Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2021/00007

 

*******-ны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй,

Ц.Энхзулд холбогдох иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00059 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Энхзулд холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32 154 855,37 төгрөг, нотариатын зардалд 13 940 төгрөг, нийт 32 168 795,37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******-ны Өмнөговь салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нар нь *******ны Өмнөговь салбарын******* тооцооны төвөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13 000 000 төгрөгийн цалингийн зээлийг ахуйн хэрэгцээ эмчилгээний зориулалтаар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 3 000 000 төгрөгийн цалингийн зээлийг хэрэглээний зориулалтаар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 4 000 000 төгрөгийн цалингийн зээлийг хэрэглээний зориулалтаар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 25 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан.

Зээлдэгч Ш.Өлзийбадрах нь 2019 онд зуурдаар нас барсан. Зээлийн барьцаанд М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Ц.Энхзул, Э.Хулан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн тоот дугаартай сумын төв 4 дүгээр багт байрлах 48.8 м.кв талбайтай орон сууц, М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Ц.Энхзул, Э.Хулан нарын эзэмшлийн нэгж талбарын тоот дугаартай 90 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 16 737 693.70 мөнгө, зээлийн хүү 12 654 617.32 мөнгө, нийт 29 392 311.02 мөнгө төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 203 хоног хугацаа хэтрүүлж, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 04, 29-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй байна.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 28 262 306.30 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 3 804 448.07 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88 101 төгрөг, зээлийн төлбөрт 32 154 855.37 мөнгө, нотариатын төлбөр 13 940 төгрөг, нийт 32 168 795.37 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн тоот дугаартай Өмнөговь аймгийн******* сумын төв 4 дүгээр багт байрлах 48.8 м.кв талбайтай орон сууц М.Цэмбэл, П.Өнөрбаатар, Ц.Энхзул, Э.Хулан нарын эзэмшлийн нэгж талбарын тоот дугаартай 90 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар нэхэмжлэлд дурдсан төлбөрийг хариуцагч Ц.Энхзулаас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт 32 168 795.37 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.Өлзийбадрах нь 2019 онд зуурдаар нас барсан. тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэрээний үүрэгт нийт зээлийн хүүгийн төлбөр болон буцаалтын төлбөр нийт 32 168 795 төгрөг 37 мөнгийг гаргуулах барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд гаргасан шаардлага хэвээрээ. Хариуцагч талаас зээл авсан талаар маргадаггүй. Зөвхөн цалингийн зээлээ Ш.Өлзийбадрах цалин орлогоо барьцаалаад авсан учраас Иргэний хуульд заасан үүргийг Ц.Энхзул хүлээх үүрэггүй гэж тайлбарласан.

Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу эсхүл үүргийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. Тухайн үед ******* зээлдэгч Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нарын хооронд гэрээ байгуулагдсан, ганцхан Ш.Өлзийбадрахтай байгуулаагүй.

Анх 2016 оноос авхуулаад 2018 оны хооронд 4 удаа зээлийн гэрээг Ш.Өлзийбадрах болон Ц.Энхзул нар нь цалин орлогоо барьцаалан Ц.Энхзулын өмчлөлийн буюу нийтдээ 4 хүний өмчлөлийн барьцаа хөрөнгийг барьцаалсан. Зээлийг бодитой олгогосон.

Банк үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн шаардлага буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242 дугаар зүйлийн 3-т заасан шаардах эрх үүссэний үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Тухайн үед өөрсдийнхөө ахуйн хэрэглээ, хүүхдийнхээ эмчилгээ, ахуй амьдралд нь санхүүгийн хэрэгцээ шаардлага бий болсон учраас хүсэлт гаргаад тухайн этгээдэд олгож байгаа зээл нь ганцхан*******ын цалинг барьцаалаад зээл олгох боломжгүй байсан учраас аль алиных нь цалинг барьцаалах шаардлага тавьсан. Энэ нь банкны хуульд зөвшөөрөгдсөн, хэн хэндээ үүсэж болох эрсдэлээ урьдчилан харсан хэн алиных нь цалинг барьцаалах шаардлага бий болсон учраас талууд гэрээний агуулгыг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрчлөх тодорхойлох хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагдсан.

Хэдийгээр Ш.Өлзийбадрах нас барсан ч тухайн үүргийг хууль болон гэрээнд заасны дагуу хамтран үүрэг хүлээх Ц.Энхзулаас шаардаж байгаа учраас дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй.

Зөвхөн Иргэний хуулийн 240.1.2-т зайлшгүй биечлэн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой тохиолдолд энэхүү хуулийн зохицуулалт хамаарна. Тэгэхээр зайлшгүй биечлэн үүргээ гүйцэтгэх юм уу, эсхүл зөвхөн Ш.Өлзийбадрахын цалин орлогыг барьцаалсан асуудал байхгүй тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учраас Иргэний хуулийн 242.1-т заасны дагуу тэр хүмүүс нь хамтран өмчлөгч мөн юм. Иргэний хуулийн 242.2.3-т заасны дагуу шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүрэг дуусгавар болсон байна. Ш.Өлзийбадрахын цалин орлогыг судалсны үндсэн дээр банкны зүгээс зээл олгох, нөгөө талаас Ш.Өлзийбадрах өөрийн цалин орлогоос уг зээлийг төлж барагдуулах хүсэл зоригийн илэрхийлэл дээр уг гэрээ байгуулагдсан.

Зээл олгох дүн, зээлийг эргэн төлөх баталгаа нь зөвхөн цалин орлого байгаа тул тухайн мөнгөн төлбөрийн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэх нөхцөл байдал мөн тул үүссэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгч болох Ш.Өлзийбадрах нас барснаар дуусгавар болсон.

Хариуцагч Д.Энхзул нь 60 сарын цалингийн зээлтэй. Мөн 2 удаа мэдэгдэл өгсөн гэж хэлж байна. Тэр мэдэгдлүүд дээр Д.Энхзул нь банкыг эрсдэлийн сандаа хамруулаад манай зээлийг нааштайгаа шийдвэрлэж өгөөч ээ гэсэн агуулгатай өргөдлийг өгсөн, харин төлнө гэж хариу өгөөгүй. гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Энхзулд холбогдуулан гаргасан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32 154 855.37 төгрөг, нотариатын зардалд 13 940 төгрөг, нийт 32 168 795.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай *******ны Өмнөговь салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ны Өмнөговь салбарын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 794 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд:

1. Хэрэгт авагдсан зээлдэгч нарын зээл авах бүрдээ банкинд гаргасан хүсэлт, Ц.Энхзулын удаа дараагийн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, зээлийн болон барьцааны гэрээний тодорхой заалт, зээлийн зориулалт, мөн хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Энхзулын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд *******ны Өмнөговь салбарт гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй хэрэгт ямар ч баримт байхгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Зээлдэгч Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нарын хэн алины цалин орлогыг судалж барьцаалахгүй бол хүүхдийн эмчилгээнд зарцуулах хэмжээний зээлийг авах боломжгүй байсан учраас зээл олгох бүрдээ цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийг авч цалин орлогын нийлбэрийг тооцож судалсны үндсэн дээр тэдгээрийн хүссэн хэмжээний зээлийг олгосон.

Мөн Ш.Өлзийбадрах *******ны Өмнөговь салбараас зээл авахад Ц.Энхзул нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч эрсдэлийг бүрэн хариуцна, үүргийг хамтран биелүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Түүнчлэн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасны дагуу зээлийн данс нээж зээлдэгчтэй тохиролцсоны дагуу түүний *******ин дахь дансанд зээлийг олгосон байхад шүүх дээрх байдлаар ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлдэгч Ш.Өлзийбадрах нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь *******ны Өмнөговь салбарт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар үүссэн гэдэгт анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Зээлийн гэрээний нэг тал болох Ш.Өлзийбадрах нас барж түүнд олгож байсан цалин зогссон боловч Ц.Энхзул нь энэ гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр 2016 оноос хойш нийт 4 удаа *******инд хүсэлт гаргаж, хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлд тодорхойлогдсон.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар нотлох баримт үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээг тайлбарлаагүйгээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад үндэслэл бүхий эрх зүйн болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрвээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Энхзул оролцож үүрэг хүлээгээгүй бол тухайн зээл судлагдаж, олгогдохгүй байсан.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******-ны Өмнөговь салбар нь хариуцагч Ц.Энхзулд холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 32,154, 855 төгрөг 16 мөнгө, нотариатын зардалд 13,940 төгрөг, нийт 32,168,795.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлаа Ш.Өлзийбадрахын цалинг барьцаалж зээлийн гэрээ байгуулагдсан тул үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой, Ш.Өлзийбадрах нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж мэтгэлцсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 112, 2 дугаар хавтас, 46 дугаар тал/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан *******ны Өмнөговь салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл нь шийдвэрийг эс зөвшөөрч, хэн алинх нь ...цалин орлогын нийлбэрийг ...судалсаны үндсэн дээр...хүссэн хэмжээний зээл олгосон, гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болж, ... Ш.Өлзийбадрах нас барснаар ...хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 242 дугаар зүйлд зааснаар үүссэн гэдэгт шүүх хүндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хууль буруу тайлбарласан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд: *******-ны Өмнөговь салбар нь нэхэмжлэлээ ******* ХХК-ийг төлөөлж Өмнөговь аймаг,******* тооцооны төв болон Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 06ы өдөр байгуулагдсан ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээнд үндэслэж, зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 2020 оны 03 дугаар сарын байдлаар 203 хоног хэтрүүлсэн үндэслэлээр гэрээг цуцалж, зээлдэгч Ш.Өлзийбадрах нас барсан тул хамтран зээлдэгч Ц.Энхзулаас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилнэ гэж шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

Зээлдэгч Ш.Өлзийбадрах нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь нас барагчийг бүртгэсэн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 46 дугаар хуудас/

Өмнөговь аймаг,******* тооцооны төв болон Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 01ий өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээнүүдэд Ш.Өлзийбадрахыг зээлдэгч, Ц.Энхзулыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж нэрлэн, зээлийн гэрээ бүрийн 2.1.2-т энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болно, 2.1.5-т Энэхүү гэрээг байгуулах үеийн байдлаарх банкны цалингийн зээлийн ерөнхий нөхцлөөс хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлийн хүүгийн түвшинд дараах зохицуулалт хамаарна гэж заасан байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 05-09, 20-23, 37-40, 54-57 дугаар хуудас/

Сүүлийн буюу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээгээр өмнөх 2017 оны ЗГ201743293991 тоот зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг 11,028,361.68 төгрөг болохыг тогтоож, энэ үлдэгдэл дээр 25,000,000 төгрөгийн зээл нэмж авахаар, уг дүнг нэгтгэн нийт зээлийн хэмжээг 36,028,361.68 төгрөг гэж, зээлийн жилийн хүүг 20,4%, нэмэгдүүлсэн хүү 20%, зээлийг ашиглах хугацааг 48 сар гэж тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 54-57 дугаар хуудас/

ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээнд өмнөх зээлийн гэрээний харилцаа үргэлжлэхээр заагаагүй байх тул ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээ байгуулагдснаар өмнөх 2016 оны ЗГ201642588658 тоот, 2017 оны ЗГ201743171465, болон ЗГ201743293991 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээний 1.2.2.Зээлдэгч-энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд:, 4.2.7-д зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулах гэж зээлдэгч гэж хэн, тэрээр ямар үүрэгтэйг тусгайлан заасан байна.

Мөн Ш.Өлзийбадрахын 25,000,000,0 төгрөгийн цалингийн зээл олгох-ыг хүссэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэсэн огноотой, харин зээлийн зориулалтыг бичээгүй хүсэлт байх боловч хэрэгт уг хүсэлтээс өөр тухайн зээлийн гэрээ байгуулах үеийн Ш.Өлзийбадрах, Ц.Энхзул нарын хувийн болон ажил эрхлэлт, орлогын байдлын тухай мэдээлэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин хэрэгт нотариатчаар гэрчлүүлсэн Саусгоби сэндс ХХК-ний 2017 оны 01/624, 01/375, 2016 оны 16/247 дугаартай Ш.Өлзийбадрахыг тус компанийн уурхайн ашиглалт, олборлолтын хэлтэст Оператор-4 гэх албан тушаалд 2010 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байгаа тухай, Өмнөговь аймгийн******* сумын сургуулийн 2016, 2017 оны Ц.Энхзулын ажил эрхлэлт, цалингийн хэмжээг тодорхойлсон албан бичгүүд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд байх боловч тэдгээрт ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх хугацааны үйл баримтын талаарх мэдээллийг агуулж байх тул тухайн маргаанд хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гэж үзнэ. /хэргийн 1 дүгээр хавтас, 12-19, 30-36, 47-52, 67-69 дүгээр хуудас/

Банк нь ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны БГХ201843630103, үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГҮ201843630103 дугаартай гэрээг байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 59-66 дугаар хуудас/

Зээлийн бүртгэлийн картанд зээлдэгчийн нэр Ш.Өлзийбадрах, зээлийн төрөл Цалингийн зээл бичигдсэн ба БГХ201843630103 барьцааны гэрээний 2.2.2-т банкинд барьцаалуулсан ирээдүйд бий болох барьцаа хөрөнгийн тодорхойлолтод цалингийн орлого гэсэн боловч хэний орлого болохыг заагаагүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 59, 89 дүгээр хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ЗГ/201843630103 тоот цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүний гэрээг Ц.Энхзулын цалин, орлого, эргэн төлүүлэх нөхцөл зэргийн талаар хэрхэн тохиролцож байгуулсан тухайгаа шүүхэд нотлоогүй байна.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.З дахь хэсэгт банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсний дагуу банк нь иргэн, хуулийн этгээдэд зээл олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуульд заасан зохицуулалт, шаардлагыг баримтлах үүрэгтэй.

Нөгөө талаар иргэн, хуулийн этгээдийн банкнаас зээл авах, эргүүлэн төлөх хүсэл зориг нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн тохиолдолд талуудад эрх, үүрэг үүсгэх ёстой.

Иймд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн алиных нь цалин, орлогыг судалж, зээл олгох бүрдээ цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийг авч, цалин орлогын нийлбэрийг судалж тооцсоны үндсэн дээр хүссэн хэмжээний зээл олгосон гэх тайлбар нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул банкийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10-т заасан зээлдэгчийн орлогын мэдээлэл-ийг буюу зээлийн хувийн хэрэгт хамаарах бүрдүүлбэрийг бүрдүүлж зээл олгосон, мөн хуулийн 30 дугаар зүйлд зааснаар зээл төлүүлэх ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байна.

ЗГ201843630103 тоот зээлийн гэрээний 8.4-д Энэхүү гэрээний дагуу үйлдэгдэх хавсралт Барьцааны гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт нь түүний салшгүй хэсэг болох тухай заасан бөгөөд БГҮ201843630103 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг ******* ХХК болон зээлдэгч Ш.Өлзийбадрах нарын хооронд 2018 оны 6-р сарын 6-ны өдөр байгуулж, гэрээний 1.2-т ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно гэж тус тус зааснаас үзвэл ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээний зээлдэгч тал нь Ш.Өлзийбадрах байна./ хэргийн 1 дүгээр хавтас, 63 дугаар тал/

Ц.Энхзул нь гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч гэж нэрлэгдэж гарын үсэг зурсан боловч өөрийн цалин орлогоо барьцаалуулаагүй нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ц.Энхзулыг хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй тул ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг Ц.Энхзулаас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

Ш.Өлзийбадрахын зээл хүссэн өргөдөл, барьцааны гэрээний барьцааны зүйл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээг цалингийн зээлийн хэлбэрийн олгосон тухай тайлбар зэргээр банк нь Ш.Өлзийбадрахын ирээдүйд авах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар өөрийн хөдөлмөрлөх эрхийн дагуу хөдөлмөрлөснийхөө төлөө ажил олгогчоос авах цалингийн орлогыг үндэслэн зээл олгосон болох нь тогтоогдож байх тул Ш.Өлзийбадрахын хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч энэ эрх нь хуулийн хүрээнд байх нь хууль ёсны зарчимд нийцэх бөгөөд ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны БГХ201843630103, үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГҮ201843630103 гэрээ нь зээлдэгч Ш.Өлзийбадрах нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Банк нь 2020 оны 01 дүгээр сарын 04, 29-ний өдрүүдийн 1, 04 дугаартай Зээл төлөх мэдэгдэлдээ Зээлдэгч Ширмэн овогтой******* гэж нас барсан иргэний нэрийг бичсэн нь бодит байдалтай нийцээгүй. /хэргийн 1 дүгээр хавтас, 93, 94 дүгээр хуудас/

Нэгэнт үндсэн үүргийн харилцаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд дагалдах үүрэг буюу үүргийн зөрчлөөс үүсэх үүрэг болох барьцааны зэрэг үүрэг үүсэхгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг цуцлах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх маргааны үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасан тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах шаардлагыг хангаагүй гэж үзэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээний 3.2. Зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч нь дараах зөвшөөрлийг Банкинд энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл, 2.1.1.3, 8.2. ... зэрэг заалтуудын төгсгөл нь ойлгомжгүй байгааг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00059 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 гэсний дараа ,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 219 дүгээр зүйлийн 219.1, гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4. 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318794 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Н.НАСАНЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                 Х.БАЙГАЛМАА

                                           Г.ТЭГШСУУРЬ