Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 21

 

                                                                   Б.Б, Б.Ж нарт холбогдох 

                                                                    эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                   Прокурор                                                       С.Б

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Ц.Б, Д.Б

                                   Шүүгдэгч                                                        Б.Б, Б.Ж

                                   Нарийн бичгийн дарга                                  М.Э нарыг оролцуулан

              Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Б.Ж нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Б.Ж нарт холбогдох 1912000920054 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эцэг, эхийн  хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн Арал гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Б.Б

                Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн Улаанхудаг гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овгийн Б.Ж 

                Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд иргэн Б.П-ын хашаанд байсан иргэн Д.А-ийн эзэмшлийн Загал халиун зүсмийн 1 тооны морь хулгайлж 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 

                2019 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 02 тоот байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн А.У-ийн бугын арьсан хос гутал хулгайлж, иргэн А.У-д 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 

  Шүүгдэгч Б.Б, Б.Ж нар бүлэглэн  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хашаанд байсан иргэн Ц.А-ийн 2 тооны гүүг хулгайлж 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

             Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Ж-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

                 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-т Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилж,  Шүүгдэгч Б овогт Б.Б-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Х овогт Б-ын Ж-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Б-г Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 2/хоёр/ жил 7/долоо/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2/хоёр/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ын цагдан хоригдсон  82/наян хоёр/ хоног, шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай, 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Б-аас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2 тооны морины үнэ болох 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хэрэгт хураагдсан сиди 1/нэг/ ширхгийг хэргийг хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, Шүүгдэгч Б.Б, Б.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Б.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

             Шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Өгийнуур сумын Б.Б миний бие хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байна. Миний бие 2 жил 7 сарын хорих ял авсан. Надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

 

              Шүүгдэгч Б.Ж-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Ж би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид хүнээс мал худалдаж авахдаа маш болгоомжтой хандаж байна. Миний биеийн эрүүл мэнд, ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 

 

                 Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь ял хүндрүүлэх нөхцөл байдал харагддаг. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт ял хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байдаг. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд ял хүндрүүлэх нөхцөлийг хангасан байгаа учраас ял хөнгөрүүлэх боломжгүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ж-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан. Б.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхээс ял оногдуулах үед гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдалтай байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхэд түүний ялыг хөнгөрүүлэх боломжгүй юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: миний хувьд шүүгдэгч Б.Ж-т хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ж-т холбогдох хэргийг  хулгайн гэмт хэрэг биш, харин мөнгө угаах гэмт хэрэг байна гэж зүйлчилсэн. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Ж-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр анх удаа тохиолдлын шинжтэй  гэмт хэрэгт холбогдсон бөгөөд төлөв даруу зантай, хийсэн хэрэгтээ гэмшиж байдаг. Мөн Б.Ж нь бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Тухайн үед нөхцөл байдлыг андуурч буруугаар ойлгосны улмаас гэмт хэрэгт холбогдсон. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарт оногдуулсан ялыг харьцуулаад үзэхэд ял ялгамжтай байх зарчим алдагдсан байна гэж үзэж байна. Учир нь  шүүгдэгч Б.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.  Шүүгдэгч Б.Ж-т Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах ёстой. Өөрөөр хэлбэл Б.Ж-т хүндрүүлж ял оногдуулсан байна.  Б.Ж-ын хувьд тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа. Түүний цагдан хоригдсон хоногийг тоолж үзэхэд өмнө нь 82 хоног хоригдсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Одоогийн байдлаар Б.Ж нь 4 сар 18 хоног цагдан хоригдсон байна. Одоо түүнд 2 сар 18 хоног үлдсэн байгаа. Иймд тэнсэн хянан харгалзах ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулах боломжтой юм. Шүүгдэгч Б.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв. 

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие Б.Б-д хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Б.Б нь орон байранд хууль бусаар нэвтэрсэн. Тус орон байранд хамт шүүгдэгч Б.Ж-ын ах Б.Б гэх хүн байдаг. Б.Б нь Б.Б-д очих гэж байгаад айлын хаалга онгорхой байхаар нь андуурч ороод гутал хулгайлсан байдаг. Хохирогчийн гутлыг нь буцааж өгсөн. Үүнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа харагдаж байдаг. Мөн Б.Б-ийн эцгийнх нь бие тааруу байдаг бөгөөд байнга эмчийн хяналтад байдаг. Б.Б-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Б-д оногдуулсан хорих ялыг Эргүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү гэв. 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Б, Б.Ж нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

                Архангай аймгийн Прокурорын газраас Б.Ж-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

               Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-ыг Б.Б-ийн авч ирсэн 2 тооны адууг хулгай адуу болохыг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

                 Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд иргэн Б.П-ын хашаанд байсан иргэн Д.А-ийн эзэмшлийн Загал халиун зүсмийн 1 тооны морь хулгайлсан, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 02 тоот байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн А.У-ийн бугын арьсан хос гутал хулгайлсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хашаанд байсан иргэн Ц.А-ийн 2 тооны гүүг хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь, шүүгдэгч Б.Ж нь Б.Б-ийн авч ирсэн 2 тооны адууг хулгайн адуу болохыг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Б.Б-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

                  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж үзлээ. 

             Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-г Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тус тус тохирсон байна. 

              Иймд шүүгдэгч Б.Б, Б.Ж нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.          

              Шүүгдэгч Б.Б ...надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж, шүүгдэгч Б.Ж ...миний биеийн эрүүл мэнд, ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү гэж тус тус гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

                Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ял тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тус тус тохирсон, тэдгээрт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

            Шүүгдэгч нар нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд тус бүр 56 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 56 хоног, шүүгдэгч Б.Ж-ын цагдан хоригдсон 56 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 56 хоног, шүүгдэгч Б.Ж-ын цагдан хоригдсон 56 хоног зэргийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ДАВААСҮРЭН

                                                 ШҮҮГЧИД                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ