Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 31

 

Ч.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Н-д холбогдох, 2035000040045 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.

Монгол Улсын иргэн Тайжууд ургийн овогт Чимэд-Очирын Нямсүрэн, 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, , ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн.. тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:.

Шүүгдэгч Ч.Н нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гранд рестораны 1 давхрын хувцасны өлгүүрээс 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой хохирогч Ж.Нийн 1.740.000 төгрөгийн үнэ бүхий булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т ургийн овогт Ч-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ч.Н нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан  бичгийн нотлох баримтаар бага насны хүүхэдтэй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Нгийн үйлдсэн гэмт хэрэг болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд зохих шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Нд холбогдох 2035000040045 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Н-гийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд“ ресторанаас хохирогч Ж.Нийн 1.740.000 төгрөгийн үнэ бүхий булган шуба хулгайлсан үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудааар хангалттай нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүхээс ийнхүү хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Нгийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх бөгөөд шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангасан байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар давж заалдах шатны шүүхэд “Шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Н нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, мөн бага насны хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү“ гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан ба хууль тогтоогч шүүх зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор зохицуулсан байна.

Шүүгдэгч Ч.Н нь бага насны буюу 1 нас 9 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа боловч шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс Ч.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хамгийн хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Иймд шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

 

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ