Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 15

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00199 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дундговь аймгийн  Эрүүл мэндийн газар, Монгол Улсын Эрүүл мэндийн  яаманд хариуцагдах тэтгэвэрт гарсны тэтгэмжийн зөрүү 2987800 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 954600 төгрөг нийт 3942400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Хариуцагчийн төлөөлөгч Р.М, Ч.Б

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбаа нь 1977-1979 онд Дундговь аймгийн барилгын сургуулийг арматур бетончны мэргэжлээр төгссөн. 1979-1981 онд Барилга трестэд нормчиноор ажилласан. 1981-1982 оны 04 сарын 09-нийг хүртэл нийтийн ахуй үйлчилгээний газрын халуун усны газарт үйлчлэгчээр ажилласан байдаг. 1982 оны 04 сарын 12-ноос 2016 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл нийт 34 жил 3 сар 1 хоног аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр тасралтгүй ажилласан. Нийт ажилласан жил нь 37 жил 9 сар. Үүнээс 34 жил 3 сар 1 хоногийг эрүүл мэндийн салбарт ажилласан. Тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжээ бодож гаргуулна. Үүнийг аймгийн Нэгдсэн эмнэлгээс бичиг баримтаа бүрдүүлээд Дундговь аймгийн эрүүл мэндийн газарт ирүүлж, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч тооцооллыг гаргаад Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Бямбаад оногдох 36 сарын дундаж цалин буюу нэг сарын дундаж цалин 477370 байдаг 417053 төгрөгөөр тооцоод нийт 14195100 төгрөгийн тэтгэмж олгуулхаар бичиг баримт явуулсан байдаг. Эрүүл мэндийн яамнаас энэ мөнгийг 2016 онд Дундговь аймгийн эрүүл мэндийн газарт шилжүүлж ирүүлээд 2016 оны 10 сарын 12- нд банкнаас 14195100 төгрөгийг Бямбаа өөрийн биеэр гардаж авсан. 2016 оны 10 сарын 12-нд тэтгэмжээ аваад явснаас хойш Дундговь аймгийн эрүүл мэндийн газрын тэтгэвэрт гарсан ажилтнууд бүгд авсан тэтгэмжтэй холбоотой яриа гараад чиний авсан тэтгэмж чинь буруу юм биш үү гээд тооцож үзэхэд 2017 оны 01 сарын эхээр бүх тооцоог гаргаад 2987800 төгрөг төлж байгаа юм байна гээд 2017 оны 01 сарын 05-ны өдөр эрүүл мэндийн газрын дарга олгосон тэтгэмжээ дутуу олгосон байна гэж гомдол гаргасан. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт гомдол гаргасан. Дараа нь Эрүүл мэндийн яаманд гомдлоо гаргасан. Хариуд нь Эрүүл мэндийн яамнаас Таны тэтгэмжийг зөв гаргасан байна, танд дутуу юм олгоогүй байна Та тухайн үед ТҮ-1-5-аар цалинжиж байсан байна Танд олгогдох ёстой мөнгө 417370 төгрөг, 3 жилийн дунджаар бодож олгосон. Энэ нь Засгийн газрын 405 болон 338-р тогтоолын журамд заасны дагуу олгогдсон гэж тайлбарладаг. Эрүүл мэндийн яамны эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн гэдэг хүний 2017 оны 03 сарын 06-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт “таны тэтгэмжийг тооцож олгохдоо Засгийн газрын 405 болон 338 дугаар тогтоолын дагуу олгосон”. Гэхдээ Засгийн газрын 405 дугаар тогтоолын өөрчлөлт орсон 3 дах хэсэгт заасны дагуу танд олгосон гэж тайлбарласан байдаг. Бид тэр тогтоолыг уншиж үзсэн. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолыг харсан. Гэтэл энэ хүмүүс Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дах заалт, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолын аль заалтыг барьж тооцоолол хийж Бямбаад тэтгэмж олгосон нь ойлгомжгүй байгаа. Тайлбарлахдаа Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоол болон өөрчлөгдсөн гэж хэлсэн. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 338 дугаар зүйлийн 3 дах заалтыг харахад яг хэвээрээ нэг ч таслал алдалгүй тэр заалт хэвээрээ байж байсан. Харин энэ хүмүүс Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолд зааснаар нэмэлт өөрчлөлт орсоны дагуу таны цалин буурч олгогдсон гэж тайлбарлаад байгаа. Ямар заалт нэмэгдэж ороод Бямбаагийн тэтгэмжийг буурч олгосныг харахад Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд дараах дурьдсан агуулгатай 21 дэх заалт нэмсүгэй гэсэн 21 дүгээр заалт нэмэгдэж орсон байсан.Энэ заалтаар тэтгэмжийг бууруулж олгож байна гэж ойлгоод байгаа. 21 дүгээр заалт дээр “Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно” гэж заасан. 5.4-5.8-д заасан хугацаа гэж ямар хугацааг хэлээд байгаа юм бэ? тайлбарлах байх. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд тэтгэмжийн 2987800 төгрөг нэхэмжилж байна. Бид 2018 оны 01 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Бямбаад олгогдох ёстой 1 удаагийн буцалтгүй тусламжийг 34 сараар олгосон байсан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан буюу 2014 оны 405 дугаар тогтоолын 4-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна” гэж заасан. Дээд хэмжээг заасан болохоос биш энэ хүний ажилласан жилд нь тааруулсан хугацааг зааж олгохоор заагдаагүй байгаа. Нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо 34 сараар биш 36 сараар олгогдох ёстой гэж ойлгоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 954600 төгрөгийг дутуу бодож олгосон. Нийт 3942400 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эрүүл мэндийн газрын 2015 оны 7 сарын 25-ны өдрийн 385 тоот албан бичгээр Эрүүл мэнд, спортын яамны санхүү, эдийн засгийн хэлтэст 2016 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу нийт 9 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтан тэтгэвэрт гарч тэтгэмж авахаар захиалга өгч нэрсийг хүргүүлсэн. Ц.Б-ийн тэтгэмжийг 17.660.100 төгрөгөөр явуулсан. Эрүүл мэндийн яамны 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 1а/3584 тоот албан бичгийн дагуу Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу 2016 оны 9 дүгээр сарын байдлаар Ц.Бгийн тэтгэмж 14.195.100 төгрөгөөр батлагдаж ирсэн. 2008 оноос эхлээд Эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр тэтгэвэрт гарахад тэтгэмж авдаггүй байж байгаад 2008 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т өөрчлөлт орсноор эмнэлгийн мэргэжлийн ажилчид нь тэтгэвэрт гарахад тэтгэмж авдаг болсон. 2008 онд эмнэлгийн улсууд нь тэтгэвэрт гарахад авчихаад 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулинд дахиж өөрчлөлт ороод эмнэлгийн бус ажилчид нь авдаг болсон. 2008 онд гарсан өөрчлөлтөөр нярав, нягтлан, үйлчлэгч нар огт авдаггүй байж байгаад 2011 оны Эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт орсноор эмнэлгийн бус ажилчид нь авдаг болсон. Бид нар төсвийн тухай хуулийн дагуу төсвөө 07 сарын 15-нд очиж батлуулдаг. 2015 оны 7 сард Бямбаагийн тэтгэмжийг  батлуулсан. 2011 оны өөрчлөлт орсноор бид нар 1 жилийн тэтгэмж авах эрхтэй байсан. Нэгдсэн эмнэлэг бид нарт 1 жилийн тэтгэмжийн захиалга өгсөн. Гэтэл 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 405 дугаар тогтоолоор яг ажилласан жилээр нь олгодог болсон. Төрийн үйлчилгээний албанаас эрүүл мэнд, боловсрол 2 тэтгэмж авдаг байгаа. Бямбаагийн тэтгэмжийг 2015 онд захиалга өгөхдөө 34 жилээр олгож өгсөн. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 3,5 дугаар заалтууд дээр байгаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан дараах хугацаа хамаарна ” гэж заасан байгаа тэр хугацаанд Бямбаа орохгүй байгаа. Яагаад гэвэл 1-рт барилга трестэд байсан. Барилга трест бол төрийн өмч биш. 2-рт халуун усанд байсан. Эд нарыг оруулах заалтгүй болчихоод байгаа. Эрүүл мэндийн салбарт ажилласан 34 жилээр нь энэ хүний тэтгэмжийг захиалж өгсөн. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 3 дах заалтанд “Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын 1 сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын 1 сарын үндсэн цалингийн хамгийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож тогтооно”. Энэ өөрчлөлт яаж орсон бэ? гэвэл Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолоор орсон. Бид нар Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 3 дах заалтанд заасны дагуу 17.000.000 төгрөгөөр тэтгэмжийг захиалая гэхэд Эрүүл мэндийн яамнаас Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоол гарсан учраас хамгийн сүүлийнх биш сүүлийн 3 жилийн дунджаар тооцоод Эрүүл мэндийн яам 14.195.100 төгрөг өгсөн Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 3 дах хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан. Төрийн албанд ажилласан жилийг яаж тооцох вэ гэдэг үндэслэл гарч ирж байгаа. Төрийн албанд ажилласан жилийг Төрийн албаны тухай хуулийн 6-9-т заасан албан тушаалын ажилласан хугацаа, Улсын Их Хурлаас 1995 оны 1 сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасан хугацаа. 5.6-д заасан хугацаа бол “Төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан 1996 оны 8 сарын 1-нээс 2008 оны 5 сарын өдөр хүртэл ажилласан хугацааг” төрийн албанд ажилласанд оруулна гээд байгаа. Энэ заалтуудыг нэхэмжлэгч тал эргэж харах ёстой. 2-рт сүүлийн 3 жил гэдгийг 1 жилээр үржүүлнэ гээд 405 дээр бичсэн байгаа. Гэтэл хашилтан дотор “ЗГ-ын 2015-08-17-ны өдрийн 338-р тогтоолоор нэмсэн бөгөөд энэ тогтоолыг 2015-1-23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гээд сүүлийн 3 жилийн дунджийг энд заагаад өгсөн байгаа.  Нэгэнт 2015 оны 8 сарын 17-нд 338-р тогтоол гараад тэр тогтоолын заалтаар сүүлийн 3 жилийн дунджаар бодох учраас 477300 төгрөгөөр бодох үндэслэлгүй болж байгаа.

            Хариуцагч Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Журмын дагуу бүх аймгийн хэмжээний Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн бүх тэтгэвэр, тэтгэмжийн гарт төвлөрсөн захиалгыг Эрүүл мэндийн газар дээр авдаг. Сумдын тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хүмүүсийн нийгмийн даатгалын дэвтэр бүх бичиг баримтыг би тулгаж авдаг. Нэгдсэн эмнэлгийнхийг нэгдсэн эмнэлэг хүний нөөцтэй, нягтлан бодогчтой, даргатай учраас Бямбаа гуайн 10 хуудас материал гээд байгаа нь 36 жил ажилласан нийгмийн даатгалын дэвтэр байгаа. Энэ дэвтэр нь манай газарт ирдэггүй. Хүний нөөц нь баталгаажуулаад нягтлан цалинг нь бодоод манайд хүснэгтээр ирдэг. Тэрийг нь манайх хүснэгтээр Эрүүл мэндийн яамруу захиалга явуулдаг гэв.

Хариуцагч Монгол Улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Б нь 1982 оны 04 сарын 13 ны өдрийн 44 дүгээр тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилд орж 1995.12.31 өдрийн тушаалаар ЭМТ-д үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016.09.01-нд тэтгэвэр тогтоолгосон байдаг. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл” тогтоосон 7 дугаар хавсралтын 14-т “Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах албан хаагчид үйлчлэгчийг тооцохоор зааж өгсөн. Иймд Ц.Б нь хамгийн сүүлд үйлчлэгчээр ажиллаж байсан тул Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3 дахь заалтанд ... заасны дагуу .....үйлчлэгчийн албан тушаалын цалингийн 36 сарын дундаж болох 417053 төгрөгийг 34 жилээр үржүүлж 14195100 төгрөгийг ... батлан хүргүүлсэн байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2014 оны 405, 2015 оны 338, 2007 оны 354 дүгээр тогтоолоор  нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын Эрүүл мэндийн яам, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 2.987.800 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 954.600 төгрөг нийт 3.942.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...нэхэмжлэгч Ц.Б нь Эрүүл мэндийн Яам, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан  нийт 3942400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна. Нэхэмжлэгч Ц.Б нь 1982.4.13-наас 2016 оны 9-р сарыг хүртэл 34 жил 4 сар Дундговь аймгийн  “Нэгдсэн эмнэлэг”-т үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Ц.Б-д Засгийн газрын 2014 оны 405, 2015 оны 338-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ алба хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3-д зааснаар 14195100 төгрөгийг олгосон болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ц.Б нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд тус үйлчлэгчийн албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 354-р тогтоолын 7-р хавсралтад зааснаар ТҮ-1 дүгээр ангилалд багтсан  байна. 

Засгийн газрын 332-р тогтоолын 7-р хавсралтад ТҮ-1-5 ангилал зэрэглэлийн үндсэн цалинг 415496 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд тэтгэмжийг олгохдоо нэхэмжлэгч Ц.Б-ийн сүүлийн 3 жилийн цалингийн дунджийг 417053 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Аймгийн  Эрүүл мэндийн газраас 2014 оны 4 болон 3 дугаар сард 2 удаа Ц.Б-ийн үндсэн цалинг нэмсэн  гэдэг  боловч энэ талаараа бичгийн баримт гаргаж өгөөгүй /тушаал/ тэр ч байтугай хариуцагч нар хэн аль нь Ц.Б-д тухайн үед хэдэн төгрөгийн цалинг 2 удаа хэрхэн нэмж олгосон талаар тайлбарлаж чадахгүй байсан бөгөөд бидний тооцоогоор Ц.Б нь Эрүүл мэндийн салбарт 25 жилээс дээш ажилласан албан хаагчийн хувьд түүний төрийн үйлчилгээний албан хаагчийн шатлал ТҮ-2-5 байсан гэж үзэж сүүлийн  3 жилийн цалингийн  дунджаар 477300 төгрөгөөр тооцож одоо 2987800 төгрөгөөр нэхэмжилж гомдлоо гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч Ц.Б барилга трестэд нормчноор болон НААҮГ-т үйлчлэгчээр ажиллаж байсан жилүүдийг оролцуулан 2 сарын буцалтгүй тусламж дутуу тогтоосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.  Засгийн газрын 2014 оны 405, 2015 оны 338-р тогтоолын 5.4-5.8 дугаар зүйлд заасан хугацаанд Барилга трестэд нормчин, НААҮГ-т үйлчлэгчээр ажиллаж байсан хугацаа орохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ц.Б нь Барилга трестэд нормчиноор ажилласан болон Аймгийн НААҮГ-т үйлчлэгчээр 2 жил ажилласан  талаар Аймгийн  Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажилласан жил дээрээ нэмж бодуулах тухай нэхэмжлэл гаргаагүй. Харин  Төрийн албаны тухай хуулийн 30.2-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан  тушаалын үндсэн цалингаас ихгүй байна” гэж зааснаас үзвэл энэ нь буцалтгүй тусламж 1 удаа олгох дээд хэмжээг зааснаас бус энэ хүний ажилласан  жилд нь өөрөөр хэлбэл Аймгийн  нэгдсэн эмнэлэгт 34 жил ажилласан бол 34 сараар тооцож олгоно гэсэн заалт биш гэж ойлгож байгаа учраас нэг удаагийн буцалтгүй тусламжийн 2 сарын тэтгэмжийг буюу 954000 төгрөг нэхэмжилж байгааг дэмжиж гомдол гаргаж байх тул Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэж буруу түгнэсэн байна. Учир нь улсын тэмдэгтийн хураамжид Ц.Б нь 2018.02.06.нд 29000төгрөг  төлсөн болно гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,хэргийн нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

 Шүүх хариуцагчийн төлөөлөгч Д.Х-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хавтаст хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас 25 хуудас нотлох баримт ирүүлсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно. “ гэж хуульчилсан.

 

Шүүх тухайн нотлох баримтуудыг хүлээн авсанаас үзвэл хуулийн дээрх зүйл заалтын дагуу нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзжээ. Ийнхүү  үзэхдээ шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэргийн нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судлах нь зохигчдын мэтгэлцэх эрхэд нөлөөлөхгүй, мөн хариуцагчийн төлөөлөгч Д.Х-т тухайн нотлох баримтуудыг танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах нь түүний хуульд заасан эрхийг зөрчихгүй гэх үндэслэлээ тодорхойлоогүй байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх заалт, хуулийн шаардлагыг огт биелүүлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн, мөн  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 34 эсвэл 36 сараар нэхэмжилж байгаа нь тодорхой бус байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй асуудлыг тодруулаагүйн зэрэгцээ  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

  Анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00199 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                           Ш.ТӨМӨРБААТАР

                                             ШҮҮГЧИД                           Т.БЯМБАЖАВ   

                                                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ