Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2021/00151

 

       

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Ш овогт Б-ын Ч-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

      2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сард Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын сул орон тоонд хууль, журмын дагуу ажилд орсон. Ажилдаа идэвхи санаачлагатай сайн ажиллаж 2018 онд Улсад ажлаараа манай хамт олон 1 дүгээр байранд орж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б томилогдож ажиллах болсон. Ажил авсанаасаа хойш 2 удаа намайг өрөөндөө дуудаж Ажлаа өг, улс төрийн шийдвэр гарга, хамтарч ажиллахгүй гээд өргөдөл бичээд өгчих гэх мэтээр ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлж байсан. Би төрийн үйлчилгээний албан хаагч надад нам, улс төрийн шийдвэр гаргах шаардлага байхгүй гэж хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын байцаагчийн актын тухай ярьж байна. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б гэх залуу дотоод хяналт аудитын албаны дарга болсон. Ингээд тэр залууд Засаг даргын тамгын газрын дарга Б “Ч-ийг ажлаас нь халж болохоор шалтгаан олж ир” гэж үүрэг өгсөн юм байна лээ. Тэр үүргийн дагуу тэр залуу надтай холбоотой асуудлуудыг нэлээдгүй шалгасан. Миний дүү Үүрэг нуурын богч ХХК-ийг 2018 онд байгуулсан юм байна. Би энэ талаар мэдээгүй. Гэхдээ дүүгийн маань компани хууль журмын дагуу нээлттэй тендер шалгаруулалтад ороод үйл ажиллагаагаа хууль журмын дагуу явуулдаг компани байгаа юм. Би дүүгийнхээ компанийн ажилд оролцдоггүй. Харин 2016 онд Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2 ширхэг Ланд круйзер 80 маркийн автомашиныг төрийн өмчийн ямар ч шийдвэргүйгээр тэтгэвэрт гарсан 2 жолоочид өгөөд тэтгэвэрт нь гаргасан. Тэгээд Увс аймгийн Засаг дарга, түүний ажлын алба хуралдаад шинээр 2 машин авсан. Тэр хоёр машиныг хүлээж авсан аймгийн Засаг даргын тушаал байдаг юм. Би тэр ажилд оролцоогүй. Учир нь миний дүү найзтайгаа хамтарч тендерт нь оролцоод ялаад тэр хоёр машиныг нийлүүлсэн юм. Тэр хоёр машин нь Тамгын газарт ашиглагдаад явж байгаа. Аудитын шалгалтаар надад тавьсан 2.000.000 төгрөгийн актын тухайд 2 жилд нэг удаа нийтлэг үйлчилгээний албадуудаас шилдгийг шалгаруулж шагнал урамшуулал олгодог бөгөөд манай алба хоёр жил дарааллан хоёрдугаар байранд орсон. Үүний үр дүнд намайг 2.000.000 төгрөгөөр шагнасан. Намайг шагнасан тушаал шийдвэр нь ч байгаа. Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт 86 ажилтан албан хаагч байдаг бөгөөд тэднээс ардчилсан намд ажиллаж байсан бүх ажилчдыг 1.000.000-2.000.000 төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын жолоочийг зодсон гэж яриад байна. Энэ талаар ямар ч баримт байхгүй. Намайг гүтгэж байна. Надад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Би хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан. Иймд 2021 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, намайг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б-г хариуцагчаар татаж 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэл, тайлбараар эс зөвшөөрч байна. Үүнд:        Ч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 2 удаа өрөөндөө дуудаж “Ажлаа өг, улс төрийн шийдвэр гарга, хамтарч ажиллахгүй, өргөдөл бичиж өг” гэх мэтээр ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлж байсан гэж дурджээ. Хариуцагч миний хувьд ямар нэгэн ажлын байрны дарамт шахалтыг Ч-д үзүүлж байгаагүй. 4 жилийн хугацаанд ажиллахдаа байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаж байсан нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн гаргасан 2020 оны 34/03 дугаар тэмдэглэлээр тогтоож, албан бичгээр ирүүлснийг нэхэмжлэгчид танилцуулахад дарамт шахалт, сүрдүүлгийг надад 2 ч удаа үзүүлсэн хүн нь нэхэмжлэгч өөрөө юм. Энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.8.11-д заасан заалтыг ноцтой зөрчил гаргасанд тооцогдож байгаа юм. Энэ талаар аудио дуу хураагуурт хураагдсан бичлэг байгаа болно. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.1.7-д заалтыг зөрчсөнөө гаргасан үйлдлээрээ батлан харуулж, ёс зүйн зөвлөлөөр орж хариуцлага хүлээсэн. Ингэж гүтгэсэн үйлдлийг нь тогтоолгохоор холбогдох газар нь хандаж байгаа болно. Ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан нь түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдож байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь ажил олгогчийн хувьд хууль, журмын хүрээнд гаргах ёстой шийдвэр гэж үзэж байна гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б нарын хоорондын харилцааны асуудлын талаар би мэдэхгүй байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч-ийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Байгууллагын дотоод журмын 9.3.3, 9.3.13 дахь хэсгийг баримтлан тушаал гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээний 9.3.13-т Ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор заасан байдаг юм. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б өөрийн үүрэгт ажлыг хүлээлгэн өгөхөөс өмнө Засаг даргын зөвлөлийн гишүүдэд 2 удаа мөнгө өгсөн байсан. Гэтэл Ч нь зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд байдаггүй хэрнээ тэр мөнгөнөөс 2.000.000 төгрөг авсан байгаа. Ингээд энэ асуудалд улсын байцаагчийн акт тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь уг акттай танилцахаас татгалзсанаас гадна уг мөнгийг төлөлгүй ёс зүйн зөрчил гаргасан. Мөн тэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б “Хөгшин төгцөг” гэж хэлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Энэ нь мөн л ёс зүйн зөрчил болсон учир түүнийг удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн байгаа. Мөн нэхэмжлэгч Ч нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын жолооч С гэх хүнийг олон хүний нүдэн дээр зодож боож унагасан байдаг. Энэ мэтээр удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байгаа нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол түүнийг ажлаас чөлөөлөхөөр заасан байдаг. Тендер шалгаруулалтаар худалдаж авсан машиныг үзэж шалгаж авах нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэг байгаа юм. Гэтэл Ч нь одоог хүртэл тендер шалгаруулалтаар авсан машинуудын бичиг баримтуудыг хүлээн аваагүй. Үүнээс шалтгаалаад 2010 онд үйлдвэрлэгдсэн машин авах ёстой тендер шалгаруулалтаас 2006 онд үйлдвэрлэгдсэн машин авсан байсан зэрэг асуудлууд үүсээд байгаа юм. Үүнээс үзэхэд Ч нь албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч-г ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэл бүхий байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч нь ...Ч-г ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.

       Нэхэмжлэгч Ч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-ийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот Ч-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.3, 9.3.13-д заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

     Ч-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн ба Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот Хариуцлага хүлээлгэх тухай тогтоолоор Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.4.б, 3.1.4.д, 4.2.1, 6.3, 6.4, 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн Аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч нь аймгийн ЗДТГ-ын дарга Б-тэй бүдүүлэг зан авир гарган зүй бус үг хэллэг хэрэглэн харьцаж төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан тул уучлалт гуйх ёс зүйн хариуцлага хүлээлгэсүгэй гэсэн ба сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг. Гэтэл энэхүү тогтоолоос харахад байгууллагын ёс зүйн зөвлөл хариуцлага хүлээлгэжээ.

     Мөн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 тоот захирамжаар Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч-д 2.000.000 төгрөгийн урамшуулал олгосон ба энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын 2.1.3-д Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх гэсэн заалтуудыг зөрчсөн тул Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны 34/05/01 тоот Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай акт тавьжээ. Уг актаар буруу олгосон мөнгөн урамшуулал 7.500.000 төгрөгийг нөхөн төлүүлж, Төрийн банкин дахь 100150000952 тоот дансанд 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж Санхүүгийн хяналт, аудитын албанд албан тоотоор ирүүлэхийг Засаг даргын Тамгын дарга Б, нягтлан бодогч Б нарт хариуцуулсан байна. Хэдийгээр актын хавсралтад Ч-ийг 2.000.000 төгрөг нөхөн төлөх талаар дурдсан боловч, Увс аймгийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 тоот захирамжийг гаргаж, урамшуулал олгохдоо холбогдох хууль, сайдын тушаал зөрчсөн талаар бичигджээ.

      Хариуцагчийн зүгээс Үүрэг нуурын богч ХХК-иас Тендер шалгаруулалт-аар худалдаж авсан машиныг үзэж шалгаж авах нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэг гэж маргаж байгаа хэдий ч Ч-ийн ажлын байрны тодорхойлолтоос харахад албан тушаалын зорилго нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдын албан үүргээ хэвийн явуулах нөхцөл баталгааг эд хөрөнгө, ажиллах орчин нөхцөл, аж ахуйн үйлчилгээгээр хангаж, тэдэнд авто тээвэр, бичиг хэрэг, харуул хамгаалалт, дулаан, цахилгаан хангамж, цэвэрлэгээ үйлчилгээг стандартын түвшинд үзүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийг хангана гэсэн уг машиныг хүлээж авахдаа хөрөнгө хүлээн авах комисс томилоогүй, акт байхгүй, ЗДТГ-ын өмч хамгаалах комисс ажиллаагүй талаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У-ийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ирүүлсэн 2/1883 тоот албан бичгийн дагуу хийсэн хяналт шалгалтын тэмдэглэлд дурдагджээ. Гэтэл Ч аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах комиссын бүрэлдэхүүнд ажилладаг эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

     Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот Ч-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч нь Монгол улсын төрийн албаны зөвлөл, Увс аймгийн Засаг дарга, Байгууллагын ёс зүйн хороонд тус тус гомдол гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдсан боловч энэхүү баримтууд нь хэрэгт хамааралгүй, мөн хариуцагчийн шүүхэд гаргаж ирүүлсэн CD-д бичигдсэн яриа нь хэн, хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот Ч-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                П.БОЛОР