Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 06

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийдвэртэй,

Д.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ад холбогдох, Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оноос Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус төвийн даргаар ажиллаж байна. Намайг ажлаа гүйцэтгэж байх хугацаанд Улаангом сумын Засаг дарга П нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ямар ч үндэслэлгүйгээр захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Ингээд би Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр томилогдон ажилласан бөгөөд их эмчээр ажиллаж байх хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.А нь надад "байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн харьцаа хандлага муу" гэсэн үндэслэлүүдээр сануулах сахилгын арга хэмжээ авсан тухай тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр танилцуулж, гардуулж өгсөн. Д.А нь надад ямар нэг шаардлага тавьж байгаагүй бөгөөд би ажлын байран дээр ямар нэг ёс зүйн зөрчил гаргаагүй болно. Би их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 5 хоногийн цалинтай чөлөө авсан бөгөөд хөдөө явж, ээжийгээ эргэж тойроод ирсэн. Ээж маань Увс аймгийн Завхан суманд байдаг бөгөөд бие нь гэнэт муудаад би Д.Агаас чөлөө авч явж, ээждээ эмчилгээ хийгээд ирсэн юм. Тэрнээс биш, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан, тушаалд дурдсан зөрчлүүд гаргаагүй болно. Иймд Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Агийн надад сануулах арга хэмжээ авсан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаангом сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, багийн эмчээр хавсран томилогдсон. Намайг ажлаа хийж байх явцад Д.Э эмч нь байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан учир сануулах арга хэмжээ авсан. Гэвч Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжийн дагуу миний бие тус эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Д.Эд ажлаа хүлээлгэж өгсөн ба одоо Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Д.Э ажиллаж байгаа тул энэ нэхэмжлэлд миний бие хариуцагчаар оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ад холбогдох, Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Миний бие нь тухайн үед надад сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй учраас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй, тухайн шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаар шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүртэл Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажилласан. Нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авахаас өмнө ажиллаж байх хугацаандаа тухайн үед шинээр орсон ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.Э өөрөө надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Тухайн үед Д.Э нь намайг чи хүмүүстэй ярьж, хөөцөлдөж энэ албан тушаалд томилогдсон хэмээн маш их хэл амаар доромжилж, харьцдаг байсан. Мөн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хүлээж авахдаа Д.Эд даргын өрөөгөө суллаж өгнө үү гэх шаардлагыг удаа дараа тавьсан боловч уг шаардлагыг хүлээн авалгүй удсаар 2020 оны 11 дүгээр сард даргын өрөөг суллан өгч, энэ өрөө чамд бараг ахадна, ер нь хаана суусан ч ямар ялгаатай юм бэ? гэх зэргээр хэл амаар доромжилж байсан, үүнийг манай байгууллагын ажилтнууд мэднэ. Тэрээр намайг ажилд орсноос хойш их, бага хэмжээгээр маш их ажил тасалж байсан боловч тэр болгоныг нь би ажилд ирснээр тооцож байсан юм.

2020 оны 10 дугаар сард сургуулиудаар вакцин хийх ажилтай байх үед мэдрэлийн эмчилгээ хийх шаардлагатай байна гээд гурван хоногийн чөлөө хүсэхэд би олгосон, үүний дараа мөн сарын сүүлээр аав нь осолд орлоо гэх үндэслэлээр ажилдаа таван хоног ирээгүй бөгөөд энэ тухайгаа надад огт мэдэгдээгүй тул би утсаар залгаж юу болсон талаар асуухад тэрээр өвчин зовлон тохиолдсон байхад чи надтай ажилдаа ирсэнгүй гэж ярьлаа, ийм дарга гэж байдаггүй юм гэж хэлсэн бөгөөд бичлэг нь миний гар утсанд хадгалагдаж байгаа. Үүний дараа 11 дүгээр сарын эхээр ээж өвдлөө гэж хэлээд сувилагчдаа хэлээд явсан байсан. Тэгээд би сувилагчаас нь тодруулж асуухад надад тодорхой зүйл хэлээгүй, ээж өвдлөө гэж хэлээд явсан гэж хэлсэн гэх хариу өгсөн.

Д.О-ийн удаа дараа гаргасан дээрх нөхцөл байдлыг Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын яриан дээр хэлэлцсэний үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О-ийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ .

Хариуцагч Д.А Увс аймгийн Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүрэг гүйцэтгэж байх үедээ тус эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байсан Д.Эд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Д.Ад холбогдуулан гаргасан байна.

Хариуцагч Д.А Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төв буюу тухайн хуулийн этгээдийг төлөөлж байсан эрх бүхий этгээдийн хувьд нэхэмжлэгч Д.Эд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр /шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг энд дүгнээгүй/ -ийг гаргасан, харин нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед тэрээр тухайн өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлөх эрхгүй байсан байна. Өөрөөр хэлбэл, тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар өмнө ажиллаж байсан Д.Э шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон тул Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Д.Аг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргээс чөлөөлснөөр тус өрхийн эрүүл мэндийн төвийг удирдах, төлөөлөх эрхгүй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.Аг нэрлэж заасны дагуу шүүхээс түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлөх эрхгүй гэдгээ тайлбарлаж, ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрээ шүүхэд нотлох баримтаар гаргаж, хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэх тайлбар гаргасан нь хэрэгт авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно, мөн зүйлийн 28.3-т нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж тус тус зааснаас дүгнэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу жинхэнэ хариуцагчийг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, харин нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй тохиолдолд хариуцагчийг солих эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа заавал хийх шаардлагатайг зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү ажиллагааг хийгээгүй нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Хэрэв, нэхэмжлэгч нь хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүх санаачилгаараа хариуцагч солихыг хуулиар хориглосон бөгөөд энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох боломжтой юм.

Хэдийгээр хариуцагчийг солих ажиллагаа нь зайлшгүй хийгдэх ажиллагаа биш боловч нэхэмжлэгчийн сонгосон хариуцагч нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бол шүүх нэхэмжлэгчид хариуцагч солих ажиллагааг түүний зөвшөөрснөөр хийх боломжтойг тайлбарлах нь чухал ба энэхүү ажиллагааг хийхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгах нь учир дутагдалтай болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэлээ .

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Д.Э нь одоо Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүрэг гүйцэтгэж байгаа ба өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тус төвийг төлөөлж хариуцагчаар оролцох боломжгүй нөхцөл үүссэн байна.

Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төв нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ББН/-ийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд энэхүү нөхцөлд хариуцагч хуулийн этгээд буюу Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төв /нөхөрлөл/-ийг удирдах, төлөөлөх эрхтэй этгээдийг Нөхөрлөлийн тухай хууль болон үүсгэн байгуулах гэрээ, баримт бичигт заасны дагуу тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлага үүсэхийг дурдах нь зүйтэй байна.

Хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж далан мянга хоёр зуун төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан нэхэмжлэгчид олгохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

Л.АЛТАН