Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Хулд сумын 4-р багийн иргэн Харнууд овогт Лхамсүрэнгийн Отгонсүрэн /ЗМ63090105/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Отгонсүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, энэ жил 54 нас хүрч байгаа. Улсад 30 жил ажилласан. Үүнээс 1984 оноос 1991 он хүртэл  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд мал маллаж байсан боловч 1984 оны ажиллаж байсан тухай баримт олдохгүй байгаа тул тэр үед хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн 1985 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 31-нийг дуустал улсад ажилласан  жилийг тогтоож өгнө үү  гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Отгонсүрэн нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 31-нийг хүртэл  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1984 оны 10 сарын 1-нээс 1991 оны 10 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай Лхамсүрэн овогтой Отгонсүрэнд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 3-р хуудас/
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 08/01 дугаартай лавлагаагаар: ‘’Хулд сумын Талын цэцэг нэгдэл нь 1991 оны 04 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1993 оны 2 сарын 10-нд ‘’Талын цэцэг ББХК’’  болж өөрчлөгдсөн байна’’ гэжээ.
  3. Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Л.Отгонсүрэнд олгосон 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1990 оны 1-12 сарын цалин тооцооны хүснэгт /хэргийн 6-21-р хуудас/
  4. Гэрч Д.Шатар, Л.Равдандорж, Д.Цэрэнпагма нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Л.Отгонсүрэнгийн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 31-нийг хүртэл  хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 01 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Отгонсүрэнг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 6-21-р хуудсанд авагдсан цалин тооцооны хүснэгтээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харнууд овогт Лхамсүрэнгийн Отгонсүрэнг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 31-нийг өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР