Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00502

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Х-, Г.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Х-, Г.Б- нарын хариуцагч Ч.Э-т холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Э-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний ээж Н.Б- нь Налайх дүүрэгт мал маллаж амьдарч байсан бөгөөд бид өндөр настай ээжийгээ хажуудаа авч ирэхээр тохиролцож, ээжийн мал, хашаа байшинг зарж, хүүхэд бүр хэдэн төгрөг нэмж, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 байрны 703 тоот дахь 3 өрөө орон сууцыг захиалан гэрээ хийж, авч өгсөн. Ээж маань тухайн орон сууцанд анх ашиглалтанд орсон цагаас 2013 онд насан эцэс болтлоо амьдарсан. Ээжтэй том эгч н.Ариунаа, охин Г.Удвал, Г.Ундрам нар хамт амьдарч ээжийг асарч байсан. Ээжийг нас барсны дараа эгч Г.Х- АНУ-аас ирсэн. Тэрээр орон байргүй, нөхөр нь өөр хүнтэй гэр бүл болсон зэргээс шалтгаалан бид ярилцаад эгчийг ээжийн байранд оруулсан. Эгч маань уушгины хорт хавдартай болж, эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр залуугаараа нас барсан. Бид орон сууцыг ээжид авч өгсөн, би нөхрийнхөө хамт явж захиалгын гэрээг хийж,

мөнгийг төлж байсан болохоор орон сууцыг ээжийн нэр байгаа гэж ойлгон явж байтал 2020 оны 8 сард эгчийн хүү Д.Л- нь намайг уг орон сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлж өг гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргаснаар уг орон сууц эгч Г.Х-д, Г.Х-гаас түүний хүү Д.Л-т шилжсэн гэдгийг мэдлээ. Гэтэл биднийг байсаар байхад орон сууц ганц талийгаач эгч Г.Х-д гэрээслэлээр биш, хууль ёсны өвлөгчийн гэрчилгээ олгогдож, улмаар түүний хүүд шилжсэн байна. Нотариатч өөр өвлөгч байгаа эсэхийг, тэр өөрт ногдох хувиа авахаас татгалзсан эсэхийг заавал тодруулах үүрэгтэй байтал ийм үйлдэл хийгээгүйгээс бидний өвлөх эрх хохироход хүрээд байна. Сүүлийн хэдэн жил аав, ээж, ах эгч нар маань 2 жилийн зайтай дараалан нас барсан болохоор сэтгэл санааны гүн хямралд орж, бурхан номын зан үйлдэхээс хэний хөрөнгө хаана байгаа билээ гэж бодох сөхөөгүй байсан. Иймд Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Э-ын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хийсэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 байрны 703 тоот 3 өрөө орон сууцны Навганы Баасанхүүд оногдох хэсгийг төрсөн охин Гунаажавын Хуланд дангаар өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 байрны 703 тоот орон сууцны иргэн Н.Б-гийн оногдох хувийг түүний хүүхэд Г.Х-д өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэж, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасныг баримтлан өвлүүлэгчийг нас барснаас буюу өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа гэрчилж, олгосон болно. Уг өвлөгч нь хуульд заасны дагуу өвийг хүлээн авсан байсан учир өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн өвлүүлэгчийн бусад өвлөгчид хуульд заасан хугацаанд ямар нэг идэвхтэй үйлдэл хийж гомдол хүсэлт гаргаагүй учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхээс татгалзсан гэж үздэг. Нэхэмжлэгч нар өөрсдийгөө өвлөгч байсан гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан хугацаанд өргөдөл, хүсэлт гаргаагүй учир хамт амьдарч байсан тухайн хороонд бүртгэлтэй өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Хорооны тодорхойлолтоос гадна Нотариатын танхимаас 1 жилийн хугацааны дотор өргөдөл хүсэлт гаргасан эсэх талаар лавлагаа авах ёстой. Тухайн үед техникийн саатлаас болж уг лавлагааг авалгүй хийсэн. Тэгэхдээ дараа дараагийн асуудлаар нэхэмжлэгч нар өвөөс татгалзсан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтуудаар болон одоо гаргаж байгаа талуудын тайлбараар нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаар хүсэлт гаргаагүй гэдэг нь тогтоогддог. Тиймээс өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хүсэлт гаргаагүй, ямар нэг үйлдэл хийгээгүй тул өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Аливаа өвлөгч нарт гэрчилгээг олгосны дараа Нотариатын танхимд бүртгүүлдэг. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед бичгээр бусад өвлөгч нар татгалзсан талаар мэдээлэл аваагүй. Тэгэхдээ бусад өвлөгчид хуульд заасан хугацаандаа ямар нэг хүсэлт гаргаагүй гэдэг нь өнөөдрийн байдлаар тогтоогдож байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л- нь Б.Даваажав болон Г.Х- нарын дундаас гарсан ганц хүү бөгөөд түүний ээж Г.Х- 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Цэнд-Аюуш 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0012 бүртгэлийн дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Д.Л- нь 2015 оноос оюутан болж ээж Г.Х-гийн хамт маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий байрны эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжих ёстой. Харин 2019 оны 11 сараас ээжийнх нь төрсөн дүү Г.Х- нь дээрх байрыг эд хөрөнгийн хамтаар хууль бусаар эзэмшиж, одоог хүртэл тус байранд амьдарч байгаа. Нэхэмжлэгч нар 2013 онд ээж Н.Б-г нас барсны дараа хуульд заасны дагуу өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг холбогдох эрх бүхий этгээдэд гаргаагүй, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгож, 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад дээрх эрхээ хэрэгжүүлээгүй ирсэн атлаа өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дах хэсэгт зааснаар өвөөс татгалзсан гэж үзэхээр байна. Хүү Д.Л- ээжтэйгээ амьдардаг, хувцас нь тэнд байдаг байсан. 49 хоногийн зул барина гэж хэлээд түлхүүрийг нь авч үлдээд Д.Л-т хэлэлгүй гэрт нь нүүж орсон. 24 настай залуу ээжээсээ үлдсэн гэртээ байхад Налайх дүүрэг явах хойгуур нь зул барина гэж авч үлдсэн нэг түлхүүрээрээ гэрээрээ нүүгээд гэрт нь орчихсон байсан гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Ч.Э-ын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Г.Х-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Г.Х-, Г.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өөрөөс нь өөр өвлөгч байгаа гэдгийг нягталж шалгаагүй ба энэ талаар үйлчлүүлэгч Г.Х-д эрх зүйн зөвлөгөө өгч, гарах үр дагаврыг нь тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй. Нотариатчийн энэхүү үйлдэл нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Нотариатч Ч.Э- нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч амьдарч, ашиглалтын зардлыг төлж буй Г.Х-гаас бусад өвлөгч болох Г.Х-, Г.Б-, Г.Алтнаа, Г.Молор-Эрдэнэ нарын өвлөх эрх зөрчигдөж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ үйлчлүүлэгч өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж хүсэлт гаргасан бол Нотариатын тухан хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргийг нотариатч хүлээнэ гэж заасан болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т үйлчлүүлэгч нь нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх, 28.2.2-т нотариатын шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх үүрэгтэй гэсэн заалтууд огт хэрэгжихгүй нотариатын үйлдэл хийхэд огт хамааралгүй мэт дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгч энэхүү дүгнэлтийг хийхдээ дан ганц Иргэний хуулийг үндэслэсэн нь буруу бөгөөд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй учир нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай асуудал хэлцэгдэж байхад тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг хэрэглэх ёстой. Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт зааснаар хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчид нь хэрэв өвлөхөөс татгалзсан тохиолдолд түүнийг хүлээн авсан нотариатчийн үйлдэлд хамаарах бөгөөд мөн зааврын 8.9-д: Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулахыг хүсэлт татгалзлыг хүлээн авсан нотариатчид үүрэг болгосон байх тул хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Э- нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хийхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байхад энэ заалтад заасан чиг үүргийг өөр нэгэн нотариатч хийх ёстой байсан мэт тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өвлөх эрхийн гэрчилгээ авахын тулд нэг талаас өвлөгч хүсэлт гаргаж, холбогдох баримтаар хүсэлтээ нотлох, нөгөө талаас нотариатч тухайн үйлдлийг хийхэд шаардагдах баримт хангалттай бүрдсэн эсэхийг хянаж, хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй. Өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахдаа Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг-ийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ нь тухайн өвлөгч өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч болохыг нотолсон баримтаа ирүүлэхээс гадна өөрөөс нь өөр хууль ёсны өвлөгч байхгүй болохыг, эсхүл өөр өвлөгч байсан ч тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан талаарх бүхий л баримтаар хүсэлт гаргагч нь өвлүүлэгчээс өвлөгдөж буй хөрөнгийг маргаангүйгээр, ганцаараа өвлөх, өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх бүхий этгээд мөн болохоо нотолсон байхыг шаардаж байдаг нь дээр дурьдсанчлан нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах үйлдэл, баримт бичгийг гэрчлэх ёстойг давхар зохицуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Х-, Г.Б- нар нь хариуцагч Ч.Э-т холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэн Н.Б-, Г.Х- нар нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/3 дугаар байр, 2 дугаар орц, 703 тоот, 53.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027896 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 11-р тал/.

 

Уг орон сууцны хамтран өмчлөгч Н.Б- нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өвчний учир нас барсан тул орон сууцны түүнд ногдох хэсэгт өв нээгдэнэ. Түүний төрсөн охин буюу уг орон сууцны хамтран өмчлөгч Г.Х- нь Н.Б-г нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар Г.Х- нь өв хүлээн авахаас татгалзаагүй тул түүнийг өв хүлээн авсан гэж үзнэ. /хх-ийн 12-13-р тал/

 

Баянгол дүүргийн нотариатч Ч.Э- нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай өвлөгч Г.Х-гийн гаргасан хүсэлтийг үндэслэн, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг түүнд олгосон нь зөв байна. /хх-ийн 56-р тал/

 

Нэхэмжлэгч Г.Х-, Г.Б- нар нь Н.Б-гийн төрсөн хүүхдүүд тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгчид мөн юм. Гэхдээ тэд Н.Б-тэй хамт амьдарч байгаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасан журмын дагуу өв хүлээн авах ёстой байсан. Гэтэл Г.Х-, Г.Б- нар өв нээгдсэнээс хойш 1 жил буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, тэдгээр нь нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт зааснаар тэднийг өв хүлээн авсан гэж үзэхгүй юм.

 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-43.2.5-д зааснаар нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэх юм.

 

Хариуцагч Ч.Э- нь хуульд заасан журмын дагуу Г.Х-д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо түүний төрсний гэрчилгээний хуулбар, Н.Б-гийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, холбогдох хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэсэн нь хуульд нийцжээ. /хх-ийн 10-12, 14-р тал/. Нотариатч Ч.Э- нь өвлөх эрхийн гэрчилгээг Г.Х-д олгохдоо Монголын нотариатчдын танхимаас өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан эсэх талаар лавлагаа аваагүй нь алдаатай болсон ч тухайн үед Г.Х-, Г.Б- нар нь холбогдох хүсэлтийг нотариатад гаргаагүй болох нь Монголын нотариатчдын танхимын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаар албан бичгээр тогтоогдсон тул уг үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох нь ач холбогдолгүй болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дах хэсэгт Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж зааснаар Г.Х-, Г.Б- нарыг Н.Б-гийн өвийг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэнэ. /хх-ийн 39-р тал/

 

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоос дүгнэвэл уг орон сууцанд Н.Б-, Г.Х- нар оршин сууж байсан тул Г.Х-д өвлөх эрхийн гэрчилгээг олгоход тусдаа амьдарч байсан өвлөгчид өв хүлээн авах хүсэлтийг зохих газар гаргаагүй тохиолдолд өөр өвлөгч байсан эсэхийг тодруулаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа Монголын нотариатчдын танхимаас лавлагаа авахад нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргаагүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон. Энэ тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаагүй нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлд хамаарахгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дах хэсэгт заасан нэг жилийн хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэх лавтай баримтыг шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн зохицуулалт нь өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа олгох ажиллагаанд хамаарахгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь сүүлийн хэдэн жилд дотны хүмүүс нас барж, сэтгэл санааны хямралтай байсан гэж тайлбарлаж байх боловч өвлүүлэгч Н.Б-г 2013 онд нас барснаас 7 жилийн дараа, өвлөгч Г.Х-г 2015 онд нас барснаас 5 жилийн дараа нотариатын үйлдэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохооргүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч Г.Эрдэнэбаяр нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар Г.Х-д эрх зүйн зөвлөгөө өгч гарах үр дагаврыг тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлгүй. Учир нь нотариатчаас Г.Х-д зөвлөгөө өгөх, үр дагаврыг тайлбарласан эсэх нь нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй юм. Түүнчлэн, Г.Алтнаа, Г.Молор-Эрдэнэ нар нь хэргийн оролцогч биш байхад тэдгээрийн эрх зөрчигдсөн гэж давж заалдах гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Мөн Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсэгт заасан Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно, гэх заалт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасан Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэх заалтуудыг хэрэгжүүлээгүй гэх гомдол нь маргааны үйл баримтад шууд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Нотариатын тухай хуульд байхгүй заалт баримталсан нь буруу бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 43 дугаар зүйлийн 43.2 ... гэснийг Нотариатын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ