Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00259

 

 

 

 

 

 

     2024            02          02                                    210/МА2024/00259

 

Р.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/03327 дугаар шийдвэртэй,

 

Р.Сийн нэхэмжлэлтэй

Т.Ат холбогдох,

 

116,995,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч З.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Т.А 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилийн гадна явж байхдаа мөнгө өгч туслахыг хүссэний дагуу түүний ХХБ ХХК дахь дансанд 4,.795 ам.доллар, мөн өдөр 43,.205.73 ам.доллар буюу нийт 48,.000.73 ам.доллар буюу 116,995,974 төгрөгийг Р.Сээс шилжүүлсэн.

Р.С нь өөрийн юаны хадгаламжийг төгрөгт хөрвүүлэн, мөнгийг ам.доллар болгуулах хэлцэл гүйлгээг “ХХБ” ХХК-д хийлгэсэн. Ийнхүү Т.Аын гуйлтаар ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр мөнгийг түүнд шилжүүлснээс хойш нэг ч төгрөг түүнээс буцаан авч чадаагүй. 

1.2. Иймд бусдын итгэлийг хөсөрдүүлэн, өөрийн дансанд орсон мөнгийг ямар нэгэн шалтгаангүйгээр буцаан өгөхгүй байгаа тул Т.Ааас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 116,995,974 төгрөгийг буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Дансаар шилжүүлэн авсан 48.,000.73 ам.доллар нь нэхэмжлэгч Р.Сийн хүү болох П.У бидний хамтран байгуулсан АБ ХХК-ийн хөрөнгө оруулалт байсан. П.Уын хувьд компаниас зохих ашгаа хүртсэн.

2.2. “Учралаас орлого” гэх утгаар шилжүүлсэн дээрх мөнгийг АБ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Тд шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тухай баримт хэрэгт авагдсан. Т.Аын хувьд дансандаа орж ирсэн мөнгийг хувьдаа ашигласан, захиран зарцуулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Уаас гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Т.А нь 2017 оны 12 дугаар сард гадаад улсад байхдаа “өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь дансаар нь дамжуулан мөнгө шилжүүлж тусална уу” гэсний дагуу миний ээж Р.С Худалдаа хөгжлийн банкнаас түүний дансанд нийт 42,800.,73 ам.долларыг шилжүүлсэн. Уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан авч чадаагүй.

 Энэ шилжүүлсэн мөнгө нь миний ээж Р.Сээс Т.Аын дансанд шилжүүлсэн мөнгөний асуудал тул Р.С нь мөнгийг шаардан авах эрхтэй. Энэ асуудалд миний эрх ашиг хөндөгдөхгүй, тусдаа асуудал болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Ааас 116,995,974 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Сд олгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 742,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 742,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Сд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэргийн үйл баримт тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

5.1. Нэхэмжлэгч Р.Сийн төрсөн хүү П.Уаас Т.Аын “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь дансруу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 43,205.73 ам.долларыг “П.Уаас орлого”, мөн өдөр 4,795 ам.долларыг “П.Уаас орлого” гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн.

Уг төлбөрөөс Р.Сийн хүү П.Утай хамтран байгуулсан компани болох АБ ХХК-ийн захирал О.Тгийн данс руу 40,000 ам.долларыг, цалин хэлбэрээр О.Тд 1,120 ам.долларыг, мөн хувьцаа эзэмшигч Б.Амарсанаад 1,500 ам.долларыг тус тус шилжүүлж, үлдэгдэл 5,000 орчим ам.долларыг компанийн бусад үйл ажиллагаанд зарцуулсан. Т.А хувьдаа зарцуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй юм.

5.2. Шүүх АБ ХХК байгуулагдаагүй байхад мөнгө шилжүүлсэн нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй гэх үндэслэлийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон байна.

Компани 2017 оны 10 дугаар сард байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээгээр тодорхой харагдах ба дүрмийг 2018 онд шинэчлэн дахин бүртгүүлсэн байхад үндэслэлгүйгээр буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээс компани байгуулагдаж аж ахуйн нэгжийн гэрчилгээ олгогдсон баримтыг бус дүрэм шинэчлэн бүртгүүлсэн хугацааг компани байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч 2 удаагийн шилжүүлгээр нэхэмжлэлд дурьдсан мөнгийг шилжүүлсэн нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болгосон.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас шүүх нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэж чадаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлээр буцаасан байхад уг зөрчлийг арилгалгүй хэргийг  шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгосон.

5.4. Хөрөнгө оруулалт, зээл хоёрын аль болох нь тодорхойгүй хэвээр байна.  Хариуцагч талаас Б.А, Р.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг гаргуулах хүсэлтийг гаргасан ч шүүх үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзсан.

П.У АБ ХХК-иас 100,000,000 төгрөгийг жолооч н.Б-ээр дамжуулан авсан баримт болон түүнийг гэрчээр асуулгах, дансны хуулгыг гаргуулах, гэрч О.Тг шүүх хуралдаанд оролцуулах, нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг гаргуулж хэрэгт авахуулах хүсэлтийг мөн хүлээж аваагүйд гомдолтой байна.

Гэрч О.Тг оролцуулах хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахгүйгээр гадаадад явсан гэдэг шалтгаанаар үндэслэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь гэрчийн мэдүүлэггүйгээр хэргийг шийдвэрлэх сонирхол байсны нотолгоо.

5.5. Мөнгөн шилжүүлгийн баримт буюу П.Уаас орлого хэлбэрээр Т.Аын дансанд шилжүүлсэн мөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага 2017-2021 он хүртэл огт гаргаж байгаагүй, энэ талаар талуудын хооронд ямар нэгэн харилцаа байхгүй бөгөөд Р.Сийн хувьд Т.Ааас нэхэмжлэх эрхтэй субьект биш.

П.Уын хувьд ээж болох Р.Сээс мөнгө авч Т.А руу шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэх эрхтэй этгээд нь П.У байх боломжтой. Гуравдагч этгээдээр оролцсон П.Уын хувьд ээжийн мөнгө учраас надад хамаагүй гэх утга бүхий тайлбар нь үндэслэлгүй.

5.6. Шүүх хуралдааны үед шүүгчийн үг, үйлдэл шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан хангалттай ойлгуулж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэнэ гэдгээ бүдүүлгээр мэдэгдэж байсан, хэргийн материалыг шинжлэн судлахдаа мушгин асуух, заавал өөрийн хүссэн хариултаа авахаар улайрч байсан тул хариуцагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгч өөрөө шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө.

Тодруулбал, шүүх хуралдааныг даргалан явуулахдаа талуудын тэгш эрхийг эдлүүлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэрэгт хамааралгүй тайлбарыг хангалттай яриулсан атлаа хариуцагч талын тайлбар, үгийг шууд таслах, өөрийн үзэл бодлоо тулган тайлбарлах зэргээр туйлын бүдүүлгээр шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч талаас “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь Т.Аын дансанд мөнгө шилжүүлсэн бодит үйл явдлыг үндэслэлгүйгээр гуйвуулж давж заалдах гомдолд дурдсан байна. Хариуцагч Т.А нь АБ ХХК-ийн данс руу биш, тус компанийн захирал О.Тгийн хувийн данс руу мөнгө шилжүүлж, мөнгийг хувьдаа ашигласан.

Мөнгийг АБ ХХК-ийн дансанд авсан, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гаргаж өгөөгүй. Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан Б.Учрал нь хэрэгт ямар ч хамааралгүй, хийгдсэн гүйлгээтэй холбоогүй.

6.2. Хариуцагч талын АБ ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь хамтран хөрөнгө оруулсан гэсэн тайлбарыг нотолсон баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй. Хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022-2023 оныг дуустал хугацаанд удаа дараа хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд гэрч О.Тг асуулгах боломжгүй болгож, тэрээр гадаад явсан ба гадаад явах гэж байгаа талаараа шүүгчид хэлж, тайлбарлаж байсан.

Хэрэгт цугларсан нотлох баримт, хууль ёс, шударга ёсны зарчимд тулгуурлан, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад, гомдлыг хангаж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Р.С нь хариуцагч Т.Ат холбогдуулан 116,995,974 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Р.Сээс  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь Т.Аын 468004453 тоот дансанд 4,795 ам.доллар “П.Уаас орлого”, мөн өдөр дахин 43,205.53 ам.долларыг “П.Уаас орлого-Х-2439 хэлцэлтэй” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн гэх үйл баримтад хариуцагч маргаагүй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг түүний хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлохоор 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд ГИ ХХК -аас тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу орж ирэх 100,000,000 төгрөгийг П.Уд түүний жолооч Б.Дийн дансаар дамжуулан өгсөнийг нотлуулахаар уг дансны хуулга гаргуулах, Б.Дийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хангахгүй гэж шийдвэрлэсэн нь буруу.  Гэрч Б.Дийг шүүхэд дуудан ирүүлэх шаардлагатай мэдээллийг гаргаж өгөөгүй гэсэн захирамжийн үндэслэл учир дутагдалтай болжээ.

Хариуцагч Б.Дийг П.Уын жолооч гэж тайлбарлаж байх бөгөөд анхан шатны шүүхээс гэрчийн мэдээллийг тодруулах боломжтой байхад тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж дүгнэнэ.

 

5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс ажиллагаа явуулж залруулах боломжгүй тул дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/03327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 742,930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ЗОЛЗАЯА

 

                        ШҮҮГЧИД                                        Т.БАДРАХ                                                                                           

                                                          Э.ЗОЛЗАЯА