Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 69

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ө.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ч-ын Н-д холбогдох 2035000040045 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Тайжууд ургийн овогт Чын Н, 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Тариалан сумын цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын  5 дугаар багийн Хөхөө алтан тээл гудамж 402 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .......

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Н нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гранд рестораны 1 давхрын хувцасны өлгүүрээс 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой хохирогч Ж.Н-ийн 1’740’000 төгрөгийн үнэ бүхий булган шубийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000040045 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.Н-ийн “...Манай байгууллагаас гадна Улаангом сумын 3 дугаар цэцэрлэг, 7 дугаар цэцэрлэг, Тариалан сумын цэцэрлэг зэрэг албан байгууллагууд бид хамтдаа нийлсэн. Тэгээд би 17 цагийн үед Гранд ресторанд очоод гадуур өмсөж явсан хар өнгийн шубээ тайлаад өлгүүрт өлгөсөн юм. Тэгээд шинэ жилдээ ороод орой 23 цаг өнгөрч байхад бид нар тарсан. Тэгээд гараад өмсөж явсан хувцсаа өлгүүрээс авах гэтэл миний өлгөсөн газар миний өмсөж явсан шуб байхгүй байсан юм. Тэгээд манай хамт ажилдаг ажилчид хайгаад олоогүй. Тэр шөнө бараг 04 цаг хүртэл камер шүүгээд бусад өрөөнд хайгаад олоогүй юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

2. Гэрч Б.Б-ийн “...Тэгээд бид нар шинэ жилээ тэмдэглээд орой 23 цаг өнгөрч байхад бид нар тарах гэтэл манай цэцэрлэгийн арга зүйч Ж.Н гэх хүний булган шуб алга болчихсон байсан. Тэгээд манай ажлын хүмүүс хайгаад олоогүй бас тэр орой Гранд рестораны камер шүүгээд олоогүй юм. ...Ж.Н эгч 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Гранд ресторанд ирэхдээ хар өнгийн булган шуб өмсөж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

3. Гэрч Ч.Т-ийн “...2019 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Гранд ресторанаас Нийн булган шуб алга болсон талаар Тариалан сумын цэцэрлэгийн багш, ажилчид бүгдээрээ мэдсэн бөгөөд Н мөн адил мэдсэн. Булган шуб алга болсны дараа шубийг хайж байхад Н нь манай машин дотор сууж байсан юм. Тухайн өдөр багш ажилчид нэг их согтоогүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

4. Увс Финанс-Аудит ХХК-ий эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Увс аймгийн Улаангом суманд 2 сар өмссөн булган шуб 2019 оны 12 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ цэн баримжаа нь 1’740’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч Ч.Н-гийн яллагдагчаар өгсөн “...намайг өлгүүрээс хүрэм авахад миний хүрмийн доод талд хар өнгийн булган шуб өлгөсөн байсан бөгөөд  тэр булган шуб надад таалагдаад байхаар нь би өөрийнхөө хар өнгийн хүрмийн дотно талаар уг булган шубийг ороож өөрийн хүрмийн дотно талыг гадагшаа харуулан өөрийн хүрэмтэй хамт уг булган шубийг өлгүүрээс аваад гартаа бариад хувцас солих өрөө рүү оруулж өөрийнхөө хувцаснууд дээр тавьсан. ...би гартаа тортой хувцсаа аваад нөгөө гартаа өөрийн хүрэм болон өлгүүрээс авсан булган шубийг эвхсэн хэвээр нь аваад гадуураа хүрмээ өмсөхгүйгээр ресторанаас гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Н нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гранд рестораны 1 давхрын хувцасны өлгүүрээс 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой хохирогч Ж.Н-ийн 1’740’000 төгрөгийн үнэ бүхий булган шубийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ч.Н-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Н нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Нт 1’740’000 /нэг сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учирсан байна. Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...Би булган шуб авсан бөгөөд миний булган шубэнд ямар нэгэн урагдалт, цооролт байгаагүй. ...Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол, санал хүсэлт байхгүй. Надад одоо Ч.Нгээс нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх хохирогч Ж.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч С.Г /хх-ийн 40-41 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Ч.Т /хх-ийн 42 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 76 дугаар хуудас/, Г.Х, Г.Н, Г.Н нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-79 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Н нь нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцох үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Ч-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан Ч.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Ч.Н-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ялтанд оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт үзлэгээр хураан бэхжүүлж авсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор ялтнаас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА