Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 86

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигон 2-6 тоотод оршин суух, Нордов од овогт Дамиранзавын Төгсжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигон 2-6 тоотод оршин суух Боржигон овогт Батбуянгийн Мэнд-Амарт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Төгсжаргал, хариуцагч Б.Мэнд-Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Төгсжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Мэнд-Амартай 2000 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг, эх блсон. Бид хамтран амьдрах хугацаанд таарч тохирохгүй болсны улмаас гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ Б.Мэнд-Амар өөрийн асрамжинд авах хүсэлтэй байсны дагуу шүүх 2 хүүхдийг маань эх Б.Мэнд-Амарын асрамжинд үлдээж, сар бүр эцэг надаар тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хүү Т.Гантогтох нь гэр орондоо эхтэйгээ таарч тохирохоо больж муудалцан улмаар гадуур айлаар байх болсон. ...Шүүхээр хүүхдийнхээ асрамжийг шийдвэрлүүлж өөр дээрээ хүү Т.Гантогтохыг авсан. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх хэн аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг тул 2001 оны 11 сарын 09-нд төрсөн хүү Т.Гантогтоход  эх Б.Мэнд-Амараас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мэнд-Амар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2011 оны 09 сарын 21-ний өдрийн 336 дугаарт шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ нэг нэгээр нь өөрсдийн асрамжид авахаар шийдвэрлэсэн боловч Д.Төгсжаргал нь хүүгээ өөрөө харж хандана гэж шүүх хурал дээр ярьж хэлсэн хэрнээ эгч Алтанхундагатай орхиод явсан байсан. Хүү маань тэр айлд загнуулж, зодуулж шоовдорлуулж байх хэцүү байсан болов уу. Нэг өдөр надтай байна. тэднийд баймааргүй байна гээд ирсэн тул би хүүхдээ харж хандаж байсан ба Д.Төгсжаргал нь 2 жил орчим хугацаанд 2 хүүхдээ огт харж хандахгүй дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байсан учир шүүхэд хандан 2014 оны 08 сарын 21-ний өдрийн 2016 дугаартай шийдвэрээр 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг Төгсжаргалаас тэтгэлэг гаргуулахаар тогтоосон. Хүү Т.Гантогтох маань эцэгтэйгээ байхыг хүссэний дагуу эцэг Төгсжаргал нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 139 дугаартай шийдвэрээр хүү Т.Гантогтохыг эцэг Д.Төгсжаргалынх нь асрамжид үлдээхээр болсон.

Иймд Д.Төгсжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Бид 2 хүүхдээ нэг нэгээр нь өөсдийн асрамжинд үлдээсэн байгаа тул 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш охин Т.Намуундарийн тэтгэлэгийг зогсоож, хэн хэн нь өөрсдийн асрамжинд байгаа хүүхдүүдэд тэтгэлэг төлөхгүйгээр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Төгсжаргалын нэхэмжлэлтэй Б.Мэнд-Амарт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн зохигч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2 хүүхдээ нэг нэгээр нь өөрсдийн асрамжинд үлдээсэн байгаа тул 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш охин Т.Намуундарийн тэтгэлэгийг зогсоож, хэн хэн нь өөрсдийн асрамжинд байгаа хүүхдүүдэд тэтгэлэг төлөхгүйгээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Төгсжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мэнд-Амарт холбогдох 2001 оны 11 сарын 08-нд төрсөн хүү Т.Гантогтоход хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч 2 хүүхдээ нэг нэгээр нь асран хамгаалж байгаа тул хэн альнаасаа тэтгэлэг гаргуулахгүйгээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 23248 /хорин гурван мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР