Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0437

 

 

 

        2022         06           08                                    128/ШШ2022/0437

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НАХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ш.А,

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У, Б.Н, Т.Мн, Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ц,

Гуравдагч этгээд: Г.А

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.О нарыг оролцуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдлийг хүчингүй болгуулах маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Б., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албаны бичгээр “..n.mn домэйн нэрийн эзэмшигчийн бүртгэл нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эзэмшигчийн хүсэлтгүйгээр НАХХК-д шилжсэн байгаа нь Домэйн нэрийг бүртгэх ашиглах журмын 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.3.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 7 дугаар зүйлийн 7.3.2-т заасны дагуу n.mn домэйн нэрийн эзэмшигчийн бүртгэлд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгож, өмнөх эзэмшигчийн бүртгэлд сэргээх арга хэмжээг нэн даруй авч албан бичгээр тус хороонд мэдэгдэнэ үү” гэж ДХХК-д хүргүүлсэн байна.

3. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч НАХХК тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч НАХХК нь мэдээ мэдээллийн сайт чиглэлээр 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Монголын цахим орчинд мэдээ, мэдээлэл гаргадаг анхдагч сайтуудын нэг юм. Энэ хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 10020003 тоот бүртгэлийн гэрчилгээ болон Оюуны өмчийн газрын 2013 оны 31 дүгээр тушаалаар Н.мн сайтын бараа тэмдгийн онцгой эрхийн гэрчилгээг эзэмших болсон.

Н.мн домэйн хаягийн эрхийг анх 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт өгч авахдаа админ удирдах эрхийг тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т түүний хүү А нарын нэр дээр дамжин бүртгэгдсэн байсныг хожим олж мэдсэн.

Улмаар домэйн нэрийг бүртгэсэн бүртгэл ДХХК 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01148 тоот албан бичгээр домэйн нэр эзэмшлийг өөрчлүүлэхээр НАХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Адомэйн нэрийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх гомдол гаргасантай холбогдуулан домэйн нэр эзэмшигчийг түр түдгэлзүүлсэн буюу түгжих мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2117 тоот ДХХК-ийн албан бичгийг манай компанид ирүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ирүүлсэн байдаг. Уг тайлбартаа 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гомдолд 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдөр албан бичгээр хариу өгсөн учраас анхны шаардлага буюу эс үйлдэхүйгээр дуусгавар болсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн тайлбар ирүүлдэг.

Тухайн тайлбараас үзэхээр ДХХК  шүүхээс албан бичиг явуулсны дагуу 2021 оны 10 дугаар сар гээд огноо нь тавигдаагүй 21/74 тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн нотлох баримтаар ДХХК-д байсан мэдээлэл буюу НАХХК эзэмшлийн Н.мн домэйн нэрийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөний тухай эхний хүснэгтэлсэн мэдээлэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирсэн. Тухайн мэдээлэл дээр хамгийн сүүлд Г.А-ээс НАХХК нь, түүнийг төлөөлж Б.Б-д шилжсэн мэдээлэл ирсэн байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шүүхээс компьютерт үзлэг хийхэд буцаад Г. д шилжсэн байсан мэдээлэл харагддаг.

Огноо нь мэдэгддэггүй. Нэгэнт буцаад Г.Ад шилжсэн байгаа учраас тухайн шилжилт хөдөлгөөн нь хууль ёсны дагуу болоогүй гэх гомдлыг үе шаттайгаар гаргасан. Эдгээрээс харахад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр гаргасан мэдэгдэл нэртэй шийдвэрийн үндсэн дээр энэ бүх үйл ажиллагаа болсон тухай ДХХК-аас ирүүлсэн албан бичгүүдээр тодорхой харагддаг.

Энэхүү 2021 оны 4 дүгээр сарын 7-ний өдрийн мэдэгдэл нэртэй шийдвэр нь нэгдүгээрт, гомдол гаргагч Г.Ань манай НАХХК-ийн 20%-ийн хувьцаа эзэмшигч буюу дангаар эзэмшигч биш юм. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг буюу компанийн хөрөнгө өмчлөл, захиран зарцуулалтын асуудалд оролцох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл өөрийнхөө эзэмшиж байгаа 20%-ийн хувьцаанд ногдох ашиг, алданги зэрэгт оролцдог. Гэтэл гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг үл харгалзан,  n.mn домэйн нэрийн эзэмшигч биш этгээдийн гомдлыг үндэслэж  арга хэмжээ авсан.

Хоёрдугаарт, Харилцаа холбоо зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан Домэйн нэрийг бүртгэх, ашиглах, журмын 9.3-т домэйн нэртэй холбоотой өргөдөл гомдлыг маягт болон зайлшгүй хавсаргах баримтуудыг тусгайлан зааж өгсөн байдаг. Гэвч Г.- гаргасан өргөдөл гомдлын мэдээлэл байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас харвал манайх 2021 оны 3 дугаар сарын 12, 3 дугаар сарын 18, 3 дугаар сарын 20, 3 дугаар сарын 30 зэрэг 4 удаагийн гомдол байдаг. Яг аль нь болохыг хэлж мэдэхгүй байна. Анхны ДХХК-ийн ирүүлсэн мэдээлэлд 3 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан гэдэг. Гэтэл яг ямар гомдол гаргасан нь одоог хүртэл хэрэгт авагдаагүй.

ДХХК  болон Харилцаа холбооны зохицуулах хорооны ирүүлсэн албан бичигт 3 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан гэх ба энэ нь ямар гомдол байсан талаар мэдээлэл байхгүй. Сүүлд 3 дугаар сарын 18-ний өдөр өгсөн маягтын дагуу бөглөсөн гомдол ирсэн боловч, холбогдох баримт бичиг нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр Харилцаа холбооны зохицуулах хороо иргэдээс авсан гомдол нь журам зөрчсөн, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй байхад хүлээж аваад, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад шилжилт хөдөлгөөн хийх тухай мэдэгдэл шийдвэрүүд гаргадаг. Мөн компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг” гэж заасан байдаг. Түүнчлэн гэрээт бүртгэгч болох ДХХК-ийн домэйн нэрийн бүртгэлийн журмын 7.3-т зааснаар ДХХК-ийн өөрийнх нь журам бөгөөд домэйн нэр нь өөрийн нэр, гуравдагч этгээдийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний нэр шошго, барааны тэмдгийн гэрчилгээ, оюуны өмчийн гэрчилгээ, патентын нэрийн адил, адил төстэй байдлаар даган дуурайх, санаатай болон санамсаргүйгээр төөрөгдүүлэх, бусдын эрх ашгийг хохироосон нь хожим илэрч тогтоогдсон бол бүртгэгч нь хуульд шүүх болон эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэрийг үндэслэн уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээг нэн даруй зогсоож, эзэмшигчийг цуцалж, шинэ нэр бүртгэх болон сонголт хийхээс татгалзана” гэдэг агуулга бүхий зохицуулалт байдаг. Мөн тус журмын 9.5.2-т “домэйн нэр эзэмшигч нь маргалдагч талтай садан төрлийн холбоотой, бизнесийн хамтрагчид, тухайн байгууллагад ажиллаж байгаад гарсан, гэрээ дуусгавар болсон зэрэг үндэслэлээр домэйн нэр бүртгэлийг шинэчлээгүй, шилжүүлээгүй эсхүл бусдыг хууран мэхлэх зорилгоор домэйн нэрийг ашиглаж байгаа үндэслэл гаргаж нотлох шаардлагатай” байгаа тухай зохицуулалттай. Гэтэл гомдол гаргагч гэж үзэж байгаа одоогийн гуравдагч этгээд Анийн зүгээс бизнесийн хамтрагчид бөгөөд энэ нь бизнесийн үйл ажиллагааны Н.мн гэдэг сайтыг ажиллуулж буй НАХХК-ийн эзэмшлийн зүйл болох тухай тайлбар нотлох баримтуудыг хүргүүлээгүй. Тэ-гээс Г.А-үд шилжих, шилжилт хөдөлгөөн хийгдэх бүрд  энэ талаар тайлбар мэдүүлэг өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй байсантай холбоотойгоор саяхныг хүртэл бүртгэл нь Г.Агэх нэр дээр байсан учраас одоо илэрч байна.

Мөн ДХХК-аас ирүүлсэн албан бичигт Харилцаа холбооны зохицуулах хорооны бичгийг үндэслээд НАгэх домэйн нэрийн үйл ажиллагаанд “lock” хийсэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос шийдвэр гаргаад, шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл талууд “шүүхийн журмаар шийдвэрлэж, шүүхийн эцсийн шийдвэрийг үндэслээд хэнийх нь нэр дээр бүртгэх асуудлыг шийднэ” гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 04/492 тоот мэдэгдэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, НАХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, бүртгэл оруулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэгдүгээрт хариуцагчийг зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл НАХХК нэхэмжлэл гаргадаг. Маргаан бүхий акт нь n.mn домэйн нэртэй асуудал юм. Тэгэхээр энэ домэйн нэрийг Болдбаатар гэх хүнээс Г. д шилжүүлсэн асуудал нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус байна гэдэг асуудлаар маргадаг учраас НАХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж тайлбарлаж байгаа юм. n.mn гэдэг домэйн нэрийг НАХХК өмнө эзэмшдэг байж байгаад магадгүй тухайн компаниас нь өөр этгээд рүү шилжүүлсэн бол хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл маргаан бүхий n.mn гэдэг домэйн нэр нь 2007 онд анх олгогдсон цагаас хойш иргэдээс иргэдийн хооронд шилжсэн байдаг. Домэйн нэрийг шилжүүлэх боломжтой бөгөөд аль ч талууд өөрийн нэр дээр байгаа домэйн нэрийг шилжүүлэх эрхтэй. Тэрхүү эрхээ эдлэхийн тулд Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан Домэйн нэрийг бүртгэх ашиглах журамд заасны дагуу шилжүүлэх ёстой.

Тухайн журамд домэйн нэр эзэмшигчийн хүсэлтээр эсхүл гэрээ байгуулсны үндсэн дээр домэйн нэрийг шилжүүлж болно гэж заасан байдаг. Түүнчлэн дээр асуудал нь журамд заасны дагуу шилжсэн гэж үзэж байвал энэ тухайгаа нотлох ёстой. Гэвч журамд заасны дагуу шилжээгүй учраас Г.Агэх иргэн Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргаад, гомдлыг шалгаж үзээд журамд зааснаар өмнөх эзэмшигчийн хүсэлт болон гэрээ байхгүй байгаа учраас журмын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай мэдэгдлийг ДХХК-д хүргүүлсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан бичиг ирэхээс үл хамааран ДХХК журамд заасны дагуу чиг үүргийг хэрэгжүүлж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой байгууллага юм. Журамд заагаагүй буюу хууль бус албан шаардлага болон, албан мэдэгдэл ирүүлбэл тухайн асуудлыг ДХХК биелүүлэхгүй байх бүрэн эрхтэй. Мөн домэйн нэр олгохтой холбоотой, олгох, хүчингүй болгох, сунгах асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо оролцдоггүй. Домэйн нэр буюу вэб сайт гэж нэрлэж байгаа асуудлыг анх олон улсын интернетийн хаягжилтын байгууллагаас эрх авч, Датаком.мн гэдэг өргөтгөлтэй домэйн нэрийг Монгол улсад олгох онцгой эрхийг ДХХК эзэмшдэг бөгөөд домэйн нэрийг олгох, хүчингүй болгох, шилжүүлэх, сунгах эрхийг бие дааж хэрэгжүүлдэг гэсэн үг юм. Төр болоод Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс домэйн нэртэй холбоотой асуудалд тодорхой хэмжээний хязгаарлалттай оролцдог. Өмнө огт оролцдоггүй байсан бөгөөд 2019 онд Харилцаа холбооны тухай  хуульд нэмэлт өөрчлөлт орсноор домэйн нэрийг бүртгэх ашиглах журам батлах эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд олгогдсон. Үүнийхээ дагуу зөвхөн бүртгэхтэй холбоотой журмыг баталдаг ба бусад эрхийг ДХХК бие даан хэрэгжүүлдэг. Хэрвээ НАХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдаад Харилцаа холбооны зохицуулах хорооны хүргүүлсэн албан бичиг хүчингүй болбол шүүхийн шийдвэр ДХХК-д даалгаж гарахгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Агээс Болдбаатарт эргээд шилжүүлэхийг даалгах шийдвэр гарах боломжгүй. Журмын хэрэгжилтийг ДХХК нэгэнт хангачихсан учраас шилжүүлэхгүй авах эрхтэй. Эргээд Г.Агэх иргэн ДХХК-д  гомдол гаргавал журмын хэрэгжилтийг зөрчсөн байна гэж үзнэ. Ийм учраас тухайн компани нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талын эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Шүүхэд аливаа иргэн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргах гэж байгаа бол  захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт болон, захиргааны хэм хэмжээний актыг үр дагавраас шалтгаалан зөрчигдөж байгаа болон зөрчигдөж болзошгүй эрхээ сэргээлгэхээр ханддаг. Ямар эрх зөрчигдсөн гэдгээ өнөөдрийг хүртэл нотлоогүй бөгөөд энэ нь нотлогдохгүй гэж үзэж байна. Н.мн гэх домэйн нэр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан мэдэгдлээс шалтгаалан тухайн домэйн нэрийн хандалт нь хязгаарлагдсан, эсхүл үйл ажиллагаа нь доголдож зогссон зүйл байхгүй. Цаашид ч гарах боломжгүй юм. Тухайн домэйн нэрийг ДХХК-ийн бүртгэлийн сангаас харахаар иргэдээс иргэдийн хооронд шилжсэн, сүүлд Г.Аээс Болдбаатарт шилжээд, хүсэлт гаргаагүй учраас буцаан шилжүүлсэн зүйл л харагддаг. НАХХК-ийн хувьцаа эзэмшигч болоод компанийн хоорондын маргаатай асуудал байгааг үгүйсгэхгүй. Үүнтэй холбоотой Г.Ань НАХХК-д ямар нэгэн гомдол гаргасан зүйл байхгүй гэдгээ удаа дараа тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс харахад хувьцаа эзэмшигчтэйгээ учраа олоод шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна. n.mn нь бүртгэлийн гэрчилгээ эзэмшдэг. Бүртгэлийн гэрчилгээний хувьд бид Н.мн гэдэг домэйн нэрийг бүртгэж аваад, энэ нь НАХХК-ийн домэйн нэр” гэж бүртгэлийн гэрчилгээ олгодоггүй бөгөөд хууль эрх зүйн боломж байхгүй. Тухайн вэб сайтын домэйн нэр ашиглаж, мэдээ мэдээллийн вэб сайтын үйл ажиллагаа эрхлэх эсэхэд л бүртгэлийн гэрчилгээ олгодог. Үүнийг Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “тусгай зөвшөөрөлтэйгөөс  эрхлэхээс бусад төрлийн харилцаа холбооны үйлдвэрлэл үйлчилгээ, ашиглалтыг харилцаа холбооноос бүртгүүлж үйл ажиллагаа явуулна” гэж заасны хүрээнд мэдээ мэдээллийн сайтууд, мэдээ мэдээллийн үйлчилгээ эрхлэхээр хороонд хандаж, бүртгүүлдэг. Харилцаа холбоо зохицуулах хороо НАХХК-д n.mn гэх домэйн нэрийг эзэмшдэг гэсэн бүртгэлийн гэрчилгээ олгоогүй” гэв.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбартай санал нэг байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагадаа  2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна.

Анх нэхэмжлэл гаргахдаа Харилцаа холбооны зохицуулах хороонд 4 дүгээр сарын 30-ны өргөдөл гаргаж, шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх ба 7 дугаар сарын 19-ний өдөр, 4 дүгээр сарын 30-ны гаргасан гомдолд нь хариу өгөхөд тухайн албан бичгийг хүчингүй болгуулахаар 6 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан байдаг. Хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаан товлогдож, тухайн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойл гэхэд “2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 04/492 тоот мэдэгдэл буюу шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Энэ бүх хугацаанаас харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Учир нь 4 дугаар сарын 6-ны өдрийн албан бичгийг НАХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мэдсэн байдаг. Үүнийг анх нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж, хавсаргаж өгсөн байдаг. Ингээд 10 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 4 дүгээр сарын 6-ний өдрийг албан бичгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн байдаг. Энэ хугацаанд 180 хоног өнгөрсөн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж үзэж байна. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хариу өгье. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа   НА ХХК нь n.mn домэйн нэрийн өмчлөх гэж тайлбарладаг.

Гэтэл үүнийг ДХХК Г. нэр дээр буцаан шилжүүлсэн нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлдээ дурддаг. Анх н.Б-д болон НАХХК-ийн нэр дээр n.mn домэйн нэрийг яаж шилжүүлсэн тухай баримтыг ДХХК болон шүүхээс шаарддаг. Гэтэл журамд заасан хүсэлт эсхүл гэрээ байгаагүй, байх ч боломжгүй юм. Учир нь Г.Атэй гэрээ байгуулаагүй бөгөөд Г.Аямар нэгэн хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дахин нэг үндэслэлийг Г.Ань журамд заасны дагуу гомдол гаргаагүй байхад гомдлыг шийдвэрлэсэн гэдэг. Гэхдээ Харилцаа холбооны зохицуулах хороо Г.Агийн гараар бичсэн хоёр гомдлыг хүлээж авсантай холбоотой баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн бүр төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах эрхтэй бөгөөд үүнийг хэлбэрийн хувьд журамласан зүйл байдаггүй. Ингэж гомдол гаргаад шийдвэрлэсний төлөө НАХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй байна. Анх домэйн нэрийн бүртгэлийг ДХХК–аас шүүхэд ирүүлсэн байдаг. Уг бүртгэлд НАХХК-д бүртгүүлж байсан хэн нэгний баримт байдаггүй. Энэ нь домэйн нэрийн анхны хэрэглэгч нь хэн байсан гэдгийг нотлох баримт бичиг мөн. Тэгэхээр НАХХК нь манай компанийн өмч гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. НАХХК-ийн n.mn домэйн нэрийн эзэмшигч гэдгээ нотлох баримтыг гаргаж өгнө гэсэн үндэслэлээр хамгийн анхны шүүх хуралдаан хойшилсон. Энэ нь аливаа хуулийн этгээд өмч хөрөнгөтэй бол түүнийгээ бүртгүүлж, тайлан баланстаа биет бус хөрөнгө бол үнэлгээг нь гаргуулж бүртгүүлсэн баримт байх ёстой. Гэтэл дээрх баримт ирээгүй. n.mn домэйн нэр Б.Тгэх хүн”Монголмасс медиа” ХХК-иас НАХХК-ийн эрхийг 2012 онд шилжүүлж авсан байдаг. Ингэж шилжүүлэхдээ домэйн нэрийг тусад нь Б.Тэд шилжүүлсэн нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлд бүтгэгдсэн.

Гэтэл Б.Т2016 онд шийдвэр гаргаад компанийнхаа өөрийн эзэмшлийн бүх хувьцааг нэр бүхий 12 хүнд хуваан шилжүүлсэн байдаг. Үүнээс 70 хувийг Б.Баод, 20 хувийг Г.А-д, үлдсэн 10 хувийг компанийн ажилчдадаа хуваан өгсөн бөгөөд домэйн нэрийг хэн нэгэнд шилжүүлсэн шийдвэр байхгүй, харин Г.А-д цахимаар хүсэлт гаргаж шилжүүлсэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан. ДХХК-ийн ц хэн ямар домэйн нэр эзэмшиж байгаа нь  нээлттэй байдаг ба үүнээс харахад НАХХК-иас Бд шилжсэнийг хараад Г.Агомдол гаргасан. Харилцаа холбооны шилжүүлэх хороо баримтгүйгээр шилжүүлснийг Датаком компанид хүргүүлсэн бөгөөд хууль бусаар шилжүүлснээ ухамсарлан Г.Анүгийн нэр дээр шилжүүлсэн. Иймд НАХХК нь шүүхэд нэг ч баримт гаргаж өгөөгүй хэр нь компанийн эзэмших, ашиглах эрх гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Т нь цөөн хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хамгаалахын тулд домэйн нэрийг Г.А-д үлдээх нь зөв гэж үзэн шилжүүлсэн гэж хэлсэн. Б.Т гэх хүн n.mn анхнаас нь ажиллуулж өнөөдрийн түвшинд хүргэсэн хүн юм. Компанийн тухай хууль болон Иргэний тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн өмч хөрөнгийг компани үнэ төлбөргүй ашиглах, эсхүл гэрээ хэлцлийн үндсэн дээр ашиглаж болох бөгөөд гэрээ хэлцэл байхгүй Т, Г.А нар нь тухайн компанид ашиглуулж байсан асуудал юм. Хэрвээ зарсан гэх асуудал байвал тусдаа гэрээгээр ашиглах эрхээ бусдад шилжүүлэх боломж нь нээлттэй. Гэтэл тухайн компани нь өнөөдрийг хүртэл Г.А-д санал тавиагүй хэр нь бид хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн, Г.А-д мэдэгдсэн боловч ирээгүй гэсэн тайлбар хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах, мэдэгдэх зэрэг нь Компанийн тухай хуулиар нарийн зохицуулагдсан байдаг ба НАХХК нь Г.А-д хувьцаа эзэмшигчдийн хурлаар яг ямар асуудал хэлэлцэх талаар нарийн, тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэтэл Г.А-д мэдэгдэхээр залгасан боловч утсаа аваагүй гэж тайлбарладаг.

Компанийн тухай хуульд тухайн хурлын зарыг ямар нэгэн байдлаар заавал мэдэгдэх ёстой. Ингээд 70 хувийн хувьцаа эзэмшигчдийн хүч түрэмгийлсэн хурлын шийдвэр нь Г.А-үгийн өмчлөлд байгаа зүйлийг компанийн нэр дээр болгох тухай шийдвэр байдаг. Ийм процесс байж болохгүй бөгөөд Иргэний хуулийн дагуу хүний эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг шилжүүлж авах тохиолдолд ямар гэрээ байгуулахаас хамааран хуулийн зохицуулалт нь өөр өөр байдаг. Иймээс нэхэмжлэгчийн тухайн домэйн нэрийг эзэмшиж байсан гэх ямар нэгэн баримт байхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гарвал уг шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй бөгөөд ДХХК-д хаяглагдаагүй. ДХХК нь бие даасан хуулийн этгээд учир бүртгэл явуулах үүрэгтэй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа ба шүүхийг төөрөгдөлд оруулах гэж байгаа мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Түүнчлэн уг домэйн нэр нь нэхэмжлэгч компанийн өмч биш бөгөөд эзэмшиж ашигладаг гэх баримт байхгүй. Иргэд хоорондоо тохиролцоод шийдвэрлэх асуудлыг шүүхийн маргаан үүсгэх, төрийн байгууллагад болон шүүхэд хүндрэл учруулах шаардлагагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэж эцсийн байдлаар тодруулсны дагуу шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс ”.... гомдол гаргагч Г.Ань манай НАХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд дангаар эзэмшигч биш юм. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг буюу компанийн хөрөнгө өмчлөл, захиран зарцуулалтын асуудалд оролцох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл өөрийнхөө эзэмшиж байгаа 20 хувийн хувьцаанд ногдох ашиг, алданги зэрэгт оролцдог. Гэтэл гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг үл харгалзан,  n.mn домэйн нэрийн эзэмшигч биш этгээдийн гомдлыг үндэслэж  арга хэмжээ авсан.

Мөн Харилцаа холбоо зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан Домэйн нэрийг бүртгэх, ашиглах, журмын 9.3-т домэйн нэртэй холбоотой өргөдөл гомдлыг маягт болон зайлшгүй хавсаргах баримтуудыг тусгайлан зааж өгсөн байдаг. Гэвч Г.А-ээс гаргасан өргөдөл гомдлын мэдээлэл байдаггүй” гэж,

 Хариуцагчаас “... журамд заасны дагуу шилжээгүй учраас Г.Агэх иргэн Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргаад, гомдлыг шалгаж үзээд журамд зааснаар өмнөх эзэмшигчийн хүсэлт болон гэрээ байхгүй байгаа учраас журмын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай мэдэгдлийг ДХХК-д хүргүүлсэн.

Мөн домэйн нэр олгохтой холбоотой, олгох, хүчингүй болгох, сунгах асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо оролцдоггүй. Домэйн нэр буюу вэб сайт гэж нэрлэж байгаа асуудлыг анх олон улсын интернетийн хаягжилтын байгууллагаас эрх авч, Датаком.мн гэдэг өргөтгөлтэй домэйн нэрийг Монгол улсад олгох онцгой эрхийг ДХХК эзэмшдэг бөгөөд домэйн нэрийг олгох, хүчингүй болгох, шилжүүлэх, сунгах эрхийг бие дааж хэрэгжүүлдэг.

Бүртгэлийн гэрчилгээний хувьд бид n.mn гэдэг домэйн нэрийг бүртгэж аваад, энэ нь НАХХК-ийн домэйн нэр” гэж бүртгэлийн гэрчилгээ олгодоггүй бөгөөд хууль эрх зүйн боломж байхгүй. Тухайн вэб сайтын домэйн нэр ашиглаж, мэдээ мэдээллийн вэб сайтын үйл ажиллагаа эрхлэх эсэхэд л бүртгэлийн гэрчилгээ олгодог. Үүнийг Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “тусгай зөвшөөрөлтэйгөөс  эрхлэхээс бусад төрлийн харилцаа холбооны үйлдвэрлэл үйлчилгээ, ашиглалтыг харилцаа холбооноос бүртгүүлж үйл ажиллагаа явуулна” гэж заасны хүрээнд мэдээ мэдээллийн сайтууд, мэдээ мэдээллийн үйлчилгээ эрхлэхээр хороонд хандаж, бүртгүүлдэг. Харилцаа холбоо зохицуулах хороо НАХХК-д n.mn гэх домэйн нэрийг эзэмшдэг гэсэн бүртгэлийн гэрчилгээ олгоогүй” гэж,

Гуравдагч этгээдээс “....нэхэмжлэгчийн тухайн домэйн нэрийг эзэмшиж байсан гэх ямар нэгэн баримт байхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гарвал уг шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй бөгөөд ДХХК-д хаяглагдаагүй. ДХХК нь бие даасан хуулийн этгээд учир бүртгэл явуулах үүрэгтэй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа ба шүүхийг төөрөгдөлд оруулах гэж байгаа мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Түүнчлэн уг домэйн нэр нь нэхэмжлэгч компанийн өмч биш бөгөөд эзэмшиж ашигладаг гэх баримт байхгүй. Иргэд хоорондоо тохиролцоод шийдвэрлэх асуудлыг шүүхийн маргаан үүсгэх, төрийн байгууллагад болон шүүхэд хүндрэл учруулах шаардлагагүй... “ гэж тус тус тайлбарлан маргажээ.

3.  Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл,

3.1. ДХХК-ийн 2021 оны 21/23 дугаар албан бичгээс үзвэл, анх 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр n.mn домэйн нэрийн эзэмшигчээр А.Ам бүртгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А.Ам-гаас “Монгол масс медиа” ХХК-д, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Монгол масс медиа” ХХК-аас Б.Тд, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Тэгээс Г.А-д, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Ан-гээс НАХХК-д тус тус шилжүүлжээ.

3.2. Үүний дараа Б.Т2016 онд шийдвэр гаргаад компанийнхаа өөрийн эзэмшлийн бүх хувьцааг нэр бүхий 12 хүнд хуваан шилжүүлсэн байдаг. Үүнээс 70 хувийг Б.Бад, 20 хувийг Г.А-д, үлдсэн 10 хувийг компанийн ажилчдадаа хуваан өгсөн бөгөөд домэйн нэрийг хэн нэгэнд шилжүүлсэн шийдвэр гаргаагүй байна.

3.3. Улмаар n.mn домэйн нэрийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр НАХХК-д шилжүүлэн бүртгэсэнтэй холбоотойгоор гуравдагч этгээд Г.АХарилцаа холбооны зохицуулах хороонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 03 дугаар сарын 30-ны өдөр тус тус “...Г.Аби n.mn домэйн нэрийг эзэмшигч бөгөөд НАХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн байтал домэйн нэрийг надаас зөвшөөрөл авалгүй шилжүүлсэн нь хууль бус үйлдэл байна” гэж гомдол гаргасны дагуу хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 дугаар албан бичгээр ДХХК-д  2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгож, өмнөх эзэмшигчийн бүртгэлийг сэргээхийг мэдэгдсэн мэдэгдлийг гаргасан байна.

3.4. Мэдэгдлийн дагуу ДХХК “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр n.mn домэйн нэрийн эзэмшигчийн бүртгэлд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгож, өмнөх эзэмшигч Г.Айн нэр дээр бүртгэсэн тухай...” мэдэгдлийг  2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21/34 дугаар албан бичгээр НАХХК-д хүргүүлж, хувийг хариуцагчид хүргүүлжээ.

4. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3.1-д “эзэмшигч нь өөрийн хүсэлт эсхүл эрх шилжүүлэн авагчтай байгуулсан гэрээний дагуу домэйн нэр эзэмших эрхээ энэ журмын 4.2-д заасан хүн, хуулийн этгээдэд шилжүүлж болно” гэж заасны дагуу n.mn домэйн нэрийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Агээс НАХХК-д шилжүүлэн бүртгэхдээ Г.А-д мэдэгдэх, улмаар эрх шилжүүлэн авах гэрээ байгуулахаар байна.

5. Гэтэл n.mn домэйн нэрийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Аээс НАХХК-д шилжүүлэн бүртгэхдээ Г.А-д мэдэгдэж, эрх шилжүүлэн авах гэрээ байгуулаагүй байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

6. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д “домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих”, 12 дугаар зүйлийн 12.3-т “тусгай зөвшөөрөлтэйгөөс  эрхлэхээс бусад төрлийн харилцаа холбооны үйлдвэрлэл үйлчилгээ, ашиглалтыг харилцаа холбооноос бүртгүүлж үйл ажиллагаа явуулна”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.1-д “энэ журмын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах”, 6.1.3-т “домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх”, 6.1.6-д “энэ журмын 5.2 дугаар зүйлийг зөрчсөн домэйн нэрийн хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлэх”, 6.1.9-д “Хууль тогтоомж болон энэхүү журмыг зөрчиж бүртгэсэн домэйн нэрийн анхны бүртгэл болон бүртгэлийн өөрчлөлтүүдийг хүчингүй болгох”, 6.1.10-д “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд домэйн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэхийг хязгаарлах” гэж тус тус заажээ.

7. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Харилцаа холбооны зохицуулах хороо нь домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх, улмаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд домэйн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэхийг хязгаарлах эрхтэй байх бөгөөд хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь маргаан бүхий акт болох 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албаны бичгийг ДХХК-д хүргүүлсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд маргаан бүхий 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” бичгийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

8. Өөрөөр хэлбэл, хариуцагч Харилцаа, холбооны зохицуулах хороо нь хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу Г.Агийн Харилцаа, холбооны зохицуулах хороонд гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэсэн байна.

9. Хэдийгээр нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний 3-д зааснаар НАХХК-ийн хөрөнгийн мэдээлэлд дурдсан эд хөрөнгүүд, давхар эрх шилжүүлэх авагчийн эзэмшилд зааснаар хөрөнгүүд компанид шилжиж байгаа гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч НАХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус компанийн эд хөрөнгийн жагсаалтуудыг гаргаж өгөхийг шүүхээс шаардсан боловч энэ талаарх баримтуудыг ирүүлээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу өөрт байгаа баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

10. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг  хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, 60.2-т “Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт дараах зүйлийг заана:”,60.2.1-д хурал хуралдуулах газар, өдөр, цаг, 60.2.2-т “хурлын хэлэлцэх асуудал”, 60.2.3-т “хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр”,60.2.4-д “хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам” гэж тус тус заажээ.

            11. Гэтэл нэхэмжлэгчээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар домэйн нэрийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэх боловч хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Г.А-д хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг огт мэдэгдээгүй атлаа Г.Аг байлцуулахгүйгээр домэйн нэрийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.

12. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч НАХХК-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Компанийн тухай хууль болон Иргэний тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн өмч хөрөнгийг компани үнэ төлбөргүй ашиглах, эсхүл гэрээ хэлцлийн үндсэн дээр ашиглаж болох бөгөөд гэрээ хэлцэл байхгүй Б.Тн, Г.А нар нь тухайн компанид ашиглуулж байсан асуудал юм. Хэрвээ зарсан гэх асуудал байвал тусдаа гэрээгээр ашиглах эрхээ бусдад шилжүүлэх боломж нь нээлттэй.

Гэтэл тухайн компани нь өнөөдрийг хүртэл Г.А-д санал тавиагүй хэр нь бид хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн, Г.А-д мэдэгдсэн боловч ирээгүй гэсэн тайлбар хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэд хоорондоо тохиролцоод шийдвэрлэх асуудлыг шүүхийн маргаан үүсгэх, төрийн байгууллагад болон шүүхэд хүндрэл учруулах шаардлагагүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэг, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14, 12 дугаар зүйлийн 12.3-т тус тус заасныг баримтлан НАХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/492 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ