Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00474

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00009 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Ш ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөлтэй компани юм. 2015 оны 06 сарын 08-ны өдөр хариуцагч Ш ХХК-ийн хүсэлтээр тус компанитай Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Х ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийн ажлыг 2015 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, Ш ХХК нь ажлын хөлсөнд 200 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гүйцэтгэгчийн хувьд зураг төслийн ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэн гэрээний 1.1-т заасны дагуу ажлын зураг хүлээлгэн өгөх гэсэн боловч Ш ХХК ажлын төлбөр барагдуулах хугацааг хойшлуулдаг байсан. Хариуцагч тал зураг төслийг 5 жилийн хугацаанд хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлах боловч барилга барих газар нь маргаантай байгаа болон захирал И.Цэрмаагийн нөхөр н.Оргилын аав н.Нямдоржийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа зэргээс хамаарч төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан. Энэ талаар хариуцагч компанийг төлөөлж захирал И.Цэрмаа, Н.Оргил нартай утсаар болон фейсбүүк хаягаар байнга холбогдож байсан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т болон талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д тус тус захиалагч тал зураг төслийг хүлээн авч төлбөр төлөх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа ажлыг шилжүүлэн авах талаар тусгасан байдаг. Нэхэмжлэгч тал гэрээний 3.4-т заасан 9 төрлийн ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээний гүйцэтгэлийг Онцгой байдлын Ерөнхий газраар баталгаажуулсан. Хоёр компанийн захирал М.Батбаяр, Н.Оргил нар найзууд байсан тул утсаар болон фейсбүүк цахим хаягаар харилцдаг байсан бөгөөд энэ итгэл үнэмшил дээр тулгуурлан төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар ирсэн. Энэ нь эдгээр хүмүүсийн харилцсан фейсбүүк хаягт хийсэн үзлэгээр тогтоогддог. Талуудын байгуулсан гэрээнд заагдсан ажилд гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн боловсруулах ажил ороогүй бөгөөд үүнийг захиалагчийн хүсэлтээр нэмэлт гэрээний дагуу гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл хариуцагч зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаас авч чадаагүй тул барилгын нийт зураг төслийг Онцгой байдлын Ерөнхий газраар баталгаажуулсан. Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй 2019 оны 09 сард захирал Н.Оргилтой уулзаж эхний ээлжид ажлын гүйцэтгэлийн 60 хувийг төлж барагдуулах тохиролцоо хийсэн боловч холбогдохоо больж утсаа сольсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үзлэг хийсэн тэмдэглэлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болох нь тогтоогдоно.

Иймд хариуцагч Ш ХХК-аас 200 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 сарын 08-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлавал, гэрээний 1.1-т зааснаар захиалагч нь гүйцэтгэгчийн боловсруулсан зураг төслийг хүлээн авснаар төлбөрийг барагдуулах үүргийг хүлээнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь зураг төслийг хүлээлгэж өгөх талаар ямар нэгэн албан бичиг хүсэлт өгч байгаагүй. Н.Оргил захиралтай уулзсан гэх үзлэгийн тэмдэглэлд ямар нэг байдлаар нотлогдоогүй. Мобиком корпораци ХХК-аас гаргасан тодорхойлолтоор 2010-2020 он хүртэл 9919-9442 дугаарыг И.Цэрмаа ашиглаж байсан нь тогтоогдсон. Гэрээний 5.3-т гүйцэтгэгч зураг төсөлд шаардагдах зөвшөөрөл авч улсын экспертизээр баталгаажуулсны дараа хоёр хувь үйлдэж эх хувь зургийг гүйцэтгэгч талд хүлээлгэж өгнө, 5.5.-т зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгөхдөө хүлээлцсэн баримт үйлдэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчид ажлыг хүлээлгэн өгөх хүсэл байгаагүй. Хоёр компанийн захирлууд найзууд, хариуцагч хаягтаа үйл ажиллагаа явуулж байсан нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Фейсбүүк хаягаар харилцсан гэж үзлэг хийлгэсэн боловч харилцан ярьж зургаа хүлээн авах төлбөр төлж барагдуулах талаар ямар нэгэн бичигдэж нотлогдсон зүйл байхгүй. Х ХХК нь зураг төсөл зохиох эрхгүй байгууллага. 5 жилийн хугацаанд зураг төсөл хүлээлгэж өгөх талаар харилцаа холбоо үүсгэж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Барилга баригдаагүй, зургаа ч аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас 200 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-аас 1 157 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл юм. Анхан шатны шүүх хангалттай нотлох баримт байхгүй байхад гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрөлгүй талаар тайлбарласан. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Х ХХК-д 2006 онд олгогдсон байх бөгөөд үүнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд Барилгын зураг төсөл 1.1.2, 1.2.2,1.2.4, 1.3.3 заалтын дагуу 2016 оны 03 сарын 03-ны өдрөөс 2019 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл гэсэн байдаг. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, 15 дугаар зүйлийн 15.14.6-д тус тус зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил нь тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл байдаг талаар зохицуулсан байна. Нэхэмжлэгч Х ХХК нь гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөлтэй байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Шүүх энэ үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг шалгах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж нотлох баримтыг шалгаагүй гэж үзэж байна.

Хоёр. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн шаардах эрхийг 2015 оны 09 сарын 30-ны өдөр үүссэн гэж үзсэн ба үүнээс хойш 2020 оны 01 сар хүртэл 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч Х ХХК-аас гэрээний үүргээ биелүүлсэн, ажлаа дууссан, ажлын үр дүнгээ хүлээж ав, гэрээний 4.5-д заасан төлбөрийн нэхэмжлэл явуулаагүй, нэг ч шаардлага, мэдэгдэл, албан бичиг ирүүлж байгаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж байна. Харин шүүхээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдлын талаар дүгнээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал М.Батбаяр, Ш ХХК-ийн захирал Н.Оргил нарын фейсбүүк хаягт хийсэн үзлэгийг үнэлсэн. Хариуцагч талаас уг үзлэг хийх ажиллагааг энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж татгалзсан. Учир нь, уг фейсбүүкийн харилцан бичиж байсан зүйлүүд нь Н.Оргил, М.Батбаяр гэдэг 2 хүний хувийн харилцааны буюу найзуудын хооронд харилцсан яриа байдаг бөгөөд М.Батбаяр нь нэхэмжлэгч талыг, Н.Оргил нь хариуцагч талыг албан ёсоор төлөөлж харьцаж байсан зүйл байдаггүй. Шүүхээс фейсбүүк хаягт хийсэн үзлэгээр нэхэмжлэгчээс ажлыг хүлээлгэн өгөх талаар дурдсан нь тогтоогдсон гэдэг боловч энэ тухай 2 хуудас фейсбүүкийн бичлэгийн хуулбарт үг, өгүүлбэр огт байдаггүй. Мөн шүүх хариуцагчийн барилга барих газарт өөр эзэмшигч гарсантай холбоотой маргаан үүссэн нь тогтоогдсон гэж байгаа боловч фейсбүүк хаягт үзлэгийн 2 дугаартай хэсэгт ...Нөгөө газар давхар эзэмшигч гараад хүндхэн байна... гэж бичсэн нь барилга барих газарт өөр эзэмшигч гараад маргаан үүссэн байна гэсэн утгыг илэрхийлэхгүй ба маргаан гарсан гэх үг, өгүүлбэр байхгүй байгаа болно. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан М.Батбаяр, Н.Оргил нарын хувийн шинж агуулсан харилцан фейсбүүк хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж 2006 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан Ш ХХК-тай холбогдох иргэний хэрэгт 2020 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл Ш ХХК-д хамааралгүй албан тушаалтан биш байсан Н.Оргилоос зөвшөөрөл авалгүй фейсбүүкт үзлэг хийсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь хувь хүний нууцтай холбоотой бол шүүх бүрдүүлнэ гэсэн боловч фейсбүүк цахим хаяг нь 2 талын харилцан бичлэг байдаг тул Н.Оргилд хамааралтай гэж үзэж байгаа үзлэг нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан захидал харилцааны нууцыг зөрчсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байна. Харин 2006 оноос 2020 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал байсан И.Цэрмаагийн фейсбүүк цахим хаяг, и-мэйл, мөн Ш ХХК-тай холбоотой бүхий харилцаа холбоог шалгуулахаар хүсэлт гаргасан бол бидний зүгээс татгалзах шалтгаан байхгүй гэдгийг дурдаж байна.

Гурав. Хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж шүүх үзсэн бөгөөд шаардах эрх нь гэрээний үүргээ бүрэн биелүүлснээс хойш үүсэх ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн байдаг, Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ-ний ажил гүйцэтгэж дуусах хугацаа 2015 оны 09 сарын 30-ны өдөр байсан ба Х ХХК-ийг гэрээний хугацаандаа ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Зураг төслийн ажлын явц, үр дүнг танилцуулж байгаагүй бөгөөд ажил дууссаныг мэдэгдээгүй, мэдэгдэж байсан талаар ямар ч нотлох баримт байхгүй. Зохих ёсоор гэдэгт ажлын үр дүн бүрэн дүүрэн ямар ч доголдолгүй байх ёстой боловч энэ шаардлага хангагдахгүй байна. Гэрээний хавсралт 1, 3 дугаарт байгаа даалгавар буюу хийгдэх ажлууд. 2015 онд байгуулсан барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн гэх тэр үед Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийг мөрдөж байсан бөгөөд Х ХХК-ийг ажлын үр дүнг өгөөгүй байх хугацаанд 2018 онд Засгийн газрын 97 тогтоолоор 204 дүгээр тогтоолын хавсралт дүрэм хүчингүй болсон. Энэ нь 2020 онд буюу 5 жилийн дараа Х ХХК-ийн 2015 онд хийсэн гэх барилгын зураг төсөл өөрчлөгдөх ёстой. Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм 2015 онд Засгийн газрын 204 тогтоолоор баталсан дүрэм нь 2018 он хүртэл мөрдөгдөж байсан. 204 дүгээр тогтоолоор баталсан дүрмийн 3.3-т Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулахад архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтална гэсэн байгаа бөгөөд энэ даалгавар нь хуучнаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар одоогийн Хот байгуулалт хөгжлийн газраас гардаг бөгөөд архитектур төлөвлөгөөний даалгавар байхгүй. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага буюу 4.1.1-д зураг төслийг боловсруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа барилга байгууламжийн зураг төслийн техник-эдийн засгийн үзүүлэлт, хүчин чадал, зориулалт, овор хэмжээ, байгаль, цаг уурын болон техникийн нөхцөл, архитектур төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн үндсэн шийдлийг тодорхойлсон эх загвар зураг /эскиз/ боловсруулж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хянуулсан байна гэсэн байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагаар хянуулсан эх загвар зураг буюу эскиз зураг байхгүй байгаа бөгөөд энэ эх загвар эскиз зураг одоо хүртэл хийгдээгүй гэж үзэж байна. /гэрээний хавсралт №1 ийн 6-д Эх загвар зураг буюу Эскиз, Ажлын зураг гэсэн байна. 2 тусдаа зураг/ Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх магадлал хийх дүрмийн зураг төслийг зөвшилцөх гэсэн 5.2-т зураг төслийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, барилгын норматив баримт бичгийг баримтлан зөвшилцөнө. Тухайн байгууллагыг төлөөлж зөвшилцсөн этгээд нь хүснэгт 1-д заасны дагуу өөрт хамааралтай хэсгийн нүүр хуудас, ерөнхий өгөгдлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хуудсанд гарын үсэг зурж, тэмдэг дарна гэжээ. Үүнд доорх 6 байгууллага гарын үсэг зурж, тэмдэг дархаар байна. Галын аюулгүй байдал- Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Ариун цэвэр эрүүл ахуйн байдал- Улсын болон орон нутгийн хяналтын байгууллага, Инженерийн хангамжийн техникийн нөхцөл-тухайн мэргэжлийн байгууллага /ДШС, ЦТФ гэх мэт/, Барилга байгууламжийн байршил-Нийслэл болон орон нутгийн хот төлөвлөлтийн алба, Байгаль орчны байдал- Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Улсын чанартай зам шаардлагатай бол-Авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нар тус тус байна гэж заасан. Гэвч Х ХХК нь зураг төслийн ажлыг дээрх төрийн захиргааны болон Улсын орон нутгийн зургаан байгууллагатай зөвшилцөөгүй байна. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн 7-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал зайлшгүй хийлгэх ёстой байсан боловч магадлал хийлгээгүй байна. Эндээс ажлын үр дүн нь бүрэн дүүрэн зохих ёсоор хийгдээгүй . хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй байна. Зураг төслийн шаардлага хангаагүй, гүйцэтгэгч гэрээний үүргийг бүрэн дүүрэн биелүүлсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэгч Х" ХХК-ийг гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэх нь үндэслэлгүй байна.

Тав. Ажлын үр дүнг нэхэмжлэгч Х ХХК нь хүлээлгэж өгөөгүй ажлын үр дүнг хүлээж ав гэж огт мэдэгдэж байгаагүй бөгөөд энэ талаар хариуцагч нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан байдаг. Нэхэмжлэгч тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэдгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг ба хариу тайлбарыг гардаж авсны дараа захирал М.Батбаяр нь өөрөө зөвхөн ажлын зургийг шүүхэд гаргаж өгсөн ба энэ нь ажлын зургийг өгч байгаагүй өгөхөөр ч мэдэгдэж байгаагүй нь нэхэмжлэгчийн хийсэн үйлдэл, хэлсэн үгээр нь нотлогддог. Зураг төсөл боловсруулах гэрээний 5.2, 5.4-т зураг төсөл боловсруулах ажлын үе шат бүрийн эцэст, эсвэл гүйцэд боловсруулж дууссаны дараа гүйцэтгэгч нь боловсруулсан зураг төслөө захиалагчид хүлээлгэн өгнө, зураг төслийг хэвлэсэн байдлаар захиалагчид өгнө гэж тус тус заасан. Нэхэмжлэгчээс ажлын үе шат болон зураг төслөө бүрэн боловсруулж дууссан, энэ тухайгаа мэдэгдэж байгаагүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, хариуцагч Ш ХХК-ийг ажлын зураг төслөө хүлээн авах нөхцөл боломжоор ч хангаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас ажлын үр дүнг хүлээлгэн өгөх талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь үүнийгээ зөвшөөрсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүх Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч буюу хариуцагч Ш ХХК одоог хүртэл ажлын үр дүнг хүлээж аваагүй, мөн ажлын үр дүн бүрэн дүүрэн доголдолгүй гэдэг нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2, 58/

 

Талууд 2015 оны 06 сарын 08-ны өдөр 11/2015-ХАТ-3 дугаартай Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Х ХХК нь захиалагчийн өгсөн зургийн даалгаврын дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын 2 давхар зоорьтой, 16 давхар эскиз, ажлын зураг төслийг 2015 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч Ш ХХК нь гэрээ байгуулсан өдөр төлбөрийн 50 хувь болох 100 000 000 төгрөгийг төлж, гүйцэтгэгчийн боловсруулсан зураг төслийг 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч, тухайн ажлын хөлсний үлдэгдэл 100 000 000 төгрөгийг мөн өдөр төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний үнэд зураг төслийг ОБЕГ-аар баталгаажуулах хөлс орох талаар болон гэрээнд заасан дээрх хугацаанд ОБЕГ, НБХБТГ, улсын экспертизийн хяналтын хугацаа хамаарахгүй байх нөхцөлийг тусгасан байна. /1хх 5-8/

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон хариуцагч нь гэрээ болон түүний хавсралтаар тохирсон хугацаанд ажлын үр дүнг хүлээн авах, түүний хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, гэрээний 3.1, хавсралт 1, 2-т заасантай нийцсэн байна. /1хх9-11/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгчийг 2015 оны 06 сарын 08-ны өдрийн гэрээ байгуулах үед барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй байсан тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус, мөн ажлын үр дүн доголдолтойн гадна түүнийг хүлээлгэж өгөх, төлбөрийг төлөх талаар бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэж, шаардаж байгаагүй, шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2-т тус тус заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу дууссан гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2016 оны 08 сарын 26-ны өдөр дахин олгогдсон гэрчилгээ байх бөгөөд үүнд тус компани нь 2006 оны 02 сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь Барилгын зураг төсөл 1.1.2, 1.2.2, 1.2.4, 1.2.5, 1.2.6, 1.3.1, 1.3.2, 1.3.3 заалтын дагуу гэсэн байна. Мөн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн гэх Ш ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг /1хх75-2хх41/, уг зураг төсөлд хяналт хийсэн Онцгой байдлын Ерөнхий газрын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 130/0-90 дугаартай Дүгнэлт /1хх 62-63/ зэргээс үзвэл, ажлын үр дүнг зохих байгууллага буюу Онцгой байдлын Ерөнхий газраас хуульд заасан шаардлага хангасан гэж зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлгүйгээр ажлыг гүйцэтгэсэн буюу хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн, дээрх гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал нь нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар хийгдсэн М.Батбаяр, Н.Оргил нарын цахим хэрэгслээр харилцсан яриаг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл-ээр няцаагдаж байна. /1хх44, 47, 50-53/ Тодруулбал, уг үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал М.Батбаяр нь өөрийн Batbayar Maaga гэсэн фейсбүүк хаягаас Нямдорж Оргил гэх хаяг руу 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд ...хүмүүс цалингаа нэхээд байна, асуудлаа яаралтай шийдээрэй... гэх агуулгаар харилцсан байхаас гадна үүн дотор Ш ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн зураг зэрэг авагдсан байна. /1хх 50-53/

 

Хариуцагч талын зүгээс Н.Оргил нь талуудын хооронд гэрээ байгуулахад мөн дээрх байдлаар нэхэмжлэгч талтай харилцах үед хариуцагч Ш ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсан гэж тайлбарлан дээрх өр төлбөрийн талаар харилцсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэхээр тайлбар гаргасан нь хэргийн баримтаар няцаагдаж байна. Тодруулбал, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Н.Оргил нь 2020 оны 08 сарын 10-ны өдөр хариуцагч Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байхаас гадна талуудын тайлбараар Н.Оргил нь нэхэмжлэгч компанийн захирал М.Батбаяртай найз нөхдийн харилцаатай, Ш ХХК-ийн захирал И.Цэрмаагийн төрсөн хүү зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Эдгээр нөхцөл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан үнэлбэл, Н.Оргил нь 2017 онд нэхэмжлэгч талтай дээрх байдлаар харилцахдаа өөрийгөө хариуцагч компанийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд төрүүлсэн бол хожим нь төлөөлөх бүрэн эрхгүй байсан гэх байдлыг урвуулан ашиглахыг хориглосон.

 

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс дээрх үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж гомдолдоо дурдсан байх боловч уг үзлэг хийх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн хоёр гэрчээс гадна талууд үзлэгээр илэрсэн зүйлийг бэхжүүлсэн тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.

 

Иймд анхан шатны шүүх үзлэг хийх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, уг үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдаагүй бөгөөд шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгахгүй.

 

Дээрхээс үзвэл, Н.Оргил нь 2017 оны 11 сараас хойш захиалагч Ш ХХК-ийг төлөөлж гүйцэтгэгч талтай гэрээний төлбөрийн үүргийг хойшлуулах тухай харилцсаныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дээрх харилцан ярианд төлбөр төлөх хугацааг тодорхой тохиролцоогүй байх боловч гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Ийнхүү тоолоход нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 06 сарын 08-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Анхан шатны шүүх ...хариуцагч талыг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2, 351.2 дахь хэсэгт заасан хугацаанд хөлс төлөх, ажил гүйцэтгэгчийн мэдэгдсэнээр бэлэн болсон ажлын үр дүн буюу гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй... гэсэн нь буруу гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар харилцан үүрэг хүлээсэн бол нөгөө талыг үүргээ гүйцэтгэх хүртэл үүргийг саатуулж болдог боловч үүнд мөнгөн төлбөрийн үүрэг хамаарахгүй.

 

Талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон 200 000 000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр төлөх үүрэг хүлээсэн. Нөгөө талаас барилгын эскиз зургийг биет байдлаар буюу цаасан хэлбэрээр хүлээлгэж өгөөгүй гэдэг үндэслэлээр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Хэргийн 1 дүгээр хавтас 75 дахь талаас 2 дугаар хавтас 41 дэх талд авагдсан Ажлын зураг, түүнийг зөвшөөрсөн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 130/0-90 дугаартай Онцгой байдлын Ерөнхий газрын дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй байх тул хөлс төлөхөөс татгалзах эрхгүй. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэх татгалзал, гомдол баримтаар нотлогдоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 1 157 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР