Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 89

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Я овогт Д-гийн О-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ж овогт Д-ын А-д холбогдох,

        Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оноос Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус төвийн даргаар ажиллаж байна. Намайг ажлаа гүйцэтгэж байх хугацаанд Улаангом сумын Засаг дарга Пүрэвжав нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ямар ч үндэслэлгүйгээр захирамж гарган намайг ажлаас чөлөөлсөн. Ингээд би Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр томилогдон ажилласан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гарган ажилдаа эргэж орсон билээ. Тэгтэл намайг их эмчээр ажиллаж байх хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.А нь "байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн харьцаа хандлага муу" гэсэн үндэслэлүүдээр надад сануулах сахилгын арга хэмжээ авсан тухай тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр танилцуулж, уг тушаалыг гардуулж өгсөн. Би тухайн үед их эмчээр ажиллаж байсан бөгөөд даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Аг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тушаал гарган надад сануулах арга хэмжээ авсныг огт мэдээгүй. Д.А нь надад ямар нэг шаардлага тавьж байгаагүй бөгөөд би ажлын байран дээр ямар нэг ёс зүйн зөрчил гаргаагүй болно. Би их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээ сарын 06-ны өдрөөс эхлэн 5 хоногийн цалинтай чөлөө авсан бөгөөд хөдөө явж, ээжийгээ эргэж тойроод ирсэн. Ээж маань Увс аймгийн Завхан суманд байдаг бөгөөд бие нь гэнэт муудаад би Д.А-гаас чөлөө авч явж, ээждээ эмчилгээ хийгээд ирсэн юм. Тэрнээс биш надад чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан, тушаалд дурдсан зөрчлүүд гаргаагүй болно. Иймд Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.А-гийн надад сануулах арга хэмжээ авсан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Засаг даргын захирамжаар Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, багийн эмчээр хавсран томилогдсон. Намайг ажлаа хийж байх явцад Д.О эмч нь байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан учир сануулах арга хэмжээ авсан. Гэвч Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжийн дагуу миний бие тус эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Д.Од ажлаа хүлээлгэж өгсөн ба одоо Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Д.О ажиллаж байгаа тул энэ нэхэмжлэлд миний бие хариуцагчаар оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.А-д холбогдуулан Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Д.А Д.О эмч байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан учир сануулах арга хэмжээ авсан. Миний бие Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжийн дагуу тус эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул миний бие энэ хэрэгт хариуцагчаар оролцох шаардлагагүй гэж маргаж байна.

      Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар Сануулах арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13, 8.6.3г, 9.2.11.3 дугаар заалтыг баримтлан байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр эмч Д.О-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

      Хариуцагч Д.А тухайн үед Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан боловч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаар Д.А-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөгдсөн байна.

      Д.А нь Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч Д.О-ийн тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй.

       Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-д холбогдох Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгч Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-д холбогдох Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ