Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/00057

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2021/00057 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6А дугаар байрны 93 тоотод оршин суух, эмэгтэй, 45 настай, УД75060665 регистртэй, Жаран овогт Гунаажавын Хулганаа,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 35а байрны 37 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 35Б байрны 39 тоотод оршин суух, эмэгтэй, 43 настай, УД77051160 регистртэй, Жаран овогт Гунаажавын Булганаа,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 1 дүгээр орцонд үйл ажиллагаа явуулдаг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 57 дугаар байрны 62 тоотод оршин суух, эмэгтэй, 49 настай, Баянгол дүүргийн тойргийн нотариатч, Хатгин овогт Чансаагийн Эрдэнэбаяр,

Гуравдагч этгээд: Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадрал-1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, эрэгтэй, 23 настай, УД97012915 регистртэй, Хатгин овогт Даваажавын Лхагва-Очир,

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Хулганаа, Г.Булганаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Ч.Эрдэнэбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажав, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Хулганаа, Г.Булганаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Бидний ээж Н.Баасанхүү нь Налайх дүүрэгт хэдэн малтай амьдарч байсан, нас нь дээр гарсан болохоор өвдөх нь ихсэж, бид шөнө орой байнга дуудагдан очдог байсан. Бид бүгд ажил албатай болохоор ээжийгээ хотод ойрхон хажуудаа авчрахаар тохиролцож, ээжийн мал, хашаа байшинг зарж, хүүхэд бүр хэдэн төгрөг нэмж, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 байрны 703 тоот дахь 3 өрөө орон сууцыг захиалан гэрээ хийж, авч өгсөн. Ээж маань энэ байрандаа анх ашиглалтанд орсон цагаас 2013 онд насан эцэс болтлоо амьдарсан. Ээжтэй том эгч Ариунаа охин Г.Удвал, Г.Ундрам нар хамт амьдарч ээжийг асарч тойлж байсан. Ээжийг нас барсны дараа эгч Г.Хулан АНУ-аас ирсэн. Тэрээр орон байргүй, нөхөр нь өөр хүнтэй гэр бүл болсон зэргээс шалтгаалан бид ярилцаад эгчийг ээжийн байранд оруулсан. Эгч маань уушгины хорт хавдартай болж, үүнийгээ 8 дугаар сард гэнэт мэдээд 2 сар орчим эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр залуугаараа нас барсан. Бид орон сууцыг ээжид авч өгсөн, би нөхрийнхөө хамт явж захиалгын гэрээг хийж, мөнгийг төлж байсан болохоор орон сууцыг ээжийн нэр байгаа гэж ойлгон явж байтал 2020 оны 8 дугаар сард эгчийн хүү Д.Лхагва-Очир нь намайг уг сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлж өг гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргаснаар уг орон сууц эгч Г.Хуланд, Г.Хулангаас түүний хүү Д.Лхагва-Очирт шилжсэн гэдгийг мэдлээ.

Гэтэл орон сууц биднийг байсаар байхад ганц талийгаач эгч Г.Хуланд гэрээслэлээр биш, хууль ёсны өвлөгчийн гэрчилгээ олгогдож, улмаар түүний хүүд шилжсэн байна. Нотариатч өөр өвлөгч байгаа эсэхийг, тэр өөрт ногдох хувиа авахаас татгалзсан эсэхийг заавал тодруулах үүрэгтэй байтал ийм үйлдэл хийгээгүйгээс бидний өвлөх эрх хохироход хүрээд байна. Сүүлийн хэдэн жил аав ээж, ах эгч нар маань 2 жилийн зайтай дараалан нас барсан болохоор сэтгэл санааны гүн хямралд орж, бурхан номын зан үйлдэхээс хэний хөрөнгө хаана байгаа билээ гэж бодох сөхөөгүй байсан. Иймд Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Эрдэнэбаярын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хийсэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 байрны 703 тоот 3 өрөө орон сууцны Навганы Баасанхүүд оногдох хэсгийг төрсөн охин Гунаажавын Хуланд дангаар өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Гуравдагч этгээд тайлбар дээрээ сүүлийн 5 жил Д.Лхагва-Очир ээжтэйгээ амьдарсан гэж бичсэн байсан нь худлаа, 5 өдөр ч ээжтэйгээ амьдарч байгаагүй. Өөрийнхөө хэрэгцээг хангаж, мөнгө авах гэж ирдэг байсан. 2020 оны 3 дугаар сард өв залгамжлалын эрх аваад, 2020 оны 5 дугаар сард өвлөх эрхийн гэрчилгээ авсан байсан. Энэ талаараа ч бидэнд мэдэгдээгүй.

Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Эрдэнэбаяр нь 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 703 тоот 3 өрөө орон сууцны Н.Баасанхүүд оногдох хэсгийг төрсөн охин Г.Хуланд дангаар өвлүүлэхээр Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль, уг хуулийг хэрэгжүүлэхээр гарсан эрх зүйн акт болох Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус зөрчсөн. Өвлөх эрхийн гэрчилгээ авсан Г.Хулан болон нэхэмжлэгч Г.Хулганаа, Г.Булганаа нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Н.Баасанхүүгийн төрсөн хүүхдүүд бөгөөд түүний хууль ёсны өвлөгч нар мөн юм. Н.Баасанхүү нас барсан 2015 онд 7 хүүхэд нь амьд байсан. Өнөөдөр нэхэмжлэл гаргах үед 4 хүүхэд нь амьд байна. Хариуцагч нь хүсэлт гаргагч нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй байхад шаардагдах бусад баримт ирүүлэх үүрэгтэй болон үйлдлийн үр дагавар, бусад өвлөгч бий эсэх, тэдний эрх ашиг зөрчигдөж болзошгүй талаар эрх зүйн зөвлөгөө өгөхгүй бусад өвлөгчийн талаар мэдээллийг Нотариатчдын танхимаас авахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6, 8.9 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн байна. Мөн Г.Хулан дангаараа орон сууцыг өвлөж, түүнээс хүүхдэд нь шилжсэн талаар 2020 онд мэдсэн учир мэдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг тул хугацаа хэтрүүлээгүй... гэв.

 

Хариуцагч Ч.Эрдэнэбаяр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 байрны 703 тоот орон сууцны иргэн Н.Баасанхүүгийн оногдох хувийг түүний хүүхэд Г.Хуланд өвлүүлэхээр Өвлөх эрхийн гэрчилгээ-г 2015 оны 11 дугаарт бүртгэж, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасныг баримтлан өвлүүлэгчийг нас барснаас буюу өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа гэрчилж, олгосон болно. Уг өвлөгч нь хуульд заасны дагуу өвийг хүлээн авсан байсан учир өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн өвлүүлэгчийн бусад өвлөгчид хуульд заасан хугацаанд ямар нэг идэвхтэй үйлдэл хийж гомдол хүсэлт гаргаагүй учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхээс татгалзсан гэж үздэг. Нэхэмжлэгч нар өөрсдийгөө өвлөгч байсан гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан хугацаанд өргөдөл хүсэлт гаргаагүй учир хамт амьдарч байсан тухайн хороонд бүртгэлтэй өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Хорооны тодорхойлолтоос гадна Нотариатын танхимаас 1 жилийн хугацааны дотор өргөдөл хүсэлт гаргасан эсэх талаар лавлагаа авах ёстой. Тухайн үед техникийн саатлаас болж уг лавлагааг авалгүй хийсэн. Тэгэхдээ дараа дараагийн асуудлаар нэхэмжлэгч нар өвөөс татгалзсан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтуудаар болон одоо гаргаж байгаа талуудын тайлбараар нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаар хүсэлт гаргаагүй гэдэг нь тогтоогддог. Тиймээс өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хүсэлт гаргаагүй, ямар нэг үйлдэл хийгээгүй тул өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Аливаа өвлөгч нарт гэрчилгээг олгосны дараа Нотариатын танхимд бүртгүүлдэг. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед бичгээр бусад өвлөгч нар татгалзсан талаар мэдээлэл аваагүй. Тэгэхдээ бусад өвлөгчид хуульд заасан хугацаандаа ямар нэг хүсэлт гаргаагүй гэдэг нь өнөөдрийн байдлаар тогтоогдож байна... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.Лхагва-Очир нь Б.Даваажав болон Г.Хулан нарын дундаас гарсан ганц хүү бөгөөд түүний ээж Г.Хулан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Цэнд-Аюуш 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0012 бүртгэлийн дугаар бүхий Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Д.Лхагва-Очир нь 2015 оноос оюутан болж ээж Г.Хулангийн хамт маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4-т заасны дагуу маргаан бүхий байрны эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжих ёстой. Харин 2019 оны 11 дүгээр сараас ээжийнх нь төрсөн дүү Г.Хулганаа нь дээрх байрыг эд хөрөнгийн хамтаар хууль бусаар эзэмшиж, одоог хүртэл тус байранд амьдарч байгаа. Нэхэмжлэгч нар 2013 онд ээж Н.Баасанхүүг нас барсны дараа хуульд заасны дагуу өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг холбогдох эрх бүхий этгээдэд гаргаагүй, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ олгож 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад дээрх эрхээ хэрэгжүүлээгүй ирсэн атлаа өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвөөс татгалзсан гэж үзэхээр байна. Хүү Д.Лхагва-Очир ээжтэйгээ амьдардаг, хувцас нь тэнд байдаг байсан. 49 хоногийн зул барина гэж хэлээд түлхүүрийг нь авж үлдээд миний хүүхдэд хэлэлгүй гэрт нь нүүж орсон. 24 настай залуу ээжээсээ үлдсэн гэртээ байхад Налайх дүүрэг явах хойгуур нь зул барина гэж авч үлдсэн нэг түлхүүрээрээ гэрээрээ нүүгээд гэрт нь орчихсон байсан...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Хулганаа, Г.Булганаа нар нь хариуцагч, нотариатч Ч.Эрдэнэбаярт холбогдуулан, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна.

Иргэн Навган овогтой Баасанхүү 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барж, түүний төрсөн охин Г.Хулан нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Эрдэнэбаярын олгосон 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр талийгаачтай хамтран өмчилж байсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 703 тоот дахь 53,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өвлөн авч, өмчлөгчөөр бүртгүүлжээ. /хх-48,56-58,60-62/

Г.Хулан тухайн орон сууцыг ганцаар өмчлөн амьдарч байгаад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барж, түүний төрсөн хүү Д.Лхагва-Очир нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Цэнд-Аюушийн олгосон 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0012 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцыг өвлөх эрхтэй болж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /хх-63-66/

Нэхэмжлэгч нарын зүгээс Г.Хуланд дээрх өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатч Ч.Эрдэнэбаярын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүсэж, нэхэмжлэлийн үндэслэлээ: ...нотариатч нь талийгаач Н.Баасанхүүгийн хөрөнгийг өвлөх эрхтэй бусад хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тодруулах үүргээ биелүүлээгүй, өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх хүсэлтэй хууль ёсны өвлөгчид байгаа эсэхийг тодруулалгүйгээр Г.Хуланд өвлөх эрхийн гэрчилгээг олгосноор бусад хууль ёсны өвлөгчдийн өвлөх эрхийг зөрчсөн... гэж тайлбарласан.

Харин хариуцагчаас татгалзлын үндэслэлээ: ...талийгаач Н.Баасанхүүгийн өв хүлээн авахаар бусад хууль ёсны өвлөгчид байгаа эсэхийг тодруулахаар Нийслэлийн архивын газраас болон Монголын нотариатчдын танхимаас лавлагаа аваагүй нь үнэн боловч, Нотариатын тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Хулангийн бичгээр гаргасан хүсэлт, Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг бүрдүүлбэрийг үндэслэснээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч нар харин өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ... гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгүүдэд зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өвөөс татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол өв хүлээн авсан гэж, харин бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан, нотариатад өв хүлээн авах тухай гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Талийгаач Н.Баасанхүүг нас барах үед түүнтэй Г.Хулан хамт амьдарч байсан болох нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байх бөгөөд тэрээр 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ хариуцагч Ч.Эрдэнэбаярт гаргажээ.

Харин нэхэмжлэгч Г.Хулганаа, Г.Булганаа нарын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, тэд Г.Хуланг орон сууцыг өвлөхөөр хүсэлт гаргасан талаар мэдээгүй, талийгаач Н.Баасанхүүгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа гэж итгэсэн хэмээн тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өвлөгчид хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгахаар хуульчилсан байдаг боловч нэхэмжлэгч нарын зүгээс өв хүлээн авах хугацааг сунгахаар шүүхэд хандаагүй, өвийн асуудлаар шүүх шийдвэрлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа дуусаагүй гэж тайлбарласан бол, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хуулийн дээрх зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний маргаанд хамаарна хэмээн тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан бөгөөд Г.Хулганаа, Г.Булганаа нарын хариуцагч Ч.Эрдэнэбаярт холбогдуулан гаргаж буй энэхүү маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хамаарахгүй, харин өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдэлтэй холбоотой маргаан байна.

Нотариатын үйлдэлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хууль болон Нотариатын тухай хуульд нарийвчлан заагаагүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд талийгаач Н.Баасанхүүгээс өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах тухай хүсэлтээ нотариатад гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба хууль эрх зүйн мэдлэггүйгээс болон Г.Хулан өвийг хүлээн авсныг мэдээгүй, гэр бүлийн гишүүд нас барсан зэргээс шалтгаалан өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, ээж Н.Баасанхүүг нас барах үед болон 2014 оныг хүртэл Г.Булганаа маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан, одоогоор Г.Хулганаа гэр бүлийн хамт амьдарч байгаа гэх агуулга бүхий тайлбар гарган, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, орон сууцны ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан. /хх-67, 68, 96-101/

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийг талийгаач Н.Баасанхүүгийн өөр өвлөгч байгаа эсэхийг тодруулалгүйгээр зөвхөн Г.Хуланд өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 4.1.3, 8.6, 8.9 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөнөөр орон сууцны өмчлөх эрх Г.Хуланд, улмаар түүний хүү Д.Лхагва-Очирт шилжиж, хууль ёсны бусад өвлөгчдийн эрхийг зөрчсөн хэмээн тайлбарлав.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасан ба 531.2 дахь хэсэгт ...Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэжээ. Энэ нь өв нээгдсэн буюу талийгаач нас барснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгох хугацааг хэлнэ.

Хууль ёсны өвлөгчөөс Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатад хүсэлт гаргасан тохиолдолд хуулийн 531.3 дахь хэсэгт заасны дагуу нотариатч өвлөгдсөн хөрөнгийг хүсэлт гаргагчаас өөр бусад өвлөгч байгаа эсэхийг тодруулсны дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгож болохоор хуульчилсан байна.

Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8.4 дэх хэсэгт ...өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол...Иргэний хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно... гэж Иргэний хуульд заагдсан дээрх зохицуулалтыг тодорхойлон заажээ.

Маргаан бүхий нотариатчийн үйлдлийн тухайд талийгаач Н.Баасанхүүг нас барснаас хойш 1 жилийн дотор буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд өв хүлээн авахаар Г.Хулан нотариатад хандаагүй, харин Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргасан байх тул Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргагчаас өөр өвлөгч байгаа эсэхийг тодруулах зохицуулалт хамаарахгүй гэж үзэхээр байна.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгүүдэд заасны дагуу нотариатч нь өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг холбогдох бичиг баримтуудад үндэслэн түүнийг өвлүүлэгчтэй ямар хамааралтай талаар буюу өвлөх эрхтэй эсэхийг шаардан тодруулах үүрэг хүлээх бөгөөд хуулийн уг зохицуулалт нь өв хүлээн авахаар нотариатад хандаж хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгчид буюу Г.Хуланд хамааралтай бүрдүүлбэрүүд юм.

Г.Хулан өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар хүсэлт гаргасныг хариуцагч Ч.Эрдэнэбаяр хүлээн авч гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийн бүрдүүлбэрийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд түүний энэ үйлдэл хуульд нийцсэн байна.

Тодруулбал: хариуцагч Ч.Эрдэнэбаяр өвлөх эрхийн гэрчилгээг Г.Хуланд олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-ээс 43.2.5 дахь хэсэг хүртэлх баримт бичгийг үндэслэн олгосон гэж дүгнэх боломжтой. Учир нь Г.Хулангийн хүсэлтэд талийгаач Н.Баасанхүүгийн болон Г.Хулангийн иргэний үнэмлэхний хуулбар, өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Н.Баасанхүүгийн нас барсны гэрчилгээний хуулбар, Г.Хулангийн төрсний гэрчилгээний хуулбар, Н.Баасанхүү болон Г.Хулан нарын өвлөгдөх хөрөнгөд хамт амьдардаг болохыг нотолсон Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэргийг хавсаргаж, хуульд заагдсан бүрдүүлбэрийг бүрэн хангасан байх тул Г.Хуланд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ч.Эрдэнэбаярын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.6 дахь хэсэгт зааснаар хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчид нь хэрэв өвлөхөөс татгалзсан тохиолдолд түүнийг хүлээн авсан нотариатчийн үйлдэлд хамаарах бөгөөд мөн зааврын 8.9 дэх хэсэгт заасны дагуу өвлөгч нь өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн хүсэлт, татгалзал болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулахыг хүсэлт татгалзлыг хүлээн авсан нотариатчид үүрэг болгосон байх тул хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Ч.Эрдэнэбаярын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Г.Хуланд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Г.Хулганаа, Г.Булганаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА