Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01272

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01272

 

 

Үлэмж-Аврал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03738 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 160 дугаар магадлалтай,

 

Үлэмж-Аврал ХХК болон Т.Пүрэвийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 43,614,830 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ******* ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сейфмарт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, нэхэмжлэгч Т.Пүрэв, Т.Пүрэвийн өмгөөлөгч Ц.Гансүх, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Үлэмж-Аврал ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 43,614,830 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03738 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 43,614,830 төгрөгийг гаргуулах тухай Үлэмж-Аврал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 160 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03738 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 16,860,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Пүрэвт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Үлэмж-Аврал ХХК-ийн болон 26,755,830 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 242,245 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрэвт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 160 дугаартай магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд;

4.1. Шүүгч Б.Ундраа нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №12069 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар нэхэмжлэгчээр ганцхан ******* ХХК-ийг тогтоосон байна. Иймд уг захирамжид нэхэмжлэгчээр иргэн Т.Пүрэвийг нэмэх эсэхээр өөрчлөлт оруулахыг Б.Ундраа шүүгчээр шийдвэрлүүлье гэсэн хүсэлтийг хариуцагчаас гаргаад байхад шүүгч Г.Бямбажаргал би шийднэ гээд хууль зөрчин, шууд шүүх хурал хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол шүүгч захирамж гарган өөрөө хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан байтал процессын хууль зөрчсөн.

4.2. Улмаар 2 шатны шүүх захирамжгүйгээр ******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Ингэж болно гэвэл шүүгч нар хууль зөрчиж болдог юм байна гэж ойлгогдож байна.

4.3. Шүүх иргэний хэргийн талууд болох нэхэмжлэгчийг зөв тогтоох боломжгүй, хэн хэн ямар үндэслэлээр юу юу шаардаж байгаа нь ойлгомжгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцаа, маргааны зүйл, эрх үүргийг тодорхойлох боломжгүй байхад буюу нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байхад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал энэ хуулийг хэрэглээгүй.

4.4. Үр дүнд цааш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлоогүй, хольж хутгаж зөрчилдүүлсэн. Жишээ нь:

- Анхан шатны шүүгч өөрийн гаргасан 101/ШШ2020/03738 шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* ХХК-ийн захирал Т.Пүрэв нь хариуцагч ******* ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан байна гэж хоёр субьектийг нэг субьект болгон нэгтгэсэн. Ингээд цаашдаа хуулийн этгээд, иргэн гэсэн хоёр субьектийг хольсон, хутгасан, ялгаа, зааггүй болгосон.

- Давж заалдах шатны шүүх ******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээлийн гэрээнүүд бүгд эх хувиараа хэрэгт авагдсан бөгөөд эдгээр гэрээнд заасан үнэлгээ бүхийн үнэт эдлэл барьцаалан зээлдүүлэх газарт байсан гэсэн нь хулгайд алдагдсан эд хөрөнгийг ******* ХХК-ийнх гэж зөв дүгнэсэн байтлаа иргэн Т.Пүрэвтэй гэрээ байгуулсан ******* ХХК-иар хохирлыг төлүүлэхээр зөрчилтэй шийдвэр гаргасан. Ингэж хольж хутгаснаар дахиад ойлгомжгүй байдал үүсгэсэн.

4.5. Эндээс дүгнэхэд Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №2 дугаар тогтоолоор баталсан Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа гэсэн зөвлөмжийг шүүгч нар ашиглахгүй байна.

4.6. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-тай огт гэрээ байгуулаагүй.

4.7. Ломбардны үйл ажиллагааг ******* ХХК явуулдаг байтал иргэн Т.Пүрэв нь цагдаагийн байгууллагад өөрийгөө хохирогч гэж бичүүлсэн байна.

4.8. Магадлалд нэхэмжлэгч нь өөрөө ажлын байр түрээслэх гэрээний 3.8, 3.10-д заасан үүргээ биелүүлээгүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, үйл ажиллагаа эрхлэх гэрээ сунгагдаагүй, түрээсийн байранд дохиолол, хамгаалалт суурилуулаагүй, харуул хамгаалалтын ажилтанд түрээсийн талбайг лацдаж хүлээлгэж өгөөгүй зэргээр зохих стандарт журмын дагуу барьцаалан зээлдүүлэх ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд талуудын тайлбараар тогтоогдсон байна гэж шүүх зөв дүгнэсэн хэрнээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-д заасан гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэсэн нь субьект нь тодорхойгүй байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Учир нь магадлалын 7-р талд заасан нэхэмжлэгч гэдэг нь ажлын байр түрээслэх гэрээнд зааснаар иргэн Т.Пүрэв юм. Гэтэл доторх агуулга нь ******* ХХК-д хамаарч байгаа нь зөрчилтэй байна.

Иймд манай гомдлыг хянан үзэж магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн үндэслэлд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Эсхүл шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сэйфмарт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1 Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...ажлын байр түрээслэх гэрээний дагуу ******* ХХК нь нэхэмжлэх эрхгүй тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэж дүгнэж шийдвэрлэсэн хэрнээ ******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээлийн гэрээнүүдийг үнэлж, уг гэрээнүүдийн барьцааны зүйл гэж байгаа эд хөрөнгийг түрээсийн гэрээний хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үндэслэл нь:

2013.07.27-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ нь иргэн Т. Пүрэв болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Түрээсийн гэрээний үүргийг зөрчсөн эсэх, үүнтэй холбоотой хохирол шаардах эрхийг түрээсийн гэрээний аль нэг тал, бүр тодруулбал, иргэн Т.Пүрэв шаардах эрхтэй байна. Иргэн Т.Пүрэв нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш, Давж заалдах шатны шүүхийн үнэлээд байгаа зээлийн гэрээнүүдийг бусад этгээдтэй байгуулаагүй, зээлийн гэрээний барьцаанд тавьсан гэх зүйлүүдийг иргэн Т.Пүрэв эзэмшилдээ байлгах эрх, үүрэггүй байхад нэхэмжлэгч Т.Пүрэвт хохирол учирсан гэж үзэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үүргийн эрх зүйн харилцааны оролцогч өөрт учирсан хохирлоо нөгөө талаас шаардах эрхтэй гэдэг иргэний эрх зүйн үндсэн зарчмыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх иргэн Т.Пүрэвт хохирол учирсан гэж үзэхдээ ...хэрэг бүртгэлийн явцад нэхэмжлэгч Т.Пүрэвийн хохирогчоор өгсөн, барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Д.Батсуурийн гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба бичмэл нотлох баримтын хувьд тэдгээрийг үнэлэх боломжтой гээд тэдгээрийг үндэслэн .. нэхэмжлэгчид 22,086,000 төгрөгийн хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн нотлох баримт үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн.

5.2 Давж заалдах шатны шүүхийн магадлалд ******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч хулгайлах үйлдэл шөнийн цагаар үйлдэгдсэн болох нь дээр дурдсан хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь ажлын байр түрээслэх гэрээний ...үүргээ түрээслүүлэгч ******* ХХК биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол хэрэгт авагдсан, хулгайлах гэмт хэргийг тогтоосон ямар нэгэн прокурорын тогтоол, эрүүгийн хэргийн шүүх шийдвэр байхгүй байхад иргэний шүүх хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж байгаа нь иргэний шүүх хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний үндсэн зохицуулалт нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тохирсон төлбөр төлөх үүргийг хүлээдэг. Түрээсийн байрыг хэрхэн харж хамгаалах асуудалд гэрээний талуудын тохиролцоо чухал байна. Тэгвэл талуудын хооронд байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээ-ний 2 дугаар зүйл Түрээслүүлэгчийн эрх, үүрэг гэсэн зүйлийн 2.7-д Худалдааны төвийн ажлын бус цагт Түрээсийн талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах гэж түрээслүүлэгчийн үүрэг, мөн гэрээний 3 дугаар зүйл Түрээслэгчийн эрх, үүрэг гэсэн зүйлийн 3.10-т Түрээслэгч байгууллагын харуул хамгаалалтын журмыг мөрдөж ажиллана. Ажлын цаг дуусмагц харуул хамгаалалтын ажилтанд ажлын байраа хүлээлгэн өгнө. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг түрээслэгч тал хариуцна", 3.20-т Түрээсийн байранд бэлэн мөнгө хадгалснаас үүсч болох хохирлыг өөрөө бүрэн хариуцах гэж түрээслэгчийн үүргийг тодорхойлсон байна. Үүнээс дүгнэхэд Худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах Түрээслүүлэгчийн үүрэг нь "түрээслэгч ажлын цаг дуусмагц харуул хамгаалалтын ажилтанд ажлын байраа хүлээлгэн хүлээлгэн өгсөн" үеэс эхлэхээр маш тодорхой заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2014.06.08-ны өдөр ажлын цаг дуусмагц ажлын байраа харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгөөгүй. Хэрэв ажлын байраа харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгөөгүй бол үүнээс учирсан хохирлыг түрээслэгч өөрөө хариуцахаар гэрээний 3.10-т тодорхой заасан байна. Иймд түрээслүүлэгч ******* ХХК-ийг түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шууд буруутган дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

5.3 Давж заалдах шатны шүүхийн магадлалд Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч тал хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж чадаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Үндэслэл нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь 43,614,830 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас 2015.12.02-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэсэн ба үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байсан. Учир нь: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн баримт нь Үнэт эдлэл үнэлсэн тухай тайлан нэртэй байгаагаас үзвэл шинжээчийн дүгнэлт гэж үнэлэх боломжгүй, шинжилгээ хийсэн объект буюу хулгайд алдагдсан гэх алт, мөнгөн эдлэлүүд байхгүй байхад тэдгээрийн шинж байдлыг хэрхэн тодорхойлж үнэлсэн нь тодорхойгүй, ямар ч баримт хавсаргаагүй байгаагаас үзвэл анхан шатны шүүх түүнийг үнэлээгүй нь зөв байсан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т. Пүрэвийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахдаа ******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээлийн гэрээнүүдийг дурдсан байх бөгөөд энэ нь ******* ХХК нь нэхэмжлэх эрхгүй гэдэг өөрийнх нь дүгнэлттэй зөрчилдсөн, мөн Т.Пүрэв, Д.Батсуурийн мэдүүлгийн тэмдэглэлийг нэр зааж үнэлсэн боловч мэдүүлэг өгсөн этгээд нь 26,000,000 төгрөг эсвэл 22,052,000 төгрөг гэх мэтээр янз бүрээр хохирлын хэмжээг хэлсэн, нөгөө талаас энэ хоёр хүн нь нэхэмжлэгч ******* ХХК-д харьяалалтай учраас өөр бусад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдох учиртайг үл харгалзан эдгээр нотлох баримтуудыг үнэн зөв гэж үнэлсэн нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-ыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газарт бэлэн мөнгө байсан эсэх талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад байсан мэтээр дүгнэн 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна. Хавтаст хэрэгт ******* ХХК-ийн 2014 оны 01,02,03,04 дүгээр улирлын санхүүгийн тайлан нотлох баримтаар авагдсан ба 2014 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан /хулгайд эд зүйлээ алдсан гэх 2014.06.08-09-ний өдрөөс хойших/- аар 4,756,500 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, Нийгмийн даатгалын шимтгэлд 40,400 төгрөг өгөх өртэйгөөс өөрөөр бусдад өгөх өр төлбөр болон ямар нэгэн авлага байхгүй гэж татварын байгууллагад тайлагнасныг үндэслэвэл ******* ХХК нь хохирсон гэж нэхэмжлээд байгаа үнийн дүнгийн хэмжээнд бусдад зээл олгосон, бусдын эд зүйлийг барьцаанд барьж байгаад алдаж хохирсон гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Т.Пүрэв, ******* ХХК аль аль нь хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй, хавтаст хэрэгт хохирол учирсан гэдгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгч Т.Пүрэвийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсаныг үндэслэн давж заалдах шатны шүүх нь хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Т.Пүрэвийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагч ******* ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сэйфмарт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

7. Нэхэмжлэгч ******* ХХК, Т.Пүрэв нар нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан 43,614,830 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2.7-д худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг түрээслүүлэгч хариуцахаар заасан боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас 2014.06.08-ны өдөр ******* ХХК-ийн байранд хулгай орж 35,388,900 төгрөгийн үнэ бүхий алт, мөнгө, монетэн эдлэл, 5,884,930 төгрөг, эвдэрсэн сейфний үнэ 750,000 төгрөг, алт мөнгө хэмжигч жин 50,000 төгрөг, эвдэрсэн камерын үнэ 350,000 төгрөг, шинжээчийн хөлс 1,000,000 төгрөг, нотариатын төлбөр 191,000 төгрөг, нийт 43,614,830 төгрөгийн хохирол учирсан. ... эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019.06.09-ний өдөр дууссан гэж тайлбарласан байна.

 

8. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... нэхэмжлэгч буруутай буюу НИТХТ-ийн 2014.01.17-ны өдрийн Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам-ыг зөрчиж ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй, бүртгүүлээгүй, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 5274:2003 стандартыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, ... түрээслүүлэгчтэй байгуулсан гэрээний 3.8, 3.10, 3.20, 6.7-д заасан үүрэг, Сейфмарт ХХК-тай байгуулсан гэрээг зөрчсөн, ... 2014 оны санхүүгийн тайланд 5,000,000 төгрөгийн хөрөнгө л бүртгэгдсэн, хохирол учруулсан этгээд болон хохирлын хэмжээ тогтоогдоогүй, дотроосоо байх магадлалтай. Нотлох баримтууд шаардлага хангаагүй байхад нотариат гэрчилсэн. тул хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сейфмарт ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжин ... түрээсийн талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах түрээслүүлэгчийн үүрэг нь түрээслэгч ажлын цаг дуусмагц харуул хамгаалалтын ажилтанд ажлын байраа хүлээлгэн өгсөн үеэс эхлэхээр түрээсийн гэрээнд заасан боловч нэхэмжлэгч 2014.06.08-ны өдөр ажлын цаг дуусмагц ажлын байраа харуул, хамгаалалтын ажилтанд хүлээлгэж өгөөгүй. ... энэ үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлоо түрээслэгч өөрөө хариуцахаар гэрээнд заасан. ... Барьцаалан зээлдүүлэх газарт тавигддаг ажлын байрны стандартыг хангаж ажиллаагүй гэж тайлбарласан байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2013.07.27-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан, тус гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байна. Гэрээний 2.7-д заасны дагуу түрээслүүлэгч ажлын бус цагт харуул, хамгаалалтыг хариуцна гэж заасан бөгөөд түрээслүүлэгч харуул, хамгаалалтын гэрээг гуравдагч этгээдтэй байгуулж энэ үүргээ биелүүлсэн, ... түрээслэгч зохих стандарт, журмын дагуу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулаагүй, ... өөрт учирсан хохирлоо баримтаар нотлоогүй гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүх ******* ХХК-аас 16,860,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Пүрэвт олгож, ******* ХХК-ийн нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч Т.Пүрэвт холбогдох шаардлагаас 26,755,830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Магадлалд ... нэхэмжлэгч Т.Пүрэв болон ******* ХХК-ийн хооронд түрээсийн харилцаа үүссэн, түрээслүүлэгч харуул хамгаалалтыг хариуцах үүрэгтэй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. ... 24,086,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна. ... хохирогчийн буруутай үйл ажиллагаа байх тул 30 хувь бууруулна. гэж дүгнэжээ.

12. Талууд нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ******* ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг, 2014.06.08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө гуравдагч этгээд тус байгууллагын байранд хууль бусаар нэвтрэн орсон, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, ******* ХХК нь нэг гишүүнтэй компани бөгөөд хувьцаа эзэмшигч Т.Пүрэв нь тус компанийн захирал захирал болох үйл баримтын тухайд тус тус маргаагүй байна.

13. Зохигч түрээсийн гэрээний түрээслэгч нь Т.Пүрэв, эсхүл ******* ХХК-ийн алин болох, ажлын бус цагаар түрээслэгчид учирсан хохирлыг түрээслүүлэгч ******* ХХК хариуцах эсэх, нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хэмжээ үндэстэй эсэх талаар маргасан байна. Анхан шатны шүүх ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулсан гэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Пүрэв болон ******* ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулсан гэж үзжээ. Хавтаст хэргийн 5-7 дугаар талд авагдсан түрээсийн гэрээний нийтлэг үндэслэл, гэрээний талыг тодорхойлсон байдалд үндэслэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн харилцаа Т.Пүрэв болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгахгүй.

14. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.7-д Худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул, хамгаалалт аюулгүй байдлыг хариуцах үүргийг түрээслүүлэгч талд хүлээлгэсэн байх боловч хариуцагч түрээслэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх этгээдэд тавигдах нийтийн эрх зүйн стандарт, шаардлагыг хангаж ажиллаагүй учир хохирлыг түрээслүүлэгч хариуцахгүй гэж хариу маргасан байна.

Бусдын эзэмшилд халдаж, хууль бусаар эд хөрөнгө олж авсан явдал нь шөнийн цагаар үйлдэгдсэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд Үзлэгийг цааш үргэлжлүүлж, цонхны харалдаа гадна талд үзлэг хийв. ... цонхны гадна талд төмөр сараалжин хамгаалалттай, ... бөөрөнхий төмрийг доод хэсгээс нь дээш сөхсөн байдалтай харагдаж байв. гэж тусгасан байна. Тус тэмдэглэл болон хамгаалалтын төмрийг зүссэн, сөхсөн байдлыг харуулсан гэрэл зургаас үзвэл үйлчилгээний байгууллагын харуул хамгаалалтыг хариуцаж буй аливаа этгээд ердийн боломжит байдлаар үүргээ гүйцэтгэсэн бол энэ төрлийн хууль бус халдлагаас сэргийлэх боломжтой байжээ. Хэдийгээр хохирогч барьцаалан зээлдүүлэх газарт тавигдах нарийвчилсан шаардлага, стандартыг хангаж ажиллаагүй тухай хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй боловч энэ нь түрээслүүлэгчийг хариуцлагаас бүрэн чөлөөлөх, түрээслэгчийг 100 хувь буруутгах үндэслэл болохгүй. Иймд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний стандартыг хангаж ажиллаагүй, холбогдох дүгнэлтийг гаргуулаагүй нөхцөл байдалд түрээслэгчийг буруутган хохирлын хэмжээг 30 хувиар бууруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

15. Түрээсийн талбайг харуул хамгаалалтын ажилтанд лацдан хүлээлгэж өгөөгүй нь түрээслүүлэгч түрээсийн байрны харуул хамгаалалтыг хариуцах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдалд нөлөөлсөн эсэх талаар зохигчид маргасан байна. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгч, харуул хамгаалалтын ажилтанд ажлын байрыг хэрхэн хүлээлгэж өгөх талаар нарийвчилсан зохицуулалт гэрээнд тусгагдаагүй, энэ нь дан ганц түрээслэгч талын үүрэг мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

16. Түүнчлэн давж заалдах шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цугларсан баримт болох шинжээчийн дүгнэлт, зээлийн гэрээ, гэрчийн мэдүүлэгт суурилан хохирлын хэмжээг 24,086,000 төгрөгөөр тодорхойлж, хохирогчийн буруутай үйлдлийг харгалзан 30 хувиар бууруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, түрээсийн гэрээний 6.7 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

17. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг үүсгэх тухай 2019.08.01-ний өдрийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагч ******* ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сейфмарт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй. Ийнхүү өөрчлөлт оруулах нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй даргалагч шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.

18. Түрээсийн гэрээ нэхэмжлэгч Т.Пүрэв, хариуцагч ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан байх ба ******* ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд, түүний эзэмшилд шилжсэн эд зүйлийг компанийн захирал Т.Пүрэв өмчлөгчдийн зөвшөөрлөөр эзэмшилдээ байлгасан, улмаар уг эд зүйл алдагдсаны улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан барагдуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас бий болсон хохирлыг түрээслэгч Т.Пүрэв шаардах эрхтэй гэж үзнэ. Энэ үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас 16,860,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрэвт олгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 160 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сейфмарт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа, 2021.02.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,251 төгрөг болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.02.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,251 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.