Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 213/МА2018/00030

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргын

тамгын газарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2018/00582 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний ажлын хөлс 182.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №1а/541 албан тоот Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн компаниудын хууль бусаар ашигт малтмал олборлож байснаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хохирлын үнэлгээ тогтоох гэрээг харилцан тохиролцож байгуулж, улмаар гэрээний 2.2 болон 2.3.1 дэх заалтуудын дагуу захиалагч тал томилолтын зардал болох 9.653.440 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Ингээд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс Байгаль орчны газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагын оролцоотой тус аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд ноцтой хохирол учруулсан 19 аж ахуй нэгж, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг хийж тухайн газруудын нөхөн сэргээлтийн зардлыг тооцоолох ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч гэрээний захиалагч тал дээрх ажлын хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй байгаа тул байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс болох 182.160.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга болон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргатай 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-т зааснаар ажлыг хөлсийг 182.160.000 төгрөгөөр талууд харилцан тохиролцсон байдаг. ******* ХХК-ийн зүгээс Баянхонгор аймгийн 7 сумын нутагт зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосонтой холбоотой байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээнд нь зохих шинжилгээг хийж үнэлгээг гаргаж 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тайланг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар хүлээлгэж өгсөн. Баянхонгор аймгийн Засаг даргын зүгээс 182.160.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сардаа багтааж ******* ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнээс хойш удаа дараа ажлын хөлсийг шилжүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй билээ. Хариуцагч талаас хөлсийг хэзээ төлөх талаар ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хохирлын үнэлгээ тогтоох гэрээг 2013 оноос хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад гэрээ, акт, тайлан эх хувиараа манай байгууллагад байхгүй талаар хөгжлийн бодлогын хэлтэс болоод архиваас албан бичиг ирсэн байгаа. Мөн гэрээнд заасан ажлыг 78 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байгаа. Ажлын тайлан хүлээлцсэн актыг 2015 оны 04 дүгээр сарын 19-ний хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээнд заасан хугацаанаас 500 гаруй хоног хэтрүүлсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заасныг шүүх харгалзан үзнэ үү.

Хэрэгт авагдсан гэрээ болон акт нь албан бичгийн шаардлага хангаагүй. Гэрээн дээр аймгийн Засаг даргыг төлөөлж ******* гарын үсгээ зурсан боловч тамга дарагдаагүй байгаа учир гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга гэрээг баталсан эсэх нь хуульд заасан хэлбэр биш. Өөрөөр хэлбэл энэ гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь үнэлгээ хийлгэх үйл ажиллагаатай холбоотой асуудал 2013 оны аймгийн Засаг даргын үндсэн чиглэл болоод төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй. Хөрөнгийг хаанаас гарах нь тодорхойгүй мөн санхүүгийн өр авлагаар тусгагдсан асуудал өнгөрсөн онуудад энэ талаар хүсэлт баримт материал тухайн компаниас ирээгүй. Энэ талаар байгууллагын архивт нотлох баримт байхгүй. Хохирлын үнэлгээ хийлгэхээр тухайн үед сонгон шалгаруулалт болон тендер зарлаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсний ажлын хөлс 182.160.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.068.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1.068.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Засаг дарга, ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон ажил хүлээн авсан акт нь албан бичгийн шаардлага хангаагүй бөгөөд аймгийн Засаг даргыг төлөөлж Хөгжпийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нь гарын үсэг зурсан боловч тамга дараагүй байдаг. Угтаа ******* нь аймгийн Засаг даргыг төлөөлж байгаа тохиолдолд заавал тамга тэмдгээр баталгаажуулах ёстой гэж үзэж байна.

Мөн тус гэрээний аймгийн Засаг дарга баталсан нь хуульд заасан хэлбэр биш, өөрөөр хэлбэл хууль заасан тохиолдолд нотариатаар батлуулах ёстой. Уг гэрээ нь хэлбэрийн хувьд ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд ерөнхий нөхцөл дээр заавал баталгаажуулахыг шаарддаггүй. Ингэхээр Засаг даргын баталгаажуулсан хэсэг нь үр дагавар үүсэхгүй ба заавал байх ёстой хэсэг биш байна.

Хэргийн материалд авагдсан ажил хүлээн авсан актын тухайд ажил хүлээлцэхээр аймгийн ЗДТГ-аас болон Засаг даргын шийдвэрээр ямар нэгэн ажлын хэсэг томилогдоогүй, тухайн үед Хөгжпийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* ганцаараа хүлээн авсан актанд гарын үсэг зурсан байдаг ба гарын үсэг нь албан ёсны тамга тэмдгээр баталгаажаагүй байдаг.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон байгууллагын архивт дээрх гэрээ болон ажил хүлээн авсан актын эх хувь байхгүй, гэрээний үр дагавар, гүйцэтгэлийн талаар урьд онуудад мэдэгдээгүй бөгөөд байгууллагын санхуугийн тайланд өглөгөөр тусгагдаагүй тул өгөх ёстой өглөг гэж үзэх боломжгүй юм. Ажил хүлээн авсантай холбогдуулан тооцоо нийлж мөнгөн дүнг баталгаажуулаагүй байгаа тул уг төлбөрийг гаргуулсан нь буруу гэж үзэж байна. Гэрээний дагуу ажил хүлээн авсан акт нь албан ёсоор баталгаажаагүй хэдийд хэний шийдвэрээр хүлээн авсан нь тодорхойгүй, үндсэн баримтгүй, тооцоо нийлсэн акт баримт байхгүй зэргээр нотлох баримт үнэн зөв болох нь эргэлзээтэй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн буруу юм.

Гэрээ байгуулах, үнэлгээ хийлгэх үйл ажилллагаатай холбоотойгоор 2013 оны аймгийн Засаг даргын үндсэн чиглэл, төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй, хөрөнгө хаанаас гаргах нь тодорхойгүй, төлөвлөгдөөгүй байгаа нь байгууллагын архиваас гаргасан лавлагаагаар нотлогддог.

Хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ нь 2013 онд байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасны дагуу энэ гэрээтэй холбоотой харилцааг зохицуулах хугацаа дууссан гэж үзэж байна. 2013 оноос хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад ямар нэгэн хүсэлт, нэхэмжлэл, холбогдох баримт ирүүлээгүйг байгууллагын архив болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр нотолно. Иймд ИХШХШТХ ийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2018/00582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр 40 мянгатын 19 дүгээр байр 2 тоотод байрлах ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний ажлын хөлс 182.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга ******* нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрыг шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн *******ыг томилжээ. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр томилогдсон бөгөөд тухайн өдөрөө хэргийн оролцогчийн эрх үүрэгтэйгээ, хэргийн материалтай танилцаад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу томилогдсон өдрөө анхан шатны шүүх хуралдаанд оролцсон нь хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцаад хэргийн талаар тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломж олгохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх өмнө нь томилогдсон хариуцагч талыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн талаар тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрх үүрэг, боломжийг нь хангасан байна. Хариуцагч талд өмнө нь хугацаа хангалттай байсан хэдий боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрчлөгдөж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хувьд томилогдсон өдөр нь шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн талаар тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хэлэлцсэн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн дарга шүүх хуралдааны оролцогчийн ирцийг илтгэхдээ “..шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нар ирсэн байна. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д тов мэдэгдсэн боловч ирээгүй байна..” гээд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* оролцсон байгаа бол шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжинд /хх-ийн 45-50 дугаар тал/ шүүх хуралдаанд гээд “..Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов..” гэж бичсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, захирамж хоёр зөрсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д заасан шүүх хуралдааны оролцогч тодорхойгүй.

Мөн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн даргаар ******* оролцсон байгаа бол шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжинд /хх-ийн 66-68 дугаар тал/ нарийн бичгийн даргаар ******* оролцов гэж бичсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж хоёр зөрсөн, нарийн бичгийн даргаар хэн оролцсон нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж хоёрын хуудасны дугаарлалт буруу байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай акт /хх-ийн 16-18 дугаар тал/ байгаа боловч тухайн тайланг хүлээн авсан Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж ажил хүлээж авах эрхтэй байсан эсэх, үнэлгээний тайлан болон хийсэн ажил хүлээлцэхээр аймгийн ЗДТГ-аас болон Засаг даргын шийдвэрээр ямар нэгэн ажлын хэсэг томилогдсон эсэх, тухайн үед Хөгжпийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* ганцаараа хүлээн авсан актанд гарын үсэг зурсан бөгөөд энэ баримт нь ажлын хөлсийг гаргуулах хангалттай нотлох баримт мөн эсэх талаар анхан шатны шүүх нарийн тодруулж, дүгнэлт хийлгүйгээр баталгаажаагүй актыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь хариуцагчаас гаргаж байгаа давж заалдах гомдлын гол агуулга нь анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулсан ажлын хөлс болох мөнгөн дүнгийн талаар маргаж давж заалдаагүй, Баянхонгор аймгийн Засаг дарга, ******* ХХК-ийн хооронд байгууллагдсан ажил гүйцэтгэх гэрээ ажил хүлээн авсан акт зэрэг нь бичиг баримтын албан ёсны бүрдэл, шаардлага хангахгүй байгаа талаар гомдол гаргасан байгаа тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг дутуу байна гэж үзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2-т зааснаар нэхэмжлэгч талд давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч талаас ямар нэг хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талыг байхгүйгээр хэргийг хэлэлцсэн болно.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч талын давж заалдах гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2018/00582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ8 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                             ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                                  Г.УЛАМБАЯР