Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/01287

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/01287

 

 

Дарви мөнгөн аяга БГБХ-нөхөрлөл

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаар шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00082 дугаар магадлалтай,

 

Дарви мөнгөн аяга БГБХ-нөхөрлөл, Жаргалант овоотын хишиг ХХК, Дарви Сутай суварга ХХК, Сутай сервис ХХК, Сутай түшиг ХХК, Сүрлэг сутайн Өлзийт ХХК, Сутайн сод ирээдүй хороо, Дарви дэлгэр эх ХХК, Их алтан гадас ХХК, Дарви бумбатай БГБХ нөхөрлөл нарын нэхэмжлэлтэй

Эбон тур ХХК-д холбогдох

 

Ховд аймгийн Дарви сумын Булган багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй Бумбат үйлчилгээний газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар, өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дарви мөнгөн аяга БГБХН, Жаргалант овоотын хишиг ХХК, Дарви Сутай суварга ХХК, Сутай Сервис ХХК, Сутайн Түшиг ХХК, Сүрлэг Сутайн Өлзийт ХХК, Сутайн Сод ирээдүй хоршоо, Дарви Дэлгэр Эх ХХК, Их Алтан гадас ХХК, Дарви Бумбатай БГБХН нараас хариуцагч Эбон тур ХХК-д холбогдуулан Ховд аймгийн Дарви сумын Булган багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй Бумбат үйлчилгээний газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-ийг, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Дарвимөнгөн аяга БГБХ нөхөрлөл болон хамтран нэхэмжлэгч Жаргалант овоотын хишиг ХХК, Дарви Сутай суварга ХХК, Сутай сервис ХХК, Сутай түшиг ХХК, Сүрлэг сутайн Өлзийт ХХК, Сутайн сод ирээдүй хоршоо, Дарви дэлгэр эх ХХК, Их алтан гадас ХХК, Дарви бумбатай БГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлийг хангаж, Ховд аймгийн Дарви сумын 5-р баг, Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч Эбон тур ХХК-ийн Бумбат үйлчилгээний газрыг албадан буулгаж газрыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Эбон тур ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00082 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00968 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Дарви мөнгөн аяга БГБХ нөхөрлөл, Жаргалант овоотын хишиг ХХК нарын 10 нэхэмжлэгчийн хариуцагч Эбон тур ХХК-д холбогдуулан гаргасан Ховд аймгийн Дарви сумын Булган багт байрлах, Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа Эбон тур ХХК-ийн Бумбат үйлчилгээний газрыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар, өмгөөлөгч Н.Оюунчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Магадлалд Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016.12.19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Дарви сумын Булган багт 0.25 га газрыг үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тогтоосон тул Эбон тур ХХК-ийн эзэмшиж байгаа Дарви сумын Булган багийн Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1.0 га газрыг нийтийн эдэлбэр газар гэж үзэх боломжгүйгээс гадна тухайн газартай холбоотой нэхэмжлэгч нар ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх нь тогтоогдоогүй гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хэрэгт нотлох баримтаар Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг гаргаж өгсөн. Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016.12.19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Дарви сумын Булган багт 0.25 га газрыг үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тогтоосны дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017.08.30-ны өдрийн А/143 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамж, мөн 2018.03.20-ны өдрийн А/28 дугаар Дуудлага худалдаа зохион явуулах тухай захирамж, 2018.04.13-ны өдрийн А/43 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамж, 2018.04.13-ны өдрийн Дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.04-ний өдрийн 4 дугаартай шийдвэр, 2018.10.09-ний өдрийн 52 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2019.02.13-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Дарви сумын Булган багийн Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1.0 га газрыг Эбон тур ХХК-д эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016.12.19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Дарви сумын Булган багт 0.25 га газрыг үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэр гарснаар тухайн газар нь нийтийн эдэлбэр газар байх хуулийн зохицуулалтаа алдахгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулагдаж, Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрх хэрэгжсэнээр газар эзэмших эрх хууль зүйн дагуу хэрэгжинэ. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 0.25 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атал Эбон тур ХХК нь 1.0 га газрыг ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.

4.2 Нэхэмжлэл гаргагч хуулийн этгээдүүд нь Ховд аймгийн Дарви сумын Булган багт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Үндсэн хуульд зааснаар нэхэмжлэгч нар нь ард түмний төлөөллийн хувьд нийтийн өмч болох нийтийн эдэлбэр газрыг хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болно. Мөн чөлөөлүүлэхээр маргаж буй газрыг хариуцагч Эбон тур ХХК-д эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан Захиргааны хэргийн шүүхийн маргаанд нэхэмжлэгч Дарвимөнгөн аяга БГБХ нөхөрлөлийн эзэн Д.Зоригбаатар нь нэхэмжлэгчээр оролцсон нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу тухайн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, чөлөөлүүлэх шаардах эрхтэй болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж дүгнэлт хийхдээ Шаардлага гаргагчийн хувийн эрх ашиг хөндөгдөөгүй, өөрөөр хэлбэл тухайн газрын эзэмшигч өмчлөгч биш л бол нийтийн эдэлбэр газар дээр хэн ч дураараа барилга, байгууламж барьж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж болох гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар, өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч Дарви мөнгөн аяга БГБХН, Жаргалант овоотын хишиг ХХК, Дарви Сутай суварга ХХК, Сутай Сервис ХХК, Сутайн Түшиг ХХК, Сүрлэг Сутайн Өлзийт ХХК, Сутайн Сод ирээдүй хоршоо, Дарви Дэлгэр Эх ХХК, Их Алтан гадас ХХК, Дарви Бумбатай БГБХН нар нь хариуцагч Эбон тур ХХК-д холбогдуулан Ховд аймгийн Дарви сумын Булган багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй Бумбат үйлчилгээний газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018.08.30-ны А/143 захирамжаар Эбон тур ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн. ... тус захирамжийг Захиргааны хэргийн шүүхийн 2018.01.04-ний өдрийн 04 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон. ... Засаг даргын 2018.03.20-ны өдрийн А/28 дугаар захирамжаар уг газарт дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсний дагуу 2018.04.13-ны өдрийн А/43 дугаар захирамжаар Эбон тур ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Засаг даргын уг захирамжуудыг Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хэлэлцэж Улсын дээд шүүхийн 2019.02.13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор эцэслэн шийдэж, хүчингүй болгосон . ...Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх нь дуусгавар болсон бол уг газарт байгаа барилга байгууламж, бусад эд хөрөнгийг өмчлөх этгээдийн эд хөрөнгийг тухайн газарт ашиглах эрх нь дуусгавар болно. ...өөр нэг үндэслэл нь ... тус газарт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Бумбат үйлчилгээний төв хүнсний худалдаа үйлчилгээний газар бөгөөд Дарви суманд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг бусад аж ахуйн нэгжийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. ... газар бол төрийн нийтийн өмч, Дарви сумын аль ч иргэн нийтийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд Эбон тур ХХК-ийн Бумбат үйлчилгээний газар нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарлажээ.

 

7. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Засаг даргын А/43 дугаартай шийдвэрийг үндэслэн газрын гэрчилгээ олгогдсон тул 2018.06.16-ны өдөр Бумбат үйлчилгээний цогцолборын үйл ажиллагаа эхэлсэн. Газар олгосон захирамж хүчингүй болсон бөгөөд үүнд Эбон тур ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас огт хамааралгүй, ... төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж захирамж хүчингүй болсон. ... газрын дуудлага худалдаа зарлаад 20 хоноход нэхэмжлэл гаргасан байгууллага иргэдээс хэн нь ч оролцоогүй, санал гаргаагүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгууллагад чирэгдэл учруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... нэхэмжлэгчийн яг ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй, ... Бумбат үйлчилгээний цогцолборыг барихад 416,048,099 төгрөг зарцуулсан ... ажилчдын 93 хувь нь Дарви сумын иргэд. ... иргэний эрх зүйн харилцааны зохицуулалтаа анхаарах нь зүйтэй. Энэ газар нэхэмжлэгч нарын эзэмшиж, өмчилж байгаа газартай давхцалгүй, газар чөлөөлүүлэхтэй холбоотой маргаан гаргаж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа доголдоод байгаад замын эсрэг талд үйл ажиллагаа явуулж байгаа Бумбат цогцолбор ямар хамаатайг ойлгохгүй байна. ... захиргааны хэрэг, иргэний хэрэг ялгаатай. Шүүхийн дүгнэлтэд захиргааны байгууллагын ажилтан бусдын эрхийг зөрчсөн гэж дүгнэснээс Эбон тур ХХК зөрчсөн гэж дүгнээгүй. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх зөрчигдсөн талаар ярих ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийг анхаарах хэрэгтэй гэж хариу тайлбар гарган маргажээ.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ховд аймгийн Дарви сумын 5-р баг, Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч Эбон тур ХХК-ийн Бумбат үйлчилгээний газрыг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ Эбон тур ХХК газар эзэмших эрхгүй ... Засаг дарга албадан нүүлгэх ажлаа хийгээгүй. Хариуцагч болон Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй учир Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12-т заасан бүрэн эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандсан. гэж дүгнэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагчийн эзэмшиж байгаа газрын хувьд нэхэмжлэгч нарын аливаа эрх давхцаагүй, тэдгээрийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд хамаарахгүй, нэхэмжлэгч нарын субьектив эрх хөндөгдөөгүй байх тул бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл бүрдээгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

10. Зохигч нь хариуцагч Эбон тур ХХК-ийн Бумбат үйлчилгээний цогцолбор байрлаж буй Ховд аймгийн Дарви сумын 5-р баг, Булган багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хаягт байгаа газрын эзэмшил нь хууль бус болох үйл баримтын тухайд маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нар болох Дарви мөнгөн аяга БГБХН, Жаргалант овоотын хишиг ХХК, Дарви Сутай суварга ХХК, Сутай Сервис ХХК, Сутайн Түшиг ХХК, Сүрлэг Сутайн Өлзийт ХХК, Сутайн Сод ирээдүй хоршоо, Дарви Дэлгэр Эх ХХК, Их Алтан гадас ХХК, Дарви Бумбатай БГБХН хуулийн этгээдүүдийн газар эзэмших, ашиглах эрх маргаан бүхий газартай давхцалгүй, тухайн газрын хувьд эдгээр хуулийн этгээд хувийн эрх зүйн аливаа эрх эдэлдэггүй болох үйл баримтын тухайд маргаагүй.

Харин тус компанийн эзэмшлийн Бумбат цогцолбор худалдааны төвийг буулган Эбон тур ХХК-ийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрх нэхэмжлэгч болох хуулийн этгээдүүдэд байгаа эсэх талаар маргаж байна.

 

11. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ийнхүү шаардлага гаргах эрхээ нийтийн эрх зүйн үндэслэлээр тайлбарлаж, Бумбат цогцолборын байрлаж буй газрыг хэн нэг этгээд хууль ёсоор эзэмших, ашиглах эрх үүсээгүй тул нийтийн эдэлбэр газарт тооцогдоно, нийтийн эдэлбэр газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд Монгол Улсын иргэн хэн ч гаргах боломжтой гэх агуулгаар маргаж байна.

 

12. Нэхэмжлэгч нар бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх хувийн эрх зүйн шаардах эрхийн хүрээнд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн хүрээнд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулах шаардах эрхийг эдийн баялгийн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн хэрэгжүүлнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч уг шаардлагыг гаргах эрхтэй бол, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч уг шаардлагыг гаргах эрхтэй. Нэхэмжлэгч этгээд нийтийн эдэлбэр газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол улсын бүх иргэд байх боломжтой тул Иргэний хуульд заасан хууль ёсны өмчлөгч гэдэгт өөрсдийгөө хамаарна гэж үзжээ. Нэхэмжлэгчийн тус тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

12.1. Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын иргэд бус, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх ба Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээд газар өмчлөгч байх боломжгүй.

12.2. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмчид хамаарна. Монгол Улсын аль нэг иргэн тус заалтын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах аль ч хэсэг газрыг чөлөөлүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн гаргахын тулд тухайн эзэмшил газрын хувьд нэхэмжлэгч этгээдийн субьектив эрх хөндөгдсөн байхыг шаардана. Хэдийгээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмчид хамаарах хэдий ч төрийн нийтийн өмчийг ард түмнийг төлөөлөн төрийн эрх бүхий этгээд удирдан зохион байгуулж, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газар хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч уг газар нь иргэд хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой, ийм төлөвлөлтөд орсон, үүнтэй холбоотой үйлдлүүд нэгэнт хийгдэж эхэлсэн байх тул Газрын тухай хуульд заасан нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй. Иргэд, хуулийн этгээдийн хувийн эрх зүйн субьектив эрхэд хамаарахгүй төрийн нийтийн өмчийн газар нь нийтийн эдэлбэр газар биш бол төрийг төлөөлөн газрыг эзэмшүүлж, ашиглуулах эрх тухайлан олгогдсон төрийн захиргааны байгууллага Иргэний хуулийн болон Газрын тухай хуулийн холбогдох үндэслэлээр хувийн эрх зүйн шаардлага гаргах эрхтэй.

12.3. Нэхэмжлэгч нар хувийн эрх зүйн шаардах эрхийг хэрэгжүүлэх гол үндэслэл тэдгээрийн хувийн ашиг сонирхол хөндөгдсөн байхыг шаардана. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Бумбат цогцолборт хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа нь нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ашигт байдлыг бууруулж байгаатай холбон тайлбарлаж байна. Гэвч уг тайлбар нэхэмжлэгчдийн шаардах эрхийн үндэслэл байх боломжгүй бөгөөд газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийн хооронд ийм шаардлагад хангагдсан байвал зохих хувийн эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдах зөрчигдсөн ашиг сонирхол тогтоогдсонгүй.

 

13. Дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах субьектив эрх хөндөгдөөгүй, ... ямар эрх хөндөгдөж, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тодорхойгүй гэх дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар, өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.   Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00082 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.