Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 181/2020/02303/И |
Дугаар | 001/ХТ2022/01289 |
Огноо | 2022-12-20 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2022/01289
2022 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 001/ХТ2022/01289 |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02439 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0151 дүгээр магадлалтай,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй
Гео магнат ресурс ХХК-д холбогдох
Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 584,785,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Т.Мөнхбаяр, Х.Санчигдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдолгор, Х.Санчигдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь хариуцагч Гео магнат ресурс ХХК-д холбогдуулан геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 584,785,038 төгрөгийн нэхэмжлэл гаргаж маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02439 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Гео магнат Ресурс ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 584,785,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд олгож, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Гео магнат Ресурс ХХК-аас 3,081,875 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0151 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02439 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 3,082,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр, Х.Санчигдорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийн үндэслэлээ магадлалын үндэслэх хэсэгт ... нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд маргаан бүхий үйл баримтуудыг талуудаас тодруулж, тэднийг мэтгэлцүүлсний үндсэн дээр зохиогчдын хооронд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангана гэж тайлбарлажээ.
Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүрэггүй байна. Энэ нь Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
4.2. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг гаргуулах боломжтой. Гэвч хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж, маргаан бүхий үйл баримтуудыг тодруулж, мэтгэлцэх боломжоор хангаагүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчид эрх, үүрэг тайлбарлан өгсөн, өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх боломжоор хангасан, нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх хангалттай хугацааг бүрдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий баримтгүйгээр шийдвэрлэсэн, цаашид ямар нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тухай дурдаагүй.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ... ажлыг гүйцэтгэсэн,... 2012-2015 оны хооронд санхүүжилт хийгдсэн нь үнэн боловч өмнөх санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүнг авсны дараа олгогдсон байсан гэх тайлбараар үгүйсгэж, ... дээрх бүх процесстой холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж, мэтгэлцэх хүсэлтэй байгаа тухайгаа гомдолд дурдсан байгаа ч уг баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бус гэрээт ажлын үйл явцын тайлан, ажил гүйцэтгэх процессын тухай байна. Гео магнат Рерурс ХХК нь гэрээний дагуу Жинстийн 3610.11 м.кв талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг 634,785,038.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байна.
Хэдийгээр хариуцагч ажлыг хэсэгчлэн гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу тус Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Жинстийн 3610.11 м.кв талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил байна. Ажил гүйцэтгэх гэрээнд дагуу Эрдэс баялгийн зөвлөлөөр эцэслэн батлуулж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй байна. Хариуцагч нь ажлын үр дүнг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, үр дүнг хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр, Х.Санчигдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
6. Нэхэмжлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Гео магнат ресурс ХХК-д холбогдуулан геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 584,785,038 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган ...2012.11.14-ний өдөр Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ..., геологийн судалгааны тайлангаа эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулаагүй, ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй гэж, хариуцагч ажлыг хийж гүйцэтгэсэн, энэ нь үе шатны ажил тус бүрээр төлбөрийг шилжүүлж байсан нөхцөл байдлаар тогтоогдоно гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч хариуцагч ажлыг хийж гүйцэтгэсэн талаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэн захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хариуцагч Гео магнат ресурс ХХК-д шилжүүлсэн ажлын хөлс 584,785,038 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох боломж олгоогүйн улмаас хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
8. Талууд 2012.11.14-ний өдөр Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан, Баян-Овоо, Өлзийт сумын нутаг дэвсгэрт орших Жинстийн 3610.11 кв.км талбайд геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 634,785,038 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон талаар маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч талаас хариуцагчид нийт 584,785,038 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагч уг төлбөрийг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн. Хариуцагч төлбөрийг хүлээн авах бүртээ үе шатны ажлыг хийж, үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх ба энэ гүйцэтгэл нь төлбөрийг тухай бүр нэхэмжлэгчээс шилжүүлж байсан үйл явдлаар нотлогдоно гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, ажил гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
9. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл бодит үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээний үр дүнг захиалагчид шилжүүлсэн гэх боловч энэ талаар нотлох үүргээ биелүүлсэнгүй. Үе шатны төлбөрийг нэхэмжлэгчээс тухай бүр шилжүүлж байсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байх боловч энэ нөхцөл байдал дангаараа ажлын үр дүн бодитой хийгдсэн болохыг хангалттай нотлох баримт гэж үзэхгүй. Харин ажлын үр дүнг хүлээн аваагүй боловч төлбөрийг шилжүүлсэн нөхцөл байдал нь нийтийн эрх зүйн холбогдох хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудал нь тус хэрэг маргаанд хамааралгүй бөгөөд энэ талаар эрх бүхий этгээд дүгнэлт өгөхөд ажил гүйцэтгэх гэрээний талаар хийсэн шүүхийн дээрх дүгнэлт саад болохгүй.
10. Анхан шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй хариуцагч Гео магнат ресурс ХХК-д холбогдох ажлын хөлс 584,785,038 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг 2020.06.23-ны өдөр хүлээн авч 2020.06.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2020.07.20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч 2020.07.31-ний өдөр хариу тайлбараа бичгээр ирүүлсэн байх боловч уг тайлбарт нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаагаа дурдсан ч үндэслэлээ тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь хууль зөрчөөгүй, хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулж, өмгөөлөгч авах эрхээр хангасан нь хуульд нийцсэн талаар дүгнэсэн боловч маргааны үйл баримтыг талуудаас тодруулах, тэднийг мэтгэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
11. Нэхэмжлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь хариуцагч Гео магнат ресурс ХХК-д холбогдуулан ажлын хөлсөө буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хэд хэдэн удаа гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас эрэн сурвалжилж, хаягийг тогтоосон, нэхэмжлэлийг гардуулснаас хойш түүнд өмгөөлөгч авах, хариу тайлбараа нотлох, нотлох баримт бүрдүүлэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020.09.29-ний өдөр хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагч геологийн судалгааны ажлыг хийсэн талаарх холбогдох тайлан, баримтаа өгсөн хэмээн мэтгэлцэж байгаа бол энэ баримтыг өөрөө гаргаж өгөх, эсхүл хууль ёсоор хадгалагдах учиртай газраас гаргуулахаар хүсэлт гаргах бүрэн боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй, ийм хүсэлт гаргаагүй нь хэргийн баримтаас илэрхий байх тул үндэслэлийг тодруулаагүй, мэтгэлцүүлээгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.
12. Түүнчлэн нэхэмжлэгч тал хэрэв хариуцагч тал хийсэн ажлынхаа үр дүнг баталгаажуулсан баримтыг шүүхийн ба шүүхийн бус аль ч шугамаар ирүүлсэн бол өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл ба гомдлоосоо татгалзах, эвлэрэх боломж үргэлж нээлттэй байсан талаар хяналтын шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч энэ талаар идэвхтэй арга хэмжээ аваагүй, хариуцагчаас аливаа баримт ирүүлээгүй, холбогдож байгаагүйг дурдсаныг хариуцагч үгүйсгээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
13. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр, Х.Санчигдорж нарын хяналтын журмаар гаргасан Анхан шатны шүүх хариуцагчид эрх, үүрэг тайлбарлан өгсөн, өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх боломжоор хангасан, нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх хангалттай хугацааг бүрдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. , Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0151 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2020/02439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санчигдорж, Т.Мөнхбаяр нарын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.