Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00172

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00172

 

 

 

 

 

                                        Х.Г нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02652 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Г хариуцагч Э.Тд холбогдуулан гаргасан 22 170 000 төгрөг гаргуулах үндсэн, тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, хохиролд 20 134 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хариуцагч Э.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Э.Ттай авто засварын газар хамтарч ажиллуулахаар тохиролцож, авто засварын тоног төхөөрөмжийг хамт явж авчирсан. Авто засварын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 45 хоногийн дараа таарч тохирохгүй болж, Э.Т шөнийн 2 цагт тоног төхөөрөмжүүдийг авч явсан. Шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийг 30 881 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 50 хувь буюу 15 440 500 төгрөгийг Э.Тгаас гаргуулна. Талууд хөрөнгөө нийлүүлэн компани байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хуулийн этгээдийн өмнөөс үйл ажиллагаа явуулаагүй учраас Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Компанийн нэр дээр маргаан бүхий хөрөнгө байхгүй, компанийн нэрээр тайлан бүрдүүлэлт хийгээгүй, хөрөнгийг компани хүлээж аваагүй. Талууд хамтран ажиллаж ашиг олох тохиролцоотой байсан бөгөөд Х.Гантулга, Э.Т нар тус бүр 10 000 000 төгрөг гаргаж, Эрээн хотоос маргаан бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хэн нь их мөнгө гаргасан нь нотлогдохгүй байна. Тоног төхөөрөмж нь талуудын дундын өмч хөрөнгө болж байгаа. Х.Гантулга нь Э.Ттай хамтран ажиллахаар тохирч дундаасаа тэнцүү хэмжээгээр мөнгө гаргасан учраас өөрт ногдох хэсгийн үнийг шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тоног төхөөрөмж авахад Х.Гантулгаас илүү их мөнгө гаргасан. Мөн авто засварыг засан сайжруулалтад тодорхой хэмжээний бараа болон мөнгө гаргасан. Эвлэрэх хэлэлцэн боломжгүй. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотой талуудаас хуульд заасан нөхцөлийг хангах эсэхийг шалгах шаардлага гарна. Талуудын эрх үүрэг, нэр хаяг, бүтэц, эрх ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээ дуусгавар болгох зохицуулалт зэрэг нь тодорхойгүй байна. Дундын өмчлөлийн хөрөнгө нь талуудын хооронд болж өнгөрсөн үйл баримтад нийцэж байгаа. Хэрэв хамтран ажиллах гэрээгээр талуудын асуудал зохицуулагдана гэж үзвэл харилцан бие биенийхээ зөвшөөрлийг авах ёстой. Э.Т объектод хөрөнгө оруулсан ч хамтын ажиллагаа бодитой хэрэгжээгүй. Хариуцагч нь өөрийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн авто машин зарсан мөнгө, зээл хийсэн мөнгө зэрэг нь хамтын үйл ажиллагаанд ороогүй. Мөн нэхэмжлэгчийн дурдсан мөнгөн дүнгүүд зөрүүтэй байдаг. Нэхэмжлэгч нь орлогыг өөрөө авч байсан гэх гүйлгээ хийгдсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас Э.Тгийн 41 000 000 төгрөгийн гаргасан зардал нэхэмжлэгч рүү орлого болж орж байсан гэж харагдахаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Авто машинаа барьцаанд тавьсан 3 000 000 төгрөг, ах н.Баярбаясгалангаас зээлсэн 800 ам.доллар буюу 2 000 000 төгрөг, Х.Г эзэмшилд байдаг авто гараажийн шалыг 4 000 000 төгрөгийн зээл авч хийлгэсэн зардал, Да хүрээ захаас авсан тоног төхөөрөмж 1 200 000-1 400 000 төгрөг, хаяг 280 000 төгрөг, экскаваторын хөлс 100 000 төгрөг, газар шороо болон гагнуурын ажил хийсэн хөлс 780 000 төгрөг, эхнэрийн дүү н.Баатартөрөөс зээлсэн 500 000 төгрөг, гарааж засан сайжруулахтай холбоотой бизнесийн санаа 1 500 000 төгрөг, бусад зардалд 345 000 төгрөг, Х.Г хувьдаа хэрэглэсэн 4 829 000 төгрөг нийт 27 034 000 төгрөг Х.Гантулгаас гаргуулж, Х.Г гараажид үлдсэн тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр болгож өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд өөрсдийн хөрөнгийг нийлүүлж тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогддог. Иймээс тоног төхөөрөмжийг 100 хувь хариуцагчийн өмч гэж үзэх боломжгүй. Талууд гараажид үйл ажиллагаа явуулж тодорхой хэмжээний тохижилт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тохижилт хийсний төлөө бусад хөрөнгийг 100 хувь өмчилж авах талаар гэрээ байгуулаагүй учраас дундын өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Э.Тгийн бусдаас зээлсэн өр төлбөрийг Х.Гантулгаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ, хэлцэлтэй холбоотой үүргийг хариуцагч өөрөө хариуцах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчид хамааралгүй. Талууд 37 өдөр л хамт ажилласан ба энэ хугацаанд их мөнгө олох боломжгүй. Э.Т нь 2-3 байгууллагаас нэхэмжлэгчийн нэр дээр байгаа объект нэрээр гэрээ хийж, тос авсан. Өөрийнхөө дансанд байсан 3 000 000 гаруй юань худалдан авч, Эрээн хотод байрлах байр, хоол хүнсийг дааж байсан гэжээ.

 Шүүх:   Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Э.Тгаас 15 440 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гантулгад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 700 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 293 120 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Тгаас 235 152 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гантулгад олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч Э.Тгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх талуудын оруулсан нийт хөрөнгийн хэмжээг тодорхойгүй, Х.Г нэхэмжлэлийн шаардлага болох талуудын БНХАУ-аас авсан багаж хэрэгсэл зэргийн хөрөнгийн 50 хувийг нэхэмжлэгч авах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс Х.Г үл хөдлөх хөрөнгө болон автозасварын үйл ажиллагааг явуулахад оруулсан хөрөнгө оруулалт 40.0 гаруй сая төгрөг болсон бөгөөд түүнээс тоног төхөөрөмжийн зардлыг тооцохгүйгээр 20 134 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргаж холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. Харин Х.Гантулга нь үл хөдлөх хөрөнгөөс гадна 7.0 сая орчим төгрөг гаргасан боловч түүнийгээ хамтын данснаас авсан нь хэрэгт авагдсан хариуцагч болон нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, мөн хамтарсан дансны хуулгаар нотлогддог. Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ нотлох баримт хангалтгүй гэж үзсэн боловч үндэслэлээ дурдаагүй. Х.Гантулга нь үл хөдлөх хөрөнгөө хамтын үйл ажиллагаанд оруулсан гэсэн атлаа хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд тоног төхөөрөмж нь тэдгээрийн төлсөн нийт хураамж биш гэсэн атлаа Х.Гантулга нь түүний 50 хувийг авах эрхтэй гэсэн зөрчилтэй дүгнэлт хийсэн зэргээс үзэхэд шүүх хэргийг хуулийн дагуу нотлох баримтад үндэслэн шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэрт үр шим, ашиг нэхэмжлэх байтал цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн. Х.Гантулга нь хариуцагчтай анх Жавхлант хүлэг автосервист авч байсан цалингаас илүү хэмжээтэй мөнгийг ашиг болгож өгнө гэж тохиролцсон боловч үйл ажиллагаа эхэлмэгц мөнгө санхүүг гартаа авч өгөхөө больсон. Орлогоо дур мэдэн өөртөө зарцуулдаг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Х.Г хамтран ажиллах гэрээний үүрэгт 15 440 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Т эс зөвшөөрч тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, учирсан хохирол 20 134 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон боловч хэрэгт ач холбогдолтой зарим үйл баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

Талууд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр автомашины худалдаа, засварын тоног төхөөрөмжийн худалдаа, сэлбэгийн худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, авто машины угаалга, засвар үйлчилгээний чиглэлээр “Аварга тэнхлэг” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн гүйцэтгэх захирлаар хариуцагч Э.Тг томилсон болох нь хэргийн 2 дугаар хавтасны 1-23 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Тэрээр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан чиглэлээр 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд үйл ажиллагаа явуулсан нь талуудын тайлбараар тогтоогдсон. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэхийг тодруулахгүйгээр хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж тоног төхөөрөмжийн үнийг тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хариуцагч нь “засварын газарт тоног төхөөрөмж худалдаж авахад илүү мөнгө гаргасан. Х.Г үл хөдлөх хөрөнгө болон авто засварын газрын үйл ажиллагааг явуулахад 40.0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тоног төхөөрөмж худалдан авахад 10 000 000 төгрөг зарцуулсан, автомашинаа 3 000 000 төгрөгөөр барьцаанд тавьсан, бусдаас 800 ам.доллар буюу 2 000 000 төгрөг зээлдэн авсан, 4 000 000 төгрөгийн зээл авч авто гараажийн шалыг хийлгэсэн, да хүрээ захаас 1 200 000-1 400 000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авсан, хаяг хийлгэхэд 280 000 төгрөг, экскаваторын хөлс 100 000 төгрөг, газар шороо болон гагнуурын ажлын хөлс 780 000 төгрөг, эхнэрийн дүүгээс 500 000 төгрөг зээлдэн авсан, бусад зардалд 345 000 төгрөг зарцуулсан ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нийт оруулсан хөрөнгөөсөө тоног төхөөрөмжийн зардлыг хасч, объектийн засварын ажлын зардал болон нэхэмжлэгчийн дур мэдэн зарцуулсан мөнгөн дүн нийт 27 034 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Тэрээр “Хотын хөдөлгөөн” ХХК-аас автомашинаа барьцаалан 3 000 000 төгрөг, “Транскапитал ББСБ” ХХК-аас 10 000 000 төгрөг зээлдэн авсан тухай зээл, фидуци болон баталгаат ипотекийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. Зохигчид уг хөрөнгө оруулалтыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, зээлийн хөрөнгийг өөрийн нэрээр авч, компанид хувьцаа хэлбэрээр оруулсан, эсхүл компанийн нэрээр авч үйл ажиллагаанд нь зарцуулсан эсэх, авто засварын газар талуудын үүсгэн байгуулсан компанийн хөрөнгө мөн эсэх, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх талаар зохигчид бүрэн мэтгэлцээгүй, эдгээр нөхцөл байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна. 

 

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

      ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА

 

                 А.МӨНХЗУЛ