Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/000712

 

 

 

 

 

 

 

 

                                      Т.Лгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00535  дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Лгийн хариуцагч БГДЭМТхолбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 20 гаруй жил мэргэжлээрээ ажилласнаас сүүлийн 7 жил 4 сард БГДЭМТтооцооны нягтлан бодогчоор ажилласан. 2019 оны 7 дугаар сард БГДЭМТийн дарга солигдож, удаа дараа дуудаж “багаа бүрдүүлмээр байна, ажлаа өг” гэсэн шаардлага тавихад нь зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл байгууллагын даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/308 дугаартай тушаалаар үүрэг даалгавар биелүүлэхийг үндэслэлгүйгээр татгалзсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр нярваар ажиллуулах тушаал гаргасан. Тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан үндэслэл нь ахлах нягтлан бодогч, нярав, ахлах сувилагч нартай холбоотой зөрчил. Харин Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн төлбөр төлөх тухай актад заасан хугацаа миний ажиллаж байсан үе мөн. КТ ХХК-тэй холбоотой асуудлыг нуун дарагдуулсан зүйлгүй. Энэ асуудлыг нярав буруугаа хүлээн зөвшөөрөөд, 7 хоногийн дотор хохирлыг барагдуулсан. Иймд нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Т.Л байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халагдсан хүмүүсийн тушаал, шийдвэрийг цахим орчинд мэдээлэх нөхцлийг бүрдүүлж Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн хариуцлагатай, үнэн зөв байх гэсэн заалтыг зөрчсөн. Үүнд нь удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж анхааруулсан. Мөн 2019 оны 4 дүгээр улирлын бүх ажилчдын урамшууллын мэдээллийг цахим орчинд мэдээлэлж, удирдлагын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар оруулж, Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б-117 дугаартай тушаалаар үндсэн цалинг нь 20 хувиар хасах сахилгын арга хэмжээ авсанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Түүнчлэн эрүүл мэндийн төвийн нэр бүхий 19 ажилтан Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх гомдол гаргасан. Үүний дагуу хяналт шалгалт хийгдээд, харилцагч КТ ХХК-д төлөх 2 490 550 төгрөгийг данс бүртгэлд тусгаагүй байсан. Т.Л уг төлбөр тооцоог тусгах ёстой бөгөөд албан бичгийг, бичиг хэргийн ажилтанд бүртгүүлээгүй, өөрөө хүлээж аваад нуун дарагдуулсан байдаг. Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн хяналт шалгалтаар 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор арга хэмжээ тооцох дүгнэлт гарсан. Т.Лийг 2020 оны 2 дугаар сараас үндсэн хөрөнгийн нягтлан болгож үндсэн хөрөнгийг хариуцуулсан. Тус байгууллагад 4 том объект хамаардаг ба нэхэмжлэгч үндсэн хөрөнгийг шинэчлэх, бүртгэх, удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй. Байгууллага хоёр удаа үндсэн хөрөнгийг тоолох, бүртгэх, бүртгэлжүүлэх ажлын хэсэг гарган ажиллаж, Эрүүл мэндийн яам энэ ажил дээр хяналт тавьж ажилласан байдаг. Т.Л нь үндсэн хөрөнгийг хариуцаж ажиллахаас гадна аж ахуйн нярав, ахлах сувилагч нарыг удирдлага, арга зүйгээр хангаж, хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй.

Мөн байгууллагын удирдлагыг өрөөндөө дуудаж, багаа бүрдүүлмээр байна гэж хэлсэн гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох баримт байдаггүй. КТ ХХК-д гэрээний дагуу төлөх төлбөрийг шилжүүлээгүй нуун дарагдуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч нь хөрөнгийн болон тооцооны нягтлан бодогчийн ажилд тэнцэхгүй гэж үзээд, ажлаас халахгүйгээр нярвын ажилд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Т.Лг БГДЭМТийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор 6 429 514 төгрөгийг хариуцагч БГДЭМТөөс гаргуулж, нэхэмжлэгч Т.Лд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Лгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг БГДЭМТдаалгаж, нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээр ээлжийн амралтын мөнгө нэхэмжилсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 20 659 төгрөгийг төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 119 181 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргээ биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг мөрдөж ажилладаггүйн улмаас удаа дараа зөрчил, дутагдал гаргасан. Уг байдлаа засах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөхөд биелүүлдэггүй. Шүүх нэхэмжлэгчийн ажилдаа хариуцлагагүй хандсан нөхцөл байдлыг нотлогдож байна гэж үзсэн атлаа нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Нягтлан бодогч хүний ёс зүй, хариуцлага байдаггүй. Нэхэмжлэгчийг олон жил ажилласан байдлыг нь харгалзаж үзэж өөр ажилд томилсон. Шүүхийн байгууллагын шийдвэрийг мушгиж албан тушаал бууруулж, өөр албан тушаалд томилсон сахилгын шийтгэл хуульд байхгүй гэж шалтгаанаар хариуцлагагүй ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх няравын 14 хоногийн цалин авсан нь тушаалыг нь хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцохдоо 2020 оны 6-8 сарын цалинг нэмж 1 сарын дундаж цалинг 759 541 төгрөг, 1 сарын ажлын дундаж хоногийг 21,5 хоног гэж тооцон 1 өдрийн ажлын цалинг 35 327 төгрөг гэж тооцсон. Шүүх 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажлыг хоногийн 163 хоног гэж тооцож нийт 5 758 301 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх ажлын хоногийг тооцолгүйгээр бүх өдрийн цалинг тооцсон. Сар бүрийн 15, 30-ны өдрөөр тасалбар болгож 15 өдрийг дуустал олгох цалин хөлсийг 10 өдөр, 30, 31-ний өдрийг дуустал цалин хөлсийг 25-ны өдөр тус тус олгодог. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл нягтлангийн ажлын 8 хоногийн цалин, 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх няравын 14 хоногийн цалин хөлсөнд нийт суутгалаа тооцуулан 617 216.50 төгрөг авсан. 9 сарын цалингаа бүтэн авч, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлөгдсөн. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын хоногийг тооцоход 9 сард 22 хоног, 10 сард 21 хоног, 11 сард 19 хоног, 12 сард 22 хоног, 1 сард 20 хоног, 2 сард 19 хоног, 3 сард 3 хоног нийт ажлын 126 хоногийг*35 327 төгрөгт үржүүлэхэд 4 451 202 төгрөг болох ба үүнээс 9 сард цалинд олгосон 617 216.50 төгрөгийг хасахад 3 833 986 төгрөг болно. Мөн амралтын мөнгө 671 213 төгрөгийн нэмэхэд 4 505 199 төгрөг олгогдохоор байна. Шүүх үндэслэлгүйгээр 1 924 315 төгрөг нэмж олгохоор шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Л нь хариуцагч БГДЭМТхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч БГДЭМТийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/308 дугаар тушаалаар тус байгууллагад тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Т.Лг албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс үндэслэлгүй татгалзсан, төсөл хөтөлбөр, хандив тусламжаар ирсэн хөрөнгийг бүрэн бүртгэлжүүлээгүй, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, хөдөлмөрийн гэрээний 4.7, 4.16.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3, 4.1.8, 9.1.1.в, Удирдлагын зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн албан тушаалыг нь өөрчилж няраваар ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх4/

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/308 дугаар тушаалыг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажил олгогчоос өөрөө шаардаж авсан гэж тайлбарлан нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд талууд уг баримтын талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой.

Ажил олгогч буюу хариуцагч нь дээрх тушаалд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нэрлэн заагаагүй боловч “2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр халагдсан ажилтны тушаалыг хүний нөөцийн албанаас түрүүлж тухайн ажилтанд өгсний улмаас цахим орчинд үндэслэлгүй ажилчдаа халсан гэх мэдээлэл цацагдсан, байгууллагын 2019 оны 4 дүгээр улирлын урамшуулал болон цалингийн мэдээллийг цахим орчинд мэдээллэсэн учраас сахилгын арга хэмжээ авагдсан, харилцагч КТ ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөг 2 490 550 төгрөгийг данс бүртгэлд тусгаагүй, анхан шатны баримт үйлдээгүй, байгууллагын үндсэн хөрөнгийн эмх цэгцгүй байдлыг арилгах, эд хариуцагчийн картыг шинэчлэх, хөрөнгийг кодлож наалтыг засаж сайжруулах, өндөр өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг фото зурагжуулан хавтас үүсгэн баримтжуулах, эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах зэрэг хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, нярав болон ахлах сувилагч нарыг   мэргэжил арга зүйгээр хангаж хамтран ажиллаагүй, зан харьцааны хувьд доголдолтой, ажлын ид ачааллын үед удаа дараа 7-30 хоногоор өвчтэй чөлөөтэй байдлаар хэл сураггүй алга болдог, нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу ногдуулж төлөөгүй зэрэг зөрчлийг гаргасан гэж тайлбарладаг. /хх17-18/

Дээрх зөрчлүүдээс КТ ХХК-аас 2019 онд бараа бүтээгдэхүүн худалдсан авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 2 490 550 төгрөгийг данс бүртгэлд тусгаагүй, санхүүгийн анхан шатны баримт үйлдээгүй гэх, мөн ажилчдын 2014, 2016 онуудад олгосон 4 661 848 төгрөгийн цалин, ээлжийн амралтын олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу ногдуулж төлөөгүй, үүний улмаас Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн актаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулсан зэрэг зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байна. /хх68-88, 92, 97-99/

Нэхэмжлэгчид 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр халагдсан ажилтны тушаал шийдвэрийг хүний нөөцийн албанаас түрүүлж тухайн ажилтанд өгч улмаар цахим орчинд үндэслэлгүй ажилчдаа халсан гэх мэдээлэл цацагдсан, байгууллагын 2019 оны 4 дүгээр улирлын урамшуулал болон цалингийн мэдээллийг дахин цахим орчинд мэдээллэсэн гэх үндэслэлээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/117 тоот тушаалаар сарын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх40/ Нэхэмжлэгч нь уг шийдвэрт гомдол гаргаагүй болно.   

Хариуцагч нь нэхэмжлэгчийг тооцооны нягтлан бодогчоор ажиллуулахаар 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба тэрээр энэ хугацаанд үндсэн хөрөнгө хариуцсан тооцооны нягтлан бодогчийн хувьд үндсэн хөрөнгийн эмх замбараагүй байдлыг арилгах, эд хариуцагчийн картыг шинэчлэх, хөрөнгийн кодчилол, наалтыг наах, засаж сайжруулах, мөн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг фото зурагжуулан хавтас үүсгэх, байгууллагын эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, нярав болон ахлах сувилагч нарыг мэргэжил, арга зүйгээр хангаж хамтран ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын уялдаа муу, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргасан гэж үзсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тус байгууллагын 2020 оны эхний хагас жилийн тооллогоор эд хөрөнгийн бүртгэл эмх замбаараагүй, бүртгэлийн хуудасгүй, эд хогшлын кодны наалт байхгүй, дутуу, зөрсөн, хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийг бүртгэдэггүй, няравууд зарим эд хариуцагчийн картаа ажилчдад өгөөгүй, карт огт байхгүй, нээгээгүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн байгууллагын дотоод хяналтын ажилтан, аж ахуйн дарга, тооцооны нягтлангийн бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ахмадын эмнэлгийн үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн эд хариуцагчийн картыг үндэслэн түүвэрчилсэн тооллого явуулахад “8-р давхарт байрлах тоног төхөөрөмж байрлуулсан өрөөнд 1 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч кодны наалтгүй байсан, 5-р давхарт байрлах угаалгын өрөөнд байрлалтай 2 ширхэг автомат угаалгын машины кодны наалт салсан, шинээр ирсэн 2 ширхэг вакцины хөлдөөгчийг эд хариуцагчийн картанд нэмж бүртгээгүй, хөргөгчний код андуурч наасан, хандиваар болон өөрсдийн хуримтлалаар худалдан авсан хөрөнгийн чанартай зүйлсийг эд хариуцагчийн картан дээр нэмж бичсэн, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүүхдийн эмнэлэг дээр хийсэн тооллогоор хүлээн авах тасагт бүртгэлтэй сахарын аппарат болон мини хөргөгчийн үнэ болон код тодорхойгүй зөвхөн хөрөнгийн нэрийг бичиж карталсан зөрчил илэрсэн байна. /хх32, 33-36/

Тэрээр 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн санхүүгийн болон захиргаа аж ахуйн албаны хурлаар тус төвийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн хөрөнгийн тооллого хийсэн дүн, тооллогын комиссоос гаргасан дүгнэлтийг хэлэлцэж нэхэмжлэгчид 2 хоногийн дотор эд хөрөнгийн картыг нааж дуусгах, актлах хөрөнгийг 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хийж дуусгах” хугацаатай үүрэг даалгавар өгсөн байх ба нэхэмжлэгч эд хөрөнгийн картыг 2 өдрийн дотор хийж дуусгана, актлах хөрөнгийг 8 дугаар сарын 14-ний өдөр нярав н.Оюун-Эрдэнэ орж ирсэн өдөр 3 хоногийн дотор гаргана” гэсэн тайлбар өгч байжээ. /хх29-31/

Хариуцагч байгууллагын дотоод хяналтын ажилтан С.Базаррагчаа, ахлах нягтлан бодогч Б.Ховор-Эрдэнэ нарын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гаргасан үндсэн эд хөрөнгийн хагас жилийн тооллогын тайланд хяналт хийсэн илтгэх хуудсанд  нэхэмжлэгч нь дээр дурьдсан зөрчлийг арилгаагүй талаар тусгагдсан байх ба нэхэмжлэгч нь үүнийг баримтаар үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл зөрчлийг тогтоосон хугацаанд арилгасан эсэх, эсхүл арилгах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбарлаж маргаагүй байна. /хх37-38/

Зохигчид хөдөлмөрийн гэрээний 6.3-т сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/117 тоот тушаалаар сарын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсны дараа дахин дээр дурьдсан зөрчлийг гаргасан байх тул ажил олгогчийн хувьд тухайн ажилтанд холбогдуулан гаргасан шийдвэрийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

            Нэхэмжлэгчийн “тушаалд дурдсан үндэслэлүүд ахлах нягтлан бодогч, нярав, ахлах сувилагч нарт хамааралтай зөрчил, би ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Хэргийн 27-28 дугаар тал дахь нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд тооцооны нягтлан бодогч нь кассын болон аж ахуйн няравуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих, .., үндсэн хөрөнгийн бүртгэлийг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон няраваас авч, анхан шатны маягттай нь тулгаж хянан НӨХГ болон санхүүгийн тайланд тусгах, үндсэн хөрөнгийн хөдлөлт өөрчлөлтийг тухай бүрт нь санхүүгийн програм болон бүртгэлд тусгах, үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, байгууллагын эзэмшлийн бүртгэлтэй эд хөрөнгийг коджуулах, ажилтан албан хаагчдын эд хариуцагчийн картыг өөрчлөлт орсон тухай бүрт нь шинэчлэн гарын үсгээр баталгаажуулах, хөрөнгийг эзэнжүүлэх, коджуулах арга хэмжээ авах, үндсэн эд хөрөнгө төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалт, бүртгэлээр тавих маягтыг хэрэгжүүлэх, анхан шатны маягтыг зөв бүрдүүлэн тэдгээрт үндэслэн үнэн зөв, үр ашигтай зарцуулалтыг гаргаж ашигтай ажиллах ..,” чиг үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийг сахилгын зөрчилтэй байх хугацаандаа буюу 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажил олгогчийн зүгээс өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй дахин зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Ажил олгогч уг зөрчлийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр илрүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт нийцэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлаас халах ноцтой зөрчилд тооцогдох боловч ажил олгогч нь ажилтныг өөр ажилд томилсныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч нь ээлжийн амралтын олговор 671 213 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрсөн болно.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00535  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.Лгийн хариуцагч БГДЭМТхолбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  119 181 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

     ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                   А.МӨНХЗУЛ