Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/805

 

Ө.М, Г.А, М.М

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогч Г.Д, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

өсвөр насны шүүгдэгч Ө.Мандах-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч С.Ө,

шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Шинэзориг, Ж.Давааням,

өсвөр насны шүүгдэгч Ө.М болон шүүгдэгч М.М нарын өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/784 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Ө.М, М.М нарын өмгөөлөгч Л.Бурмаа, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Шинэзориг, С.Өнөрзаяа, Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.М, Г.А, М.М нарт холбогдох 1906007990991 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Д овгийн Өы М, 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгосын политехник коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЖ04232718/;

            2. Б овгийн Гын А, 1996 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 49 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:У396051535/;

            3. Б овгийн Мын М, 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрэл” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:У397122738/;

            Ө.М, Г.А нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Дын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж, нийт 24.254.553 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн М.М нь 2018 оны 12 дугаар сард “Ө.М, Г.А нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Дын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор зарим эд зүйлийг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж бусдад шилжүүлсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.М, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, А.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Д овогт Өы М, шүүгдэгч Б овогт Гын А нарыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, шүүгдэгч Б овогт Мын Мөнх-Эрдэнийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашиглах, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Мд 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1       дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, өсвөр насны шүүгдэгч Ө.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт нь үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хар өнгийн хоёр мөрөндөө үүрдэг цүнх нэг ширхэгийг өсвөр насны шүүгдэгч Ө.Мд, ягаан өнгийн хайрцагтай үнэртэй усыг хохирогч Г.Дт тус тус олгож, өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Г.А, М.М нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Ө.М 8.971.031 төгрөгийн эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн, 10.000.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч М.М бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Г.А нараас 6.576.440 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Дт олгож, хохирогч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Г.А нараас жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч С.Өнөрзаяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/784 дугаартай шийтгэх тогтоолын Г.Ат холбогдох хэсгийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “...Шүүгдэгч Гын А нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэвч энэ байдал нь гэрч Э.Төгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Эрдэнэбулган, М бид 3 хоносон. Мандах-Эрдэнийн хамаатны ах бид гурвыг хохирогчийн байрны баруун талд хүргэж өгсөн. Бид гурвуулаа байсан. ...”, гэрч Б.Эрдэнэбулганы шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогчийн гэрт 12 дугаар сарын сүүлээр Мтэй очсон. Очоод тоглож байгаад юм идээд унтсан. ...Хоёр дахь удаагаа очиход намайг хоёр ах, Төгөлдөр, М тэр хэд ирж авсан. ...Тэр хоёр ахыг танихгүй. Байрных нь гадаа хүргүүлсэн. ...”, гэрч Ө.Мандах-Эрдэнийн “Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь удаагаа Д ахын гэрт очихдоо Эрдэнэбулганы хамт очсон, дараа нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр очсон. Тэр өдөр очихдоо Төгөлдөр, Эрдэнэбулган хоёртой хамт очсон. ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч Г.А хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэх шүүхийн дүгнэлт дээрх гурван гэрчийн мэдүүлгүүд болон тэднийг хохирогчийн гэрт хүргэж өгөөд гаднаас нь буцсан гэх гэрч Есөнтөмөрийн мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг. Шийтгэх тогтоолын 14 дэх хуудасны дээрээс 2 дахь догол мөрөнд “Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Аын өгсөн “би тэр айлд очоогүй, хулгай хийгээгүй” гэх мэдүүлгүүд нь гэрч Д.Алтанцэцэгийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1хх 53-55/, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өгсөн /1хх 67/, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн /2хх 7/ мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 26-27/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана. Иймд “гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Г.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм” гэжээ. Гэтэл гэрч Алтанцэцэгийн дээрх мэдүүлгүүд нь шууд заасан хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй хариулт болгон нь “тийм байх шиг байна, тэгсэн шиг санагдаж байна, тэр залуу шиг харагдсан учраас таньсан, ийм цулцгар хацартай шар залуу байсан уу, туранхай гурвалжин царайтай байсан уу мэдэхгүй, тухайн үед камер дээрх зураг, үзүүлсэн зураг дээрх 2 адилхан санагдсан, Биеэр таниулахад бараг л мөн болов уу гэж таньсан, Гурвуулаа л мөн юм шиг байна. ...”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “шөнө орой юу байдаг юм гээд хаалга тайлж өгөөгүй, хаалга тайлж өгөөд нүүр царайг нь харсан бол арай өөр байх байсан. ...” гээд таньж олуулах ажиллагаагаар таньсан 2 номерын цаас барьсан залуу нь наад талд сууж байна” гэж шүүгдэгч Мөнх-Эрдэнийг заасан. Гэрч Алтанцэцэгийг тухайн шүүгдэгч нарын царайг нь тулж хараагүй гэж мэдүүлсээр байхад зөвхөн камер дээр харсан дүрстэй харьцуулан хэрэг гарснаас хойш бүтэн 6 cap өнгөрсний дараа таньж олуулах ажиллагаанд оролцуулж, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана.”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна. ...” гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/784 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу яллах болон цагаатгах байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, түүнчлэн мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн байна. Учир нь, насанд хүрээгүй гэрч Ө.М 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын дундуур өөрийн нагац эгчийнд буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 96 дугаар байрны 31 тоотод Болор-Эрдэнэтэй хамт орохдоо гэрийнх нь 1 хувь түлхүүрийг гутлын тавиур дээр байхаар нь авсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд найз болох Э.Эрдэнэбулган, Э.Төгөлдөр нарын хамт тус байр руу хамт орсон. Бид 3 манай эгчийнд ороод авчирсан бэлэн гоймон, ундаа зэргийг идсэн. Удалгүй бид 3 ахын “Play station 4” тоглоомыг хамт тоглож байгаад өлсөөд байхаар нь пицца захиалж идсэн. Тэр хоёрыг “Play station 4” тоглоомыг тоглож байхад нь би том өрөөнд нь байх бор өнгийн ханын шүүгээг онгойлгоод дотор нь байсан монетон ээмэг, бөгж, зүүлт зэргийг авсан. Ширээн дээр байсан сейфний түлхүүрийг аваад сейфийг нь онгойлгоод дотор нь байсан гадаад валют, хайрцагтай байсан бөгж зэргийг бүгдийг нь авсан. Өглөө гарахдаа “Play station 4” тоглоомыг нь аваад явсан. ...Би авсан алт, монетон эдлэлүүдээ Яармагийн эцэст байрлах “Нандин” нэртэй ломбардад өөрийн төрсөн ах Мд энэ зүйлсийг олсон юм гэж худлаа хэлээд 1.000.000 төгрөгөөр ахаараа тавиулсан, “Сайн” ломбардад үлдсэнийг нь 400.000 төгрөгөөр барьцаалсан. Мөн “Play station 4” тоглоомыг фейсбүүкээр танилцсан эрэгтэй хүнд 2019 оны 1 дүгээр сард 550.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 65/ гэх, насанд хүрээгүй яллагдагч Ө.М 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “Болор-Эрдэнэ эгчтэй хамт 2018 оны 11 дүгээр сард гэрт нь орж байсан юм. Тэр үед Д ахын эхнэр Болор-Эрдэнэ эгч гэрт юм зөөгөөд оруулаад өгөөч гэхээр нь хамт орсон юм. Тэгээд гэрт нь юмыг нь зөөж оруулж өгчихөөд байж байтал Болор-Эрдэнэ эгч нэг талын өрөөндөө юм хийгээд гарч ирэхгүй байхаар нь гутлын тавиурынх нь хойно нь уначихсан байсан 3 ширхэг түлхүүрийг нь авчихсан юм. ...Би нийт 4 удаа гэрт нь орсон санагдаж байна. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... манай ангийн найз Эрдэнэбулгантай хамт зүгээр орох гэж орсон юм. ...Дараа нь 12 дугаар сарын 27-ны өдөр монитагийн баяр болоод орой нь Эрдэнэбулган, Төгөлдөр нарын хамт дахин гэрт нь орсон юм. ...Тэгээд маргааш өглөө нь Эрдэнэбулган, Төгөлдөр хичээлдээ явсан ба тэр өдрөөс хичээл амарч байсан юм. Би Д ахын гэрт нь үлдэж унтаж байгаад босоод шкафанд байсан 4 билүү 5 ширхэг бөгж, хоёр ширхэг монетон гинж, кулон 2 ширхэг /сайн санахгүй байна/ ээмэг 3 хос буюу 6 ширхэг /сайн санахгүй байна/ санта сувинер, төмөр зүрхэн хэлбэртэй сав аваад гарсан юм. ...Тэгээд нэг нэгээр нь олсон юм гэж хэлээд М гээд төрсөн ахдаа худлаа хэлээд ломбардад барьцаанд тавиулсан юм. ...Мөн нэг бөгжийг нь А гээд хамаатны ахдаа олсон юм гэж хэлээд “Сайн” ломбардад 130.000 төгрөгөөр барьцаанд тавиулаад мөнгөө би өөрөө авсан. ...” /1хх 101-102/ гэх, насанд хүрээгүй яллагдагч Ө.М 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Дараа нь буюу 2018 оны 12 дугаар сарын 27-нд очиж 12 дугаар сарын 28-ны өглөө ганцаараа үлдээд гарахдаа гутлын тос, металл бөгж 1 ширхэг, 4 ширхэг монетон бөгж, “Play station 4” тоглоом, 2 ширхэг гар, холбогч гээд иж бүрдлээр нь 2 хоёр буюу 4 ширхэг эрэгтэй, эмэгтэй гутал, эмэгтэй хүний иж бүрэн ээмэг бөгж, гинж, кулон хоёр хослол, эмэгтэй хүний нүдний шил 1 ширхэг сантагийн тоглоомон сувинер, зүрхэн хэлбэртэй төмөр сав, хоёр ширхэг “Iphone” утасны чихэвч, bluetooth холбогддог дуу өсгөгч, эмэгтэй хүний үнэртэй ус, нүүрний шингэн саван, тоглоомон машин 1 ширхэгийг авч явсан. ...Төгөлдөрийг дуудчихаад Төгөлдөр ирээд машинд сууж байхдаа Эрдэнэбулгантай утсаар ярьж дуудаад Яармагийн эцэст гэрт нь очиж Эрдэнэбулганыг аваад Д ахын гэрт Есөнтөмөр ахын “Приус 20” загварын машинаар хүргүүлээд буусан. ...Эрдэнэбулгантай очиж хонох үедээ гэрт нь дөнгөж очоод ус нээлгэх гээд жижүүр дээр очиход жижүүр түлхүүр надад байхгүй гэхээр нь за за гээд буцаад гэрт нь орсон. Тэр үед 23 цаг өнгөрч байсан байх. Жижүүр дээр бол 2, 3 уулаа бол очоогүй. ...” /2хх 9-10/ гэх, насанд хүрээгүй яллагдагч Ө.М 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...Ганцаараа авч байсан. ...Тэд нар буюу ах М, А найзууд болох Төгөлдөр, Эрдэнэбулган/ нар бол хулгай хийгээгүй. ...Манай аав, ээжид Д ах хэлэхдээ “ах дүү хүмүүс байна учраа олъё гомдол барагдуулчихвал татаж авна, гэр орон бохирдуулсан учраас сэтгэл санааны хохирол гээд 50.000.000 төгрөг нэхээд байсан учраас аав ээж 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. ...” /2хх 34-35/ гэх, насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэбулган 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд найз Ө.М над руу залгаад “хоёулаа манайд хамт хоноё, манайд хүн байхгүй байгаа” гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. М манай гэрийн гадаа Төгөлдөр болон 2 ахынхаа хамт ирсэн байсан ба тэр 2 ах нь бид гурвыг тэр байрны гадаа хүргэж өгөөд явсан. Бид 3 тэдний гэрт нь ороод “Play station 4” тоглоомоор тоглож байгаад өлсөөд байхаар нь пицца захиалж идсэн. Орой 23 цагийн орчимд маргааш өглөө нь хичээлтэй болохоор бид 3 хамт нэг орон дээр унтсан. Өглөө 08 цагийн орчимд босоод нүүр гараа угаагаад хичээлдээ Төгөлдөр бид 2 хамт явсан. Харин М нь хичээлдээ явахгүй гээд унтаад үлдсэн болно. ...” гэх /1хх 59/, насанд хүрээгүй яллагдагч Б.Эрдэнэбулганы 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр өгсөн “...Тэгээд 2 хоногийн дараа дахин М ээжээс намайг гэртээ хонуулах гэсэн юм гэж гуйгаад, ээж мөн зөвшөөрөөд тэгээд Мандах-Эрдэнийд очно гэсэн боловч өмнө очсон айлдаа дахин Төгөлдөр гээд найзынхаа хамт бид 3 очсон. Тэр орой бид гурав Мандах-Эрдэнийн ах гээд нэг хүнээр машинаар хүргүүлээд буусан юм. Тэгээд бид 3 тэр айлд очиход нэлээн орой болсон байсан. ...Нэг виски М шүүгээнээс гаргаж ирээд задалсан. Тэгээд бид 3 амсаж үзээд уугаагүй. ...Өглөө нь хичээлдээ явах болоход М явахгүй гээд унтаад үлдсэн. ...М мөнгө өгөөд Төгөлдөр бид 2 гарч дэлгүүрээс гоймон авч ... идсэн. ...” гэх /1хх 123/, насанд хүрээгүй яллагдагч Б.Эрдэнэбулганы 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Хүргэж өгсөн хүний нэрийг нь мэдэхгүй байна. Мандах-Эрдэнийн ах М, А нарыг харж байгаагүй. ...” гэх /2хх 11/, насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэбулганы 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр өгсөн “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийн санахгүй байна. Би тэр айлд 2 удаа очиж хоносон. Эхний өдөр М бид 2 хамт тоглож хоноод, дараагийн удаа Төгөлдөр, М бид гурав хоносон. Бид нарыг очиход халуун хүйтэн ус тасарсан байсан. Тэгээд үүдэнд жижүүрийн өрөөнд М бид 2 очоод би гадаа нь зогсож байсан. Харин М жижүүрийн жижиг өрөө рүү ороод ярилцаад зогсоод байсан би толины хажууд зогсоод хүлээж байсан. Тэгсэн М гарч ирээд жижүүр эгч ус нээж мэдэхгүй гэж байна гэж хэлсэн. ...Тухайн өдөр Г.А байгаагүй. М бид 2 хоносон. ...” гэх /2хх 174/, насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...М, Эрдэнэбулган бид гурав хамт Мандах-Эрдэнийн хамаатных нь айл гээд 13 дугаар хороололд нэг айлд 2018 оны 12 дугаар сарын сүүл үед нэг удаа очиж хонож байсан юм. Би одоо хэдний өдөр байсныг мартсан байна. М манай ахынд очиж хоноё, гадаад руу явсан гээд хамт явж хоносон юм. Тэр үед Мандах-Эрдэнийн нэг танил ахын машинаар Эрдэнэбулган бид гурав хүргүүлж очиж хоносон. Тэр айл нэг байранд байсан юм. Хэдэн давхар байсныг мэдэхгүй. Дахиж очиж хоноогүй, юм авч гараагүй. Гэрт очиж хонохдоо утсаар тоглож байгаад гоймон авч идчихээд үүдээр ороод том өрөөнд байсан сервантны дотор нь нэлээн олон виски байх шиг байсан. Тэр вискинээс М шар өнгөтэй нэг шил вискиг Эрдэнэбулган, М хоёрын нэг нь задлаад бид 3 амсаж үзсэн. Тэгээд муухай амттай болохоор нь уулгүй орхисон юм. Ямар нэг юм өгөөгүй. Тэгээд хоночихоод өглөө нь 8 цагийн үед хичээлдээ явахаар гарсан. М явахгүй гэрээ цэвэрлэнэ гээд үлдсэн. Харин Эрдэнэбулган бид 2 хичээлдээ явсан. ...Машин унаж явсан хүн нь Мандах-Эрдэнийн хамаатан байх. Нөгөө ах нь хамт явж байсан найз нь байсан. “Приус 20” машин байсан байх. /1хх 62/, насанд хүрээгүй яллагдагч Э.Төгөлдөрийн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр өгсөн “...Эрдэнэбулган тэр өдөр хамт явсан. Бид гурав гэрт нь очоод утсаараа оролдож байгаад дэлгүүрээс гоймон авч, чанаж идсэн. Тэгээд юм ярьж сууж байгаад том өрөөгөөр нь ороход байсан сервантны дотроос шар өнгийн виски архийг М гаргаж ирээд задалсан. Тэгээд бид гурав нэг аяганд хийж амсаад тэгээд аймаар хоолой өвтгөөд байхаар нь уухгүй больсон юм. Тэгээд юм ярьж сууж байгаад бид гурав унтаад өглөө нь Эрдэнэбулган бид хоёр хичээлдээ явахаар явсан юм. М хичээлдээ явахгүй гэрээ цэгцэлнэ гээд үлдсэн. ...М ахынхаасаа сүүлд мэдэхэд ээмэг энэ тэр авч ломбардад тавьсан байсан. ...” /1хх 116/, насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр өгсөн “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийн санахгүй байна би нэг удаа л тэр айлд очиж хоносон. Өмнөх өдөр нь Эрдэнэбулган, М нар очиж хоносон гэж Мэс сонссон. Түүний маргааш нь Эрдэнэбулган М бид гурав хоносон. ...Тухайн өдөр халуун хүйтэн ус байсан. ...Намайг хонох өдөр Г.А байгаагүй. ...” /2хх 175/, гэрч Д.Алтанцэцэгийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...Уг дөрвөн хүнээс 2 гэсэн дугаарыг барьсан /Г.А/ хүн ус нээлгэнэ гэж жижүүрийн байрны үүдэнд шөнө 2-3 цагийн үед ирээд асуухаар нь түлхүүр байхгүй байсан учраас байхгүй гэж хэлсэн. Тэгээд босоод камераар харахад цахилгаан шатны хажууд ус нээлгэхээр ирсэн 2 дугаартай цаас барьсан хүн бас нэг намхан залуутай зогсож байсан. Уг 2 дугаартай цаас барьсан эрэгтэй хүнийг яаж таньж байна вэ гэвэл камераар ямар учиртай хүн ус нээлгэх гэж байгаа юм гээд харахад байсан хүн мөн байна. Зүс царай нурууны нь таньж байна. Бас үснийх нь засалт өөрчлөгдсөн байна. Тухайн үед лифт хүлээж байхдаа үсээ янзлаад зогсоод байсан учраас сайн харсан. ...” /1хх 26/ гэх, гэрч Б.Есөнтөмөрийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Харин Мандах-Эрдэнийг бол нэг удаа Яармагаас Баянзүрх дүүргийн “Натур худалдааны төв”-ийн орчимд байрны дунд хоёр найзынх нь хамтаар буулгаж өгч байсан. ...Тэгээд М болон хоёр найзыг нь аваад төв ороод “Натур худалдааны төв”-ийн хэсэгт нэг байрны гадаа буулгаад, өөрөө цаашаа явсан юм. ...Хүргэж өгөхийн өмнө Мтэй тааралдах үед манай найз Отгонболд надтай хамт явж байсан. ...Ямар ч байсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарчихсан шинэ жил дөхөж байсан. ...А байгаагүй. А нь М, М нарын хамаатан гэдгээр нь мэднэ. ...” /2хх 5-6/ гэх, Г.Аын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гэрчээр өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын эхээр манай хамаатан болох Мөнх-Эрдэнийн Яармагт байх гэрт нь би машин авахаар өдөр 12 цагийн орчим очиход түүний төрсөн дүү болох М хамт байж байсан. Би машиныг нь аваад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 2-49 тоотод очоод хувцсаа солиод буцаад явж байхад Мандах нь надад нэг монетон бөгж үзүүлээд “ахаа би нэг ийм бөгж олсон юм энэ монет мөн болов уу” гэж асуусан. Би хариуд нь би сайн мэдэхгүй байна ломбард ороод асуусан нь дээр байх гээд Яармагийн хуучин эцэст байх Сайн нэртэй ломбардад очиход монет мөн байна. Би өөрийн бичиг баримтаар 130.000 төгрөгөөр тус ломбардад барьцаалсан. ...Манай хүргэн ах болох Дынд Мандах түлхүүрийг нь аваад дотроос нь эд зүйл авсан байсан гэж манай ээж болох Оюундэлгэр надад утсаар хэлэхэд би мэдсэн. ...Би хүргэн ах болох Дынд огт очиж байгаагүй. Гэр нь “Натур худалдааны төв”-ийн ойролцоо байдаг гэхээс өөр юм мэдэхгүй. ...” /1хх 49-50/ гэх, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “...М гайгүй хүүхэд учраас тоогоогүй. Би сайн хүүхэд гэж боддог учраас тийм зүйл хийнэ гэж бодоогүй. Өөрөө олсон гээд байсан учраас хулгайн эд зүйл гэж мэдээгүй. ...” /1хх 51/ гэх, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцсан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Д бол манай хүргэн ах байгаа юм. Мтэй эгч дүүсийн хүүхдүүдийн холбоотой. ...Би гэрт нэг ч удаа очиж үзэж байгаагүй тул орж үзэж байгаагүй. ...2019 оны 1 дүгээр сарын эхээр санагдаж байна. Би одоо он, cap, өдрийг нь үнэхээр санахгүй байна. Би Мандах-Эрдэнийн ах Мөнх-Эрдэнийн гэрт нь машиныг нь авахаар очих үед М ахынхаа гэрт ирсэн байсан. Тэгээд би Мэс “Sonata 6” загварын машиныг нь гуйж аваад гэртээ харьж хувцсаа сольчихоод гарга гэхэд М “би тантай хамт яваад гэртээ буугаад хувцсаа сольё” гэхээр нь “тэг тэг” гээд хамт Мөнх-Эрдэнийн гэрээс гарсан. Тэгээд хувцсаа сольчихоод буцаад Мөнх-Эрдэнийн гэр рүү Мандах-Эрдэнийг буулгаж өгөхөөр явж байхад нэг шар өнгийн хээтэй бөгж гаргаж ирээд “энэ монетон эдлэл мөн үү” гэхээр нь “ах нь мэдэхгүй байна ломбард орж асуувал мэдэгдэх байх” гэсэн. Тэгээд бид 2 Яармагийн хуучин эцэст байх “Сайн” ломбардын гадаа очоод би бөгжийг нь авч буугаад ломбард руу орж “тэр бөгжийг нь монетон бөгж мөн үү” гэхэд мөн байна гэсэн. Тэгэхээр нь барьцаанд тавья гэсэн ба М монетон бөгж мөн бол та барьцаанд тавиад өгчих гэсэн. Ингээд ломбардын ажилтан 130.000 төгрөгөөр барьцаалж болох юм байна гэхээр нь би өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавиад мөнгийг нь тэр чигээр нь Мд өгсөн. Тэгээд би Мэс “энэ ямар учиртай бөгж юм бэ” гэж асуухад олсон гэж хэлсэн. Тэгээд тэр үед нь олсон юм байх гэж бодоод барьцаанд тавьсан. Тэгээд бөгж барьцаанд тавьснаас хойш нилээн хэд хонож байтал ээж над руу залгаад М чамаар бөгж энэ тэр барьцаанд тавиулаагүй биз асуухаар нь тэр үедээ мартчихсан байсан ба орой нь гэнэт санаад ээжийн хамт Д ахын гэрт очиж М надаар бөгж барьцаанд тавиулсан гэдгийг хэлсэн. Тэгээд хаана барьцаалсан гэдгээ хэлсэн ба тэгтэл Д ахын гэрээс баахан юм алдагдаад тэрийг нь М хулгайлсан байсныг мэдсэн. Ингээд Мандах-Эрдэнийн аав Ө ах 130.000 төгрөгийг хүүтэй нь хамт өгөөд би ломбардаас бөгжийг аваад Ө ахад өгөхөд Дт өгнө гээд авсан. ...Сүүлд хэрэг болсных нь дараа бас ах Мэр баахан монетон эдлэл барьцаанд тавиулсан байсныг нь мэдсэн. Манай хамаатныхан бүгд ярьж байсан. ...Би Мтэй нийлж хэрэг хийгээгүй, барьцаанд тавиулсан бөгжийг нь хулгайлсан зүйл гэдгийг нь огт мэдээгүй. ...” /1хх 109/ гэх, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “...Есөнтөмөр, Отгонболд гэх хүмүүсийг танихгүй. ...” гэх мэдүүлэг /2хх 14/ зэрэг нь өөр хоорондоо ямар нэгэн зөрүүгүйгээр таарч байна. Харин эдгээр мэдүүлгээс гэрч Д.Алтанцэцэг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...Уг дөрвөн хүнийг сайн харлаа миний харсан хүүхдүүдээс арай өөр царайтай хүүхдүүд байх шиг байна. 4 дугаартай хүүхэд /хэрэгт хамааралгүй М.Хашзандах ПБ98032914/ байсан ч билүү нүдэнд харагдаад байсан шиг санагдаж байна. Тухайн үед үсний засалт нь их тод байсан юм. Одоо үсний засалтууд нь бол биш байна. ...” /1хх 22/ гэх, гэрч Д.Алтанцэцэгийн мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн “...Лифтэнд сууж харагдаагүй. Манай хүүхэд шатаар хүмүүс яваад байна гэсэн. Бууж ирэхэд нь андаад “та нар юун хүүхдүүд хаанаас хог зөөгөөд ирсэн юм гэсэн. Тухайн үед манай хүүхэд хог буулгаад ирлээ гэсэн. Нэг өндөр залуу гурван намхан залуутай байсан. Биеэр таниулахад бараг л мөн болов уу гэж таньсан. Гурвуулаа л мөн юм шиг байна. Шатан дээр таарахад М гээд наад талын залуу байсан шиг санагдаж байна. Ус нээдэг хэсэг давхар давхартаа байдаг. Ус нээлгэнэ гэх үед шөнийн 2-3 цагийн үед байсан. Шөнө орой юу байдаг юм гээд хаалга тайлж өгөөгүй. Хаалга тайлж өгөөд нүүр царайг нь харсан бол арай өөр байх байсан гэж бодож байна. ...Би их сайн харсан М нь өндөр гурвалжин царайтай, буржгар үстэй залуу байсан санагдаж байна. Би энэ шинж тэмдгээр нь таньсан. ...Камераар харсан нь наад талд сууж байгаа М, шатан дээр таарсан нь голын А нь байна. Дунд сууж байгаа залуу хажуудаа намхан хоёр хар залуутай ... дөрвүүлээ явж байсан. ...” /шийтгэх тогтоол 13 дугаар тал/ гэх мэдүүлэг нь илтэд зөрүүтэй байна. Тодруулбал, өсвөр насны гэрч Б.Эрдэнэбулган нь өсвөр насны шүүгдэгч Ө.Мтэй хамт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анх удаа хохирогчийн гэрт очих үед шүүгдэгч М ус нээлгэхээр жижүүрийн жижиг өрөө рүү ороод ярилцсан, тухайн үед өөрийгөө толины хажууд зогсоод хүлээж байсан. Энэ өдөр шүүгдэгч Г.А байгаагүй, зөвхөн М бид 2 хоносон гэж мэдүүлсэн ба энэ ч нь шүүгдэгч Ө.Мандах-Эрдэнийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн гэмт хэрэг гарах үед буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ын өдөр өсвөр насны шүүгдэгч Ө.М, гэрч Б.Эрдэнэбулган, гэрч Э.Төгөлдөр гурав хохирогчийнд хоносон. Тухайн үед шүүгдэгч Г.А байгаагүй болох нь Ө.М, Б.Эрдэнэбулган, Э.Төгөлдөр мэдүүлэг болон тэдгээрийг хохирогчийнд өөрийн автомашинаар хүргэж өгсөн гэрч болох Б.Есөнтөмөрийн мэдүүлгээр тус тус тогтоогддог. Харин гэмт хэрэг гарах үед буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Г.А нь “Алтан тэвш” зочид буудлын 204 тоот өрөөнд хонож байсныг нотлох тус зочид буудлын жижүүр хүлээлцэх дэвтрийн хуулбар 2 хуудас баримтыг мөрдөгч 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хавтас хэрэгт хавсаргасан. /1хх 183-185/ Гэвч шүүх энэ баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Мөн өсвөр насны шүүгдэгч Ө.М гэмт хэрэг хэрхэн ганцаараа үйлдсэн тухайгаа болон өөрийн төрсөн ах болох шүүгдэгч М.М, хамаатны ах болох шүүгдэгч Г.А нарт хулгайн эд зүйлийг олсон гэж худал хэлж барьцаалан зээлдүүлэх газарт тавьж мөнгийг нь өөрөө авсан болохоо хүлээсэн. Түүнчлэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өсвөр насны шүүгдэгч Ө.Мандах-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчид дангаар нөхөн төлж байгаагаас үзэхэд шүүгдэгч Ө.М гэмт хэрэг “ганцаараа” үйлдсэн гэм буруугаа хүлээсэн зөвшөөрч өгсөн мэдүүлэг үнэн зөв болохыг харж болохоор байна. Гэрч Д.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Камерын бичлэгийг цагдаа нар шүүсэн. Хард дискийг нь сууц өмчлөгчдийн холбооны даргатай уулзаад авч явсан. Таньж олуулах ажиллагаагаар анх М, М хоёрыг таниулсан. ...” гэж мэдүүлсэн байх ба хавтас хэрэгт хохирогчийн орон сууцны камерын бичлэг нотлох баримтаар огт авагдаагүй. Гэтэл шүүх орон сууцны камерын бичлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй талаар болон илтэд зөрүүтэй гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Зөвхөн гэрч Д.Алтанцэцэгийн урьд өгсөн мэдүүлгээсээ илтэд зөрүүтэй, эргэлзсэн мэдүүлгийг үндэслэж Г.Ат 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасантай тус тус нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/784 дугаартай шийтгэх тогтоолын Гын Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Аыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7... дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...Шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг, ... няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Г.А нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...” шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлдээ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа /гэрч Д.Алтанцэцэг/-ны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар “...Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдож, тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Г.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм гэжээ. Гэтэл шүүгдэгч Г.А нь бусдын орон байранд нэвтэрсэн, эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэдэг нь хэрэгт авагдсан цагаатгах талын дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагддаг бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг үндэслэн Г.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал, дүгнэлтийн үндэслэлээ болгож, мэтгэлцэж оролцсон. Хохирогч Г.Дын “...би эхнэрийн хамаатан Э.Жавхлантөгс, Ө.М, Г.Анхтүвшин нарыг сэжиглэж байна. ...Орцны жижүүрээс асуухад оны өмнө яг өдрийг нь санахгүй байна, танай гэрт нилээн орой 4 хүүхэд орж байсан. ...Их орой ирж орсон гэж хэлэхээр нь ... хүүхдүүдийн зургийг үзүүлэхэд Э.Жавхлантөгстэй их төстэй байна, Г.Анхтүвшингийн зургийг харчихаад эргэлзээд байсан. Хамгийн хоёр өндөр хүүхдийнх нь царай харж чадаагүй. ...” /1хх 38-39/, гэрч Г.Аын “...Би хүргэн ах болох Г.Дынд огт очиж байгаагүй, Г.Д бол миний хүргэн ах байгаа юм, би гэрт нь нэг ч удаа очиж байгаагүй. ...” /1хх 49-52/, насанд хүрээгүй гэрч Эрдэнэбулганы “...Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим найз болох Ө.М над руу залгаад “хоёулаа манайд хамт хоноё, манайд хүн байхгүй байгаа” гэж хэлээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Ө.М манай гэрийн гадаа Э.Төгөлдөр болон 2 ахынхаа хамт ирсэн байсан. Тэр хоёр ах бид гурвыг тэр байрны гадаа хүргэж өгөөд явсан. ...Миний танихгүй хоёр ах Э.Төгөлдөр бид гурвыг очиж хоноход хүргэж өгчихөөд шууд гаднаас буцсан юм. Тэр хоёр ахыг Ө.М манай ах нар гэж хэлсэн. ...” /1хх 59-61/, насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн “...Ө.М, Б.Эрдэнэбулган бид гурав хамт Ө.Мандах-Эрдэнийн хамаатных нь айл гээд 13 дугаар хороололд ... нэг айлд 2018 оны сүүл үед нэг удаа очиж хонож байсан. Машин унаж явсан ах нь Ө.Мандах-Эрдэнийн хамаатан байх, нөгөө ах хамт явж байсан найз нь байсан. Ta гурвыг хүргэж өгсөн хоёр хүн тухайн айлд хамт орсон эсэх? гэсэн асуултад гадаа хүргэж өгчихөөд явсан. /1хх 62-63/ насанд хүрээгүй гэрч Ө.Мандах-Эрдэнийн “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчим найз болох Э.Эрдэнэбулган, Э.Төгөлдөр нарын хамт тус байр руу хамт орсон. ...” /1хх 64-66/, гэрч Б.Есөнтөмөрийн “...Ө.Мандах-Эрдэнийн найзуудынх нь хамтаар Баянзүрх дүүрэгт хүргэж өгөх үед Г.А хамт байгаагүй. ...” /2хх 5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 02/266 тоот дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн Г.А ... нарын 5 хүний гарын хээний дардаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Гын Аын MN000320004335 дугааруудаар кодлон оруулахад ... хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. ...” /2хх 143-144/, насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэбулганы “...Ta нар хохирогч Г.Дын гэрт хэзээ, хэдүүлээ хоносон бэ? гэсэн асуултад 2019 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, 2 удаа очиж би тэр айлд хоносон. Эхний өдөр Ө.М бид хоёр хамт тоглож хоноод дараагийн удаа Э.Төгөлдөр, Ө.М бид гурав хоносон. Бид нарыг очиход халуун хүйтэн ус тасарсан байсан. Тэгээд үүдэнд жижүүрийн өрөөнд Ө.М бид хоёр очоод би гадаа зогсож байсан. Харин Ө.М жижүүрийн жижиг өрөө рүү ороод ярилцаад зогсоод байсан, би толины хажууд зогсоод хүлээж байсан. Тухайн өдөр Г.А байгаагүй, Ө.М бид хоёр хоносон. ...” /2хх 174/, насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, би нэг удаа л тэр айлд очиж хоносон. Өмнөх өдөр нь Эрдэнэбулган М нар очиж хоносон гэж Мэс сонссон. Түүний маргааш нь Эрдэнэбулган, М бид гурав хоносон. Намайг хонох өдөх А байгаагүй. ...” /2хх 175/ гэсэн мэдүүлэг, нотлох баримтаар үгүйсгэгдэж, няцаагддаг бөгөөд анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Анхан шатны шүүх зөвхөн гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг, түүний таньж олуулах ажиллагаанд оролцсон тэмдэглэлийг үндэслэсэн бөгөөд гэрч Д.Алтанцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр ... тэр хүүхдүүд тэр өдөр маш олон удаа гэрээсээ орж, гарцгааж байсан, тэр орой манай орцонд олон хүний хөлийн чимээ гараад шатаар юм чирч буулгаж байгаа юм шиг чимээ гараад байсан, би гайхаад хяналтын камераа хартал нөгөө 4 эрэгтэй хүүхэд дүүрэн хогтой цаасан хайрцаг манай жижүүрийн байрны үүдэнд үлдээгээд гараад явсан. 20 минут орчмын дараа буцаж орж ирэхээр нь та нар яагаад хог хаяад байгаа юм, тэр хогоо гаргаж хая гэж хэлэхэд бид нар хог хаяагүй гэсэн. ...” /1хх 53-55/, гэрч Д.Алтанцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэлд /1хх-67х/ “...Шатан дээр таараад миний урдаас хэгжүүрхээд байсан нь дунд зэргийн биетэй, шар царайтай хүүхэд байсан, нөгөө хүүхэд нь арай бор бараан царайтай байсан. ...” гэж мэдүүлдэг ба уг мэдүүлгийг хэрэгт авагдсан фото зурагтай харьцуулан үзэхэд /1хх 25/ авагдсан 4 дугаартай Ө.М, /1хх 23/ авагдсан 2 дугаартай Б.Эрдэнэбулган байсан гэдэг нь харагдаж байна. Гэрч Д.Алтанцэцэгээр 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэлд “...1-3 дугаартай 3 эрэгтэй хүүхдээс тухайн үед шатан дээр таарсан 2 хүүхэд болон камераар харахад байсан хүүхдүүдээс энд байгаа 3 хүүхдээс байсан үгүйг нь хараад таньж чадахгүй байна. ...” /1хх 28/, “...2018 оны 12 дугаар сарын сүүл үед л байсан юм, ямар ч байсан сургуулийн насны хүүхдүүд орж гараад байсан, ... хоёр давхрын шатан дээр 2 хүүхэдтэй хальт таараад “хог битгий хаяад бай” гэхэд хог хаяагүй гээд хэгжүүрхээд байсан хүүхдийг бол сайн харсан. Хамт байсан нөгөө хүүхдийг нь тухайн үед харсан боловч одоо сайн санахгүй байна. ...” /1хх 67/ гэсэн гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг, нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь үндэслэл болгохдоо бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг мөн заагаагүй байна. Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байх ба хохирогч Г.Д нь тухайн үед орцны жижүүр гэх гэрч Д.Алтанцэцэгт хулгайн хэрэгт сэжиглэж байгаа хүүхдүүдийн зургийг үзүүлэхэд Э.Жавхлантөгстэй их төстэй байна, Г.Анхтүвшингийн зургийг харчихаад эргэлзээд байсан. Хамгийн хоёр өндөр хүүхдийнх нь царайг харж чадаагүй гэж хэлсэн. ...” /1хх 59-61/ гэж мэдүүлдэг. Гэрч Д.Алтанцэцэг нь мэдүүлэг өгөхдөө цаг хугацааны хувьд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр гэж тодорхой бус мэдүүлдэг, мөн тэрээр хүүхдүүдийн царайг камерын бичлэгт харсан гэдэг боловч уг камерын бичлэг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, тэрээр “...Тухайн үед шатан дээр таарсан 2 хүүхэд болон камераар харахад байсан хүүхдүүдээс энд байгаа 3 хүүхдээс байсан үгүйг нь хараад таньж чадахгүй байна. ...2018 оны 12 дугаар сарын сүүл үед л байсан юм, ямар ч байсан сургуулийн насны хүүхдүүд орж гараад байсан. ...хоёр давхрын шатан дээр 2 хүүхэдтэй хальт таараад “хог битгий хаяад бай” гэхэд хог хаяагүй гээд хэгжүүрхээд байсан хүүхдийг бол сайн харсан. Хамт байсан нөгөө хүүхдийг нь тухайн үед харсан боловч одоо сайн санахгүй байна. ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно' гэж, 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан байна. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдож, тогтоогдохгүй байна. Гомдол гаргагчийн санал хүсэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу шүүгдэгч Г.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгон, Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч М.М нарын өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тогтоож шийдвэрлээгүй. Тухайлбал, хулгайд алдагдсан эд зүйлийг 2 удаа үнэлүүлсэн ба эхний үнэлгээгээр 24.254.553 төгрөгөөр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй улмаас дахин үнэлүүлж 890.420 төгрөгийн зөрүү гарч, эцсийн дүнгээр нийт хохирлын хэмжээ 23.364.511 төгрөг болсон. Үүнээс 8.971.031 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн, 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл 4.393.480 төгрөгийн хохирол байхад шүүх 6.576.440 төгрөг гэж тооцож гаргасан нь үндэслэлгүй байна. Өсвөр насны шүүгдэгч Ө.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирлын үлдэгдэл болох шүүхээс тогтоосон 6.576.440 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд “өсвөр насны хүнд хорих ял оногдуулах шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно” гэж заасныг шүүх хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч М.М нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзаж болох боломжтой байхад шүүгдэгчид ашигтай хуулийн энэ заалтыг шүүх хэрэглээгүй. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тогтоож шийдвэрлээгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/784 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд анхан шатны шүүх “Дамно” ХХК-ийн анхны үнэлгээг үндэслэлтэй гэж үзсэн. Энэ үнэлгээгээр нийт хохирлын хэмжээ 24.254.553 төгрөгийн дүнтэй тогтоогдсон ба үүнээс нийт олдсон эд зүйлсийн дүн “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 6.576.444 төгрөг, 2019 онд нөхөн төлөгдсөн дүн 10.000.000 төгрөг, үлдсэн хохирлын дүн 7.678.109 төгрөг байснаас анхан шатны шүүх хуралдааны дараа 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 6.576.440 төгрөгийг шүүгдэгч нарын талаас төлсөн. Одоо эцсийн байдлаар хохирлын үлдэгдэл дүн 1.101.669 төгрөг байгаа болно. Анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоол үйлдэхдээ хохирлын хэмжээг буруу бичсэн байсан. Иймд надад учруулсан хохирлоос 1.101.669 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа учир хохирлыг бүрэн төлсөн гэж үзэхгүй байна. Манай эхнэрийн хамаатан садан хүмүүс итгэл олох замаар манай гэрт олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн. Шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн манай гэр бүлд учруулсан хор уршгаа ойлгон ухамсарласан гэж үзэхгүй байна. Учир нь, гэмт хэргийг үйлдсэнээс хойш анхан шатны шүүх хуралдаан хүртэл 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй, хохирлоо барагдуулах тал дээр идэвх зүтгэл гарган, чин сэтгэлээсээ гэмшин бидэнд хандаагүйгээс гадна надтай тааламжгүй харьцсан хэвээр байна. Энэ нь насанд хүрээгүй хүүхдэд шүүхээс ял шийтгэл оногдуулахгүй биз гэсэн санаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Олдсон эд зүйлсийн үнийн дүн болон хохирлыг тооцсон 4 хуудас баримтыг хавтас хэрэгт хавсарган байгаа. Шүүгдэгч нарын хулгай хийж байгаа үйлдэл нь нийгэмд маш их хор уршигтай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Хохирогч Г.Дын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Эрдэнэбулган, Төгөлдөр нар “бид тухайн өдөр хог гаргаж хаяагүй, гэрээсээ гараагүй” гэж, гэрч Д.Алтанцэцэг “манай орцонд хүмүүс хог хаяад байсан” гэж тус тус мэдүүлдэг. Г.А гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан. Мөрдөн байцаагч гэрч Д.Алтанцэцэгээс ямар содон шинж тэмдгээр таньж байгаа талаар асууж, таньж олуулах ажиллагаа явуулахад гэрч Д.Алтанцэцэг нь Г.Аыг шууд заасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд Г.А болон М.М нарыг хараад “мөн байна” гэж хэлээд шууд заасан. Г.А удаа дараа худал мэдүүлэг өгч байсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г.А ажлаасаа чөлөөлөгдсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдсон. 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өөр газар ажилд ороод “би 1 дүгээр сарын 10-ны өдөр цалингаа авсан учир надад мөнгө хэрэг болоогүй” гэх мэдүүлэг өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Сайн” ломбардад 130.000 төгрөгөөр үнэт эдлэл барьцаалж зээл авсан байсан. Эдгээр баримтаар Г.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. М.М нь нийт 6 удаагийн үйлдлээр үнэт эдлэлийг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж зээл авсан баримт хэрэгт авагдсан. М.М нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Нандин” ломбардад эд зүйл барьцаалж зээл авсан байсан. Эрдэнэбулган, Төгөлдөр нарыг байхгүй үед нь хулгайн эд зүйлийг авсан нь нотлогдож байгаа юм. Б.Есөнтөмөр, Э.Эрдэнэбулган, Ө.М, Э.Төгөлдөр нарын мэдүүлэг зөрүүтэй гэжээ. Ө.М нь Б.Есөнтөмөр рүү яриад “манай дүүг 13 дугаар хороолол руу хүргээд өгөөч гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Гэтэл Б.Есөнтөмөр нь мэдүүлэхдээ “би зам дээр таараад гэрт нь хүргэж өгсөн” гэж мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй мэдүүлэг өгч байсан ч хамгийн ач холбогдолтой мэдүүлэг бол гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Ө.Мандах-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч С.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

            Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Г.А нарыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашиглах, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр өмгөөлөгч нар гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг зөрүүтэй гэж хэлж байгаа боловч тэрээр маш тодорхой зөрүүгүй мэдүүлэг өгч байсан. Хэрэв үнэлгээ үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа бол тухайн шатанд нь гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хүртэл үнэлгээ үндэслэлтэй болох нь тогтоогдсон учир хохирлыг төлж барагдуулсан нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хойшлуулах эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир тусгайлан гарах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ө.М, Г.А нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Дын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж, нийт 24.254.553 төгрөгийн хохирол учруулсан,

мөн М.М нь 2018 оны 12 дугаар сард “Ө.М, Г.А нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Дын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор зарим эд зүйлийг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж бусдад шилжүүлсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Дын “...Манай гэрийн нэг хувь түлхүүр хадам ээжийн гэрт байдаг. Манай гэрт тухайн хүмүүс ирж байсан. Бид нар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хадам ээж Байгалмаа, хадам аав Баяртогтох нар болон манай гэр бүл Австрали Улс руу яваад ирсэн. Тэр хооронд хадам ээжийн гэрт байсан түлхүүрээр манай гэр рүү орсон болов уу гэж бодож байна. Орцны жижүүрээс асуухад “оны өмнө яг өдрийг нь санахгүй байна, танай гэрт нилээн орой 4 хүүхэд орж байсан, ус яаж нээх үү гэж асууж байсан, эхнэрийн чинь хамаатны хүүхдүүд юм болов уу гэж бодсон, их орой ирж орсон” ... гэж хэлсэн. ...” /1хх 34-42, 2хх 139-140/,

гэрч Д.Алтанцэцэгийн “...2018 оны12 дугаар сарын сүүлээр шөнө 3 цагийн орчимд нэг эрэгтэй хүүхэд ирээд “эгч ээ ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн. Би гайхаад “юун ус нээлгэх вэ” гэж асуухад “4 давхрын айлын ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн. ...Тэр эрэгтэй хүүхдийг аль айл руу орохыг хяналтын камераар харж байхад Дынд орсон. Энэ өдрөөс хойш ойролцоогоор 2 хоногийн дараа над дээр ус нээлгэнэ гэж хэлсэн 2 эрэгтэй хүүхэд, мөн 2 өөр эрэгтэй хүүхдийн хамт ... 31 тоот руу орж байсан. Тэр хүүхдүүд тэр өдөр маш олон удаа орж гарцгааж байсан. Тэр орой манай орцонд олон хүний хөлийн чимээ гараад шатаар юм чирч буулгаж байгаа юм шиг чимээ гараад байсан. Би гайхаад хяналтын камераа хартал нөгөө 4 эрэгтэй хүүхэд дүүрэн ... цаасан хайрцагтай хог манай жижүүрийн байрны үүдэнд үлдээгээд гараад явсан. ...” /1хх 53-55, 67, 2хх 7/,

гэрч Б.Есөнтөмөрийн “...Мандах-Эрдэнийг ... Яармагаас Баянзүрх дүүргийн “Натур худалдааны төв”-ийн орчимд, нэг байранд хоёр найзынх нь хамтаар буулгаж өгч байсан. Ямар ч байсан 2018 оны 12 дугаар сарын 20 гарчихсан, шинэ жил дөхсөн байсан. ...” /2хх 5-6/,

гэрч Б.Эрдэнэбулганы “...Мандах-Эрдэнийн ахынх гэх айлын жижиг өрөөнд байсан толины урдаас хар өнгөтэй эрэгтэй үнэртэй усыг М надад өгөөд 10.000 төгрөгөөр авчих гэхээр нь би зөвшөөрөөд өөрт байсан 10.000 төгрөгөө өгөөд авсан. Уг 10.000 төгрөг бол ээжээс авсан монитодоо бэлэг авч өгөх мөнгө байсан юм. Тэгээд би ангийн бэлэг өгөх ёстой монитодоо өгчихөөд буцаагаад Мандах-Эрдэнийн ахад нь авч өгсөн. Мөн үүдний өрөөнд байсан зөндөө олон вискинээс нэгийг нь М, Төгөлдөр бид 3 задлаад амсаж үзчихээд буцаагаад тавьсан. ...Миний танихгүй хоёр ах Төгөлдөр бид гурвыг ... хүргэж өгчихөөд шууд гаднаас буцсан. Тэр хоёр ахыг М манай ах нэр гэж хэлсэн. ...” /1хх 58-63, 2хх 174/,

гэрч Э.Төгөлдөрийн “...М, Эрдэнэбулган, бид 3 хамт Мандах-Эрдэнийн хамаатных нь ... айлд 2018 оны 12 дугаар сарын сүүл үед нэг удаа очиж хонож байсан. М манай ахынд очиж хоноё, гадаад руу явсан гээд хамт очиж хоносон юм. ...Гэрт очиж хонохдоо утсаар тоглож байгаад, гоймон чанаж идчихээд, ... том өрөөнд байсан сервант дотор нь нилээн олон виски байх шиг байсан. Тэр вискинээс М шар өнгөтэй нэг шил вискиг гаргаж ирээд ... задлаад, бид 3 амсаж үзээд тэгээд муухай амттай болохоор нь уулгүй орхисон. ...Хоночихоод өглөө нь 8 цагийн үед хичээлдээ явахаар гарсан. М явахгүй, гэрээ цэвэрлэнэ гээд үлдсэн. Харин Эрдэнэбулган бид 2 хичээлдээ явсан. ...Нэг хэсэг М байнга мөнгөтэй, 100.000, 50.000 гэсэн нилээн мөнгөтэй болчихсон байсан. ...” /1хх 62-63, 2хх 175/,

гэрч О.Уянга “...М ирээд “ангийнхаа хүүхдийнд очоод цахилгаан шатнаас хос бөгж олсон” гэж хэлээд тэр бөгжөө ломбардад тавиад өгөөч гэж гуйж байхыг сонссон. Тэгээд манай нөхөр барьцаанд тавиад өгье гээд хамт явсан. Яг хэдэн төгрөгөөр тавьсан, ямар бөгж байсныг хараагүй. ...Хэд хоногийн дараа М бас манайд ирээд нөхрийг аваад гарсан. ...Нөхөр эргэж ирэхдээ бас бөгж билүү, бас нэг эд зүйл ломбардад тавиулсан байсан. ...” /1хх 68-69/,

М.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би Мандахаагийн авчирсан эд зүйлсээс шаргал өнгийн жижиг шигтгээтэй бөгжийг нь хувьдаа авсан. Би тэр бөгжийг 5 шард байрлах “Нандин” нэртэй ломбардад 2018 оны 12 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгөнд өөрийн нэрээр барьцаалсан байсан. Би тэр 200.000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн 21-51 УБД дугаартай “Sonata 6” загварын автомашинд 100.000 төгрөгөөр амортизатор авсан, мөн газ хийж, гэрэл гэх зэрэг жижиг зүйлс автомашиндаа авч тавьсан. ...” /2хх 36-38/,

Г.Аын яллагдагчаар өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын эхээр манай хамаатан болох Мөнх-Эрдэнийн Яармагт байх гэрт нь би машин авахаар өдөр 12 цагийн орчимд очиход түүний төрсөн дүү болох М хамт байж байсан. Би машиныг нь аваад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 2-49 тоотод очоод хувцсаа солиод буцаад явж байхад Мандах нь надад нэг шар өнгийн хээтэй бөгж үзүүлээд “Ax аа би нэг ийм бөгж олсон юм, энэ монет мөн болов уу” гэж асуусан би хариуд нь “би сайн мэдэхгүй байна, ломбард ороод асуусан нь дээр байх” гээд Яармагийн хуучин эцэст байх “Сайн” нэртэй ломбардад очиход монет мөн гэж байсан. Би өөрийн бичиг баримтаар 130.000 төгрөгөөр тус ломбардад барьцаалсан. ...Тэр бөгжийг гаргаж ирэхдээ бас нэг бөгж шиг шар юм харагдсан. ...” /1хх 108-109, 2хх 13-14/,

Ө.Мандах-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр очихдоо Эрдэнэбулганы хамт очсон. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр очсон. Тэр өдөр очихдоо Төгөлдөр, Эрдэнэбулган хоёртой хамт очсон. Хамгийн сүүлд 2019 оны 1 дүгээр сард нэг удаа ганцаараа очсон. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... очихдоо Эрдэнэбулганд үнэртэй ус өгч, мөн өөрөө нэг ширхэг үнэртэй ус авсан. Дараагийн удаа 12 дугаар сарын 27-ны өдөр очихдоо ... ямар ч байсан үнэт эдлэл, пүүз, тоглоом зэргийг авсан. Хамгийн сүүлд 2019 оны 1 дүгээр сард очиж ... гутлын тос л авсан. Эрдэнэбулганд 1 ширхэг үнэртэй ус өгсөн байснаа буцааж авсан. ... “Play station” ... тоглоомыг “facebook”-ээр “Баатар Даваа” гэсэн нэртэй хүнд зарсан. ...” /2хх 9-10, 34-35/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-8/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх 9, 12/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 10-11, 13/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай /1хх 14-15, 18, 2хх 24/, “Нандин” ломбардын барьцаат зээлийн гэрээ /1хх 16-17/, “Сайн” ломбардын барьцаат зээлийн гэрээ /2хх 179-172/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-29/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 79-83, 242-245/, эд зүйлийн үнэлгээний тэмдэглэл /1хх 15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ө.М, Г.А нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, М.Мөнх-Эрдэнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашиглах, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, ... орон байр, ... агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч Г.Д Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод амьдардаг ба Ө.М, Г.А, М.М нар хохирогч Г.Дын гэрийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч, түүний гэрт хууль бусаар нэвтэрч, тухайн орон зайд хадгалан хамгаалагдаж байсан бусдын эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч Ө.М, Г.А нар нь бүлэглэн хохирогч Г.Дын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж, нийт 24.254.553 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, А.Мөнх-Эрдэнийн хохирогч Г.Дын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор зарим эд зүйлийг нь “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж бусдад шилжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Г.Аын үйлдэл нь:

гэрч Д.Алтанцэцэгийн “...Нэг эрэгтэй хүүхэд ирээд ... “4 давхрын айлын ус нээлгэх гэсэн юм” гэж хэлсэн. ...Тэр эрэгтэй хүүхдийг ... хяналтын камераар харж байхад Дынд орсон. ...Хоёр хоногийн дараа ус нээлгэнэ гэж хэлж байсан 2 эрэгтэй хүүхэд, мөн өөр 2 эрэгтэй хүүхдийн хамт лифтэнд суугаад, 4 давхарт ... 31 тоот руу орж байсан. ...Хайрцагтай хог манай жижүүрийн байрны үүдэнд үлдээгээд ... буцаж орж ирэхээр нь “...тэр хогоо гаргаж хая. ...” гэж хэлэхэд “бид нар хог хаяагүй” гэж над руу хэгжүүрхээд шатаар өгсөөд яваад өгсөн. ...Хэд хоногийн дараа ... шөнийн 2 цагийн орчимд, лифтнээс намхан шар, буржгар үстэй, над руу хэгжүүрхээд байсан хүүхэд 31 тоотын хаалгыг чанга дуугаргаад орсон. ...Би тэр хоёрыг дахин харвал танина. ...Эдгээр хүүхдүүд миний мэдэхээр 3 удаа ирж хоносон. ...Нэг эрэгтэй хүүхэд нь ойролцоогоор 170-180 см өндөртэй, богино халимаг үстэй, урт хар өнгийн куртиктай байсан. ...Нөгөө эрэгтэй хүүхэд нь 155-165 см өндөртэй, шар царайтай, онигор нүдтэй, хар өнгийн куртик өмссөн байсан. ...” “ /1хх 53-55/,

“...Дын гэр эзэнгүй байх хойгуур ... сургуулийн насны хүүхдүүд орж, гараад байсан. ...Би ... 2 давхрын шатан дээр 2 хүүхэдтэй хальт таараад “хог битгий хаяад бай” гэхэд “хаяагүй” гээд хэгжүүрхээд байсан хүүхдүүдийг сайн санаж байна. ...Шатан дээр таарсан 2 хүүхэдтэй хамт бас 2 хүүхэд явж байсан ба чимээгүй дээд давхар руу өгсөөд явсан. ...Манай байрны камер өнгөтөөр бичдэг учраас хүний зүс царай, хувцасны өнгө харагддаг. ...Камерт харахад 4 хүүхэд ... байсан. ...Нэг нь бусдаасаа өндөр, шаравтар царайтай хүүхэд байсан. ...Хэгжүүрхээд байсан нь дунд зэргийн биетэй, ... шар царайтай хүүхэд байсан. ...Нөгөө хүүхэд нь бор, ... царайтай ... байсан. ...Өндөр биетэй хүүхэд нь үсээ илээд зогсоод байсан. Тэр залууг ерөнхийд нь сайн харсан . ...” /1хх 67/ гэх мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагааны “...таньж олох ажиллагаанд оролцуулж байгаа М.М ... , Г.А ... , А.Алтанхүү ... , С.Мөнхдорж ... нараас ... “2” гэсэн дугаарыг Г.А ... сонгож ... зогсов. ...1-4 дугаартай 4 эрэгтэй хүнээс иргэн Г.Дын гэрт орж, гарч байсан гэх хүн байгаа эсэхийг тодруулж асуухад уг 4 хүнээс “2” гэсэн дугаарыг барьсан хүн ус нээлгэнэ гэж жижүүрийн байрны үүдэнд шөнө 2 цагаас 3 цагийн үед ирээд асуухаар нь түлхүүр байхгүй байсан учраас байхгүй гэж хэлсэн. ...Камераар харахад цахилгаан шатны хажууд ус нээлгэхээр ирсэн “2” дугаартай цаас барьсан хүн бас нэг намхан залуутай зогсож байсан. Уг “2” дугаартай цаас барьсан эрэгтэй хүнийг яаж таньж байна вэ гэвэл камераар ямар учиртай хүн ус нээлгэх гэж байгаа юм гээд харахад байсан хүн мөн байна. ...Тухайн үед лифт хүлээж байхдаа үсээ янзлаад зогсоод байсан учраас сайн харсан. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-29/,

гэрч Д.Алтанцэцэгийн “...Би камерт харснаараа таньсан. ...” /2хх 7/ гэх мэдүүлэг, “Сайн” ломбардын “...Гын А, РД:УЗ96051535, ...утас 88173851, ... монетон бөгж 1 ширхэг, 2.5 грамм, ... монетон гинж, кулон 1 ширхэг, 5.9 грамм, ... монетон металл 1 ширхэг, 1.8 грамм, ... монетон ээмэг 1 хос, 1.8 грамм, ... монетон ээмэг 1 хос, 2.1 грамм, ... монетон бөгж 1 ширхэг, 2.3 грамм, ... монетон гинж, кулон ... 2.6 грамм, ... монетон ээмэг 1 хос, 5.6 грамм ...” гэх барьцаат зээлийн гэрээнүүд /2хх 179-172/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн ... баримт бичиг, ... баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн түүний хэрэг болох үед байгаагүй гэдгийг нотлох “Алтан тэвш” зочид буудлын жижүүр хүлээлцэх дэвтрийн 2 хуудас хуулбар нь хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Аыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч С.Өнөрзаяагийн “...Шүүгдэгч Г.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ж.Давааням “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу яллах болон цагаатгах байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, түүнчлэн мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн. ...Шүүгдэгч Г.А нь “Алтан тэвш” зочид буудлын 204 тоот өрөөнд хонож байсныг нотлох тус зочид буудлын жижүүр хүлээлцэх дэвтрийн хуулбар 2 хуудас баримтыг ... хавтас хэрэгт хавсаргасан /1хх 183-185/. Гэвч шүүх энэ баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. ...Шийтгэх тогтоолын Гын Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Аыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Шинэзоригийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдож, тогтоогдохгүй байна. Гомдол гаргагчийн санал хүсэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу шүүгдэгч Г.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгон, Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулгатай давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч М.М нарын өмгөөлөгч Л.Бурмаагийн “...Өсвөр насны шүүгдэгч Ө.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирлын үлдэгдэл болох шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” гэж заасан заалтыг шүүх хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Мд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж хөнгөрүүлэн 1 жил болгож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь нь үндэслэл бүхий болжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч М.М нарын өмгөөлөгч Л.Бурмаагийн “...Шүүгдэгч М.М нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзаж болох боломжтой байхад шүүгдэгчид ашигтай хуулийн энэ заалтыг шүүх хэрэглээгүй. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тогтоож шийдвэрлээгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/784 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэсэн заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж гэмт хэргийн ангиллыг тусгайлан зохицуулжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Мандах-Эрдэнийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагатай.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгагдвал зохих зүйл болон ялын төрөл тэдгээрийг бичихдээ бичвэр болон хуулийн агуулгаас зөрүүтэй бичсэнийг, мөн анхан шатны шүүх хохирлыг тооцохдоо илтэд үндэслэлгүйгээр буруу хасаж тооцсоныг зөвтгөх нь зүйтэй.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, гэмт хэргийн улмаас нийт учирсан хохирол “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “... зах зээлийн үнэлгээгээр нийт 24.254.553 төгрөгөөр үнэлэв. ...” /1хх 79-89/ гэж тогтоосон бөгөөд үүнээс “...хүлээлгэн өгсөн эд зүйлийн дүн 6.843.715 төгрөг ...” /3хх 13-17/ гэх хөрөнгийн үнэлгээ, хохирогч Г.Дын анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...Надад Мандах-Эрдэнийн ээж Отгонжаргал эгч 10.000.000 төгрөг авч ирж өгөөд ... гарын үсэг зурсан. ...” /3хх 39/ зэрэг нотлох баримтуудаар 16.576.444 төгрөг төлөгдсөн нь нотлогдож байх тул шүүгдэгчээс нийт 7.410.838 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Дт олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх хохирлоос өсвөр насны шүүгдэгч Ө.Мандах-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч С.Ө нь шийтгэх тогтоол гарснаас хойш хохиролд 6.576.440 төгрөгийг төлж баргадуулсан бөгөөд шүүгдэгч нар 834.398 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Ө.М, М.М нарын өмгөөлөгч Л.Бурмаа, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Шинэзориг, С.Өнөрзаяа, Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/784 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Мд 2 жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин хөнгөрүүлэн багасгаж, 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Г.А, М.М нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Ө.М 6.843.715 төгрөгийн эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн, 10.000.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч М.М бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.М, шүүгдэгч Г.А нараас 834.398 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Дт олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Ө.М, М.М нарын өмгөөлөгч Л.Бурмаа, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Э.Шинэзориг, С.Өнөрзаяа, Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ