Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00393

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00393

 

Г.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/00040 дугаар шийдвэртэй

Г.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ү ХХК-д холбогдох

1 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э 2019 оны 7 дугаар сарын 25-26-ны үед Үнэгүй.мн зарын сайтаас зар авч 27-ны өдөр Ү ХХК-ийн захирал Д.Отэй уулзаж заслын инженерийн албан тушаалд 1 200 000 төгрөгийн цалинтай байхаар тохирч Р ХХК-ийн барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Д.От хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй юм уу гэхэд дотроо ажиллаж байгаа юм болох байлгүй гэж зайлсхийж ирсэн. Бид 2 давхраас эхэлж бүх айлын заслын ажлыг хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн. Хийгдэхгүй хүлээгдэж байсан ажлыг бүгдийг хийж хүлээлгэж өгч байхад баярлах байтал Д.О захирал цалингаа өгөхгүй, бичихгүй зугтсан. Надтай хамт ажиллаж байсан зарим хүмүүс залхаад цалингаа авч чадалгүй хаяад явсан. Би Р ХХК-ийн нягтлан бодогчтой уулзахад аль хэдийн та нарын цалин бодогдсон гэж хэлсэн. Бид 7 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж заслыг дуусгасан. Ү ХХК-ийн захирал Д.Отэй уулзаж эвээр ярьж үзсэн боловч цалинг өгөөгүй, сүүлдээ утсаа авахаа больсон. Би энэ асуудлыг хөөцөлдөж 1 жил гаран явж байна. Намайг заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг тухайн барилгын захиалагч талын инженер, хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Иймд Ү ХХК-наас цалин 1 200 000 төгрөг, эрэн сурвалжлахтай холбоотой зардал 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг нийт 1 570 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү ХХК-ийн инженерийн албан тушаалд нэхэмжлэгч Г.Эг дээрхи албан тушаалд томилсон захирал Д.Оийн гаргасан тушаал, 1 200 000 төгрөгөөр цалинжуулах хөдөлмөрийн гэрээ огт байхгүй. Гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зардал 300 000 төгрөг, 70 200 төгрөг гаргуулах эрх зүйн үндэслэлгүй болно. Өмгөөлөгч авах нь өөрийнх нь эрх байдаг тул нэмэгдүүлсэн 370 200 төгрөг нэхэх эрхгүй болно. Г.Э гэдэг этгээдээр ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж түүнийг ямар нэгэн албан тушаалд томилж ажил үүрэг гүйцэтгүүлсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт хавсаргасан зураг нь хариуцагчийн хийлгэсэн ажлын зураг мөн болох тухай нотолсон баримт биш бөгөөд Г.Э нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж байгаа болно гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ү ХХК-наас цалин, хохиролд 1 270 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, үлдэх 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК-наас 35 035 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ү ХХК-ийн захирал Д.О нэхэмжлэгчтэй цалин хөлс тохиролцоогүй бөгөөд энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх иргэний хэрэг үүсгэхдээ Ү ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх үүрэг тайлбарлах тухай захирамжид дурдсан. Миний олгосон нэхэмжлэл нь компанийг төлөөлөх итгэмжлэл биш бөгөөд миний өөрийн биеийг төлөөлөх итгэмжлэл байхад шүүх эрх үүргийг тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан цалин 1 200 000 төгрөг, эрэн сурвалжлахтай холбоотой зардал 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг нийт 1 570 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Үнэгүй.мн зарын сайтаас зар авч 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ү ХХК-ийн захирал Д.Отэй уулзаж заслын инженерийн албан тушаалд 1 200 000 төгрөгийн цалинтай ажилд ороод Р ХХК-ийн барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж, хариуцагчийн төлөөлөгч ...Г.Эг ямар нэгэн албан тушаалд томилж, түүгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн зүйл огт байхгүй гэж өөр өөрөөр тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд хариуцагч Г.Э Ү ХХК-ийн заслын инженерээр ажиллаж байхдаа Р ХХК-ийн 2 давхраас эхэлж бүх айлын заслын ажлыг хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд түүнийг Р ХХК-ийн заслын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар иргэн Э.............. нар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гэрчээр асуугдахдаа мэдүүлжээ. /хх.75-78/

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Г.Эг Р ХХК-ийн барилгын заслын ажлыг хийсэн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж зааснаар хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Г.Эг ямар нэгэн албан тушаалд томилж, түүгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн зүйл огт байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт Ү ХХК-д нэхэмжлэгч Г.Э заслын инженерийн албан тушаалд томилогдоогүй, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж байсан зэрэг нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ү ХХК-аас 1 270 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, үлдэх 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...миний олгосон итгэмжлэл нь компанийг төлөөлөх итгэмжлэл биш бөгөөд миний өөрийн биеийг төлөөлөх итгэмжлэл байхад шүүх эрх үүргийг тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байна гэсэн үндэслэл зааж байгаа боловч анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ү ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, тус компаниас Д.Бийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгосон байх тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/00040 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО