Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00702

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00702

 

 

Б.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/00548 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ггийн хариуцагч У.Дд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хохирол 1 349 100 төгрөг нийт 6 349 100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 6 349 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч У.Дтэй 2020 оны 6 дугаар сард 145 000 000 төгрөгөөр найман нэрийн хүнсний дэлгүүр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед 95 000 000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50 000 000 төгрөгийг банкны зээлээр шилжүүлнэ гэж амаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчээс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн. Тухайн дэлгүүрийн банкны зээлийн нэр шилжтэл нэхэмжлэгч Б.Г нь худалдаж авсан дэлгүүртээ плита солих, 00-ийн тавилга солих гэх мэт засвар хийж, барилгын материалд 849 100 төгрөг, ажлын хөлсөнд 500 000 төгрөг нийт 1 349 100 төгрөгийн зардал гаргасан. Найман нэрийн дэлгүүрт засвар хийсэн болохыг хариуцагч бичгээр гаргасан хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь мөн Б.Ггийн дансны хуулгаар давхар нотлогдоно. Банкнаас У.Дгийн зээлийг нэхэмжлэгч Б.Ггийн нэр дээр шилжүүлэхээс татгалзсан хариу өгсөн. Нотариатын байгууллагаар орж худалдах-худалдан авах гэрээг батлуулах гэсэн боловч нотариат энэ гэрээг батлах боломжгүй гэсэн тайлбар хэлсэн. Иймээс нэхэмжлэгч энэ найман нэрийн дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон тул гэрээнээсээ татгалзсан. Нэхэмжлэгч нь найман нэрийн дэлгүүрийг хариуцагчид 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хариуцагч У.Д нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 90 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу буцааж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг одоо хүртэл шилжүүлэн өгөөгүй. Иймд гэрээний үлдэгдэл 5 000 000 төгрөг, засварын зардалд 1 349 100 төгрөг, нийт 6 349 1000 төгрөгийг хариуцагч У.Дгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г болон хариуцагч У.Д нар нь худалдах-худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулсан байна. Үүний дагуу нэхэмжлэгч Б.Г 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа 5 000 000 төгрөгийг, дараа нь үндсэн төлбөр болох 90 000 000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Хариуцагч У.Д нь тухайн найман нэрийн дэлгүүрийг иргэн н.Баярцэцэг, н.Золжаргал нарт 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 60 сарын хугацаатай сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэн, түрээсийн гэрээ байгуулсан байсан бөгөөд У.Д нь түрээслэгч нараас эхний 3 сарын төлбөр дээр нэг сарын барьцаа мөнгө болох 5 550 000 төгрөгийг хүлээж авсан байсан. Энэ үед Б.Г та түрээсийн гэрээгээ цуцалчих би танд 5 000 000 төгрөгийг төлнө. Мөн зээлийн гэрээг өөрийн нэр дээр шилжүүлээд зөрүү 95 000 000 төгрөгийг өгч таны дэлгүүрийг худалдаж авъя гэж хүсэлт тавьсны дагуу У.Д түрээсийн гэрээгээ цуцалсан. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.Г нь У.Дгийн данс руу 5 000 000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн. Үүний дагуу У.Д нь түрээслэгчийн данс руу 5 000 000 төгрөгийг мөн өдөр нь буцаан шилжүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн дансны баримтаар нотлогдоно. Ингээд Б.Г нь тухайн дэлгүүрийг авахаар тохирсон бөгөөд У.Д нь 79 000 000 төгрөгөөр өөр дэлгүүр авахаар болсон. У.Дгийн худалдаж авахаар тохиролцсон дэлгүүр рүү Б.Г хамт явж уулзсан байдаг. Гэтэл Б.Г тэр дэлгүүрийг У.Дгээс урьдчилж авахаар тохиролцоод У.Дд миний зээл бүтэхгүй байна гэж ор үндэслэлгүй тайлбар хэлж гэрээнээсээ татгалзсан байдаг. Үүний дагуу У.Д нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 90 000 000 төгрөгийг Б.Ггийн данс руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Б.Г үндэслэлгүйгээр гэрээнээсээ татгалзсан тул У.Д 5 550 000 төгрөгийн түрээсийн гэрээний дагуу олсон байсан орлогоороо хохирсон. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.Г сайн дураараа засвар хийсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн найман нэрийн дэлгүүрт засвар хийсэн нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Д нь Б.Гд дэлгүүрээ худалдахаас өмнө бусадтай 5 жилийн түрээсийн гэрээ байгуулсан байсан. Энэ гэрээг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Талууд эхний гурван сарын төлбөрөө 1 350 000 төгрөгөөр тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл түрээсийн урьдчилгаа төлбөр авсан байсан. Эхний 3 сарын түрээсийн төлбөрийг сарын 1 350 000 төгрөгөөр бодож, 4 050 000 төгрөг төлсөн бөгөөд үүн дээр 1 сарын барьцаа 1 500 000 төгрөг, болон дараа сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг, нийт 6 349 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээний нэг тал болох Б.Г нь гэрээнээсээ татгалзсан бөгөөд татгалзсан үндэслэл нь тогтоогдохгүй байна. Гэрээ байгуулахдаа, та дэлгүүрийнхээ түрээсийн гэрээг цуцалчих би мөнгийг нь өгье гэж хэлж, үүний дагуу У.Д түрээсийн гэрээгээ цуцалсан. У.Д нь түрээсийн гэрээг цуцалснаас болоод олсон 5 500 000 төгрөгийн орлогоо буцааж түрээслэгчдээ өгч түрээсийн гэрээгээ цуцалсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр анх У.Дд урьдчилгаа төлбөр 5 000 000 төгрөгийг өгөхөд, тухайн дэлгүүр ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй байсан. Хариуцагч талын яриад байгаа түрээсийн гэрээг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн, мөн сарын 14-ний өдрийн он, сартай, мөн сарын 12-ны өдөр мөнгөө шилжүүлсэн гэх мэт он, сар, зөрүүтэй байдал харагдаж байсан. Түрээсийн гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй. Түрээсийн гэрээгээ цуцалчих, би мөнгийг нь өгнө гэж огт хэлж байгаагүй. Энэ түрээсийн гэрээ цуцлагдсан явдал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Дгээс 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 349 100 төгрөг, Б.Гд холбогдох 6 349 000 төгрөг гаргуулах тухай У.Дгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116 540 төгрөгөөс 116 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид 160 550 төгрөгөөс 139 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 20 250 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: У.Д нь Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Назу ХД-53 дугаар байр, 07 тоот хаягт байрлах 1 давхрын 48,3 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүрийн өмчлөгч бөгөөд У.Д нь тус үл хөдлөх хөрөнгийг Д.Баярцэцэг, З.Золжаргал нарт 5 жилийн хугацаатай түрээсэлж 5 500 000 төгрөг авсан байсныг Б.Г нь У.Дгийн дэлгүүрийг худалдан авна гэж итгүүлэн түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээг цуцлуулж, улмаар талууд харилцан тохиролцож тус үл хөдлөх хөрөнгийг 145 000 000 төгрөгөөр худалдахаар болж урьдчилгаанд 95 000 000 төгрөг шилжүүлсэн. У.Д нь дэлгүүрээ түрээслүүлэн олсон байсан орлого 5 500 000 төгрөгийг Д.Баярцэцэг, З.Золжаргал нарт буцаан шилжүүлсэн. Улмаар Б.Г нь дэлгүүрийн үлдэх төлбөр 50 000 000 төгрөгийг банкнаас зээл авч өгөхөөр талууд харилцан тохиролцсон боловч Б.Ггийн банкны зээл бүтээгүй гэх шалтгаанаар Б.Г нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, У.Д нь урьдчилгаанд шилжүүлсэн 95 000 000 төгрөгөөс 90 000 000 төгрөгийг Б.Гд буцаан шилжүүлсэн. Харин үлдэх 5 000 000 төгрөгийг Б.Г нь ор үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, У.Дд олсон орлого болон олох ёстой орлого нийт 6 349 000 төгрөгийн хохирол учруулсан төлбөрт суутган авч үлдсэн болно.

Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг эрхийн зөрчилтэй буюу банкны барьцаанд байгаа талаар худалдан авагч Б.Гд мэдэгдсэн боловч худалдан авагч нь уг шалтгааныг мэдсээр байж урьдчилгаа төлбөрөө У.Дд шилжүүлсэн. Мөн У.Дгийн банктай байгуулсан гэрээг Б.Г рүү шилжүүлэх талаар талууд тохиролцоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлснээс болж худалдан авагч гэрээнээс татгалзсан нь хохирол төлөх үндэслэлгүй талаар дурдсан нь үүгээр няцаагдаж байна.

Иймд Б.Г нь банкны зээл бүтсэнгүй гэх шалтгаанаас болж У.Дд учруулан олсон болон олох ёстой орлого 6 349 000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч У.Дд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хохирол 1 349 100 төгрөг нийт 6 349 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирол 6 349 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талууд 2020 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Назу ХД-53 байр, ... тоот, 48.3 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 145 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцож, худалдан авагч Б.Г нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 90 000 000 төгрөг, нийт 95 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 4, 33-34 дэх талд авагдсан ХААН банкны дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон байна. Анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин гэрээнээс татгалзаж, хохирол шаардах үндэслэлийн талаар маргасан байна.

Талууд худалдан авч буй хөрөнгийн үнэ болох 145 000 000 төгрөгөөс 95 000 000 төгрөгийг нь бэлнээр төлж, үлдэх төлбөрийн хувьд худалдагч У.Дгийн банкны зээлийн өрийг худалдан авагч Б.Г нь өөрийн нэр дээр шилжүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон, энэ нөхцөл биелэгдэх боломжгүй болсон нь нэхэмжлэгч талын ... банкнаас тухайн дэлгүүрийн зээлийн гэрээг Б.Гд шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн ... гэх, хариуцагчийн ... зээлийн гэрээг өөрийн нэр дээр шилжүүлээд зөрүү 95 000 000 төгрөгийг өгч таны дэлгүүрийг худалдаж авъя ... гэх тайлбаруудаар тус тус нотлогджээ./хх-96/

Уг шалтгааны улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагч тал гэрээний үнэд төлсөн 90 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймээс талуудыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан гэж үзэх тул тэдгээрийн хэн алинд нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хөрөнгийг хүлээн аваагүй байсан гэдэгт талууд маргаангүй, хариуцагч тал нэхэмжлэгчээс шилжүүлсэн 95 000 000 төгрөгөөс 90 000 000 төгрөгийг нь буцаасан учир үлдэх 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь дэлгүүрт засвар хийсэн гэх үндэслэлээр 1 349 100 төгрөгийг хариуцагч У.Дгээс гаргуулахаар нэхэмжилж, барилгын материал худалдан авсан тухай зарлагын баримтуудыг шүүхэд гарган өгчээ. Уг бичгийн баримтуудыг худалдан авагчийн нэр тодорхойгүй, тухайн хэмжээний материал бүхий засварыг тухайн үл хөдлөх хөрөнгөд хийсэн болох нь нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэгт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч У.Д нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ггээс хохиролд 7 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 349 000 төгрөг болгон багасгасан байна. Тэрээр үндэслэлээ Б.Гд дэлгүүрээ худалдахаас өмнө бусадтай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, эхний гурван сарын төлбөр, барьцааны хамт 5 550 000 төгрөг авсан байсан, Б.Г үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан учир олох ёстой орлогоороо хохирсон тул 5 сарын түрээсийн төлбөр гаргуулна гэх агуулгаар тайлбарлажээ. /хх-97/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан түрээсийн гэрээ нь Шанх хайрхан ХХК-ийг төлөөлж У.Д, иргэн Д.Баярцэцэг нар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Назу ХД 53 дугаар байрны..... тоот 1 давхрын 48.3 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх, түрээслэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан гэрээ байна. /хх-35-40/ Энэ гэрээ нь хуулийн этгээд, иргэний хооронд байгуулагдсан байхаас гадна 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөр огноологдсон атлаа нотариатчийн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн тэмдэгт 2020.06.05 гэсэн дардас дарагджээ.

Нэхэмжлэгч Б.Г нь худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 5 000 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч У.Дгийн данс руу шилжүүлсэн байдаг. Иймд дээрх бичгийн баримтуудыг маргааны үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий, эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй.

Мөн хариуцагч У.Дгийн ХААН банк дах 5014052323 дугаартай дансны хуулгад 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5057409158 дугаартай данс руу 5 550 000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утгад Гэрлээ төлбөр буцаав гэсэн агуулгатай байх тул хариуцагчийн нэхэмжлэгч гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсны улмаас хариуцагч бусад этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалж, олох байсан орлогоороо хохирсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзнэ. /хх33/

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Г нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагч гэрээнээс татгалзсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад талуудын маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байгаа хэдий ч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 196 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД