудал ясны хугарал, ууцны 2-р нугаламын баруун, зүүн латерал массын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул уг журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, харин ууц, нуруу, баруун ташаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх 218 дугаартай дүгнэлт /хх-ийн 2-р хавтасны 152-156-р тал/,

21. Шүүгдэгч Н.Н-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ойрад театрын урд явж байтал урдаас машины гэрэл тусаад урд байгаа зүйл харагдахгүй байсан бөгөөд би сандраад машиныхаа хаазыг гишгэх шиг болоод урд тар, нир хийх чимээ гарахад би сандраад юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд хойд 4 зам өнгөрөөд явж байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Шүүгдэгч Н.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн  12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалт,  3.5.а-д “...тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг байрлуулж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, 3.5.б-д “...осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль болох тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх...” 3.5.г-д “... тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэж... цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах...” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх заалтуудыг зөрчиж, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч тухайн гэмт хэргийг согтуугаар үйлдээгүй гэж маргаж байгаа болно.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138,А131 дугаартай тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын дагуу Драгер багажаар үлээлгэж шалгахад шүүгдэгч Н.Н-н амьсгал дахь спиртийн агууламж 1.67 промиль, шүүх химийн шинжилгээгээр цусан дахь агууламж 1.6 промиль байжээ.

Шүүгдэгч Н.Н гэмт хэрэг үйлдэгдэх үед согтуу байсан болох нь:

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би М-Мартын гурван замын уулзвар дээр зам хааж, хамгаалалт аваад зогсож байхад Гурилын үйлдвэрийн дөрвөн замын уулзварын чиглэлээс хар өнгийн Ниссан Экстриал маркийн автомашин жолоодсон хүн ирэхэд би зогсоох гэхэд тэр машин зогсохгүй хурдаа нэмэх гэхээр нь урдуур нь орж зогсоосон. Тухайн автомашиныг Н.Н гэх хүн жолоодож явсан ба автомашиныг зогсоож шалгах хооронд машинаа унтраахгүй, урагшаа явчих гээд хаазлаад байсан тул машины түлхүүрийг манай замын цагдаагийн тасгийн зохицуулагч Д.М авч машиныг нь унтраасан. Н.Н нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд харахад согтуу гэдэг нь мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 117-р тал/,

Гэрч С.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г, эрүүгийн мөрдөгч Л, нохойн төлөөлөгч А нар Н.Н гэх хүнийг эрүүлжүүлэхээр авч ирж хүлээлгэж өгсөн. Н.Н-гийн согтуурлыг шалгаж, эрүүлжүүлэх байранд хүлээн авч оруулсан. Тухайн үед Н.Н нь хувцсаа тайлахгүй хэсэг сууж байгаад хувцсаа тайлж, эрүүлжүүлэхийн өрөө рүү орсон. Н.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гаднаас нь харахад мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх байранд ороод ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд зүгээр байж байгаад унтаж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 129-р тал/,

Гэрч Н.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хамгаалалт аваад зогсож байхад хар өнгийн Ниссан Экстриал маркийн автомашин Ачит нуур зочид буудлын дөрвөн замын уулзварын баруун талаас ирэхэд нь би урдуур нь орж улаан модоор дохиж, шүгэлдэж, зогсоох гэхэд хамгаалалт дайрч хэргийн газар руу нэвтэрсэн. Тэгээд уг хар өнгийн автомашин надаас зөрөөд явахад нь станцаар нэвтэрсэн талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 128-р тал/,

Гэрч А.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хар өнгийн автомашин хамгаалалтыг зөвшөөрөлгүй нэвтрээд явж байхад нь ахмад Д.М, цагдаа А нар зогсоогоод “Осол гаргасан машин энд байна” гэж намайг дуудахаар нь очиход 3 дугаар сургуулийн захирал Н.Н гэдэг хүн байсан. Н.Н-г Цагдаагийн газарт авч ирээд драгер багаж үлээлгэхэд 1.67 хувийн согтолттой байсан. Согтуурал шалгах явцыг би өөрийн самсунг Ж-4 загварын гар утсаар бичлэг хийж бэхжүүлж авсан. Н.Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан.” гэх мэдүүлэг, 

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ачит нуур зочид буудлын 4 замын уулзвараар хар өнгийн автомашин ирэхэд нь замын цагдаа Сүхтулга зогсоох дохио өгсөн боловч дохиог зөрчиж хэргийн газар руу орж ирэхээр нь М.Март дэлгүүрийн зам дээр Алтансүхийн хамт хамгаалалт хийж байгаад уг хар авто машиныг дохиороор зогсоох дохио өгч, шүгэлдсэн боловч зогсохгүй яваад байхаар нь би урдуур нь орж зогсоосон. Жолооч талын хаалгаар очоод хаалгыг онгойлгоход Н.Н гэх зүс таних хүн байсан. Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх гээд байхаар би авто машины арааг салгаж, машинаас буулгасан.” гэх мэдүүлэг, 

Н.Н-н согтуурал шалгасан “2019 оны 10 дугаар сарын 02-ны 23 цаг 08 минутаас 23 цаг 13 минутанд Н.Н-г согтуурал шалгах драгер-6820 багажаар үлээлгэж шалгахад 0.85 хувийн согтолттой байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтасны 62-63-р тал/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дискэнд хадгалагдсан “Хэргийн гарсан даруй буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны 20 цаг 30 минутын үед шүүгдэгч Н.Н-г Увс аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн байранд согтуурлын зэргийг драгер-6820 багажаар үлээлгэж шалгахад 1.67 хувийн согтолттой байсныг харуулсан” дүрс бичлэг,

Шүүх химийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “... Иргэн Н.Н-н цусанд 1.6 промили спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх 92 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтасны 191-р тал/-үүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Н шүд өвдөж байсан учраас өвдөлт намдаах зорилгоор ариутгалын зориулалтын этанол буюу цэнхэр спирт хэрэглэсэн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүйгээс гадна Увс аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаа С.Л-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн  “...эрүүгийн мөрдөгч Л, нохойн төлөөлөгч А нар Н.Н гэх хүнийг эрүүлжүүлэхээр авч ирж хүлээлгэж өгсөн. Н.Н-н согтуурлыг шалгаж, эрүүлжүүлэх байранд хүлээн авч оруулсан. Тухайн үед Н.Н нь хувцсаа тайлахгүй хэсэг сууж байгаад хувцсаа тайлж, эрүүлжүүлэхийн өрөө рүү орсон. Н.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гаднаас нь харахад мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх байранд ороод ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд зүгээр байж байгаад унтаж амарсан. Н.Н нь даралт ихэссэн талаар эмч Б-д хэлж, даралтаа үзүүлж байсан” гэх мэдүүлэг, шүд нь өвдөж байсан бол саатуулах байранд хонохдоо  эмчид талаар хэлж, үзүүлэх, анхан шатны тусламж авах боломжтой байсан боловч энэ талаар саатуулах байрны цагдаа, эмч нарт огт мэдэгдээгүй нь түүний шүд өвдөөгүй байсныг нотлож байна.

Шүүгдэгч Н.Н нь 2018 оноос эхэлж долоогоны хандыг тогтмол хэрэглэж байгаа бөгөөд тухайн хэрэг учрал болсны дараа сандралд орсон тул тайвширах зорилгоор ууж байсан 20 мл-ийн шилтэй хандыг бүгдийг нь уусан тул согтолттой гарсан гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Долоогоны ханд гэх бэлдмэл нь найрлагандаа спирт агуулсан зүрхний жирвэлзэх хөдөлгөөн, чичрэлтийг дэмжих зориулалттай ургамлын гаралтай эмийн төрөл бөгөөд найрлагандаа 20 хүртэл хувийн спирт агуулдаг.

Эм, эмийн төрлийн бодисыг нэг сар тогтмол уухад хүний бие дасан зохицож эхэлдэг бөгөөд энэ тохиолдолд нэг жилээс дээш хугацаагаар тогтмол хэрэглэж байсан хүн 20 мл хэмжээтэй долоогоны ханд уусан нөхцөлд цусанд 1.6 промили спиртийн агууламж илрэх шинжлэх ухааны үндэслэлгүй байна.

Учир нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн Видмаркийн томъёонд үндэслэн цусанд агуулагдаж болох спиртийн дээд тооцолдог бөгөөд энэ аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгийн үнэн зөв хариу гардаг арга гэж дэлхий нийтээр хэрэглэж байна.

       Видмаркийн томьёо:           

  • C нь хүний дахь этилийн спиртийн агуулагдах хамгийн их хэмжээ,
  • А нь ундааны эзэлхүүн, мл;
  • s - нь ундааны хүч буюу спиртийг агуулагдах хувь,
  • m - биеийн жин, кг,
  • k - хүний өндөр, см, /хүний өндрөөс хамаарч тогтмол тоон утгатай. Жишээлбэл 160-180 см өндөр бол 0.8 байна./
  • r – хүний биед спиртийн түгээлтийн хурд эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлогоос хамаарч ялгаатай тогтмол тоо байна. (эрэгтэйчүүдэд 0.70, эмэгтэйчүүдэд 0.60).

Энэ хэргийн хувьд А буюу уусан долоогоны хэмжээ 20 мл /шил дүүрэн байсан гэж хамгийн ихээр тооцов/, s буюу уусан долоогоны ханданд агуулагдах спиртийг угууламж 20 хувь, m буюу Н.Н-н биеийн жин 105 кг, k буюу Н.Н-н өндөр 175 см-т харгалзах тогтмол утга 0.8,  r буюу эрэгтэй хүний биед спиртийн түгээлтийн хурд 0.60 байна.

Шүүгдэгч Н.Н-н биеийн жин, өндөрийг хэрэгт авагдсан тодорхойлолт болон цагдан хорих байранд хүлээлгэж өгөхөд үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн тогтоосон болно.

Шүүгдэгч Н.Н-г 20 мл хэмжээтэй долоогоны хандыг бүгдийг нь уусан гэж үзээд Видмаркийн томъёонд үндэслэн тооцоолоход Н.Н-н цусан агуулдагдах спиртийн хэмжээ хамгийн ихдээ  0.05 промиль гарна.

Иймээс шүүгдэгч Н.Н-г тухайн үед 20 мл хэмжээтэй долоогоны ханд уусан гэж үзэх шинжлэх ухааны үндэслэл тогтоогдохгүй байгаа тул түүнийг согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “согтуугаар энэ хэргийг үлдээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү?” гэсэн хүсэлтийг авах үндэслэлгүй байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэж заасан нь уг хуулиар тогтоосон  архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх журамд хамаарна.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138,А131 дугаартай тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дугаар зүйлд заасан жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль,  цусан дахь агууламж 0.5 промиль буюу түүнээс илэрсэн тохиолдолд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3  дугаар зүйлийн 3.1-д заасан зүйлийг хэрэглэсэн эсэхээс үл хамааран согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

Энэ журам нь юу хэрэглэснээс үл хамааран дээрх хэмжээний согтолттой жолоочийг замын хөдөлгөөнд оролцвол авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулах магадлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон  жолоочийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон хэм хэмжээний акт гэдгийг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “...Жолооч Н.Н нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалт, 3.7 а-д зааснаар “...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх , 3.5а-д заасан “...тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, 3.5б-д зааснаар “...осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль болох тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх...” 3.5 г-д зааснаар “... тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэж... цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах...” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Явган зорчигч Б.С, тэргэнцэр дээр сууж явсан Э.Г нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. 4. Жолооч Н.Н нь 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдөр жолооч болсон бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын №205642 тоот хүчинтэй үнэмлэхтэй. 5. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь жолооч Н.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, 3.7а-д зааснаар “... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан..” гэх 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтасны 181-183-р тал/ үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатайгаар зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас болгоомжгүйгээр нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь амь хохирогч Б.С-н амь нас байна. Шүүгдэгч нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д 30.000.000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-с “Шүүгдэгч Н.Н-гаас хохиролд 30.000.000 төгрөг авч, гэмт хэргийг улмаас учирсан хор уршгийг барагдуулсан” талаар тодорхойлолт гаргаж ирүүлсэн байх тул хүний амь нас хохироосон үйлдлийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөнд тооцно.

Хохирогч Э.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйдлийн хувьд түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт хохирол буюу эмчилгээний зардалд нийтдээ 3.800.000 төгрөг авсан. Цаашид эмчилгээ хийлгэхэд зардал шаардлагатай гэж мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр Э.Г-н биед учирсан хүнд гэмтэл нь удаан хугацаанд эдгэрэх гэмтэл болох нь тогтоогдсон тул хохирогч Э.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ц нар цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлөгдсөн тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар согтуугаар энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж маргасан тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н-гийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ё.Б-н өгсөн: Н.Н нь төр болон олон түмний дунд нэр хүндтэй, ажлын төлөө мах руу санаачилгатай ажилладаг. Энэ чанараараа сумын сургуулийн захирал, сумын ИХТ-ын дарга, ЗДТГ-ын дарга, сумын засаг даргын ажлыг хашиж байсан. Мөн Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагчаар, 2016 оноос аймгийн ЗДТГ-ын түшмэл, 3 дугаар сургуулийн захирал зэрэг ажлыг хийж байна. Төрийн Алтан гадас одон авч байсан. Хүүхдүүд нь ажил төрөлтэй, гэр бүлтэй хүмүүс байдаг. Монгол эр хүний нэгэн адил төлөв түвшин, илүү дутуу зангүй. Эхнэр нь цэцэрлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. 2016 оноос хойш түүний бие эрүүл мэндийн хувьд муудсан бөгөөд элэгний эмчилгээтэй байсан. Би Өлгий сумын нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаад уг ажлыг Н.Н-д шилжүүлэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 125-р тал/, гэрч Д.Д-н өгсөн Н.Н нь 2017 онд манай 3 дугаар сургуулийн захирлаар томилогдон ирсэн бөгөөд зан аашийн хувьд дөлгөөн, хүнтэй ширүүн харилцдаггүй, аль болох хүний арга эвийг олж харилцахыг хүсдэг, хүмүүсийн хооронд үл ойлголцох асуудал үүсэхэд аль болох эвлэрүүлэхийг хүсдэг, энгийн харилцаатай, албан тушаалын ялгаа гаргаж харилцдаггүй, багш ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр идэвх санаачилгатай ажилладаг. Ямар нэгэн муу зуршил байдаггүй, янз бүрийн баяр, хурим найр, зугаалга гэх мэт баярт архи огт ууж байгаагүй, архи ууж байхыг нь харж байгаагүй. Элэгний өвчтэй, эмчийн хяналтад байдаг гэж хэлснээс хойш захирлыг архи уудаггүй гэдгийг мэдэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 138-р тал/, гэрч М.Б-н өгсөн: Н.Н бид хоёр 10-р ангиа хамт нэг ангид төгссөн бөгөөд түүнийг сайн таниж мэднэ. Зан аашийн хувьд хүүхэд байхаасаа эелдэг даруу, хүнд тусархуу, хөдөлмөрч хүүхэд байсан. Уурлах нь удаан, тогтуун тайван зантай, хүний хэлсэн ярьсан зүйлд тунгааж байж хариулдаг, тамхи татдаггүй, урьд өмнө нь архийг амсаж хэрэглэдэг байсан, сүүлийн 7 жилийн хугацаанд элэгний хатуурал өвчнөөсөө болоод хэрэглэхээ больсон гэдгийг нь би сайн мэдэж байна. Шатар, даам, теннис, үндэсний бөхөөр хичээллэдэг. Хамт олон дундаа нэр хүндтэй, удирдах албан тушаалыг нэр хүндтэй хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 139-р тал/-үүд хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Н-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Н.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /эрүүл мэнд/-ыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан хорих ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч Н.Н нь 1962 оны 4 дүгээр сарын 12-нд төрсөн шүүх хуралдаан болох үед буюу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 57 нас 11 сар 4 хоногтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил хорих ялыг эдлэж дуусах үед 60 нас хүрсэн байхаар байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  5-д “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчид хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, согтуугаар энэ гэмт хэргийг үйлдээгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн Ниссан Экстриал загварын автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаатай, Увс аймгийн Улаангом суманд байрлах 800 мкв газар бүхий хашааг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Н-д буцаан олгох үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, авто машины гэрлийн бүрхүүлийн хагархай 26 ширхэг, архины шил 2 ширхэг, ундааны хуванцар сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх шүүхийн комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс шийтгэх гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Н-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ялаар,  

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар  320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 40 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногоор тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоног хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэг цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Э.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ц нар нь 3.800.000 төгрөгөөс давсан, цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн Ниссан экстриал загварын дугаартай автомашин, 800 мкв газар бүхий хашаа битүүмжилсэн проурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, авто машины гэрлийн бүрхүүлийн хагархай 26 ширхэг, архины шил 2 ширхэг, ундааны хуванцар сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх шүүхийн комисст даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ