Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 143/ШШ2021/00059

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХААН банк-ны Өмнөговь салбар

Хариуцагч: Улааныхан овогт Цэмбэлийн Энхзул

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32 154 855.37 төгрөг, нотариатын зардалд 13 940 төгрөг, нийт 32 168 795.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл, Х.Хишигсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хаан банк-ны Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нар нь Хаан банкны Өмнөговь салбарын Гурвантэс тооцооны төвөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЗГ201642588658 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай, ахуйн хэрэгцээ эмчилгээний зориулалтаар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ЗГ201743171465 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 3 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201743293991 тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 4 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ201843630103 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 25 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан. Зээлдэгч Ш.Өлзийбадрах нь 2019 онд зуурдаар нас барсан. Зээлийн барьцаанд М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Ц.Энхзул, Э.Хулан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү1104001175 тоот дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв 4 дүгээр багт байрлах 48.8 м.кв талбайтай орон сууц, М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Ц.Энхзул, Э.Хулан нарын эзэмшлийн нэгж талбарын 150400709 тоот дугаартай 90 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 16 737 693.70 мөнгө, зээлийн хүү 12 654 617.32 мөнгө, нийт 29 392 311.02 мөнгө төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 203 хоног хугацаа хэтрүүлсэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа тул банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 28 262 306.30 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 3 804 448.07 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88 101 төгрөг, зээлийн төлбөрт 32 154 855.37 мөнгө, нотариатын төлбөр 13 940 төгрөг, нийт зээлийн болон нотариатын төлбөрт 32 168 795.37 мөнгө гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү1104001175 тоот дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв 4 дүгээр багт байрлах 48.8 м.кв талбайтай орон сууц М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Ц.Энхзул, Э.Хулан нарын эзэмшлийн нэгж талбарын 150400709 тоот дугаартай 90 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус заасан тул нэхэмжлэлд дурдсан төлбөрийг хариуцагч Ц.Энхзулаас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт 32 168 795.37 мөнгө гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж 318 794 төгрөг төлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нар нь Хаан банкны Өмнөговь салбарын харьяа Гурвантэс тооцооны төвөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр БГ201642588658 тоот барьцааны гэрээ байгуулан 13 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан байдаг. Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 01-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 3 000 000 төгрөгийн зээлийг БГ2017431501465 дугаартай зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр авсан. Мөн ахуйн хэрэглээний зориулалтаар 2017 оны 11 сарын 16-ны өдөр БГ201743293991 зээлийн гэрээ байгуулан өмнөх цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 4 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2008 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БГ201843630103 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 25 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан. Зээлдэгч Ш.Өлзийбадрах нь 2019 онд зуурдаар нас барсан. БГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэрээний үүрэгт нийт зээлийн хүүгийн төлбөр болон буцаалтын төлбөр нийт 32 168 795 төгрөг 37 мөнгийг гаргуулах барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас зээл авсан талаар маргадаггүй. Зөвхөн цалингийн зээлээ Ш.Өлзийбадрах цалин орлогоо барьцаалаад авсан учраас Иргэний хуульд заасан үүргийг Ц.Энхзул хүлээх үүрэггүй гэж тайлбарласан. Тэгэхээр хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу эсхүл үүргийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. Тухайн үед Хаан банк зээлдэгч Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нарын хооронд гэрээ байгуулагдсан, тухайн гэрээг байгуулахдаа ганцхан Ш.Өлзийбадрахтай байгуулагдаагүй Хаан банк гэрээнд хамааралгүй гуравдагч этгээд юм уу эрх зүйн харилцаанд оролцоогүй үүргийг хариуцах эрхгүй этгээдэд нэхэмжлэл гаргаж шаардаагүй. Энэ нь тухайн үед авсан 4 зээлийн гэрээ байдаг. Анх 2016 оноос авхуулаад 2018 оны хооронд 4 удаа зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн зээлийн гэрээг Ш.Өлзийбадрах болон Ц.Энхзул нар нь цалин орлогоо барьцаалан Ц.Энхзулын өмчлөлийн буюу нийтдээ 4 хүний өмчлөлийн барьцаа хөрөнгийг барьцаалуулаад тухайн зээлүүдийг авсан байдаг. Зээл бол бодитой олгогдсон. Тухайн зээлийг зээлдэгч нар ахуйн хэрэглээнд буюу хүүхдийнхээ эрүүл мэндийн эмчилгээнд зарцуулсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан байдаг. Энэ нь Хаан банкны гаргаж өгсөн зээлдэгчийн өргөдөл болон тодорхойлолтоор батлагдсан байгаа. Тухайн зээл нь ахуйн хэрэглээнд болон хүүхдийн эмчилгээний төлбөрт зарцуулагдсан гэдэг нь батдагдсан байгаа. Мөн хэргийн материалд ямар баримт бичиг авагдсан байгаа вэ гэхээр тухайн үед үндсэн зээлдэгчийн цалин орлогоо нотолсон баримтууд, хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин орлогоо нотолсон баримтууд буюу нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, ажлын газрын тодорхойлолтууд тухайн хэргийн материалд авагдсан байгаа. Иргэний хуульд заасан үүрэг дуусгавар болсон үндэслэл харагдахгүй байгаа. Яагаад гэхээр хамтран хүлээх үүрэг нь хуульд заасны дагуу буюу Иргэний хуулийн 242-р зүйлд заасны дагуу үндсэн болон хамтран үйлчлүүлэгч нарын хүлээх үүрэг нь үүсэн. Мөн гэрээнд тухайн үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар хүсэл зоригоо илэрхийлээд энэ илэрхийлэл нь тухайн гэрээгээр баталгаажсан бөгөөд хүсэл зоригоо илэрхийлэхдээ тодорхой баримтуудыг бас гаргаж өгсөн. Тухайлбал хэн аль нь цалин орлогоо барьцаалж байгаа гэдгээ нотолсон баримтуудаа Хаан банканд өгсөн байгаа. Үүний үндсэн дээр хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Тэгэхээр банк үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн шаардлага буюу зохицуулалт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242 дугаар зүйлийн 3-т заасан шаардах эрх үүсэж байгаа. Үүний үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Гэрээний эрх зүйн харилцаанд гэрээний гүйцэтгэлийг хангуулах аргуудыг заагаад өгчихсөн байдаг. Тухайн аргуудаас ямар аргыг гэрээгээр тохиролцсон бэ?, хуульд заасан ямар аргыг хэрэглэсэн бэ? Тухайн үед барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд хэнтэй байгуулсан бэ гэхээр цалин орлогоо барьцаалуулсан Ш.Өлзийбадрах болон Ц.Энхзул нартай байгуулагдсан. Мөн хамгийн сүүлийн гэрээ болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгаа. Энэ нь тухайн дөрвөн өмчлөгч буюу Хулан тухайн үед насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн чадамжгүй учраас түүнийг төлөөлж Ц.Энхзултай гарын үсэг зуран тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болгон баталгаажуулсан барьцааны зүйл болсон юм. Тэгэхээр насанд хүрээгүй этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар асуудал яригдахгүй. Барьцаалан зээлдэх гэрээ хэнтэй байгуулсан бэ гэхээр зээл хүсэгч нартай байгуулсан. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэрээ биш. Өөрөөр хэлбэл талууд барьцааны гэрээнд зээл хүсэгч нарын цалин орлогыг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь барьцааны гэрээний тодорхой зүйл заалт дээр харагдаж байгаа. Барьцааны гэрээнд цалин орлого барьцаалсан. Гэрээний удиртгал хэсгүүд дээр Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул аль аль нь цалин орлого барьцаалсан. Гэрээн дээр хэн алиных нь цалин орлогыг нь барьцаалсан учраас тусгайлсан нэр бичихгүй. Тэгээд хөдлөх эд хөрөнгийн тухайд ар талд нь Ц.Энхзулын өмчлөлийн хөрөнгө болох барьцааны гэрээ байгаа нь харагдаж байгаа. Тухайн гэрээг хууль ёсны өмчлөгч нартай нь байгуулсан. Мөн хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ учраас одоо энэ шүүхэд Хулангийн насанд хүрсэн байдал хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм. Хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдэгт хүсэл зоригийн илэрхийлэл байсан уу гэвэл байсан. Үүнд хүсэл зоригоо хэн илэрхийлсэн бэ гэхээр зээлдэгч Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нар нь хүсэл зоригоо илэрхийлсэн. Тухайн үед өөрсдийнхөө ахуйн хэрэглээнд болоод хүүхдийнхээ эмчилгээ ахуй амьдралд нь санхүүгийн хэрэгцээ шаардлага бий болсон учраас тухай этгээд хүсэлт гаргаад тухайн этгээдэд олгож байгаа зээл нь ганцхан Өлзийбадрахын цалинг барьцаалаад зээл олгох боломжгүй байсан учраас аль алиных нь цалинг барьцаалах шаардлага тавьсан. Энэ бол банкны хуульд зөвшөөрөгдсөн, хэн хэндээ үүсэж болох эрсдэлээ урьдчилан харсан хэн алиных нь цалинг барьцаалах шаардлага бий болсон учраас Иргэний хуулийн 289-р зүйлд заасан оролцогч талууд гэрээний агуулгыг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрчлөх тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу энэхүү шаардлагыг тавиад гэрээ байгуулагдсан. Хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Хувийн амьдалтай холбоотой асуудлыг түрүүн ярилаа. Энэ бол нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Тухайн зээл бол бодитоор олгогдсон. Иргэний хуулийн 451-р зүйлд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Гэрээ байгуулаад хүсэлт гаргах боломжийг нь олгоод цалин орлогыг нь харилцан тооцоод хэн алиных нь цалин тухайн гэрээнд бүрдэж байсан учраас зээл олгосон. Тиймээс зөвхөн Ш.Өлзийбадрахтай тухайн зээлийн гэрээ байгуулагдсан бол арай өөр асуудал яригдах байсан. Өмгөөлөгч, төлөөлөгч нарын яриад байгаа Иргэний хуулийн 240-р зүйлийн 2-т заасан нөхцөл бий болж байгаа юм. Энэ нөхцөл нь зээлдэгч нас барснаар дуусгавар болохоор. Тэгэхээр ийм асуудал биш. Энэ бол арай өрөөсгөл тайлбар, хууль эрх зүйн хувьд ч үндэслэлгүй тайлбар. Яагаад гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардаад байгаа юм бэ гэхээр энэ чинь тухайн үед хэн аль нь цалин орлогоо барьцаалаад үнэхээр санхүүгийн хэрэгцээ гарсан гэдгээ илэрхийлээд хүсэл зоригоороо гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүрэг гүйцэтгэгч нас барсан бөгөөд түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон бол үүрэг дуусгавар болно гэсэн байдаг. Хэдийгээр Ш.Өлзийбадрах нас барсан ч тухайн үүргийг хууль болон гэрээнд заасны дагуу хамтран үүрэг хүлээх хуулийн болон гэрээний дагуу Ц.Энхзулаас шаардаж байгаа учраас дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй. Зөвхөн Иргэний хуулийн 240.1.2-т зайлшгүй биечлэн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой тохиолдолд энэхүү хуулийн зохицуулалт хамаарна. Тэгэхээр зайлшгүй биечлэн үүргээ гүйцэтгэх юм уу, эсхүл зөвхөн Ш.Өлзийбадрахын цалин орлогыг барьцаалсан асуудал байхгүй. Хэн алиных нь цалин орлогыг барьцаалаад хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учраас Иргэний хуулийн 242.1-т заасны дагуу тэр хүмүүс нь хамтран өмчлөгч мөн юм. Иргэний хуулийн 242.2.3-т заасны дагуу шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж гэрээний үүрэгт 32 168 795 төгрөг 37 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Учир нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 дугаартай зээлийн гэрээ нь цалингийн зээл. Өөрийн тогтмол орлого болох цалинг барьцаалан үүгээр баталгаа болгож зээлсэн зээлдэгч нь Ш.Өлзийбадрах байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний агуулгаас үзэхэд Ш.Өлзийбадрахын цалин орлогыг судалсны үндсэн дээр уг зээлийг олгосон. Банкны зүгээс зээл олгох, нөгөө талаас Ш.Өлзийбадрах өөрийн цалин орлогоос уг зээлийг төлж барагдуулах хүсэл зоригийн илэрхийлэл дээр уг гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд хэд хэдэн гэрээ байгуулагдсан. Гэхдээ эдгээр гэрээнүүд нь бүгд нэг агуулгатай. Тоо, дүн л өөрчлөгдсөн. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр бүлэг зээл тооцооны үүрэгт хамаарах 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ юм. Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар,зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 44 дүгээр бүлэгт цалингийн зээлийн үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалтгүй. Иймд уг харилцааг иргэний хууль дахь үүргийн ерөнхий зохицуулалтаар шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 240.1.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан бол гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь агуулга зорилгын хувьд талийгаач Ш.Өлзийбадрахын тогтмол орлого болох цалин орлогын хэмжээг харгалзан үзэж судлаад цалинг барьцаалан зээл олгосон байна. Ш.Өлзийбадрахын зээл авах үедээ авч байсан цалингийн хэмжээ нь түүний зээл авах үндсэн нөхцөл, үүрэг гүйцэтгэх гол баталгаа болж байсан. Зээл олгох дүн зээлийг эргэн төлөх баталгаа нь зөвхөн цалин орлого байгаа тул тухайн мөнгөн төлбөрийн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 2 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэх нөхцөл байдал мөн. Дээрх байдлаар үүссэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгч болох Ш.Өлзийбадрах нас барснаар дуусгавар болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Өлзийбадрах нас барсантай холбогдуулан түүний эхнэр болох хамтран зээлдэгч Ц.Энхзулаас энэ 32 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Мөн 32 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ Ц.Энхзул нь ямар хүн бэ гэхээр бага насны 4 хүүхэдтэй ялангуяа хоёр дахь хамгийн бага хүүхэд нь 2 ихэр, хүүхдүүдийн нэг нь буюу Цэлмүүнтэнгэр нь 100% хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг ийм хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй үлдэж байгаа юм. Ийм амьдрал энэ хүний ард байгаа учраас өнөөдөр 2 хуульч энэ хүнийг сайн дураараа төлөөлөөд нэг ч төгрөг авахгүй явж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан яривал хангагдах боломжгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатаа зээлийн гэрээ, зээлийн гэрээнээс үүссэн үүрэг ялангуяа Иргэний хуулийн 242-р зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой энэ хуулиар зохицуулсан шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр нийт 4 удаагийн зээлийг авсан байдаг. Үүн дээр маргахгүй үнэн. Хамгийн сүүлд 2018 оны 6 сарын 6-ны өдөр зээл авсан. Ингэж зээл авахдаа Ц.Энхзулын нийгмийн даатгалын дэвтэр болон цалин, орлогыг барьцаалаагүй байдаг юм. Тэр хүн цалин орлогоо судлуулаагүй, ганцхан Өлзийбадрахын цалин орлогыг судалсан байдаг. Банкны барих ёстой стандарт гэрээ нэг дэх нь. Би яагаад өмнө нь тухайн хүний амьдралыг ярьсан бэ гэхээр энэ хоёр зээлийн зориулалт маань өөрөө хүүхдээ эмчлүүлэх буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эмчлүүлэх ийм агуулгаар зээл авсан бөгөөд хүүхдийн эрүүл мэнд нэн тэргүүнд тулсан байгаа энэ үед энэ хүмүүс яагаад хүсэл зоригийн илэрхийлэл гэж хэлээд байгаа учраас хэлж байгаа юм. Ц.Энхзул гарын үсэг зурахгүй л бол зээл олгогдохгүй бөгөөд зөвхөн гарын үсэг зурсан болохоос биш цалин орлогоо барьцаалаагүй юм гэдэг нэг ойлголт яваад байгаа. Үүнийг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл хэрвээ Ц.Энхзул гарын үсэг зурахгүй бол эдний хүүхдэд Ш.Өлзийбадрахаас цалингийн зээл гарахгүй хэдийгээр цалин орлогыг барьцаалж байгаа боловч Ц.Энхзул очиж гарын үсэг зурж байгаа юм. Хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг дээр ярих ёстой байх. Тэр хүмүүсийн хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн ийм цаг үед энэ хүмүүс тэр гэрээг судлаад, уншаад, танилцаад, эрх зүйн үр дагаврыг нь ойлгоод магадгүй энэ гэрээ нөгөө талын хүсэл зоригийг зөрчсөн байна гэдэг тайлбарыг гаргаад ингээд зээл авах, авахгүй талаар ярих судлах боломжгүй юм. Өөрөө хэлбэл зээлийн гэрээ маань 2 тал тэгш эрхтэй оролцож байгаа биш нэг талын хүсэл сонирхол буюу банкны хүсэл зориг, шаардлага тулгаж байгаа баримт бичиг илүү давамгай байгаа нь харагдаад байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг хэлэх ёстой байх. Нэхэмжлэгч тал хэлж байна. Үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 242.1 буюу үүргийн гүйцэтгэлийн үл хуваагдах шинжтэй гэж байна. Банктай байгуулсан 2018 оны 06 сарын 6-ны өдрийн гэрээн дээр үндсэн гүйцэтгэгч нас барсан тохиолдолд Ц.Энхзул хамтран үүрэг гүйцэтгэгч тухайн зээлийг бүхэлд нь төлөх, эсхүл хамтран хариуцах юм уу гэдэг асуудлыг зохицуулаагүй байдаг. Иймд гэрээгээр зохицуулж өгөөгүй учраас хуулинд заасан шаардлагаар хараад үзэхийн бол үүрэг гүйцэтгэгч нар үүргийн гүйцэтгэлийг тодорхой тэнцүү хэмжээгээр барагдуулна гэдэг заалт байгаа. Үнэхээр энэ хүний мөнгийг төлөх ёстой бол гучин хэдэн сая төгрөг биш бөгөөд тодорхой хэмжээнд огт төлөөгүй биш төлсөн байгаа зээлээ хасаад үлдсэн зээлээсээ оногдох хэсэг нь хамаагүй бага арван хэдэн сая төгрөг төлөх боломжтой талаар ийм баримтыг харж байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж бодож байна. Барьцаалуулсан эд хөрөнгө маань 4 хүний өмчлөлийн хөрөнгө байгаад байгаа. Хамтран эзэмшигч Хулан, Ц.Энхзул нарын эрх зөрчигдөөд байгаа бөгөөд ялангуяа тухайн үед насанд хүрээгүй бие даасан шаардлага хангаагүй, эрх зүйн чадамжгүй байсан этгээдийн өмчлөх эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл барьцаалан зээлдэх гэрээ маань өөрөө эд хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрсөн Цэмбэл, Энхзул, Өнөрбаатар нар болоод Хулангийн асуудал бас яригдаад байгаа. Энэ нь эд хөрөнгө эзэмших эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Банк шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар энэ хүмүүсийн амьдарч байгаа гэр орныг барьцаалаад авах юм бол энэ нийт 4 хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүгд орон гэргүй, гудамжинд гарах болж байна. Ялангуяа тухайн үед энэ хэлцийг хийгээгүй хэлцэлд оролцоогүй Хулан энэ хүмүүсийн эрх хэмжээг хангах, эд хөрөнгө өмчлөх, өв залгамжлах эрх нь ноцтой зөчигдөж байгаа асуудал дээр шүүх анхаарч үзээч ээ гэж хүсэж байна. Энэ 2 хүний аль алиных нь цалингийн зээлийг барьцаалан зээл олгосон гэж яриад байгаа. Гэхдээ 2017 оны 11 сард, дараагийн зээл 2018 оны 06 сард эхэлж байгаа. Тэгэхээр энэ хоёр зээлийн хооронд Энхзулын гомдолтой байгаа нь 2018 оны зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж цалин орлогоо барьцаалаагүй юм. Би өөрөө байгууллагаасаа материал, тодорхойлолт бүрдүүлж өгөөгүй, нийгмийн даатгалын дэвтрээ өгөөгүй ерөөсөө зээлийн маягт дээр л гарын үсэг зурсан болохоос биш өөрийнхөө цалин орлогыг барьцаалж хамран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг биелүүлээгүй гэдгийг хэргийн материалаас ч бас нотлогддог, дөрвөн гэрээний 3 дээр нь хамтрагчаар, сүүлийн гэрээн дээр нь бол байхгүй байгаа. Гэтэл үүнийг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа өмнөх зээлүүд дээр энэ нь судлагдаж байсан учраас болж байгаа гэдэг асуудлыг яриад байна. Гэхдээ энэ чинь дараагийн гэрээ байгуулагдсанаар эхний гэрээ хүчингүй болно. Хэрэгт авагдсан нотлох баримтууд судлагдсан асуудлууд дараагийн гэрээнд хамаарахгүй буюу өмнөх харилцаа бүрэн дуусгавар болсон байгаа. Тэгэхээр 2018 оны гэрээн дээр Энхзул бол хамтран зээлдэгчээр ороогүй хамтран үүрэг гүйцэтгэгч байх нь эргэлзээтэй байна гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Энэ нь хавтаст хэргийн материалд нотлогдож байна. Банкны талаас журам өөрчлөгдсөн талаар ярьж байна. Гэхдээ энэ талаар хавтаст хэргийн материалд авагдаагүй байгаа. Өөрчлөлт ороод, заавал судлахаа больсон гэдэг асуудлуудыг энэ шүүх хурлын хэлэлцүүлгийн болоод хавтаст хэргийн хүрээнд нотлогдохгүй байна гэж үзэж байна. Ийм учраас Энхзул хамтран зээлдэгч биш юм, үндсэн зээлдэгч Өлзийбадрах нас барсан болохоор энэ зээлийн гэрээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн итгэмжлэлтэй холбоотой асуудал дээр надад бас эргэлзээ төрж байгаа. Үүнийг манай өмгөөлөгч илүү тайлбарлах байх гэж бодож байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Өмнөговь салбар нь хариуцагч Ц.Энхзулд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 32 154 855.37 төгрөг, нотариатын зардалд 13 940 төгрөг, нийт 32 168 795.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээ нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тул зээлдэгч нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж маргаж байна.

Нэг талаас Хаан банк ХХК түүнийг төлөөлж Өм Гурвантэс Т/Т-ийн захирал/эрхлэгч М.Гэрэлмаа /банк/, нөгөө талаас иргэн Боржигон овогт Ширмэнгийн Өлзийбадрах /зээлдэгч/, иргэн Улааныхан овогт Цэмбэлийн Энхзул /хамтран үүрэг гүйцэтгэгч/ нар нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ201843630103 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдэл хэмжээ 11 028 361.68 төгрөг болохыг тогтоож, 25 000 000 төгрөгийн нэмэлт зээл олгож, нийт зээлийн хэмжээ 36 028 361.68 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хувийн зориулалтаар цалингийн зээл олгохоор тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хэргийн 54-58 дугаар тал/ болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Мөн өдөр талууд БГХ201843630103 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Y1104001175 дугаартай орон сууц, нэгж талбарын 150400709 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Ц.Энхзул, Э.Хулан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1104001175 дугаартай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв, 4-р багт байрлах 48.8 м.кв талбайтай орон сууцыг ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалахаар тохиролцож, нэг талаас банк, нөгөө талаас иргэн Ш.Өлзийбадрах, М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Э.Хулан, Ц.Энхзул нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГҮ201843630103 дугаартай гэрээ /хэргийн 63 дугаар тал/ авагдсан байх ба харин нэгж талбарын 150400709 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг барьцаалсан гэх гэрээ хэрэгт байхгүй байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Зээлдэгч Ш.Өлзийбадрах 2019 оны 08 сарын 04-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч нь уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Ц.Энхзулаас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Энхзул нь уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, мөн Ц.Энхзулын цалин орлогыг судалж, барьцаалж зээл олгосон тул бүхэлд нь хариуцуулна гэж тайлбарлаж байх боловч зохигчийн тайлбар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ201843630103 дугаартай зээлийн гэрээ, гэрээний тодорхой нөхцөлүүд, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгсөн зэргээс Ш.Өлзийбадрахын цалин орлогыг барьцаалж зээл авсан нь тогтоогдож байна. Зээлийн мөнгийг Ш.Өлзийбадрахын дансанд шилжүүлэхийг гэрээний талууд зөвшөөрсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.

Түүнчлэн Ш.Өлзийбадрахын Хаан банк дахь дансны хуулгад цалингийн зээл гэж тэмдэглэснээс гадна гэрээнд заасны дагуу түүний 5589162034 дугаар данснаас цалингийн зээлийн төлбөрийг суутгаж байсан, улмаар зээлдэгч Ш.Өлзийбадрах нас барсан үеэс зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй байна.

Зээлийн гэрээний 2.4 Зээлийн эргэн төлөлт хэсгийн 2.4.2-т цалингийн зээлийн хувьд банк гэрээний 2.4.1-т заасан хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана гэж зааж тохиролцжээ.

Энэхүү тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Ш.Өлзийбадрахад холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин орлогыг барьцаалаагүй Ц.Энхзулд хамаарах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талын тайлбараар Ц.Энхзул нь ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа гэх боловч гэрээний дээрх тохиролцоо түүнд хамаарахгүй байгаа нь түүний цалин орлогыг барьцаалж цалингийн зээл олгосон гэх хангалттай үндэслэлийг тогтоож чадахгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болдог.

Иймд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч Ш.Өлзийбадрах нас барснаар дуусгавар болсон, барьцааны эрх нь үндсэн үүрэгтэй буюу зээлийн гэрээтэй салшгүй холбоотой тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Энхзулд холбогдуулан гаргасан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32 154 855.37 төгрөг, нотариатын зардалд 13 940 төгрөг, нийт 32 168 795.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ХААН банкны Өмнөговь салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Өмнөговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 794 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН