Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00355

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00355

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02977 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 090 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д ХХК нь Г ХХК-ийн захиалгаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монголын эмч, эмнэлгийн ажилчдын холбооны ээлжит олон улсын хурлыг зохион байгуулсан ба үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 10 090 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас одоог хүртэл төлж барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү. Уг төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд Г ХХК-иас төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Үйлчилгээ үзүүлсний нийт төлбөр 15 250 000 төгрөг гарсан бөгөөд хариуцагч байгууллага хариу тайлбартаа доголдолтой үйлчилгээ үзүүлсэн гэх боловч тухайн үед манай байгууллагад энэ талаар мэдэгдээгүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Г ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Д ХХК-ийн амралтын газарт Олон улсын хурал зохион байгуулсан. Гэтэл Д ХХК-иас үйлчилгээг маш муу үзүүлсэн бөгөөд чимээ шуугиан ихтэй, эмх замбараагүй, согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулсан, хоол цай муутай бөгөөд тохиролцсон цагт нь хоол, цайгаа өгдөггүй, мөн хуралд оролцож байсан хүмүүсийн эд зүйл хулгайд алдагдсан гэх зэрэг байдал гаргасан тул төлбөрийг бүрэн төлөх боломжгүй. Тухайн үед гэрээ байгуулах талаар Д ХХК-д мэдэгдсэн боловч гэрээ байгуулаагүй, нийт төлбөр 13 000 000 төгрөг болсноос 5 160 000 төгрөгийн урьдчилгааг төлсөн байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 840 000 төгрөгийг нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 176 390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч Гэгээн ар үр" ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний урьдчилгаа хөлс болох 5 160 000 төгрөгийг төлсөн нь нотлогддог. Хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 090 000 төгрөгийг төлөхөө Гэгээн ар үр" ХХК-ийн захирал М.Наранцэцэг илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлэлгүйгээр ...хариуцагч талын ...нийт 13 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон" гэсэн тайлбарыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ"-ний ажил, үйлчилгээг гүйцэтгэсний хөлс 13 000 000 төгрөг гэж дүгнэн, ажиллуулагч Гэгээн ар үр" ХХК-аас урьдчилан төлсөн 5 160 000 төгрөгийг 13 000 000 төгрөгөөс хасаж тооцон, үлдэх 7 840 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн шүүхэд гаргасан энэхүү тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахааргүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10 090 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч компанийн захирал М.Наранцэцэгийн 10 090 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэх Resort world terelj hotel төлөлт хийх график, албан бичиг гэсэн хуулбар баримтыг ирүүлсэн /хх 27-28/ бөгөөд уг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж нотлох баримт гаргуулах тухай 183/ШЗ2020/14628 дугаар шүүгчийн захирамж гаргажээ. /хх 30-31/ Улмаар дээрх баримтууд хариуцагч талд байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байна. /хх 35/ Дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй боловч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт уг баримтыг үнэлээгүй талаар заасан нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтын шаардлага хангаагүй баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан боловч шүүхээс нотлох баримтыг хасаагүй байхад уг баримтыг үнэлээгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар түүнийг нотлох баримтаас хасах ажиллагаа явуулна. Энэ тохиолдолд хэргийн оролцогчид нотлох баримт хассан асуудлаар мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах, эсхүл шаардлага хангасан байдлаар нотлох баримт гаргах зэрэг эрхтэй. Эдгээр эрхээ хэрэгжүүлээгүйгээс талуудын мэтгэлцэх эрх хангагдаагүй байна.

 

Шүүх нотлох баримттай холбоотой ажиллагааг хийгээгүйгээс хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуулиар олгосон эрх зөрчигдсөн байна. Энэ нь хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа бүрдүүлж оролцох, мэтгэлцэх эрхийг хангахад чиглэгдсэн ажиллагаа болно.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ