Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01267

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01267

 

 

Х.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02652 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаар магадлалтай,

 

Х.Гантулгын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Төгсбаясгаланд холбогдох

 

22,170,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, хохиролд 20,134,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Х.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Э.Төгсбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х.Гантулга нь хариуцагч Э.Төгсбаясгаланд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 22,170,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Э.Төгсбаясгалан нь нэхэмжлэгч Х.Гантулгад холбогдуулан Тоног төхөөрөмж, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хохиролд 20,134,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02652 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Э.Төгсбаясгалангаас 15,440,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гантулгад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,700 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 293,120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Төгсбаясгалангаас 235,152 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гантулгад олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч Х.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Х.Гантулга миний бие Э.Төгсбаясгалантай хамтран ажиллаж авто засварын үйл ажиллагааг явуулахаар харилцан тохиролцсон билээ. Бидний тохирсон тохиролцоо бол бид авто засварын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг дундаасаа мөнгө гарган худалдан авах, үйл ажиллагаагаа миний өмчлөлийн объектод явуулж олсон орлогоосоо зардлаа хасч ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон юм. Ингээд бид тус бүр 10 сая төгрөг гарган хамт БНХАУ-ын Эрээн хот руу явж авто засварын тоног төхөөрөмжүүдийг авч ирэн миний өмчлөлийн объектод байрлуулан үйл ажиллагаагаа 2018.06.16-ны өдрөөс 2018.08.28-ны өдрийг хүртэл явуулсан. Ингээд хоорондоо үл ойлголцож Э.Төгсбаясгалан нь нэг шөнө бүх тоног төхөөрөмжүүдээ ачиж авч явсан тул хамтран авсан дундын өмч болох тоног төхөөрөмжийн өөрт ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх бидний хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэн талуудын хамтран авсан дундын хөрөнгө болох авто засварын тоног төхөөрөмжийн үнэлгээний 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр үндэслэлтэй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх ...хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэхийг тодруулахгүйгээр хөрөнгийн үнэлгээг үндэслэж тоног төхөөрөмжийн үнийг тэнцүү хуваан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон, хариуцагч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой зардлын баримт ирүүлсэн байх тул уг хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, зээлийн хөрөнгийг өөрийн нэрээр авч компанид хувьцаа хэлбэрээр оруулсан, эсхүл компанийн нэрээр авч үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, авто засварын газар талуудын үүсгэн байгуулсан компанийн хөрөнгө мөн эсэх, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх талаар зохигчид мэтгэлцээгүй, эдгээр нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

4.2. Давж заалдах шатны шүүхийн тодруулах шаардлагатай гэж үзсэн асуудлууд дээр талууд огт маргаагүй, мөн эдгээрийг тодруулах нь талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй гэж үзэж байна. Тухайлбал хариуцагч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой зардлын баримт ирүүлсэн байх тул уг хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг тодруулах шаардлагатай гэх асуудал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох, өөрөө баримтаа цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй холбоотой асуудал. Хариуцагч уг баримтуудаа засварын газар ажиллуулахдаа зориулж авсан зээл гэж маргаж байгаа бол үүнийгээ өөрөө нотлохоос биш компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг шүүх нотолж тогтоох үүрэг хүлээхгүй.

4.3. Хариуцагч Э.Төгсбаясгалан нь бидний дундын хөрөнгө болох тоног төхөөрөмжийг нууцаар шөнөөр хулгайлж ачиж авч явсан ба тоног төхөөрөмжийг ганцаараа өмчилж эзэмших гэсэн сэдлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, улмаар ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг засварт зарцуулсан мэтээр хамааралгүй баримтууд бүрдүүлэн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн автомашинаа барьцаалсан зээл болон банк бус санхүүгийн байгууллагын зээл гэсэн 13,000,000 төгрөгний зээлийн гэрээгээр авсан мөнгөө авто засварт зарцуулсан гэж буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Бид дундаасаа тус бүр нь 10,000,000 буюу нийт 20,000,000 төгрөгтэй Эрээн явж тоног төхөөрөмжөө авсан бөгөөд Э.Төгсбаясгалан нь энэ мөнгийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлснийг би мэдэхгүй, надад хамааралгүй. Гэтэл дундаасаа хөрөнгөө гарган авсан тоног төхөөрөмжөө хуваан авах нь шударга байтал тоног төхөөрөмжийг өгөхгүй, мөн дээрээс нь хөрөнгө оруулсан гэж хэрэгт хамааралгүй гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээгээ үндэслэн 27,034,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Уг зээлээр хариуцагчийг авто засварт хөрөнгө оруулсан гэж үзэх ямар ч боломжгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдож тогтоогддоггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээ хуульд заасны дагуу нотлоогүйн төлөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэх нь үндэслэлгүй.

4.4.Мөн ...зээлийн хөрөнгийг өөрийн нэрээр авч компанид хувьцаа хэлбэрээр оруулсан, эсхүл компанийн нэрээр авч үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг тодруулах шаардлагатай ... гэж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн баримтуудыг харвал иргэн хүний зээл байх бөгөөд компанийн нэрээр зээлийн гэрээ байгуулагдаж зээл компанийн дансанд шилжиж ороогүй болох нь тодорхой байна. Иргэн хүн өөрийн авсан зээлийг юунд хэрхэн зарцуулсан нь хэрэгт ач холбогдолгүй. Харин засварт оруулсан гэх тайлбар нотлогдоогүй болно.

4.5. Мөн ...авто засварын газар талуудын үүсгэн байгуулсан компанийн хөрөнгө мөн эсэх, хэчнээн төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх талаар зохигчид мэтгэлцээгүй, эдгээр нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай ... гэж үзэж байгаа нь мөн л үндэслэлгүй. Бид Аварга тэнхлэг ХХК-ийг байгуулсан боловч компани үйл ажиллагаа явуулаагүй, татварт тайлан гаргаж байгаагүйг Э.Төгсбаясгалан бид хоёр хэн хэн нь сайн мэдэж байгаа. Хэрвээ компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан тайлан тооцоогоо бидний хэн аль нь шүүхэд баримтаар гаргаж өгөх байсан. Харин бид хувь хүмүүсийн хувиар хамтран ажилласан. Бидний хооронд үүссэн маргаан бол хамтран ажиллахад гаргасан дундын эд хөрөнгөө хуваахтай холбоотой маргаан юм. Түүнээс компанийн хувь, хувьцаа эзэмшихтэй холбоотой, компанид оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулах, компанийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан огт биш бөгөөд талуудын хэн аль нь дээр дурдсан тодруулах шаардлагатай гэж үзсэн асуудлуудтай холбоотой буюу компанитай холбоотой нэхэмжлэлийн ямар ч шаардлага гаргаагүй болно.

Маргаж буй тоног төхөөрөмж болон үйл ажиллагаа явуулж байсан автозасварын зориулалттай объект зэрэг нь компанийн нэр дээр бүртгэлгүй бөгөөд бүртгэлтэй, бүртгэлгүй, компанийн өмч хөрөнгө мөн, эсвэл биш зэрэг асуудлууд дээр талууд маргаангүй байна. Тоног төхөөрөмжүүд бид хоёрын хувь иргэний дундын нийлмэл хөрөнгө бол засварын үйл ажиллагаа явуулж байсан объект нь нэхэмжлэгч миний нэр дээр бүртгэлтэй өмч юм. Бид зөвхөн объектыг ашиглаж тоног төхөөрөмжөө дундаасаа гарган үйл ажиллагаа явуулах л зорилготой байсан тул объектыг болон тоног төхөөрөмжийг компанийн нэр дээр бүртгээгүй, компанийн хөрөнгө болгоогүй. Харин бид хамтран байгуулсан компаниа цаашид хэрхэх буюу татан буулгах, эсвэл хэн нэгэндээ буюу гуравдагч этгээдэд өөрийн эзэмшдэг хувьцааг ямар хэлбэрээр шилжүүлэх зэргийг Компанийн тухай зэрэг холбогдох хуулийн хүрээнд шийднэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Х.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч Х.Гантулга нь хариуцагч Э.Төгсбаясгаланд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 22,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...бид авто засварын газар хамтран ажиллуулахаар тохирсон, ...тус бүр 10,000,000 төгрөг гаргаж маргаан бүхий тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Энэ хөрөнгө нь дундаа өмчлөх хөрөнгө мөн. ... өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй, ... өөрт ногдох хэсгээ 15,440,500 төгрөг болгон багасгаж байна гэж тайлбарласан байна.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...би илүү мөнгө гаргасан, авто засварын газрыг засан сайжруулсан, ... хамтын ажиллагаанд адил саналын эрхтэй гэдгийг зөвшөөрөхгүй гэж марган сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэрээр нэр бүхий хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, авто засварын газрыг засан сайжруулсны зардалд бусдаас зээл авах замаар гаргасан 27,034,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээ бодитой хэрэгжээгүй, ...нэхэмжлэгч орж ирсэн орлогоо өөрөө авч байсан, ...хариуцагчийн гаргасан 41,000,000 төгрөгийн зардал нэхэмжлэгч тал руу орлого болж орсон гэж харагддаг гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

8. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...өөрсдийн хөрөнгөө нийлүүлж тоног төхөөрөмжөө худалдаж авсан тул 100 хувь хариуцагчийн өмчлөлд тооцогдохгүй. ... гараажид тодорхой хэмжээний тохижилт хийснийг үгүйсгэхгүй боловч энэ нь тоног төхөөрөмж, хөрөнгийг дангаараа өмчлөх үндэслэл болохгүй. гэж маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр буюу 15,440,500 төгрөгөөр бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хамтын үйл ажиллагааны явцад бий болсон өмч дундын өмч бөгөөд талуудын өмчлөлийг тэнцүү, хамтын үйл ажиллагаа 2018.08.30-ны өдөр дуусгавар болсон, ... тоног төхөөрөмжийг шинжээчийн дүгнэлтээр 30,881,000 төгрөгөөр үнэлсэн, өмчийг хариуцагч дур мэдэн эзэмшилдээ авсан нь хууль бус тул үндсэн шаардлагыг хангах үндэстэй гэж үзжээ. Түүнчлэн энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

10. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тодруулбал, зохигч хамтран ажиллахаар тохирч компани байгуулсан нь баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байхад Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн, түүнчлэн зохигч бусдаас зээлсэн, өөрөөсөө гаргасан хөрөнгөө компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, зээлийн хөрөнгийг өөрийн нэрээр авч, компанид хувьцаа эзэмших хэлбэрээр оруулсан, эсхүл компанийн нэрээр авч үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, авто засварын газар нь талуудын үүсгэн байгуулсан компанийн хөрөнгө мөн эсэх, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн зэрэг асуудлууд тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

 

11. Зохигчид 2018 онд хамтран автозасварын газар ажиллуулж эхлэхээр харилцан тохиролцож 2018.05.01-ний өдрөөс нэхэмжлэгч Х.Гантулгын эзэмшлийн автозасварын газарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин уг хамтын ажиллагааны гол нөхцөл буюу хуулийн этгээд байгуулах эсэх, дундын үйл ажиллагаанд оруулах хураамжийн хэлбэр, хэмжээ, ашиг алдагдал хэрхэн хуваарилах журам, үйл ажиллагаа эрхлэхэд оролцох оролцоо, удирдлагыг хэрэгжүүлэх этгээд гэх мэт хамтын ажиллагааны явцад зүй ёсоор үүсэх харилцаа тус бүрээр хэрхэн тохиролцсон нь маргаантай байна.

 

12. Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх асуудал тус бүрт дүгнэлт хийгээгүй, талуудын анхны тохиролцоог эргэлзээгүй тодорхойлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Тодруулбал, зохигчид 2018.06.21-ний өдөр автозасварын үйл ажиллагаа эрхлэх Аварга тэнхлэг ХХК-ийг үүсгэн байгуулсан талаар маргаагүй, нэхэмжлэгч 2020.03.03-ны өдөр өөрчилсөн шаардлагадаа маргаан бүхий эд хөрөнгийг компанийн өмч гэж дурдсан байх боловч тус компани талуудын хамтын ажиллагааны явцад хэрхэн ашиглагдаж байсан нь хэрэгт авагдсан баримтаас тодорхойгүй байна. Энэ талаар зохигчийн хооронд хангалттай мэтгэлцээн өрнөөгүй, нотлох баримт бүрдээгүйн, анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ. Хэрэв хамтын ажиллагааны үр дүнд хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан бол энэ талаар тодруулах, мэтгэлцүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь маргаантай харилцаанд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан журам, эсхүл Компанийн тухай хууль тогтоомж мөрдөгдөх эсэхийг тогтооход эн тэргүүний ач холбогдолтой.

13. Түүнчлэн нэхэмжлэгч анх шүүхэд 22,170,000 төгрөгийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ 7,700,000 төгрөгийн тоног төхөөрөмж, 5,500,000 төгрөг багаж хэрэгслийн үнэ, 7,949,850 төгрөгийг Э.Төгсбаясгалангийн засварын орлогоос дур мэдэн авсан мөнгөн хөрөнгө, 4,000,000 төгрөгийг орох байсан орлого гэж тодорхойлсон байх ба тус шаардлагаа 2020.03.03-ны өдөр өөрчлөн Аварга тэнхлэг ХХК-ийн хөрөнгө 44,340,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул тал хувь 22,170,000 төгрөгийг гаргуулна гэжээ. Улмаар 2020.10.27-ны өдрийн шүүх хуралдаанд шаардлагаа багасган дахин томилогдсон шинжээчийн үнэлгээ 30,881,000 төгрөгийн тал хувь 15,440,000 төгрөг болно гэж үзэн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Аварга тэнхлэг ХХК-ийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах боломжгүй гэж үзэн үнийг нэхэмжилж байгаа, эсхүл иргэний хувиар хамтын ажиллагаанд оруулсан хөрөнгийн үлдэгдлээс өөрт ногдох хэсгийг хамтын ажиллагаа дуусгавар болсон гэж үзэн шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

14. Иймд хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тогтоож, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн буруутгахгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Х.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Х.Гантулгаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.02.10-ны өдөр төлсөн 283,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.