Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 366

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-10-29 оршин суух, эрэгтэй, ВЮ62112972 регистрийн дугаартай, Ямаат овогт Пиодерийн Жамганы ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Жамган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Жамган шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1980 оны 04-р сарын 09-с Баянхонгор аймгийн ГГЭ-д өрмийн мастераар томилогдон ирж ажилласан. 1982 оны 06-р сарын 25-наас 1985 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 07-р сарын 15-наас 1994 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ГГЭ-д өрмийн мастераар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар П.Жамганы иргэний үнэмлэхний хуулбар, 1978 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1985-1994 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 179 тоот албан бичиг, Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 83 тоот, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 66 тоот тушаал, Баянхонгор аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 78 тоот тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

П.Жамган нь 1980 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицэд өрмийн мастераар ажиллаж байсан болох нь түүний өрмийн мастераар ажилд томилсон “Өрмийн зарим ажилчдыг мастераар томилон цалинжуулах тухай” Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 83 тоот тушаал, түүнийг өрмийн мастераар ажилд томилсон “Ажилд шинээр томилох тухай” Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 66 тоот тушаал, түүний 1985-1994 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№72, Б№01, ХН№10-16, 24 дүгээр хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 179 тоот албан бичиг зэргээр тогтоогдсон байна.

Мөн түүний 1980-1994 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь түүний дээрх хугацаагаар ажиллаж байсан байдлыг давхар нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ямаат овогт Пиодерийн 1980 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицэд өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.Жамганы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ