Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00040

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00040

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 00 оршин суух, 1963 онд төрсөн 57 настай, *******.

Хариуцагч: 00 *******

1.570.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* миний бие 2019 оны 07 дугаар сарын 25-26-ны үед Үнэгүй.мн зарын сайтаас зар авч 27-ны өдөр *******-ийн захирал ******* уулзаж заслын инженерийн албан тушаалд 1.200.000 төгрөгний цалинтай байхаар тохирч *******-ийн барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн барилгын заслыг хийж байсан хүмүүс бүгд мэргэжлийн бус бөгөөд зараар ирсэн хүмүүс байсан. *******т хөдөлмөрийн гэрээ хийхгүй юм уу гэхэд дотроо ажиллаж байгаа юм болох байлгүй гэж зайлсхийж ирсэн. Бид 2 давхраас эхэлж бүх айлын заслын ажлыг хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн. Захиалагч тал хүлээж авч цалин бичигддэг. Хийгдэхгүй хүлээгдэж байсан ажлыг бүгдийг хийж хүлээлгэж өгч байхад баярлах байтал ******* захирал цалингаа өгөхгүй, бичихгүй зугтсан. Надтай хамт ажиллаж байсан зарим хүмүүс залхаад цалингаа авч чадалгүй хаяад явсан. Би *******-ийн нягтлан бодогчтой уулзахад аль хэдийн та нарын цалин бодогдсон гэж хэлсэн. Бид 07 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 05 хүртэл ажиллаж заслыг дуусгасан. *******-ийн захирал ******* уулзаж эвээр ярьж үзсэн боловч цалинг өгөөгүй, сүүлдээ утсаа авахаа больсон. Би энэ асуудлыг хөөцөлдөж 1 жил гаран явж байна. Намайг заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг тухайн барилгын захиалагч талын инженер, хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Хариуцагч хариу тайлбартаа намайг гүтгэж нилээн худлаа зүйл бичсэн байна. Иймд *******-наас цалин 1.200.000 төгрөг, эрэн сурвалжлахтай холбоотой зардал 70.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг нийт 1.570.200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна. *******г *******-ийн инженерийн албан тушаалд 1.200.000 төгрөгний цалинтайгаар томилсон гэжээ. Гэтэл *******тэй дээрхи албан тушаалд томилсон захирал *******ийн гаргасан тушаал, 1.200.000 төгрөгөөр цалинжуулах хөдөлмөрийн гэрээ огт байхгүй. Гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зардал 300.000 төгрөг, 70.200 төгрөг гаргуулах эрх зүйн үндэслэлгүй болно. Өмгөөлөгч авах нь өөрийнх нь эрх байдаг тул нэмэгдүүлсэн 370.200 төгрөг нэхэх эрхгүй болно. ******* гэдэг этгээдээр ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж түүнийг ямар нэгэн албан тушаалд томилж ажил үүрэг гүйцэтгүүлсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт хавсаргасан зураг нь хариуцагчийн хийлгэсэн ажлын зураг мөн болох тухай нотолсон баримт биш бөгөөд ******* нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж байгаа болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдох цалин, хохирол, зардалд 1.570.200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* нь *******-тай гэрээ байгуулж 16 давхар орон сууцны орцны заслын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, энэ ажилд зараар ажилчид авч ажиллуулсан, нэхэмжлэгч ******* заслын инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, гэрч *******-ийн инженер ******* ******* нь манай компанитай гэрээ байгуулж 16 давхар барилгын нэг орцны заслын ажлыг бүтнээр нь хийж гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Ажлын гүйцэтгэлийг нь тооцоолж хөлсийг нь бүрэн өгсөн. ******* нь засал, инженерээ давхар хийгээд явж байсан. Энэ хүн сар гаран ажилласан байх. Нарийн хугацааг нь хэлж мэдэхгүй байна, гэрч *******ийн *******-нд өдрийн 40.000 төгрөгөөр цалинжихаар тохиролцож туслах ажилтнаар орж *******-ийн барилга дээр заслын ажил хийж гүйцэтгэсэн. ******* эгч *******-ийн заслын инженерээр ажилладаг байсан ба бидэнд заслын талаар зааж зааварладаг байсан. Бид Өнөрөө гэж дууддаг байсан. 20 гаран хоног хамт ажилласан. *******-ийн захирал ******* санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар цалин хөлсөө өгөөгүй. Би сар гаран ажиллаад 7 хоногийн цалин авсан, гэрч ын *******-нд намайг ажилд ороход 7 хүн ажиллаж байсан. *******-ийн 16 давхар барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. ******* инженер даргалаад явж байсан. Би цемент зуурж бэлдэж өгдөг байсан. Хамт хоёр долоо хоног ажиллаад намайг ажлаас гарахад ******* эгч ажиллаад үлдсэн. Бидэнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. ******* захирал ажлаа хийж дуусаны дараа цалин өгнө гэж ярьсан боловч цалингаа өгөөгүй тул би ажлаас гарсан. Ажлаас гарснаас хойш 2019 оны 09 дүгээр сарын дундуур цалин гэж 200.000 төгрөг авсан гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа *******г *******-ийн инженерийн албан тушаалд 1.200.000 төгрөгний цалинтайгаар томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ огт байхгүй. Өмгөөллийн хөлс 300.000 төгрөг, 70.200 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. *******тэй ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж албан тушаалд томилж ажил үүрэг гүйцэтгүүлсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч нь *******-ийн ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй тул түүний ажилласан хугацааг өөрийх нь тайлбар болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэн нэг сар ажилласан гэж тооцон сарын цалин 1.200.000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй. Хэдийгээр түүний сарын цалин 1.200.000 төгрөг гэдгийг нотлох баримт байхгүй боловч ажил олгогч ******* нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй буруутай тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь эрх зүйн тулслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь тухайн хүний эрхийн асуудал байдаг тул эрх зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 300.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, харин хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч *******-наас 1.270.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч талд гэрч асуулгах хүсэлтийг хангасан захирамж, шүүх хуралдааны товийг утсаар мэдэгдсэн боловч гэрч асуухад оролцохгүй, гэрчээс асуух асуулт байхгүй, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргасан, хариуцагчийн төлөөлөгчид энэ өдрийн шүүх хуралдааныг тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдэж, гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргадаг тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 227

дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч *******-наас цалин, хохиролд 1.270.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-наас 35.035 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, төлөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА