Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2021/00548

 

 

 

 

 

 

 

 

 

     2021           03             05

                                    184/ШШ2021/00548

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, С- овогт Б-ийн Г- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт У-гийн Д- /РД:-/-д холбогдох,

 

6,349,100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 7,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч У.Д-тэй 2020 оны 06 сард 145,000,000 төгрөгөөр найман нэрийн хүнсний дэлгүүр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед 95,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50,000,000 төгрөгийг банкны зээлээр шилжүүлнэ гэж тэд амаар харилцан тохиролцсон байдаг. 2020 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгсөн. Тэгээд тухайн дэлгүүрийн банкны зээлийн нэр шилжтэл нэхэмжлэгч Б.Г- худалдаж авсан дэлгүүртээ засвар хийсэн. Засвар хийсэн нийт төлбөр нь 1,349,100 төгрөг болсон. Үүнээс барилгын материалд 849,100 төгрөг, ажлын хөлсөнд 500,000 төгрөг орсон. Нэхэмжлэгчийн зүгээс тус дэлгүүрт плита солих, 00-ийн тавилга солих гэх мэт засварыг хийсэн. Гэтэл банкнаас тухайн дэлгүүрийн зээлийн гэрээ шилжих боломжгүй гэсэн хариу гарсан. Хариуцагч У.Д- найман нэрийн дэлгүүрээ 50,000,000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд энэ зээлийг нэхэмжлэгч Б.Г-гийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч банкнаас татгалзсан хариу ирүүлсэн. Нотариатын байгууллагаар орж худалдах, худалдан авах гэрээг батлуулах гэсэн боловч нотариат энэ гэрээг батлах боломжгүй гэсэн тайлбар хэлсэн. Иймээс нэхэмжлэгч энэ найман нэрийн дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон тул гэрээнээсээ татгалзсан. Худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй болсон тул хариуцагч У.Д- 2020 оны 06 сарын 18-ны өдөр 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу буцааж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг одоо хүртэл шилжүүлэн өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн үлдсэн 5,000,000 төгрөг дээр засвар хийсэн төлбөр болох 1,349,100 төгрөг, нийт 6,349,1000 төгрөгийг хариуцагч У.Д-гээс нэхэмжилж байна. Нэхэмжлэгч найман нэрийн дэлгүүрийг хариуцагчид 2020 оны 06 сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч Б.Г- үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаагүй. Мөн тухайн найман нэрийн дэлгүүрт засвар хийсэн болохыг хариуцагч бичгээр гаргасан хариу тайлбар дээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь мөн Б.Г-гийн дансны хуулгаар давхар нотлогдоно. Хавтаст хэрэгт хэдэн төгрөгөөр юу авсан талаарх дансны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Г- болон хариуцагч У.Д- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байна. Үүний дагуу нэхэмжлэгч Б.Г- 2020 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөгийг, дараа нь үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн байдаг. Хариуцагч У.Д- нь иргэн н.Б-, н.З- нартай 2020 оны 06 сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл нийт 60 сарын хугацаатай сарын 1,500,000 төгрөгөөр тухайн найман нэрийн дэлгүүрийг түрээслэн, түрээсийн гэрээ байгуулсан байсан бөгөөд У.Д- нь эхний 3 сарын төлбөр дээр нэг сарын барьцаа мөнгө болох 5,550,000 төгрөгийг түрээслэгч нараас хүлээж авсан байсан. Энэ үед Б.Г- та түрээсийн гэрээгээ цуцалчих би танд 5,000,000 төгрөгийг төлнө. Мөн зээлийн гэрээг өөрийн нэр дээр шилжүүлээд зөрүү 95,000,000 төгрөгийг өгч таны дэлгүүрийг худалдаж авъя гэж хүсэлт тавьсны дагуу У.Д- түрээсийн гэрээгээ цуцалсан. 2020 оны 06 сарын 12-ны өдөр Б.Г- нь У.Д-гийн данс руу 5,000,000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн. Үүний дагуу У.Д- нь түрээслэгчийн данс руу 5,000,000 төгрөгийг мөн өдөр нь буцаан шилжүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн дансны баримтаар нотлогдоно. Ингээд Б.Г- нь тухайн дэлгүүрийг авахаар тохирсон бөгөөд У.Д- нь 79,000,000 төгрөгөөр өөр дэлгүүр авахаар болсон. У.Д-гийн худалдаж авахаар тохиролцсон дэлгүүр рүү Б.Г- хамт явж уулзсан байдаг. Гэтэл энэ дэлгүүрийн хувьд илүү боломжтой, илүү хямд үнэтэй байсан тул Б.Г- тэр дэлгүүрийг У.Д-гээс урьдчилж авахаар тохиролцоод үүнийгээ У.Д-д миний зээл бүтэхгүй байна гэж ор үндэслэлгүй тайлбар хэлж гэрээнээсээ татгалзсан байдаг. Үүний дагуу У.Д- нь 2020 оны 06 сарын 18-ны өдөр 90,000,000 төгрөгийг Б.Г-гийн данс руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Б.Г- үндэслэлгүйгээр гэрээнээсээ татгалзсан тул У.Д- 5,550,000 төгрөгийн түрээсийн гэрээний дагуу олсон байсан орлогоороо хохирсон. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.Г- сайн дураараа засвар хийсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн найман нэрийн дэлгүүрт засвар хийсэн нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч У.Д- нь Б.Г-гээс 7,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр сөрөг нэхэмжлэлийн тооцооллоо буруу тайлбарласан байсан. У.Д- нь Б.Г-д дэлгүүрээ худалдахаас өмнө бусадтай 5 жилийн түрээсийн гэрээ байгуулсан байсан. Энэ гэрээг 2020 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан. Талууд эхний гурван сарын төлбөрөө 1,350,000 төгрөгөөр тохиролцож 2020 оны 10 сарын 14-ний өдөр хүртэл түрээсийн урьдчилгаа төлбөр авсан байсан. Эхний 3 сарын түрээсийн төлбөрийг сарын 1,350,000 төгрөгөөр бодож, 4,050,000 төгрөг төлсөн бөгөөд үүн дээр 1 сарын барьцаа 1,500,000 төгрөг, болон дараа сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, нийтдээ таван сарын түрээс 6,349,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч 7,800,000 төгрөг гэж андуурч тооцсон байсан. Одоо 6,349,000 төгрөгийг шаардаж байна. Манай талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 1,451,000 төгрөгөөр багассан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 4 сарын түрээсийн төлбөр дээр 1 сарын барьцааны үнийн дүнг нэмээд нийт 6,349,000 төгрөгийг шаардаж байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Үүний дагуу худалдах, худалдан авах гэрээний нэг тал буюу Б.Г- нь гэрээнээсээ татгалзсан бөгөөд татгалзсан үндэслэл нь тогтоогдохгүй байна. Гэрээ байгуулахдаа, “та дэлгүүрийнхээ түрээсийг цуцалчих би мөнгийг нь өгье” гэж хэлж, үүний дагуу У.Д- түрээсийн гэрээгээ цуцалсан. У.Д-д 5,500,000 төгрөгийн орлого аль хэдийн орсон байсан. Түрээсийн гэрээг цуцалснаас болоод олсон орлогоо буцааж түрээслэгчдээ өгч түрээсийн гэрээгээ цуцалсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлээр олсон байсан орлого 5,500,000 төгрөг дээр нэг сарын түрээс буюу 10 сарын 16-ны байдлаар нийт 6,349,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...2020 оны 06 сарын 12-ны өдөр анх У.Д-д урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг өгөхөд, тухайн дэлгүүр ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулагдаагүй байсан. Хариуцагч талын яриад байгаа түрээсийн гэрээ нь 2020 оны 06 сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн хэр нь 2020 оны 06 сарын 14-ний өдрийн он, сартай, 2020 оны 06 сарын 12-ны өдөр мөнгөө шилжүүлсэн гэх мэт он, сар, зөрүүтэй байдал харагдаж байсан. Манай талын зүгээс түрээсийн гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй. Түрээсийн гэрээгээ цуцалчих, би мөнгийг нь өгье гэж огт хэлж байгаагүй. Энэ түрээсийн гэрээ цуцлагдсан явдал нь манай талын буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч У.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,349,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь Б.Г-д холбогдуулж 7,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан ба хэргийг хянан хэлэлцэх явцад У.Д- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 6,349,000 төгрөг болгож багасгасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...8 нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар 95,000,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэх 50,000,000 төгрөгийг худалдагчийн банкны зээлийг худалдан авагчийн нэр дээр дээр шилжүүлэх хэлбэрээр нийт 145,000,000 төгрөг байхаар тохиролцсон боловч, У.Д-гийн банкны зээлийг Б.Г-д шилжүүлэх боломжгүй талаар банкнаас мэдэгдсэн тул урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөнөөс үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч өгөхгүй байгаа. Энэхүү 5,000,000 төгрөг, мөн тухайн дэлгүүрт засвар хийсэн төлбөр болох 1,349,100 төгрөг, нийт 6,349,1000 төгрөгийг хариуцагч У.Д-гээс гаргуулна...” хэмээн тайлбарлав.

 

Нэхэмжлэгчийн шаардсан 6,349,100 төгрөгийг хариуцагч эс зөвшөөрч, “...Б.Г- үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсанаас үүдэн хариуцагч 5,500,000 төгрөгийн түрээсийн орлогоор хохирсон тул уг урьдчилгаа төлбөрт өгсөн 5,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй. Мөн нэхэмжлэгч Б.Г- У.Д-д мэдэгдэлгүйгээр засвар хийсэн гэх боловч засвар хийсэн нь тогтоогдохгүй байна. Харин Б.Г-гээс олох ёстой байсан түрээсийн орлогод 6,349,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр гаргуулна...” хэмээн маргав.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Г- нь Сонгинохайрхан дүүргийн - тоот хаягт байрлах 1 давхрын 48,3 м.кв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг У.Д-гээс 145,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 2020 оны 06 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 18-ны өдөр 90,000,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. Энэхүү үйл баримт, шилжүүлсэн мөнгөний үнийн дүнд талууд маргаагүй болно. /хх-3,4, 34х/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч худалдагч У.Д- нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авагч Б.Г- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Худалдахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд зээлийн гэрээг худалдан авагч Б.Г-д шилжүүлэхээр тохиролцсон боловч У.Д-гийн банктай байгуулсан гэрээг Б.Г-д шилжүүлэх боломжгүй талаар мэдсэнээр худалдан авагч гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд хариуцагч нь энэхүү тайлбарыг үгүйсгэдэггүй ба худалдан авагчийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг мөн өдөртөө 1 цаг орчмын хугацаанд буцааж шилжүүлсэн үйлдлээр нэхэмжлэгчийн тайлбар нотлогдов.

 

Дээрхээс үзэхэд худалдагч буюу У.Д- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ хэрэгжих боломжгүй болжээ. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгө нь худалдагч У.Д-гийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэх нь хэрэгт баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагчаас ирүүлсэн иргэн Д.Б-, З.З- нартай байгуулсан түрээсийн гэрээг түрээслүүлэгчийг төлөөлөн хуулийн этгээд “Ш-” ХХК байгуулж, гэрээний 1.1 дэх заалтад “...түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ...шилжүүлж” хэмээн тодорхойлсон байгаа нь тухайн хөрөнгийн өмчлөгч хэн болох нь тодорхойгүй байна. /хх-35-40х/

 

Нэгэнт худалдах худалдах авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон буюу гэрээнээс худалдан авагч татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул худалдагч У.Д- гэрээний үнэд шилжүүлсэн төлбөрийг худалдан авагчид буцааж өгөх үүрэгтэй болно. Тиймээс хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд түүнээс худалдах худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгчийн шаардсан засварын материал, ажлын хөлс 1,349,100 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжээгүй хөрөнгөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр засан сайжруулалт хийсэн гэх ба тухайн барилгын материал худалдан авсан гэх зарлагын баримтад худалдан авагчийн нэр тодорхойгүй, тухайн хэмжээний материал бүхий засварыг тухайн үл хөдлөх хөрөнгөд хийсэн болох нь нотлогдоогүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

У.Д- нь Б.Г-гээс хохирол буюу олох ёстой байсан түрээсийн орлогод 6,349,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба шаардлагын үндэслэлээ нотолж 2020 оны 06 сарын 14-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг баримтаар гаргав. /хх-33-40х/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” талаар заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар худалдагчид хохирол учирсан байхыг шаардах бөгөөд У.Д-гийн зүгээс түүний энэхүү сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа татгалзал гэж үзэж болохоор байна. Учир нь худалдагч хөрөнгийг худалдан авагчид шилжүүлээгүй, хохиролд тооцон олох ёстой байсан орлогод гэрээний урьдчилгаа төлбөрийн 5,000,000 төгрөгийг суутган авна гэх, сөрөг нэхэмжлэлээр 6,349,000 төгрөг шаардана гэвэл худалдагч хэрэгжээгүй гэрээнээс 11,649,000 төгрөг авахаар байна.

 

Мөн хариуцагч У.Д- нь хуулийн этгээд “Ш-” ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээг үндэслэн түрээсийн төлбөрт авсан байсан 5,500,000 төгрөгийг иргэн Д.Б-, З.З- нарт буцаан шилжүүлсэн хэмээн тайлбарлан өөрийн олсон байсан орлого хэмээн шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд худалдах худалдан авах гэрээ нь иргэн Б.Г- У.Д- нарын хооронд байгуулагдсан болохыг дурдах нь зүйтэй юм.  

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” хэмээн заасан. Худалдагчийн хөрөнгөд ямар нэгэн хэлбэрээр алдагдал, өмнөх байсан байдлаас дордуулсан хохирол бий болсон байдал тогтоогдоогүй болно.

 

Тиймээс гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 6,349,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэж байна.

 

Дээрх үндэслэлүүдээр Б.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч У.Д-гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,349,100 төгрөгийг, Б.Г-д холбогдох 6,349,000 төгрөг гаргуулах тухай У.Д-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,540 төгрөгөөс 116,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,550 төгрөгөөс 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 20,250 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид олгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Д-гээс 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,349,100 төгрөг, Б.Г-д холбогдох 6,349,000 төгрөг гаргуулах тухай У.Д-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,540 төгрөгөөс 116,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид 160,550 төгрөгөөс 139,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 20,250 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 
 
      

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ