Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2021/00318

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2021/00318

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00076/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,xxx дүүргийн xxx дүгээр хороо, xxx дугаар гудамж xx тоотод оршин суух хаягтай,

Хөвсгөл аймгийн xxx сумын xxx дугаар баг, xx хорооллын xxx дүгээр гудамжны xxx тоотод түр оршин суух, Ш овогт Б. Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн xxx төв, xxx аймгийн xxx сумын Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э., хариуцагч Хөвсгөл xxx xxx сумын Засаг дарга Ц.М., гэрч Г.Ж., Л.Д., О.Д. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б. нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/61 тоот захирамжаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамжаар намайг дээрх үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулан багшаар ажиллуулах болсон. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрөн Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд болон дээд шатны албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргахад Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо нь миний өргөдлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцээд “Б.Б ажлаас чөлөөлсөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 тоот захирамж нь эрх зүйн чадамжгүй байна” гэсэн зөвлөмж гарган шийдвэр гаргагчид хүргүүлсэн боловч үндэслэлгүйгээр ажилд эгүүлэн томилохгүй байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга нь миний гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж надад мэдэгдээгүй байгаа учир тус шүүхэд хандан гомдол гаргаж байна.

Намайг ЕБС-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах тухай Засаг даргын дээрх захирамжийн үндэслэлд дурдсан “Авлигын эсрэг хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.1.2, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчлүүдийг миний бие гаргаагүй ба энэ тухай асуудлыг шалгаж тогтоох нь сумын Засаг даргын үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарахгүй бөгөөд Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын нэр дээр ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 06/8753 албан бичиг нь намайг дээрх зөрчлийг гаргасан болохыг нотлох хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр нотлох баримт бус учир намайг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энэ албан бичгийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн атлаа энэ албан бичгийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор /албан бичгийг үйлдэхээс өмнө/ ирүүлэхийг даалгасан нь энэ баримт бодитой баримтанд үндэслэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Захирамжийн үндэслэлд дурдсан “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтууд нь “Оффшор бүсэд банкны данс эзэмших”, “хандив авахтай холбоотой хязгаарлалт” гэх мэт миний үйл ажиллагаанд огт гарч байгаагүй асуудлуудыг зохицуулсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тухайд бол миний бие сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүйгээс гадна урьд өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Мөн захирамжийн үндэслэл болгосон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт заасан зөрчлүүдээс намайг чухам аль зөрчлийг гаргасан гэж үзсэн, энэ нь ямар байгууллага, албан тушаалтны шийдвэрээр, хэзээ, хэрхэн явуулсан ямар шалгалтаар, ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдсон, энэ тухай баримт материал нь одоо хаана байгаа, надад яагаад танилцуулаагүй, тухайн намайг буруутгасан шийдвэрт гомдол гаргах миний хуульд заасан эрхийг ямар үндэслэлээр, хэний шийдвэрээр яагаад хязгаарласан болох нь тодорхойгүй байна. Зөрчил гаргасан үндэслэлээр шалгасан бол “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д зааснаар миний хувьд эдлэх тодорхой эрхүүд байдаг.

1. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дугаар зүйлийг мөн удирдлага болгосон байх боловч сумын Засаг даргын энэхүү бүрэн эрх нь зөвхөн хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд, холбогдох нотлох баримтанд үндэслэсэн, хуулийг зөв хэрэглэсэн өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлтэй байх ёстой ба ажил олгогчийн зүгээс хуулийг дураараа хэрэгжүүлэх, бусдын аливаа эрхэд халдах боломжийг олгосон зохицуулалт биш болно.

2. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Ганзоригийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 285 дугаар албан бичгээр “Б.Б. хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллах” саналыг Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М хүргүүлсэн байх боловч энэ санал нь 1 дүгээрт мэргэжлийн байгууллагын дүгнэлт бус, 2 дугаарт намайг заавал ажлаас чөлөөлөх шалтгаан үндэслэл биш гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б. намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б. нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Миний бие 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 захирамжаар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Б.Б. Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилон ажиллуулсан. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтад орсон нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулийн захирлыг сумын Засаг дарга томилдог болсон.

Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Б. нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1 “е”, 3.1.7 “и” заалтуудыг зөрчиж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь заалт заалтуудыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ба энэ нь тус газраас ирсэн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 06/8753 дугаар албан бичгээр нотлогдсон байна.

Мөн 2019 онд сургуулийн үйлчлэгч Х.О. хууль бусаар ажлаас халж өөрийн төрсөн эгч болох Б. Д. хууль бусаар томилон ажиллуулсан байна. Х.Од.нь шүүхэд ажилд эгүүлэн томилуулах нэхэмжпэл гаргасны дагуу шүүх Х.О. ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч төрсөн эгчийгээ аргагүйн эрхэнд чөлөөлсөн байна.

Б.Б. нь өөрийн хамаарал бүхий этгээд төрсөн эгч Б.Д.г 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 тушаалаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг зөрчиж эгүүлэн томилсон.

Б.Б. нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсоноос хойш багш, ажилчдаа хэл амаар доромжлох, дарамтлах, багш ажилчидтайгаа нийлж архидах, Улаанбаатар хотруу ажил хөөцөлдөх гэх нэрээр чөлөө авахгүй ажил таслах, албан хаагчдыг хууль бусаар ажлаас халах, томилох зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлүүдийг ноцтой зөрчсөн нь багш ажилчдаас ирсэн өргөдөл, гомдол Боловсрол Соёл, Урлагийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 285 тоот албан бичиг, холбогдох бусад баримт бичгээр нотлогдож байна.

Хариуцагч нь дээрхи зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул миний бие 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр А/78 дугаар захирамж гарган Б.Б.г албан тушаал бууруулан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Захиргааны Ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг 2 удаа явуулж, 2020 оны 9 дүгээр сарын 27-нд уг захирамжийг өөрт нь гардуулсан болно.

Б.Б. нь нэхэмжлэлдээ Авлигатай тэмцэх газрын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 06/8753 дугаар албан бичгийг “зөрчил гаргасан болохыг нотлох хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр нотлох баримт бус” гэж үзсэн байна. Мөн нэхэмжлэлдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтууд нь “Оффшор бүсэд банкны данс эзэмших”, “Хандив авахтай холбоотой хязгаарлалт” гэх мэт “миний үйл ажиллагаанд огт гарч байгаагүй асуудлыг зохицуулсан байна” гэж ойлгож байгаа нь одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй, уншиж судлахгүй шийдвэр гаргадаг, уншаад ч ойлгох чадваргүй, төрийн болон удирдах албан тушаалд нийцэхгүй гэдэг нь нотлогдож байна.

Авлигын эсрэг хуулийн 4.1.2 дэх хэсэгт заасан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нар “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй гэж дурджээ. Б.Б. хөдөлмөрийн гэрээ  байгуулсан болох нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түүний авсан цалин, амралтын мөнгө зэргээр нотлогдож байгаа болно.

Б.Б. нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан талаар дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх заалтад “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харъяаллын дагуу шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтад “Шүүхийн хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байдаг.

Гэтэл Б.Б. нь хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн Би Б.Б. хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулсан нь үнэн боловч захирамж гаргах үедээ түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн боловч тэрээр Улаанбаатар хотруу явсан, түүнтэй холбоо барьж болохгүй, мөн би ээлжийн амралтаа авсан байсан учир сургуулийн ерөнхий нягтлан бодогчид захирал чинь хөдөлмөрийн гэрээгээ байгуулах ёстой шүү гэж хэлж байсан. Б.Б. нь гэр бүлийн хувьд тогтвор суурьшилгүй, эхнэр нь Улаанбаатар хотод байдаг учраас би түүнд хөдөө орон нутагтаа ажиллая гэж бодож байгаа бол эхнэрээ сумандаа авч ирж тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй гэж удаа дараа хэлж байсан.  

Иймд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б. Б. Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн, сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б. нь хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар Б.Б. албан тушаалыг бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б. нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан А/78 дугаар Тосонцэнгэл сумын Засаг даргын захирамж, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамжаар Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгон Монгол Улсын хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллалгүй зөрчил гаргасан гэж Б.Б.г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Д.М. нь нэхэмжлэгч Б.Б. сургуулийн үйлчлэгч Х.О.ийг хууль бусаар ажлаас халж, өөрийн төрсөн эгч Б.Д. томилон ажиллуулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, Х.О. ийг аргагүйн эрхэнд ажилд нь буцаан авч байсан, багш ажилчдаа хэл амаар доромжилж, дарамтлах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, чөлөө зөвшөөрөлгүй Улаанбаатар хот руу явах, гэр бүлийн хүнээ сум орон нутагтаа авч ирэхгүй, ар гэрийн хувьд тогтвор суурьшилгүй гэх мэт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн Зөрчил арилгуулах тухай 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 06/8753 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон, сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн хуульд заасан ноцтой зөрчил гарсан, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамж, Аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар зөвлөмж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 155/ШЗ2020/05351 дүгээр шүүгчийн захирамж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2021/00130 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн нь нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан шаардлага хангасан баримтууд байна. Харин  Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн 1, 2 дугаар хавсралтуудын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Тосонцэнгэл сумын ЕБС-ийн захирал Б.Б. нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн үдийн цайны тендерийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлын гар протокол, Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ц.Ганзоригт хандаж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын багш ажилчдаас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлт гаргасан хүсэлтийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар захирамжийн талаарх өргөдөл гомдлын хяналтын карт зэрэг баримтууд нь нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж аваагүй, хуульд заасан шаардлага хангаагүй баримтууд байна.

Хариуцагч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг чөлөөлж, шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын хуулбар, Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум ЗДТГ хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Авлигатай тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 06/8753 дугаар Зөрчил арилгуулах тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/05-ны дугаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох тухай захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар Б.Б. албан тушаалыг бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 дугаар Ажилчинг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 285 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/368 дугаар Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлд Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаар тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны 1/351 дүгээр албан бичгийн хуулбар зэрэг баримтууд гаргаж өгсөн нь нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж аваагүй, хуульд заасан шаардлага хангаагүй баримтууд байна. Харин Төрийн сан Мэргэжилтэн 354 гэсэн дардас дарагдсан 2020 оны ЕБСургуулийн цалингийн картны хуулбар, Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М., Б.Б. нарын хооронд байгуулагдсан 01 дүгээр хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд нь нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан шаардлага хангасан баримтууд байна.

Хэрэгт хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны 4 дүгээр хуралдааны тэмдэглэл авагдсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь Нэхэмжлэгч Б.Б. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/78 дугаар Б.Б. албан тушаалыг бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б. дээрх Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо” хуулийн хугацаанд Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан болох нь зохигчдын тайлбар, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар Зөвлөмж зэргээр тогтоогдож, талууд уг үйл баримттай маргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан: “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн хуулийн хугацааг зөрчөөгүй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М. нь аймгийн Засаг дарга аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарын томилдог байсан ба Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга аймгийн бүх сумдын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлаас нь чөлөөлж, тухайн ажилд нь томилохыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийн захиралын албан тушаалд Б.Б. томилох захирамжаа гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн боловч чөлөө зөвшөөрөлгүй Улаанбаатар хот руу явсан байсан тул сургуулийн нягтлан бодогчоор нь дамжуулж хэлүүлсэн. Гэвч Б.Б. нь ирж хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй учир 2020 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн гэрээгээ нөхөн байгуулсан. Хэрвээ нэхэмжлэгч нь миний нөхөн байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол 2020 оны 7, 8, 9 саруудад түүнд цалин хөлс авах эрх үүсэхгүй гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан  гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ц.М., нэхэмжлэгч Б.Б. нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 01 дүгээр Хөдөлмөрийн гэрээг талууд нөхөн байгуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Ж., Л.Д., О.Д. нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул ажилтан, ажил олгогч нарын хооронд нөхөн байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 01 дүгээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б. төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1 “е”, 3.1.7 “и” заалтууд, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь заалт заалтуудыг зөрчсөн болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ, ямар албан тушаалтны явуулсан, ямар ажиллагаагаар ийм зөрчил илэрсэн, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөнийг хэрхэн тогтоосон болохоо нэхэмжлэгч нотолж чадахгүй, багш ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/368 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаар тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай албан бичгийн хуулбар, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 06/8753 дугаар албан тоотын хуулбар зэрэг баримтууд нь нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж аваагүй, хуульд заасан шаардлага хангаагүй баримтууд байх тул үнэлэх боломжгүй бөгөөд эдгээр баримтуудаар ажилтан буюу нэхэмжлэгч Б.Б. буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт: “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.” гэж зааснаас дүгнэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид байна.

Иймд нэхэмжлэгч Ш. овогт Б.Б. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолоо. 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагч Ц.М.с улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод орууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш. овогт Б.Б.г Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА