Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/02977

 

 

 

 

 

 

 

 

 

 2020        11         03                                        

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Д у б у” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 

            Хариуцагч: “Г а ү” ХХК-д холбогдох,

 

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.090.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д у б у” ХХК нь “Г а ү” ХХК-ийн захиалгаар 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монголын эмч, эмнэлгийн ажилчдын холбооны ээлжит олон улсын хурлыг зохион байгуулсан ба үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 10.090.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас одоог хүртэл төлж барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү. Уг төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд “Г а ү” ХХК-иас төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын дотор төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Үйлчилгээний үзүүлсний нийт төлбөр 15.250.000 төгрөг гарсан бөгөөд хариуцагч байгууллага хариу тайлбартаа доголдолтой үйлчилгээ үзүүлсэн гэх боловч тухайн үед манай байгууллагад энэ талаар мэдэгдээгүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г а ү” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд “Д у б у” ХХК-ийн амралтын газарт Олон улсын хурал зохион байгуулсан. Гэтэл “Д у б у” ХХК-иас үйлчилгээг маш муу үзүүлсэн бөгөөд чимээ шуугиан ихтэй, эмх замбараагүй, согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулсан, хоол цай муутай бөгөөд тохиролцсон цагт нь хоол, цайгаа өгдөггүй, мөн тухайн хуралд оролцож байсан хүмүүсийн эд зүйл хулгайд алдагдсан гэх зэрэг байдал гаргасан тул төлбөрийг бүрэн төлөх боломжгүй. Тухайн үед гэрээ байгуулах талаар “Д у б у” ХХК-д мэдэгдсэн боловч гэрээ байгуулаагүй, нийт төлбөр 13.000.000 төгрөг гарсан, үүнээс 5.160.000 төгрөгийн урьдчилгааг төлсөн байгаа гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь

 

“Д у б у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г а ү” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Г а ү” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд “Д у б у” ХХК-ийн Ресорт Ворлд Тэрэлж Хотел нэртэй жуулчны баазад байрлан, /олон улсын хурал, уулзалтыг зохион байгуулж/ үйлчлүүлсэн, талууд бичгээр хэлцэл байгуулаагүй талаар зохигчид маргаагүй болно.

 

Дээрх үйл баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т зааснаар Хөлсөөр ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу ажиллуулагч “Г а ү” ХХК нь /олон улсын хурал, уулзалтыг зохион байгуулах/-аар 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ажиллагч “Д у б у” ХХК-ийн Ресорт Ворлд Тэрэлж Хотел нэртэй жуулчны баазад байрлан, хурлын заал, буудлын өрөө /гэр/, хоол авч үйлчлүүлсэн, мөн урьдчилгаа хөлс 5.160.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

Нэхэмжлэгч тал “...ажил гүйцэтгэх хөлс нийт 15.250.000 төгрөг гэж тохиролцсон” гэсэн тайлбарыг гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул хариуцагч талын “...нийт 13.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон” гэсэн тайлбарыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний ажил, үйлчилгээг гүйцэтгэсний хөлс 13.000.000 төгрөг гэж дүгнэн, ажиллуулагч “Г а ү” ХХК-иас урьдчилан төлсөн хөлс 5.160.000 төгрөгийг 13.000.000 төгрөгөөс хасаж тооцон, үлдэх 7.840.000 төгрөгийг хариуцагч “Гэгээн ар үр” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “д у б у” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал “...үйлчилгээ маш муу үзүүлсэн, чимээ шуугиан ихтэй, эмх замбараагүй, согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулсан, хоол цай муутай бөгөөд тохиролцсон цагт нь хоол, цайгаа өгөөгүй, тухайн хуралд оролцож байсан хүмүүсийн эд зүйл хулгайд алдагдсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Хавтаст хэргийн 7 дугаар тал авагдсан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 142034 дүгээр “Нэхэмжлэх” гэсэн баримтад “...нэхэмжлэгч Баянхайрхан трейд ХХК...” гэсэн нь “Д у б у” ХХК-ийн нэхэмжлэлтэй уг иргэний хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар эргэлзээтэй баримт  байна, мөн /хавтаст хэргийн 27, 28 дугаар талд авагдсан/ Төлөлт хийх график, Гомдол гаргах гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтыг үнэлээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “Г а ү” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.840.000 төгрөгийг нэхэмжлэгч “Д у б у” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д у б у” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 176.390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Г а ү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД