Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02557

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020            09             23                                                183/ШШ2020/02557                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.С нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: Т.А холбогдох,

 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.995.974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “мөнгөний хэрэг гараад байна, мөнгө түр өгч туслаач” гэж Р.Сарангэрэлтэй холбогдож, Худалдаа хөгжлийн банкин дахь Т.А 46800 тоот дансандаа 4.795 ам.доллар, мөн өдөр 43.205.73 ам.доллар буюу нийт 48.000.73 ам.долларыг зээлж авсан. Гэтэл Т.А нь одоог хүртэл уг зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 48.000.73 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1 ам.долларыг 2.437.41 төгрөгт хөрвүүлэн, нийт 116.995.974 төгрөгийг Т.Анхбаяраас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.А хувьд Р.Сарангэрэлээс мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Дансаар шилжүүлэн авсан 48.000.73 ам.доллар нь иргэн Б.А, түүний хүү П.У бидний хамтран байгуулсан компанийн хөрөнгө оруулалт байсан бөгөөд П.У хувьд компаниас зохих ашгаа хүртсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.С нэхэмжлэлтэй, Т.А холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.995.974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Р.С “...Т.А хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 48.000.73 ам.долларыг зээлдүүлсэн, одоог хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй тул 48.000.73 ам.доллар буюу 116.995.974 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.А хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...Р.С 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 48.000.73 ам.долларыг зээлж аваагүй, харин нь Б.А, түүний хүү П.У болон Т.Анхбаяр нарын хамтран байгуулсан компанид П.Учрал нь хөрөнгө оруулалт хийж, түүний эх Р.С нь хөрөнгө оруулалт гэж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 48.000.73 ам.долларыг шилжүүлсэн” гэсэн хариу тайлбар гаргаж, талууд мэтгэлцжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 7-499/1131 дүгээр Тодорхойлолт болон Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Орлогын ордерт “...С А 468004453 тоот дансанд 4.795 ам.долларыг шилжүүлсэн. Төлбөрийн зориулалт нь Б.У орлого...” гэсэн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Орлогын ордерт “...С А 468004453 тоот дансанд 43.205.73 ам.долларыг шилжүүлсэн. Төлбөрийн зориулалт нь Б.У орлого /Х-2439 хэлцэлтэй/...” гэсэн баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Р.С, Т.А нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 48.000.73 ам.долларын зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл зохигч талуудаас өөрийн шаардлага ба татгалзлын талаарх нотлох баримт гэж шүүхэд ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 7-499/1131 дүгээр Тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Орлогын ордерт “...Төлбөрийн зориулалт нь Б.У орлого /Х-2439 хэлцэлтэй/...” гэснийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд Р.С “зээл олгох зориулалтаар” 48.000.73 ам.долларыг Т.А шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа Р.С, Т.А нарын хооронд үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул Р.С нэхэмжлэлтэй, Т.А холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.995.974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Р.С нэхэмжлэлтэй, Т.А холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.995.974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.С улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 742.950 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД