Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/00009

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/00009

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* *******

Хариуцагч: ******* *******

Үүргийн гүйцэтгэлд 200.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч *******-ийн хүсэлтээр 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийн ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлсөнд 200.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон 2015 оны 06 дугаар сарын 08-наас 2015 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр буюу 3 сарын хугацаанд зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч компани нь зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөлтэй компани. Нэхэмжлэгчээс гэрээний 1.1-т заасан барилгын ажлын зураг хүлээлгэн өгөх гэсэн боловч ******* өнөөдрийг хүртэл ажлын төлбөр барагдуулах хугацааг хойшлуулж ирсэн. Хариуцагч тал зураг төслийг 5 жилийн хугацаанд хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч гэрээтэй холбоотой асуудлаар хариуцагч компанийг төлөөлж захирал И.Цэрмаа, нар утсаар болон фейсбүүк хаягаар байнга холбогдож төлбөр төлж барагдуулах талаар ярьж хугацаа өгөөч гэдэг тайлбар гаргадаг байсан. Учир нь *******-ийн 16 давхар барилга барих газрын асуудал маргаантайн улмаас энэ асуудлаа шийдвэрлүүлж байж зураг төслөө авъя гэдэг байсан. Мөн энэ хугацаанд захирал ******* нөхөр буюу захирал ******* аав Солонгос улсад эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлэхтэй холбоотой зардал мөнгө гарсантай холбоотой шалтгаануудаар төлбөр төлөх хугацааг хойшлуулж ирсэн юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т захиалагч тал зураг төслийг хүлээн авч төлбөр төлөх үүргийг тусгайлан заасан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа шилжүүлэн авах талаар гэрээнд тусгасан. Нэхэмжлэгч тал гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасан 9 төрлийн ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээний гүйцэтгэлийг Онцгой байдлын ерөнхий газраар баталгаажуулан зураг төслөө хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр компаний захирал , нар оюутан цагийн ангийн найзууд байсан тул утсаар болон фейсбүүк цахим хаягаар харилцдаг байсан бөгөөд энэ итгэл үнэмшил дээр тулгуурлан төлбөр төлөх хугацааг хойшлуулж явж байсан. Энэ нь эдгээр улсуудын харилцан фейсбүүк хаягт хийсэн үзлэгээр тогтоогддог. Нэхэмжлэгчийн зүгээс зураг төслөө аваач ажил төрөл чинь юу болж гэсэн агуулгатай зүйл хэлж ажилчидынхаа цалин хөлсийг тавимаар байгаагаа мэдэгдэхэд захирал газар маргаантай байна, гадаад руу явах шаардлагатай, зураг төслөө хүлээн авна, хугацаа шаардлагатай тухайгаа бичиж байсан. Талуудын байгуулсан гэрээнд заагдсан ажилд гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн боловсруулах ажил ороогүй бөгөөд үүнийг захиалагчийн хүсэлтээр нэмэлт гэрээний дагуу гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл хариуцагч зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаас авч чадаагүй тул барилгын нийт зураг төслийг Онцгой байдлын ерөнхий газраар баталгаажуулсан. Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй 2019 оны 09 дүгээр сард захирал той уулзаж эхний ээлжинд ажлын гүйцэтгэлийн 60 хувийг төж барагдуулах тохиролцоо хийсэн боловч холбогдохоо больж утсаа сольсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үзлэг хийсэн тэмдэглэлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болох нь тогтоогдоно. Иймд хариуцагч *******-наас 200.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбарлахдаа: Манай компаний зүгээс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байгуулсан гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар түүний үгийн шууд утгыг анхаарна. Үүний дагуу гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний орон сууцны барилгын 16 давхарын экспертиз ажлын зураг төсөл боловсруулах захиалагч нь гүйцэтгэгчийн боловсруулсан зураг төслийг хүлээн авч үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг барагдуулах үүргийг хүлээнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь зураг төслийг хүлээж авдаггүй гэж тайлбарлаж байгаа боловч зураг төсөл хүлээлгэж өгөх талаар ямар нэгэн албан бичиг хүсэлт өгч байгаагүй. захиралтай уулзсан гэх үзлэгийн тэмдэглэлд ямар нэг байдлаар нотлогдоогүй. Мобиком корпорациас гаргасан тодорхойлолтоор 2010-2020 он хүртэл 99199442 дугаарыг И.Цэрмаа ашиглаж байсан нь тогтоогдсон. Гэрээний 5.3-т гүйцэтгэгч зураг төсөлд шаардагдах зөвшөөрөл авч улсын экспиртизээр баталгаажуулсны дараа хоёр хувь үйлдэж эх хувь зургийг гүйцэтгэгч талд хүлээлгэж өгнө, 5.5.-т зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгөхдөө хүлээлцсэн баримт үйлдэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчид ажлыг хүлээлгэн өгөх хүсэл байгаагүй. Энэ хоёр компаний захиралууд найзууд, хариуцагч хаягтаа үйл ажиллагаа явуулж байсан болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Фейсбүүк хаягаар харилцсан гэж үзлэг хийлгэсэн боловч харилцан ярьж зургаа хүлээн авах төлбөр төлж барагдуулах талаар ямар нэгэн бичигдэж нотлогдсон зүйл байхгүй. ******* нь зураг төсөл зохиох эрхгүй байгууллага. 5 жилийн хугацаанд зураг төсөл хүлээлгэж өгөх талаар харилцаа холбоо үүсгэж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Барилга баригдаагүй, зургаа ч аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбарласан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 200.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зохигч талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэгч ******* нь Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын 2 давхар зоорьтой 16 давхар эскиз ажлын зураг төслийг боловсруулах, захиалагч ******* үнийг төлж зураг төслийг хүлээн авах үүрэг хүлээж Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

Барилгын зураг төслийн ажлыг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж, гүйцэтгэгч нь гэрээний 3.4-т заасан 9 төрлийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч 4.1-т зааснаар зураг төсөл боловсруулах ажлын хөлсөнд 200.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, энэ үнэд зураг төслийг ОБЕГазраар баталгаажуулах хөлсийг багтаасан байна.

Гэрээнд заагдсан ажилд гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулах ажил ороогүй бөгөөд захиалагчийн хүсэлтээр нэмэлт гэрээний дагуу гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зохигч талууд гэрээний Хавсралт 2-ийн дагуу ажлын хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохирч, захиалагч нь төлбөрийн нэхэмжлэл хүлээн авснаас хойш 3 хоногт багтаан ажлын хөлсийг төлөхөөр тохирч харилцан үүрэг эрх, хариуцлагаа тодорхойлжээ. Гэрээний Хавсралт №2-т зааснаар гэрээг баталж, зураг төслийг эхлэх буюу 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлбөрийн 50 хувь 100.000.000 төгрөг, холболтын зураг төслийг боловсруулж дуусгах буюу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 40 хувь 80.000.000 төгрөг, хүлээлгэн өгөх 2015 оны 09 дүгээр сарын сарын 30-ны өдөр 10 хувь 20.000.000 төгрөгийг төлөхөөр тохирсон болох нь ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн дүнд маргаагүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь зураг төслийг хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгч тал хариуцагчид мэдэгдээгүй, энэ талаар баримт үйлдээгүй, барилга баригдаагүй, фейсбүүк хаягт хийсэн үзлэгээр зураг хүлээлгэн өгөх, төлбөр төлж барагдуулах талаар бичигдсэн зүйл байхгүй, нэхэмжлэгч нь зураг төсөл зохиох эрхгүй байгууллага, ажлыг 5 жилийн хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь Барилгын зураг төсөл боловсруулах үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээ дахин олгогдсон ба гэрээгээр тохирсон зураг төсөл боловсруулах ажлыг гэрээнд заасан 2015 оны 06 дугаар сарын 08-наас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэсэн боловч захиалагч ******* нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар хөлсийг төлөх, гэрээгээр тохирсон хөлсийг тодорхой шат дараалалтайгаар хэсэгчлэн төлж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, үзлэгээр нэхэмжлэгч тал *******-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг хийж гүйцэтгэн Онцгой байдлын ерөнхий газраар баталгаажуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, *******-ийн захирал , *******-ийн захирал нарын фейсбүүк хаягт хийсэн үзлэгээр 2017 оны 10 дугаар сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 28-ны хүртэлх харилцсан харилцаа бичлэгт нэхэмжлэгчээс ажлыг хүлээлгэн өгөх, хөлс шаардаж хүмүүс цалингаа нэхэж байгаа талаар болон шүүхэд хандах болсон талаар мэдэгдэж байсан, хариуцагч тал барилга барих газарт өөр эзэмшигч гарсантай холбоотой маргаан үүссэн, шүүхэд хандахгүй байхыг хүссэн, барилгатай холбоотой харьцаж байсан зэрэг үйл явдал тогтоогдсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчээс төлбөрийг шаардаж шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан зэрэг дээрх үйл баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэлээ.

Хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгчийг зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээгээр тохирсон үе шатанд төлбөр төлөх нөхцөлийг зөрчсөн болохоо хүлээн тайлбарласан, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2, 351.2-т заасан хугацаанд хөлс төлөх, ажил гүйцэтгэгчийн мэдэгдсэнээр бэлэн болсон ажлын үр дүн буюу гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******-наас 200.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.157.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-наас 1.157.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА