| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 139/2017/00017/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 17
Д.Я-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2018/00387 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Я-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Я
Нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сараас 1988 оны 6 сарыг хүртэл будагчнаар ажиллаж байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн олдохгүй байгаа. Миний бие 4 хүүхэдтэй улсад 17 жил 11 сар ажилласан. 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгоход улсад ажилласан жил хүрэхгүй байгаа учраас Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарын 5 хүртэл засварчин будагчнаар, Гурвансайхан сумын Цаг уурт 1988 оны 7 сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 сарын 5-ны өдрийг хүртэл ажиглагчаар, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1990 оны 5 сарын 1-нээс 1994 оны оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г Дундговь аймгийн Гурвансайхан сумын Цаг уурт ажиглагчаар 1988 оны 7 сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 сарын 5-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийн хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие Д.Я анхан шатны шүүхээр ажилласан жилээ сэргээн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээс миний Дундговь аймгийн “Модны үйлдвэр”-т 1986.08.01-нээс 1988.06.05-ныг хүртэл будагчнаар ажиллаж байсан хугацаа шүүхийн шийдвэрээр хангагдахгүй үлдсэнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Иймээс Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 139/ШШ2018/00387 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж миний Дундговь аймгийн “Модны үйлдвэр”-т 1986.08.01-нээс 1988.06.05-ныг хүртэл засварчин, будагчнаар ажиллаж байсан хугацааг нэмж тогтоож өгнө үү.
Хэрэгт гэрчийн мэдүүлгүүд, архивын лавлагаа өгсөн, өөр бичиг баримтууд олдохгүй байгаа болно. Миний бие 4 хүүхэдтэй 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгох шаардлага хангасан боловч “Модны үйлдвэр”-т ажилласан хугацаа дутсанаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Иймд хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэн дээрх хугацаанд ажилласныг тогтоон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Я-ийн Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарын 5 хүртэл засварчин, будагчнаар, Гурвансайхан сумын Цаг уурын станцад 1988 оны 7 сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 сарын 5-ны өдрийг хүртэл ажиглагчаар, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1990 оны 5 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарын 5-ныг хүртэл засварчин, будагчнаар ажиллаж байсныг нотлох баримтгүй гэх үндэслэлээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарыг 5-ныг хүртэл засварчин, будагчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох шаардлагаа хамт ажиллаж байсан *******, *******, гэгч хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгээр үндэслэжээ.
Нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарын 5-ныг хүртэл засварчин, будагчнаар ажиллаж байсныг нотлох баримтгүй гэж шүүх дүгнэсэн байх бөгөөд энэ үйл явдлыг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй, энэ мэдүүлгүүд нь яагаад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй байгаа талаар тодорхойлоогүй байна.
Нэхэмжлэгч Д.Я Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарын 5-ныг хүртэл засварчин, будагчнаар ажиллаж байсныг гэрч , *******, ******* нар гэрчилж мэдүүлжээ. /Хэргийн 33,35,39 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч Д.Яг туслах будагчнаар ажиллаж байсан талаар тус үйлдвэрт бичээч, будагчин бригадын даргаар ажиллаж байсан дээрх нэр бүхий хүмүүс гэрчилсэн байх бөгөөд нярав, бригадын дарга, будагчины ажлыг гүйцэтгэж байсан гэрч ******* мэдүүлэхдээ “...надад хамгийн анх шавь оруулж, туслах ажилтнаар ажиллуулж байсан учраас би сайн мэдэж байна.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлэн Д.Яг Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарын 5-ныг хүртэл засварчин, будагчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж үзэн ажилласан байдлыг тогтоож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2018/00387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Д.Я-г...” гэсний дараа ...” Дундговь аймгийн Модны үйлдвэрт 1986 оны 8 сарын 1-нээс 1988 оны 6 сарын 5 хүртэл засварчин, будагчнаар” гэж оруулан, “...тогтоож...” гэснийг “...тогтоосугай...” гэж өөрчлөн, “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Ц.ОТГОНЦЭЦЭГ
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД