Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00535

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр                    Дугаар 102/ШШ2021/00535                            Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч

нэхэмжлэлтэй

 

Хариуцагч

даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад    

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие 2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн төгсөж, 20 гаруй жил мэргэжлээрээ ажилласнаас сүүлийн 7 жил 4 сарыг*******д тооцооны нягтлан бодогчоор ажилласан.

         Ингэж ажиллаж байх хугацаандаа жил болгон байгууллагад ирдэг аудит, мэргэжлийн хяналтын шалгалтуудад 90 дээш хувийн дүнтэйгээр үнэлэгдсэн.

         2019 оны 7 дугаар сард*******ийн дарга солигдсон. Дарга солигдсноор удаа дараа намайг дуудаж “би багаа бүрдүүлмээр байна, ажлаа өг” гэсэн шаардлага тавьсанд би төрийн ажлыг ёс зүйтэй, зохих журмын дагуу явуулан, ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй учраас зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

Гэтэл байгууллагын даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/308 дугаартай “Тушаал”-аар үүрэг даалгавар биелүүлэхийг үндэслэлгүйгээр татгалзсан гэх зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр няраваар ажиллуулах тушаал гаргасныг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөрөө хөөцөлдөж байж авсан.

         Ингээд дүрэм журам зөрчөөгүй, энэ тушаалыг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй гэж үзсэн тул шүүхэд хандсан. Би ажилгүй, цалингүй болж, ээлжийн амралтаа аваагүй. Банкин дахь цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрээд байна.

        Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд тушаалд дурдагдсан үндэслэл ахлах нягтлан бодогч, нярав, ахлах сувилагч нартай холбоотой зөрчил.

         Харин Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн актаар төлбөр төлөх шийдвэрийг одоо харж байна, энэ хугацаа надтай хамааралтай миний ажиллаж байсан үе мөн.

        Хариуцагчийн төлөөлөгч үндэслэл, нотолгоогүй зүйл ярьж байна. Надад албан бичиг гаргасан зүйл байхгүй. “...чи гаргасан байсан”, “...чи тэгсэн” гэж удирдлагын хурлаар оруулсан.

       “Космо трейд” ХХК-тэй холбоотой асуудлыг нуун дарагдуулсан зүйлгүй. Би өөрөө анх удаа сонссон учраас “...ямар сонин юм бэ” гэж няравт хэлсэн.

Энэ асуудлыг нярав миний буруу гэж хүлээн зөвшөөрөөд, 7 хоногийн дотор хохирлыг барагдуулсан байдаг.

Иймээс нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тус байгууллагын ажилтан ******* байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй хийсэн гэж хариуцагч үзэж байна. Учир нь:

******* 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халагдсан хүмүүсийн тушаал, шийдвэрийг цахим орчинд мэдээллэх нөхцлийг бүрдүүлсэн.

Энэ нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн хариуцлагатай, үнэн зөв байх гэсэн заалтыг зөрчсөн.

Ийм алдаа дутагдал гаргасны улмаас удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж анхааруулсан.

Мөн 2019 оны 4 дүгээр удирлын бүх ажилчдын урамшууллын мэдээллийг цахим орчинд мэдээлээд тухай асуудлыг удирдлагын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар оруулж, Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б-117 дугаартай “Тушаал”-аар үндсэн цалинг 20 хувиар хасах сахилгын арга хэмжээ авсан бөгөөд тушаалд гомдол гаргаагүй.

Түүнчлэн эрүүл мэндийн төвийн нэр бүхий 19 ажилтан Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх гомдол гаргасан.

Үүний дагуу хяналт шалгалт хийгдээд, манай байгууллагатай харилцагч “Космо трейд” ХХК-д төлөх 2.490.550 төгрөгийг данс бүртгэлд тусгагдаагүй байсан.

Үүнийг ******* тусгах ёстой. Албан бичгийг, бичиг хэргийн ажилтан бүртгүүлээгүй, өөрөө хүлээж аваад нуун дарагдуулсан байдаг.

 Үүний дараа Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн хяналт шалгалтаар 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор арга хэмжээ тооцох дүгнэлт гарсан.

Нэхэмжлэгч *******ийг 2020 оны 2 дугаар сараас үндсэн хөрөнгийн нягтлан болгож үндсэн хөрөнгийг хариуцуулсан.

Манай байгууллагад 4 том объект хамаардаг ба нэхэмжлэгч үндсэн хөрөнгийг шинэчлэх, бүртгэх, удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй.

Байгууллага хоёр удаа үндсэн хөрөнгийг тоолох, бүртгэх, бүртгэлжүүлэх ажлын хэсэг гарган ажиллаж, Эрүүл мэндийн яам энэ ажил дээр хяналт тавьж ажилласан байдаг бөгөөд үндсэн хөрөнгийг хариуцаж ажиллахаас гадна ******* аж ахуйн нярав, ахлах сувилагч нарыг удирдлага, арга зүйгээр хангаж, хамтран ажиллах ёстой боловч хамтран ажиллаагүй, удирдлага арга зүйгээр хангаагүй байдаг.

Мөн нэхэмжлэгч “байгууллагын удирдлагыг өөрийг нь өрөөндөө дуудаж, багаа бүрдүүлмээр байн”а гэж хэлсэн гэж байна. Үнэхээр ингэж хэлсэн ч юмуу, үгүй ч юмуу нотлох баримт байхгүй. Нотлох баримт байна уу? гэхээр тодорхой зүйл хэлэхгүй, асуухаар хариулахгүй байна.

“Космо трейд” ХХК-д гэрээний дагуух мөнгийг шилжүүлээгүй нуун дарагдуулсан байдаг. Байгууллага, компанийн хооронд байгуулсан гэрээ, өр авлагыг нягтлан бодогч ******* мэдэж байгаа атлаа мэдээгүй гэж хэлж болохгүй. Тус компанийн хуулийн зөвлөх н.Дарьжав, нягтлан бодох н.Отгончимэг нараас бичгийг аваад нотлох баримтаар хэрэгт өгсөн.

Иймээс нэхэмжлэгч эдгээр зөрчлийг гаргасан нь хөрөнгийн нягтлан, тооцооны нягтлан бодогчийн ажилд тэнцэхгүй гэж үзээд, ажлаас халахгүйгээр няравын ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч*******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр*******ийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд *******ийг ТҮ-7-4 ангилалаар, сарын 759.541 төгрөгийн цалинтай ажиллуулахаар харилцан тохиролцон, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулжээ.

 

Ингээд нэхэмжлэгчийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр*******ийн даргын Б/308 дугаартай “Тушаал”-аар гэрээнд заасан үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс үндэслэлгүй татгалзаж, хөрөнгө бүртгэлжүүлээгүй болон бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, уг зөрчил удаа дараагийн тооллогоор илэрсэн тул няраваар ажиллуулахаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 4.16.3, Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.8, 9.1.1 “в”, Удирдлагын зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Хурлын тэмдэглэл”-ийг үндэслэн шийдвэрлэсэн байна.

 

Талууд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “намайг албан тушаал бууруулан няраваар ажиллуулах болсныг зөвшөөрөхгүй”, хариуцагч “ажилдаа үнэнчээр хөдөлмөрлөх, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас ажлаас халаагүй, албан тушаалыг шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан” гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, бичгийн баримтуудаас харахад,*******ийн даргын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б-117 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажилтан ******* ажлын хариуцлага алдаж зөрчил гаргасан тул сарын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар, 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй, цалингаасаа суутгал хийлгэсэн гэж тайлбарлаж байна.

 

        Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ “нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй алдаа зөрчил гаргаж, хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг хийгээгүй, удирдлагад нь ажиллаж байгаа ажилчдаа шаардлага, хяналт тавих, шалгах үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25/00024 дугаартай Улсын байцаагчийн актад “...нийгмийн даатгалын шимтгэл дутуу ногдуулсан 7.437.578 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 82.189 төгрөгийн шимтгэлийг төлүүлж, 24.657 төгрөгийн алданги ногдуулсаныг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд “өөрт нь хамааралтай, алдаа гаргасан” гэдгээ зөвшөөрсөн тайлбар гаргаж мөн хавтас хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан НЭ-гийн ахлах сувилагч Б.Мөнхбаярын “Нэгдсэн эмнэлэгийн хагас жилийн тооллогын талаарх тайлбар”, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутанд хуралдсан “Санхүүгийн алба болон Захиргаа аж ахуйн албаны хамт олны хурлын тэмдэглэл” зэргээр нотлогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч байгууллага дээрх заалт, Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын салбарын санхүүгийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Улсын ахлах байцаагч Б.Чулуунбат, Улсын байцаагч Г.Туул нарын ирүүлсэн зөвлөмжийн биелэлтийг үндэслэн, *******гийн ажиллаж байсан албан тушаалыг бууруулан няраваар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж шүүх дүгнэлээ. Учир нь:

 

“Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журам” зөрчсөн ажилтанд Хөдлөмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгож шийтгэл ногдуулахаар хуульчилсан байдаг боловч уг заалтад албан тушаал бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах сахилгын шийтгэлийг дурдаагүй бөгөөд хэрвээ дээрх шийдвэрийг гаргасан тохиолдолд ажилтныг ажлаас халсан ойлголтод хамааруулан үздэг.

 

Иймээс нэхэмжлэгчийг няравын ажилд ажиллуулахаар томилж байгаа нь урьд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн албан тушаалаас нь халж, түүнтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцласан гэсэн ойлголтод хамаарах тул сахилгын хариуцлага яригдана. Харин няравын ажилд албан тушаал бууруулан ажиллуулахад хариуцагчийн тайлбарласан хариуцлага хамаарах үндэслэл болохгүй учраас нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзээд, нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан үеийн олговорыг олгох нь зүйтэй.

 

        Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2020 оны 6-8 дугаар сарын цалингаас тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 2.278.623:3=759.541төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрийн дундажаар хуваахад 759.541:21.5= 35.327 төгрөг / нэг өдрийн цалин/

       

        Ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 163 /хоног/х 35.327 /нэг өдрийн цалин/= 5.758.301 төгрөг /ажилгүй байсан хугацааны цалин/

       

       Ээлжийн амралтын мөнгө олгуулах шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79.1, 79.2, 79.5 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 9 дүгээр сар хүртэлх ажлын хоногоор тооцоход 19 хоногийн ээлжийн амралт ногдож байх тул 19 /хоног/х 35.327төгрөг /нэг өдрийн хөлс/= 671.213 төгрөг нийт 6.429.514 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

        Нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б-308 дугаартай тушаалыг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээр ээлжийн амралтын мөнгө нэхэмжилсэн шаардлагад төлөх 671.213 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20.659 төгрөгийг төлүүлж, хариуцагчаас 6.429.514 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 119.181 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бэсүд овогт Төмөрбаатарын Лхасүрэнийг*******ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           

         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 6.429.514 төгрөгийг хариуцагч*******өөс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

         3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгасугай.

   

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээр ээлжийн амралтын мөнгө нэхэмжилсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 20.659 төгрөгийг төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 119.181 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА