Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2018/00012

 

  Ю.А нэхэмжлэлтэй иргэний

   хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018/00119 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 9-69 тоотод оршин суух, Б овогт Ю /РД:ЗВ86070314, утас: 99033786/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 

“Ш” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн томилуулж, ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Ачмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ю шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  миний бие Шивээ Овоогийн нүүрсний уурхайн Уулын хэсэгт 2008 оны 07 дугаар сарын 14-нөөс эхлэн халагдах хүртлээ нийт 10 дахь жилдээ ажиллаж байна. Ажил амьдралын гараагаа эхлүүлсэн уурхайдаа үнэн сэтгэлээсээ ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр доорх шалтгаанаар ажлаас халагдсандаа гомдолтой байна. Үүнд:

1. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаар ээлжинд ажилд гарч байх үед экскаваторын сумны татуурга хугарч зогссон талаар машинч Б.Б, туслах машинч Б.Б нар надад мэдээлсэн ба уг гэмтлийг ажил үүргийнхээ дагуу ээлжийн дарга, уулын диспетчер нарт мэдээлж мөн уулын дарга, хэсгийн дарга нарт утсаар мэдээлсэн болно.

     2. 2018 оны 03 дугаар сарын 02-нд 2 дугаар ээлжинд ажилд гарч байхад эксковаторын подъёмны хөдөлгүүр гэмтэлтэй байсныг засварлаж 23 цагт бэлэн болгосон ба машинч Б.Б, Б.Б нар цаашид үргэлжлүүлэн тухайн эксковатораар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ явахын хөдөлгүүр буудсан гэх мэдээллийг өгсөний дагуу уулын диспетчерт 23:30 цагт мэдэгдэж ээлжийн даргын хамт очиж үзэхэд халалт ихтэй угаар үнэртэж байсан ба машинч Б.Б нь одоо асааж болохгүй буудсан гэх шалтгаанаар шууд зогсоосон ч гидроэксковаторыг ажиллуулж, нүүрс гаргалтыг хэвийн явуулсан.

     3. 2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 01:00 цагт эксковаторын ерөнхий хөдөлгүүр гэмтэлтэй байна гэж машинч Б.Б, Л.П нар мэдэгдсэн ба би мөн л ажил үүргийнхээ дагуу уулын диспетчер, ээлжийн дарга нарт мэдэгдэж улмаар цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёрыг авчирч үзүүлэх шаардлагатай гэх шалтгаанаар ээлжийн даргын зөвшөөрлөөр зогсоосон.

    Дээрх байдлаас үзэхэд уурхайн уулын хэсэгт ажиллаж байгаа техникт гэмтэл байнга гардаг. Хэн нэгний буруутай ажиллагаанаас гарсан гэмтэл огт байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдлыг холбогдох хүмүүст мэдэгдэж байсныг минь л алдаа гэж үзэхгүй юм бол ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд хүрсэн алдааг би гаргаагүй учраас ажлаасаа үндэслэлгүй халагдлаа гэж үзэж байна. Миний бие 10 дахь жилдээ энэ уурхайд ажилласан. Одоо банкны зээлтэй, бага насны олон хүүхэдтэй, эхнэр ажилгүй амьдрал хүндрэх нь ойлгомжтой боллоо.  ХК-д ажиллах хугацаандаа өөрийгөө нэр хүндтэй ажиллаж байсан гэж бодож байна. 2010 онд шилдэг залуу ажилтан, 2016 онд тэргүүний мастераар тус тус шагнуулж байсан. Мөн Шивээговь сумандаа нэр хүнтэй ажиллаж амьдарч байна.     

     Ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авах хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Ю шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Ю “” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11, 7.2.16, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, Захирлын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдаж, удаа дараа зөрчил гарган компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг цуцлуулахаар зохицуулсан болно.

Ю байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11-д “Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсныг ажил олгогч ноцтой гэж үзсэн”, 7.2.16-д “Ажилтан өөрийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл, аюулгүй ажиллагаа болон техник ашиглалтын заавар, горим зөрчиж аваар осол, саатал гарган байгууллагад хохирол учруулсан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагчаар цуцлахаар заасан байна. Ю нь тус компанийн Уулын нэгдсэн хэсэгт ээлжийн мастераар ажилладаг инженер юм.

         Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтын 10.5-д “Ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх, уулын машин тоног төхөөрөмж, хүн хүчийг зөв зохион байгуулж, бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллуулах чиглэл баримталж байнгын удирдлагаар хангаж ажиллана”,

 10.7-д “уулын ажлын явцад /хөрс хуулалт, нүүрс олборлолт, технологийн зам талбай, мөргөцөг спуск засах, нүүрсний тааз цэвэрлэх, өрөмдлөгийн талбайг бэлтгэх, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх/ уулын машин, тоног төхөөрөмжийн технологийн горим, паспортыг мөрдүүлэх, зөөвөр нүүдлийн ажлыг биечлэн удирдаж, илэрсэн зөрчлийг тухай бүр засуулж ажиллана” гэсэн чиг үүргийг зохицуулсан болно.

Гэтэл Ю ажлын байранд дээрх тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг ноцтойгоор зөрчиж компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсан юм. Ю 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаар ээлж, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжинд ээлжийн мастераар ажилласан юм. Уг ээлжинд ажиллах хугацаанд 2018.02.07-ны өдрийн 2 дугаар ээлжинд мөргөцөгт ажиллаж байсан ЭКГ5А№04 эксковатор шанагаараа мөргөцөг цохиж, татуургаа хугалсан зөрчил гарсан. Ээлжийн  мастер ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл гэмтэл саатлыг цаг алдалгүй арилгуулах ажлыг хариуцан зохин байгуулах үүргээ зөрчсөн. Ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх тоног төхөөрөмж хүн хүчийг зөв зохион байгуулж, байнгын удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүйгээс дээрх зөрчил үүссэн болно. Ээлжийн мастераар ажиллаж байж мөргөцөгт ажиллаж буй техник, ажилчдыг очиж шалгадаггүй, ямар эрсдэл үүсч болох үүссэн эрсдэлийг арилгах, ажил удирдан зохион байгуулж байнгын удирдлагаар хангаж ажиллах ёстой атал ЭКГ5А№04 эксковатор дээр очиж ажиллаагүй, зөвхөн бусдын хэлснээр ажил явуулсан. Үүнээс үүдэн компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол шууд учирсан.

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторыг мөргөцөг шилжүүлэх зөөх ажиллагааг ээлжийн мастер шууд удирдан, техник зохион байгуулалтын ажлыг хийх ёстой байтал, уг үүргээ зөрчин эксковаторыг машинч, туслах нарт даатгаж шилжүүлэх ажиллагааг явуулсан. Ээлжийн мастерын үүрэг нь эксковаторын ажлын талбайг бүрэн бэлдсэн мөргөцөгт шилжүүлэн зөөх ёстой. Ажлын талбай бэлдэнэ гэдэг нь эксковатор шилжин явах замыг бульдозероор түрүүлэн суулт үүсгэхгүйгээр хөрсийг нягтруулсан байх ёстой. Эксковаторыг шилжин явах үед машинчид зааварчилгаа өгч, болзошгүй эрсдэлийг тооцоолж, машинч туслахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, эрсдэл үүссэн тохиолдолд цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Эдгээр арга хэмжээг цаг тухайд аваагүйгээс мөргөцөгт шилжин явж байсан эксковатор сул шороонд сууж башмак /гинж/ дугуйнаас мултарч эксковаторын явахын хөдөлгүүрийг халааж шатаах нөхцөл байдал үүссэн. ЭКГ5А№04 эксковатор нь 150 тонн жинтэй, 6000 волт цахилгаанаар ажилладаг, нүүрс гаргалтын ажлыг гүйцэтгэж байсан техник юм. Хэрвээ эксковаторын явахын хөдөлгүүр шатсан тохиолдолд багадаа 25 сая төгрөгийн шууд хохирол үүснэ. Ээлжийн мастерын буруугаас болж үүссэн ЭКГ5А№04 эксковатор нь нүүрс гаргалтын ажлыг хийдэг учир нүүрс гаргалт 24 цагаар тасарч төлөвлөгөөнд сөргөөр нөлөө үзүүлж сул зогсолтын болон засварын ажлын зардлын хохирол үүссэн.

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторын ерөнхий хөдөлгүүрт өглөөний 03 цагт гэмтэл гарсан тул ажиллуулахгүй зогсоосон гэсэн боловч өглөөний ээлж ирж эксковаторыг асаахад ямар нэг доголдолгүй хэвийн асч ажилласан байна. Ээлжийн мастер ээлжийн хугацаанд гарсан тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл саатлыг газар дээр нь өөрийн биеэр очиж, үзлэг хийж, цаг алдалгүй засварлуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй атал гэмтэл гарсан гэх шалтгаанаар ЭКГ5А№04 эксковаторыг сул зогсоож компанид хохирол учруулсан зөрчлийг гаргасан. Ээлжийн мастер эксковаторын хөдөлгүүрт гэмтэл гарсан гэдгийг утсаар мэдээлэл авсан даруй өөрийн биеэр очиж үзэх үүргээ биелүүлээгүй, зөвхөн хөдөлгүүрт гэмтэл гарсан гэсэн мэдээллээр техникийг зогсоосон. Гэмтэл үүссэн нөхцөлийг өөрийн биеэр тодруулж, үзлэг хийх, цаг алдалгүй засварлуулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлд цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёрыг авчирч эксковаторын ерөнхий хөдөлгүүрийг үзүүлсэн хэмээн дурдсан байна. Ээлжийн мастер нь цахилгааны монтёр дуудаж эксковаторын ерөнхий хөдөлгүүрийн гэмтлийг үзүүлэх ёсгүй. Учир нь монтёр бол цахилгааны шугам хариуцан ажилладаг ажилтан, дуудах ёстой ажилтан нь цахилгааны наладчик буюу цахилгаан тохируулгын инженерийг дуудаж үзүүлж дэс дараатай арга хэмжээ авч экскаваторыг ажилд оруулах арга хэмжээг авах ёстой байсан. Өөрийн үүргээ биелүүлэхгүй бусдын амаар эксковаторыг сул зогсоосноор нүүрсний гаргалтын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлсөн.

“Шивээ Овоо” ХК нь хүрэн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж “ТЭЦ-4” цахилгаан станцын нийт нүүрсний хэрэглээний 50 хувийг дангаараа хангадаг. Хүйтний улиралд Үндэсний аюулгүй байдлыг хариуцаж нүүрс гаргалт, борлуулалтыг тасалдуулахгүй, нийлүүлэх онцгой үүргийг төрийн өмнө хариуцан хүлээдэг байгууллага юм. 2018 оны 1-4 дүгээр саруудад уурхайн нээсэн нүүрс дутмагаас ганц цэгээс нүүрс олборлож байсан. Энэ гол цэгт нүүрс олборлох ажлыг ЭКГ5А№04 эксковатор гүйцэтгэж байсан. ЭКГ5А№04 эксковатор ямар нэг шалтгаанаар зогсох нь нүүрс гаргалтын төлөвлөгөөт ажлыг тасалдуулах, улмаар байгууллагын орлого буурах, “ТЭЦ-4” станц болон бусад хэрэглэгчийн үйл ажиллагааг доголдуулах байдлыг үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байсан. Уурхайд 5 ээлжийн мастер 12 цагаар ээлжлэн ажилладаг. Гэтэл зөвхөн Ю.Алтан-Оргил ээлжийн мастерын ээлжинд удаа дараалан ЭКГ5А№04 эксковатор байж боломжгүй сул зогсолт, эвдрэлүүд гарч, компанид хохирол учруулсан юм.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ю нь надад ямар нэгэн буруу байхгүй, үүрэг хүлээхгүй мэтээр тайлбар гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй болно. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болсон Захирлын зөвлөлийн хуралд Ю.Алтан-Оргил нь өөрийн биеэр оролцсон бөгөөд уг хуралд өөрийн гаргасан зөрчлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Шивээ Овоо” ХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар 2018 оны 02 дугаар сарын 07, 2018 оны 03 дугаар сарын 02, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд ЭКГ5А№04 эксковаторт учирсан гэмтэл, зөрчил түүний шалтгааныг хэлэлцсэн бөгөөд ээлжийн мастер Ю., эксковаторын машинч А.Бар нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, Ю гаргасан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлтэй бүрэн тохирсон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг ажилтан гаргасан үндэслэл нь тогтоогдсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн гурван хэлбэрийг зааж өгсөн хэдий ч ажилтны гаргасан зөрчлөөс шалтгаалж аль нэгийг сонгон хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Ю.А гаргасан зөрчил нь туйлын ноцтой бөгөөд Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн тул ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Иймд дээрх байдлыг үндэслэн Ю тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Алтан-Оргилыг халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх мөн амралтын мөнгө байгууллага гаргаж өгөх ёстой. Тийм учраас 14 хоногоор бодсон байдлыг буруу гэж үзэж хуулиар 21 хоногоор тооцож бодох ёстой. Нэхэмжлэгч Ю.Алтан-Оргил шүүхэд ийм шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Энэ гаргасан нэхэмжлэлийг тайлбарлаж хууль зүйн туслалцаа үзүүлэх болно.

Нэгдүгээрт, Ю.Алтан-Оргилыг ажлаас халсан үйл баримтын хувьд тогтоогдохгүй байна. Ажлаас халж байгаа байгууллага аливаа ажлаас халж байгаа тушаал шийдвэрээ шүүхийн өмнө хамгаалах үүрэгтэй. Шүүхэд тайлбар гаргаж хариуцагч гаргасан тайлбараа нотлох үүрэгтэй. Хариуцагчаас гаргасан дүрэм, журам, заавар нь хоорондоо зөрчилтэй, эрх хэмжээтэй нь эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, эрх хэмжээгүй этгээд эрх хэмжээгээ хэтрүүлсэн ийм баримт байна. Үүнд: 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Шивээ Овоо” ХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар Ю.Алтан-Оргил болон бусад этгээдэд сахилгын шийтгэл ногдуулах асуудал хэлэлцсэн. Ингэж хэлэлцэхдээ 02 дугаар сарын 06-ны өдөр, 03 дугаар сарын 02-ны өдөр, 03 дугаар сарын 06-ны өдөр гэх гурван өдрийн зөрчил гэх тохиолдол яригддаг, гэхдээ хариуцагч талын гаргаж өгсөн хэсгийн дарга Амгалан гэх хүний гаргаж өгсөн тодорхойлолтыг уншсан гэж хэлдэг. Энэ тодорхойлолт дээр 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчил яригдаагүй, бичигдээгүй. 03 дугаар сарын 02, 06-ны өдрийг тодорхойлж олох байсан орлого үүнийг алдагдсан гэж нэрлэсэн. Мөн нотлох баримтад олох байсан болон алдагдлын тооцоо гаргасан. Тушаал дээр хөдөлмөрийн гэрээний 7.1.11, 7.1.16, дотоод журмын 10.6 гэх заалтыг үндэслэсэн. Эдгээр заалтууд нь хохирол учруулсан гэх заалтууд байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7.1.11 дээр ажилтны буруу ноцтой зөрчил гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой гэж үзэх тохиолдлоор заасан болохоос ноцтой гэж үзэх үзэмжээр заагаагүй. Тухайн ажил олгогч ноцтой гэж үзнэ гэсэн нэг ийм заалтаар боломж олгосон.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд мөн үүнийг захирлын зөвлөлийн хурлаар ноцтой гэж олонхиороо гар өргөх юм бол ингэж үзэх гээд байгаа байдал. Энэ агуулгаас ноцтой гэж үзэх нь урьдчилж ийм тохиолдолд гэж заах ёстой байтал хэрвээ ийм тохиолдолд ингэж үзвэл гэсэн ийм заалт байж болохгүй. Тэгэхээр 7.2.11 өөрөө  ойлгомжгүй заалт. 7.2.11, 7.2.16 дугаар заалтад хохирол гэсэн заалт байна. 03 дугаар сарын 02, 03 дугаар сарын 06 гэсэн энэ өдрүүдийн тодорхойлолтоор техникийн комиссын акт гэсэн зүйл гаргасан. Энэ актын үндэслэл дээр 2018 оны 03 дугаар сарын 02, 06-ны өдрүүд машинчийн буруутай үйлдлээс болж гэж заасан мөртлөө Ю.Алтан-Оргилд хамаатай болсон. Хурлаар нь болохоор гурван этгээд оролцсон энэ өдрийн асуудалд туслах машинч, машинч, Ю.Алтан-Оргил хамаарагдаж байгаа. Гэмтэлд машинч буруутай гэж бичсэн мөртлөө шалтгаан нь Ю.Алтан-Оргил гэж бичсэн. Тэгэхээр энэ акт тодорхойлолтоо зөв болгох гээд сүүлд нөхөж бичсэн юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр хоёр этгээдийг хоорондоо буруутай гэж тайлбарлан бичсэн. Өнөөдөр Ю.Алтан-Оргил буруутай юу гэдэг асуудал яригдана. 7.1.11 дээр ажилтны буруу гэж байна. 131.3-т мөн ажилтны буруутай үйлдэл яригдана. Эдгээр өдрүүдийн гэмтэлд Ю.Алтан-Оргилын буруу ямар хамааралтай байсан бэ? үүнийг нягталж үзэхэд Ю.Алтан-Оргил харин ч буруугүй, тухайн хөдөлгүүр шатах юм бол 25-30 сая төгрөгийн шууд хохирол үүсдэг гэсэн Батмөрөнгийн мэдүүлгээр авч үзэх юм бол ийм эвдрэлээс урьдчилан сэргийлсэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй.

Мөн оронд нь гидроэксковатор ажиллуулж, үйлдвэрийн ажиллагаа зогсоогоогүй. Нүүрс олборлох үйл ажиллагаа хэвийн явагдах нь үйлдвэрийн үндсэн зорилго байгаа болохоос хариуцагч талын гаргасан олон тооцоололд авч үзэх юм бол хамааралгүй, харин ч чухал ажлаа орхигдуулаагүй. Амгалан болон Батмөрөн нар мэдүүлэгтээ олборлолт зогсоогүй гэсэн мэдүүлэг өгсөн. Ингээд үйлдвэрлэл зогсоогүй, хоёрдугаарт, эксковатор шатаагүй. Харин шатсан байх юм бол нэг өдрөөр биш олон өдрөөр зогсох болно. Хэрвээ эвдэрсэн бол худалдан авах асуудал яригдана, цаашид суурилуулах засварын асуудал мөн яригдах байсан. Засвар хийсэнтэй холбоотой техникийн комиссын актад ойлгомжгүй зүйл байна. Засвар хийхэд нийт 800 000 гаруй мянган төгрөгийн зардал гардаг. Тэгсэн мөртөө масло юм уу эрэг, боолт сольсон гэх ямар ч үг байхгүй засварын ийм ажлын зардал ийм ажилтны цалин гэж байна. Техникийн комиссын актад дээрх эвдрэлийг арилгахад гаргасан ажлын хөлсний зардал бичсэн. Энэ бичсэн зардал нь өөр байгууллагаас засварчин авчирч, өөр тарифаар бодсон ажиллуулсан юм шиг ойлгомжгүй тооцоо бичсэн байна. Нэмэлтээр хөлс тохирсон юм шиг, гэтэл эдгээр хүмүүс нь энэ байгууллагын ажилтан эвдрэл гарвал угаасаа засвар хийнэ. Эдгээр хүмүүс нь эвдрэл гарах юм бол засвар хийх зорилготой ажиллаж байгаа хүмүүс. Эвдрэл тухайн техникээс хамаарч эвдэрч байгаа эдгээр гэмтлийг тооцож засварлах зорилгоор засварчин ажиллаж байгаа. Энэ байгууллагын ажилтан нар энэ тохиолдолд ажиллана. Хоёр талаас хуульч нар байгаа болохоор нэг зүйлийг анхаарч авч үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Бид хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа учраас энд ямар зүйлийг ярих хэрэгтэй вэ гэхлээр бодит хохирол ярих ёстой байсан. Хохирлыг ялгаж ярих ёстой. Бодит хохирол гэдэг бол энэ ширээн дээр байгаа ном алга болохыг бодит хохирол гэнэ. Гэтэл энэ ширээн дээр байх боломжтой зүйл байгаа бол энэ нь бий болж байгаа зүйлийг хэлж байна. Иймээс ирээдүйд олох ёстой байсан орлогыг бодож тооцох нь бол хийсвэр зүйл. Олох байсан орлогыг хохирол гэж тооцдоггүй хөдөлмөрийн харилцаа. Харин олох ёстой байсан орлогыг Иргэний эрх зүйн маргааныг Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа. Тэгэхээр хариуцагч талын хэрэгт байгаа хохирол гэж үзэж байгаа зүйл дандаа хийсвэр зүйл. Энэ хийсвэр зүйл нь хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16, 40.1.4 дээр хохирол гэсэн ойлголт болохгүй. Тушаал сонин гарсан, давтан үйлдсэн, ноцтой зөрчил гаргасан гэж хоёр өгүүлбэр байгаа. Ноцтой гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан, үүнийг маргааны дунд ярьж болно. Товчхондоо хэлэхэд ноцтой гэдэг нь заавар, журам дээр эсвэл аюулгүй ажиллагааны журам дээрээс сонгон авч, энэ нь өөрөө ноцтой хохирол учраас гэж тайлбарласан байгаа. Харин давтан тухайн зөрчил удаа дараа гаргасныг дотроо мөн тус тусдаа сахилгын шийтгэл ногдуулаагүй байж болох ч тус тусдаа тогтоогдсон байна гэж заасан. Гэтэл 23-ны өдөр орж шийдсэн нь давтан зөрчил юм уу гэдгийг тогтооход хэцүү. Ингэхээр үндсэн хоёр шалгуураа ойлгох хэрэгтэй, хохирол учирсан юм уу, үгүй юм уу, үүнийг хэрхэн тогтоосон юм. Тогтоох нь хамгийн хэрэгтэй зүйл, үүнийг тогтоох үйл ажиллагааг ажил олгогч тогтоох үүрэгтэй. Акт үйлдэх эрхтэй нь механик гэж заасан. Акт гэдэг албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар дээр тухайн үйл баримтыг тодорхойлон гаргаж байгаа үйл баримтыг хэлж байгаа. Акт нь тухайн зөрчил гаргасан этгээдэд танилцуулагдсан байх ёстой, танилцуулж, зөвшөөрч байгаа, үгүй юм уу гэх эрхээр хангах ёстой, ийм үйл баримт бол байхгүй байна. Тэгэхээр зөрчил гэж үзэж байгаа гурван үйлдлийг хариуцагч тал хоёр үйлдэл гэж үзэж байгаа хурал дээр гурван үйлдэл яригдаж байгаа хэдий ч оруулсан санал нь хоёр юм. Энэ зөрчил нь нэг баримтад байна. Гэхдээ тогтоох ажиллагааг бүрэн хангаагүй. Тогтоох ажиллагаа нь ямар юм бэ гэхээр тухайн байгууллага энгийн нэг байгууллага биш, том байгууллага, Монгол Улсад данстай уурхай, энэ байгууллага хөдөлмөрийн стандартыг өөрөө баталж, бүрдүүлж ажиллах ёстой байгууллага.

Ийм байгууллагад ажиллаж байгаа этгээдүүд хөдөлмөр эрхэлж, цалин авахаас гадна, хэрвээ ийм эрсдэл үүсэх юм бол тогтоох ажиллагаа ажил олгогчийн үүрэг хэвээрээ байх ёстой. Ажилтан өөрөө зөрчил гаргаж ажлаас халагдсаны дараа өөрөө зөрчлөө нотлох гээд шүүхээр явна гэж байхгүй, энд ажил олгогч зөрчлийг нотолж тайлбарынхаа үндэслэлийг гаргах ёстой. Ингээд зөрчил тогтоогдоогүй учир зөрчил хуулийн дагуу тогтоогдох ёстой.

Нэхэмжлэгч нь 2016 онд тухайн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, өөрийн тойрогтоо ялалт байгуулж, сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байгаа ийм залуу. Энэ нь тодорхой эрх мэдэл нь олгогдсон, ажил үүрэг гүйцэтгэдэг ийм байгууллага, энд төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ төлөөлөгчийн эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т “ Засаг дарга эрх бүхий албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах чөлөөлөх, өөрчлөх, шилжүүлэх, тохиолдолд тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид урьдчилан танилцуулж зөвшилцсөн байх” гэж заасан. Өөрөөр хэлбэл Хурлын Төлөөлөгчийг ажлаас халахгүй гэж хэлээгүй халах болсон бол хийвэл зохих ажиллагааг хийсний үндсэн дээр ажлаас халах нь зохих ажиллагаа хийсний үндсэн дээр халах, магадгүй 40.1.2-т зааснаар халах юм бол тухай ажиллагаа хангагдаагүй бол хууль бус үүний нэгэн адил тухайн шийдвэр мөрдөгдөх ажиллагаа хийгдсэний дараа процесс ажиллагаа өөрөө хангагдана. Ингэхээр “Шивээ-Овоо” ХК-ийн Б/126 дугаартай Ю ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй байна. Энэ тушаал үндэслэлгүй учраас хохирсон этгээдийн эрх сэргэх ёстой. Нэгдүгээрт, өөрт хийгдэх байсан ажиллагаа хийгдээгүй, хоёрдугаарт, процесс ажиллагаа хийгдээгүй, ийм хоёр үндэслэлээр Ю.Алтан-Оргилыг ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Дээрээс нь  нэмэгдүүлсэн шаардлагын хувьд амралтын цагийг тооцдог журам байдаг, энэ журмын 79.6-д ажилтанд үндсэн амралт болон доор дурдсан амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно гэж заасан. 6-10 жил ажилласан бол ажлын 5 ба түүнээс дээш өдөр, үндсэн амралт өөрөө 15 хоног байдаг. Ямар ч албан тушаалтанд 15 хоног байхад Ю.Алтан-Оргилд 14 хоног бодсон, тушаал дээр 14 хоног гэж бодсон үүнийг ямар ч албан тушаалтанд хуульд 15 хоног гэж заасан байхад үүнд ажилласан жил хамаарахгүй. Ажилласан жил болон ажлын нөхцөлөөс хамаарч хэвийн нөхцөлд ажилладаг бол 1-5 хоног, хэвийн бус ажлын нөхцөлд ажилладаг бол 6-10 хоног байдаг. Ингэхээр 14 хоног өөрөө алдаатай, хэрвээ хэвийн гэж үзэх юм бол 3 хоног,  хэвийн бус гэж үзэх юм бол 5 хоног нэмэх байсан. Уурхайн мастерын албан тушаалыг хуульчилсан акт гаргадаг эрх бүхий албан тушаалтны гаргасан хавсралтад байгаа. Үүнийг шүүх өөрөө судлаад үзэх боломжтой. Хэрвээ хариуцагч тал ажлаас сахилгын шийтгэлээр халагдсан тохиолдолд 14 хоног, өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа бол 16 хоног гэх мэт, ийм стандарт тогтоосон зүйл хуульд байхгүй, ийм үндэслэлгүй байхад хуульч хүн ойлгомжгүй тайлбар хийхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хууль байна, дээрээс нь ийм тохиолдолд халагдвал 14,  ийм тохиолдолд халагдвал 3 хоног гэсэн зүйл байхгүй. Харин Ю.Алтан-Оргилын хувьд 14 хоног байх боломжгүй. Ийм учраас амралтын мөнгийг хуульд нийцүүлэн тооцож олгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ээлжийн мастер Ю гаргасан зөрчил нь дараах хоёр зөрчлөөр харагдаж байна. ЭКГ5А№04 машинч Бар, туслах машинч Базарзагд гэсэн хүмүүстэй холбоотой. Захирлын зөвлөлийн хурлаар Ю, Бар, Б нарын гаргасан зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Үүнийг мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн тодорхой дурдаж байна. Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан ЭКГ5А№04  эксковаторын татуурга хугарсан асуудал, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд гарсан нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ явахын хөдөлгүүрийг халаасан, сул шороонд суулгаж 24 цаг сул зогсолт үүсгэсэн зөрчил гаргасан. Үүнд: Бар, Ю, Базарзагд нар мөн байсан.

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн оройны ээлжинд ЭКГ5А№04 эксковаторын хөдөлгүүр буудсан шалтгаанаар 4 цаг сул зогсолт хийхэд, маргааш өглөө зүгээр ассан, үүнийг тодорхой ярих юм бол 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн татуурга хугалсан асуудал байгаа. Энэ асуудал дээр уурхай Ю.Алтан-Оргил руу дайраагүй, энэ нь Бартай холбоотой асуудал байсан учраас Бар шанагаараа мөргөцөг цохиж татуурга хугалсан. Гэхдээ ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтод тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааны зөрчил доголдол арилгах ажлын байранд анхан шатны удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан.

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн мастер дээр хоёр зөрчил байдаг. Нэгдүгээр зөрчил, Пүрэвсүрэн гэх туслах машинч гарах байсан. Тэр хүнийг өөрчилж Базарзагд гэх хүнээр сольж гаргасан. Удирдлагад хэлэхгүй график зөрчүүлсэн. Энэ нь уулын нэгдсэн хэсгийн ажиллах журмын 5.6-д ямар нэгэн байдлаар график зөрчихгүй гэсэн заалт. Гэтэл үүнийг Ю.Алтан-Оргил зөрчиж дур мэдэн өөр хүн гаргасан.

Хоёрдугаарт, ЭКГ5А№04 экскаватор уурхайд хүрэн нүүрс олборлож байсан гол техник өглөөний ээлжинд засварт орж, оройны ээлжинд хүрэн нүүрс олборлохоор гарсан байгаа. Энэ ээлжинд хүрэн нүүрс олборлохоор гарсан гэдэг нь Бар болон Базарзагдад өгсөн Ю.Алтан-Оргилын наряд мөн уурхайн нэгдсэн хэсгийн шуурхай тэмдэглэлд тодорхой байгаа. ЭКГ5А№04 эксковаторыг мастер биечлэн удирдаж байх ёстой, энэ нь ажлын байрны тодорхойлолтын 17-д заасан үүрэгт уулын ажлын явцад уулын машин механизм технологийн горим паспортыг мөрдүүлэх, зөөвөр нүүдлийн ажлыг биечлэн удирдах илэрсэн зөрчлийг тухай бүрд нь засаж хариуцан ажиллана. Гэтэл нүүрс гарга гэсэн үүрэг өгсөн мөртлөө өөрөө алга болсон, зөөвөр нүүдлийг машинч Бар туслах машинч Базарзагд нар хариуцан явуулсан. Нотлох баримтаар шинээр өгсөн журам байгаа тухайн журам ЭКГ5А№04 хир налуу байх, хэдэн градустай байх, замыг хэрхэн зассан байх талаар тодорхой дурдсан. Үүнд хөдөлмөрийн гэрээний 7.2-т ажилдаа хайхрамжгүй хандсан, хариуцлагагүй үйлдэл гаргаж, осол саатал гаргах гол нөхцөл үүгээр бүрдүүлж өгсөн. Бар, Базарзагд нар зөөврийн ажиллагааг өөрсдөө биечлэн явуулсан мастер ирээгүй. Ингээд сул шороотой хэсэг рүү 1500 тонн жинтэй эксковатор оруулж, дугуйгаа хий шороо ухуулж, дотор хөдөлгүүрээ маш их халааж зогсоосон. Үүний ар дээр Ю.Алтан-Оргил очсон. Тэр эксковатор хөдлөх боломжгүй, нам зогссон байсан. Үүнээс болж тухайн эксковатор сул зогсолт хийж  хоёр ээлж сул зогссон. Уг нь тухайн эксковатор мөргөцөг рүү орж нүүрс олборлож байх ёстой экскаватор нүүрс олборлолтыг уурхай явуулдаг. “Шивээ Овоо” ХК нь өөрөө Үндэсний аюулгүй байдал хангаж ажилладаг байгууллага, олборлолтоо зогсоох ТЭЦ-4 байгууллагын нүүрс зогсох юм бол манай уурхай маш том асуудалд ордог. Иймээс хөрсөн дээр ажиллаж байсан эксковаторыг нүүрс рүү оруулсан тэр шөнийн ээлжинд эвдэрсэн эксковаторыг засварлах боломж байхгүй, засварын баг байхгүй. Хавтаст хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн наряд дээр байгаа бүхэл бүтэн зургаан ажилтныг ажиллуулахын тулд нэмэлт цагаар гаргасан. Гурван машинч, гурван туслах ээлжийн механик дээр нь цахилгааны багийг авчирч мотор шалгасан. Гэрч Батмөрөнгийн мэдүүлэгт мотор халсан учраас шалгасан, ашгүй тухайн мотор шатаагүй байсан. Хэрвээ шатсан байсан бол шууд 25 000 000 төгрөгийн хохирол учрах байсан. Эксковаторыг хөдөлгөхийн тулд дахин хүнд механизм хэрэгтэй, 1500 тонн жинтэй зүйлийг хүнд жинтэй зүйлээр өргөх ёстой ингээд эксковатор кран авчирсан. Хэрвээ өөрөө хажууд нь байсан бол тухайн машин сул шороо руу орохгүй хажууд нь байсан бол эвдрэхгүй байсан. “Шивээ Овоо” ХК-д сул зогсолтын тариф батлах тухай 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаар тушаал байдаг. Үүнд сул зогсолтыг хэрхэн тооцох талаар тодорхой зааж өгсөн байдаг. Захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болсон хурал дээр Ю.Алтан-Оргилоос дээрх асуултууд асуугдсан. Та мөргөцөг шилжүүлэх үед та байсан уу? гэхэд байгаагүй, энэ үйл ажиллагаанд таны буруутай үйлдэл байна уу? гэхэд миний буруу байна гэсэн. Гэтэл өнөөдөр шүүх дээр нэхэмжлэл гаргахдаа миний буруутай үйлдэл байхгүй, би байгууллагад хохирол учруулаагүй гэсэн зүйл яриад зогсож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч танайх хохирлыг бодит хохирол гэж тооцдог танайх хийсвэр зүйл яриад байна ийм зүйл ярихгүй гэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын зүйл байдаг. Гэхдээ “Шивээ Овоо” ХК нь Ю.Алтан-Оргилтой эд хөрөнгийн бүрэн хариуцлага байгуулсан ажилтан биш, бид нар эд хөрөнгийн хохирол Ю.Алтан-Оргилоос шаардаагүй, харин таны ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлээс болж компанид ийм ийм хохирол учирсан хохирлын асуудал ярьсан, бусдаар хохирлын асуудал нэхэмжлээгүй. Байгууллагад учирсан хохирлын асуудал ярьсан. Захирлын зөвлөлийн хурал дээр уулын нэгдсэн хэсгийн даргын үүрэг хэлэлцэгдсэн мөн уулын техникийн комиссын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр акт хэлэлцэгдсэн. Үндэсний аюулгүй байдал хагах байгууллага 24 цаг сул зогсолт хийж болохгүй, энэ зүйл байнга дурдагдсан. Үүнийг үгүйсгэхгүй байх, байгууллагаас гаргасан техникийн комиссын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Үүнийг би нотлох болно. Нэгдүгээрт, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаартай тушаалаар нотолно, дараа нь хүн хүч ажилласан ажил тэмдэглэлээр мөн гэрч Батмөрөн, Амгалан нарын мэдүүлэг, нотлох баримтаар өгсөн Ю.Алтан-Оргилын өөрийнх өгсөн нарядуудаар нотолж байна.

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн бас нэг зөрчил байгаа мөн ялгаагүй дээрх гурван хүн байсан. Шөнийн ээлжинд ажилласан эксковаторын хөдөлгүүр буудсан гэх үндэслэлээр шууд зогсоосон, бас нүүрс гаргалтыг зогсоосон тэр үед мөн ээлжийн мастер байгаагүй, Бар гэх хүнтэй утсаар ярьж уг нь өөрөө газар дээр биечлэн очиж ажлын байрны тодорхойлолтын 10-т ээлжийн ажлын үед гарсан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зогсолт зэргийг ээлжийн даргад мэдэгдэж арилгуулах ажлыг зохион байгуулна. Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журамд мөн ээлжийн механикийн үүрэг байгаа энэ үүргээ мөн биелүүлээгүй, уг нь тухайн газар очиж шалгаж асааж үзэж үнэхээр зогссон байна уу, эвдэрсэн байна уу гэдгийг мэдэж, хэсгийн даргад хэлж, засах арга хэмжээг тэр дор нь авах байсан.

Гэтэл шууд хаяад явж, 4 цаг сул зогсолт хийсэн, тэгтэл маргааш өглөөний ээлж ирж эксковаторыг асаахад шууд ассан, энэ талаар гэрч Батмөрөн, Амгалан нар мэдүүлсэн, зогссон гэдгийг хавтаст хэргээс харах боломжтой. Мөн олох байсан орлогыг танайх нэхэхгүй энэ нь хохирол биш гэж байна. Бид нар өөрийнхөө техникийг 24 цаг сул зогсоолгож бараг 30 цаг сул зогоолгосон байхад энэ цагийн бүтээлийг бодож хохирол гаргахгүй юм бол өөр юугаар хохирол тооцох юм бэ ийм хохирол учирсан гэж ярьж байна. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 02, 06-ны өдрүүдэд Ю.Алтан-Оргил ажлын байрны тодорхойлолт, уулын хэсгийн ажиллах журам, хөдөлмөрийн гэрээ, техник технологийн журам ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа дурдаж давтан зөрчил гэдгийг тайлбарласан тайлбар байгаа гэсэн зүйл хэлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбарын 15.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг сахилгын зөрчил хоёр ба түүнээс дээш гаргасан байхыг хэлнэ. Зөрчил бүр дээр сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй гэсэн байна. Ю.Алтан-Оргилын гаргасан зөрчил нь тус бүрдээ тогтоогдсон, тус бүрдээ эрх зүйн акттай, удаа дараа давтан зөрчил гаргасан үүнийг үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Мөн тайлбарын 14.2-т хуулийн 40.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил орлогыг унагаах зэргээр түүний эрх ашигт нөлөөлөхөөр сөрөг үр дагавар бий болгосон уг ажилтны үйлдэлд эс үйлдэхүй байхыг ойлгоно” гэж заасан. Энэ хүний зөрчилд үйлдэл байна уу байна, эс үйлдэхүй байна уу байна,  тэгэхээр юуг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Гэрээний талууд ажлын байр, ажлын үүрэг зэргээс ямар зүйлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан зөвшилцөн тогтоож, уг зүйлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Хөдөлмөрийн гэрээний 7.2-т ажилтныг ямар зөрчил гаргах юм бол “Шивээ Овоо” ХК гэрээг цуцлах юм бэ гэвэл, энэ зөрчил нь ажилтны гаргасан зөрчил хамаарч байна уу гэвэл хамаарч байна, хохирол учруулсан уу учруулсан байна. 

Иймд “Шивээ Овоо” ХК-ийн гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/126 тушаал хуулийн хүчин төгөлдөр байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хүн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т зааснаар энэ заалтад Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан гэж заасан байдаг. Энэ захиргааны хэргийн асуудал тиймээс хөдөлмөрийн эрх зүйтэй хамааралгүй гэж бодож байна.

Гуравдугаарт, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага байгаа, нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг “Шивээ Овоо” ХК зөвшөөрөхгүй байгаа, өөрийнхөө гаргасан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэмэгдэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цалин гаргуулах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бөглөлт хийлгэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаар шаардлагаар цалин орж ирсэн ээлжийн амралтыг буруу бодсон ээлжийн амралтыг 20 хоногоор бодох ёстой гэсэн заалт орж ирсэн. Би үүнд эргэлзэж байна, ажилтан өөрийгөө ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Халагдсан хүн ээлжийн амралтын мөнгө нөхөж авна гэсэн зүйл ярина, гэтэл энэ нь халагдсан мөртлөө би ээлжийн амралтын мөнгө нэмж авна гэх юм, энэ нь өөрөө логикоор бодох юм бол ойлгомжгүй асуудал. Ээлжийн амралт гэдэг тухайн ажилтныг ажилд орсноос бодож явдаг жилд хэдэн сар ажиллана, тэр хугацаанд бодож амралтын мөнгө олгодог. Тэрнээс ажлаас сахилгын зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн хүн бүтнээр буюу 20 хоногоор тооцож авах боломж байхгүй. Үүнийг Монгол Улсын Эрүүл мэнд, нийгэм хамгааллын Сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаал ээлжийн амралт олгох заавар үгээр бодогдож ээлжийн амралт олгогддог. “Шивээ Овоо” ХК-ийн хувьд ээлжийн амралтыг дутуу бодож олгосон зүйл огт байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Алтан-Оргилын “Шивээ Овоо” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, “Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоож, ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүх нь 2018.06.22-ны өдрийн 119 дугаартай шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг бүрэн шинжлээгүй, маргааны үйл баримтанд үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу ойлгож, үндэслэлгүй буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.27-ны өдрийн “Ю.Алтан-Оргилыг ажлаас чөлөөлөх тухай” Б/126 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл буруутгаад зөрчилтэйгөө тохирохгүй алдаатай байсаар байхад тушаалыг зөвтгөж хэвээр үлдээснийг ойлгох боломжгүй байна.

Учир нь: Хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/126 дугаартай тушаал нь үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай Монгол улсын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, Ю.Алтан-Оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11, 7.2.16 дахь заалтуудыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан байх ба үүнээс улбаалан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11, 7.2.16 гэсэн заалтуудыг сонгон авчээ. Үүнээс харахад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн болохыг харуулна.  Гэтэл “Шивээ-Овоо” ХК нь нэхэмжлэгч Ю.Алтан-Оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцална” гэж заасан байх бөгөөд нийт 20 тохиолдлыг дурьджээ.

Гэрээний энэ зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдлуудыг нэг бүрчлэн дурьдсан байгаа болохоос биш хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж тухайлан заагаагүй байна. Хуулийн энэ заалтаас харвал ноцтой зөрчил болохыг зөвхөн хөдөлмөрийн гэрээнд эдгээр тохиолдлыг ноцтой зөрчил гэж үзнэ хэмээн тодорхой дурьдахыг шаардаж байгааг анхаарах ёстой. Гэтэл шүүх ноцтой зөрчлийн ойлголттой ямар ч хамааралгүй “...талуудын чөлөөт байдлыг тохиролцсон, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон...хуульд нийцсэн гэрээ байна гэж үзэв” гэсэн хайнга дүгнэлт хийснийг ойлгох боломжгүй байна. Шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүхийн шүүгч нь “Ю.Алтан-Оргилыг ажлаас чөлөөлөх тухай” Б/126 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт шүүгчийн сонгон авсан “...уулын нэгдсэн хэсгийн ажиллах журмын 5.5, 5.6-д заасныг зөрчсөн, мөн ажлын байрны тодорхойлолтын 10.5, 10.6” гэсэн эрх зүйн үндэслэлүүд байхгүй байсаар байхад өөрийн санаачлагаараа хариуцагчийн сонгон аваагүй “...уулын нэгдсэн хэсгийн ажиллах журмын 5.5, 5.6-д заасныг зөрчсөн, мөн ажлын байрны тодорхойлолтын 10.5, 10.6- д заасан үүргээ тус тус биелүүлээгүй байна” гэж хэт нэг талд субьектив байдлаар дүгнэсэн нь хууль болоод шудрага ёсонд нийцэхгүй юм. Шүүх бол хариуцагч биш. Шууд утгаараа бусдын хөдөлмөрлөх эрхийг зөрчин ажлын байрнаас нь салгаж байгаа ямарваа шийдвэр өөрөө хууль, гэрээ болон бусад эрх зүйн актад нийцсэн байх ёстой.

Монгол улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн “хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 29-д “Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй”, “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана” гэж тус тус тайлбарласан байна. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн заалтаас ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлд хамаатуулж байгаа гэж үзвэл хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.27-ны өдрийн “Ю.Алтан-Оргилыг ажлаас чөлөөлөх тухай” Б/126 дугаартай тушаалд үндэслэлээ тодорхой дурьдах ёстой бөгөөд яг ямар зөрчлийг тухайлан үндэслэснийг тодорхой дурьдах ёстой.    

Монгол улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн “хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 15.4.2-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүнийг эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна” гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байна.

Мөн тушаалын үндэслэх хэсэгт Ю.Алтан-Оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11, 7.2.16 гэсэн заалтуудыг сонгон авсан. Хөдөлмөрийн гэрээний 7.2.11-д “Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсныг ажил олгогч ноцтой гэж үзсэн”, 7.2.16-д “ажилтан өөрийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл аюулгүй ажиллагаа болон техник ашиглалтын заавар, горим зөрчиж аваарь осол саатал гарган байгууллагад хохирол учруулсан” гэж заасан байна. Дээр дурьдсан 2 заалтын аль алинд компанид хохирол учруулсан байхыг шаардаж байна. Маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж байгаа хэдий ч иргэний хөдөлмөрлөх эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдож үүссэн хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаан учраас хохирлыг иргэний хуулиар биш Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлээр тодорхойлох ёстой. Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 136 дугаар зүйлд байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох аргыг дараах байдлаар зохицуулсан байна.

136.1-д Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно.

136.2-д Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно.

136.3-д Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтанд дээрх аргачлалаар бодож илэрхийлсэн нэг ч баримт байхгүй бөгөөд алдагдал боломжийн тооцоолол гэх ирээдүйд олох байсан ашгийн тухай нягтлан бодох бүртгэлийн аргачлалаар бодоогүй баримт байгууллагад учирсан бодит хохирлыг тодорхойлсон, хууль ёсны баримт болж чадахгүй юм.

Шууд утгаараа Ю.Алтан-Оргил нь “Шивээ-Овоо” ХК-д ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа ямар нэг хохирол учруулаагүй учир зөрчил гэж үзэх боломжгүй юм. Мөн байгууллага өөртөө хохирол учруулж болзошгүй гэж үзвэл ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Иймээс тухайн хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн гэх бүрдэл хангагдахгүй байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн “хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 15-д “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино” гэсэн учир энэ тохиолдолд 40.1.4-д заасан үндэслэл хангагдахгүй байгаа юм.  Мөн тогтоолын 15.4-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай болохыг тодорхой тайлбарласан. Харин Ю.Алтан-Оргилын авсан сахилгын шийтгэлийн зөрчлүүд нь тус ажил олгогчийн сонгон авсан хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16 заалтуудад холбогдуулан тогтоогдоогүй юм. Тодруулбал ажил олгогчийн зөрчил гэж үзсэн үйл явдлыг зөрчил мөн эсэхийг шалган тогтоох ажиллагаа огт явуулаагүй, байгууллагыг хохироосон гэж үзсэн хэрнээ хохирлын хэмжээг тогтоогоогүй, машинч Б.Бар, туслах машинч Б.Базарзагд нарын гаргасан алдааг бүхэлд нь Ю.Алтан-Оргилд хамаатуулсан, хэд хэдэн этгээдийг буруутгасан хэрнээ тус бүрд нь хохирлыг ялгагдах хэмжээг тодорхойлоогүй байхад үндэслэлтэй гэж үзсэн, Ю.Алтан-Оргилыг зөрчил гаргасан гэж үзсэн шүүхийн шийдвэрийг ойлгох боломжгүй юм. Мөн эдгээр асуудал дээр анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.

“Шивээ-Овоо” нүүрсний уурхайн уулын хэсэгт 2018.02.06-ны 2-р ээлжинд ажилд гарч байх үед экскаваторын сумны татуурга хугарч зогссон талаар машинч Б.Бар, туслах машинч Б.Базарзагд нар надад мэдээлсэн ба мөн ээлжийн дарга, хэсгийн дарга нар утсаар мэдээлсэн талаар бичсэн энэ үйл явдалд нэхэмжлэгч буруугүй бөгөөд энэ талаар хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа нэхэмжлэгчтэй маргахгүй гэдгээ илэрхийлж, нэхэмжлэгчийг буруутгахгүй болохыг илэрхийлсэн. Шүүх хуралдаанд энэ талаар талууд үргэлжүүлэн мараагүй.   

2018.03.02-ны 2-р ээлжинд ажилд гарч байхад экскаваторын подъёмны хөдөлгүүр гэмтэлтэй байсныг завсарлаж, 23 цагт бэлэн болгосон ба машинч Б.Бар, туслах машинч Б.Базарзагд нар цаашид үргэлжлүүлэн тухайн экскаватороор ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ хөдөлгүүр муудсан гэх мэдээллийг өгсөний дагуу 21:30 цагт мэдэгдэж ээлжийн даргын хамт очиж үзэхэд халалт ихтэй, угаар үнэртэж байсан ба машинч Бар нь одоо асууж болохгүй буудна гэх шалтгаанаар шууд зогсоож, гидроэксаваторыг /өөр/ ажиллуулж, нүүрс гаргалтыг хэвийн явуулсан болохыг бичсэн. Мөн гэрч Амгалан, Батмөрөн нарын мэдүүлгээр нотлогддог. Хариуцагч тал нүүрс гаргалтын үйл ажиллагаа хэвийн явагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн. Маргаагүй. Харин шүүхийн шийдвэрт “шууд зогсоосон ч хэвийн ажиллаж байсан” юм шиг алдаатай найруулсан байна.

Хэргийн баримтаас харахад харин ч нэхэмжлэгч Ю.Алтан-Оргил ээлжийн мастерын хувьд шуурхай удирдлагаар хангаж, цахилгаан экскаваторын оронд гидроэксковаторыг ажиллуулж, уурхайн нүүрс олборлолтын үйл ажиллагааг алдагдуулаагүйгээс гадна цахилган экскаваторыг хүнд гэмтэхээс урьдчилан сэргийлсэн болохыг харж болох юм.

Хэрэв цахилгаан экскаваторыг үргэлжлүүлэн ажиллуулсан бол мотор нь гэмтэж 25 саяаас 45 сая төгрөгийн өртөг бүхий сэлбэг авч, хохирол үүсэх магадлал харагдаж байгаа юм. Энэ талаар гэрч Амгалан, Батмөрөн нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл тухайн нөхцөл байдал шуурхай удирдлагаар хангаж ажиллаж  учрах байсан эрсдлээс сэргийлж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж, бодит хохирол учруулаагүй байхад хохирол учруулсан мэтээр дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Ю.Алтан-Оргил бол тус байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байсан байгууллагын туршлагатай ажилтан, шилдэг мастер юм. Энэ талаарх үнэмлэх, өргөмжлөл зэргээс харж болно. Тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулалтаас харахад ажлаас халах хүртэл шийтгэх ёсгүй байсан гэж үзэж байна. Сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой.

Ю.Алтан-Оргил бол байгууллагын тэргүүний ажилтан байхаас гадна тухайн нутаг орондоо олны итгэлийг дааж, хүндлэгдсэн хүн юм. Иймдээ ч 2016 оны орон нутгийн сонгуулиар Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллана гэдэг бол тухайн орон нутгийнхаа иргэдийн ая тухтай оршин амьдрах, олон талын нөхцлийг бүрдүүлэх, хэтийн хөгжлийн болоод өнөөгийн тулгамдсан асуудлыг анхаарч олон чухал асуудлыг шийдвэрлэдэг нэр төртэй ажил хэрнээ тогтсон ажлын байргүй, олгодог цалингүй бөгөөд зөвхөн нэр төртэй байхаас гадна бусдын ятгалаг, дургүйцэл, элдэв шахалт, дарамтанд өртөх эрсдэл бүхий бэрхшээлтэй нийгмийн баталгаа үгүй ажил юм.

Дээрх нөхцөл байдлыг төрөөс буюу хууль тогтоогчоос зарим төрлийн баталгаа болгож Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг тогтоосон байдаг. Үүн дотроо 14.4-т “Засаг дарга эрх бүхий бусад албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байна” гэж заасан байдаг. Энэхүү заалт бол одоо мөрдөгдөж байгаа Монгол улсын хууль тогтоомжийн дагуу аливаа сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчаас бусад сонгуулийн эрх бүхий Монгол улсын иргэн хэн боловч сонгогдон төлөөлөгч болсоны хойно улс төрийн үзэл бодол болоод бусад шалтгаанаар эрхлэж байсан ажил албан тушаалаас хууль бусаар хагацахгүй байх эдийн засаг, нийгмийн болоод хууль зүйн баталгаа юм.

Энэ тохиолдолд эрх бүхий этгээд гэдэгт Шивээ-Овоо ХК-ын томилох эрх бүхий этгээд. Хурлын төлөөлөгч нь Ю.Алтан-Оргил байна. Нэгэнт Ю.Алтан-Оргил хурлын төлөөлөгч учир энэ заалтыг хэрэглэх нь зайлшгүй бөгөөд түүний үүрэгт ажлаас ямарваа байдлаар өөрчлөх тохиолдолд Шивээговь сумын Хурлын тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцөх ажиллагааг хийж, шийдвэр гартал шаардлагатай хуулиар заасан процессыг хангаж, ажиллах ёстой байсан. Гэтэл энэхүү процесс ажиллагааг хангаагүй болохыг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан бичгээр нотлогддог. Гэтэл шүүх  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан энэ баталгааг иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэхгүй. Захиргааны эрх зүйн харилцаанд хэрэглэнэ гэсэн утгаар тайлбарлан дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хуулиар олгосон эрхийг эцсийн шатанд шүүх л хамгаалдаг. Тэр дундаа хуулиар баталгааг шүүх л хангах учиртай. Өгүүлбэрийн эхнээс төгсгөл хүртэл машид ойлгомжтойгоор энэ өгүүлбэрийг энэ харилцаанд хамаарахгүй гэж үзсэн үндэслэлээ ч шүүх тайлбарлан дүгнэсэнгүй.

Иймээс Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.22-ны өдрийн 119 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.      

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ю нь Говьсүмбэр аймгийн  ХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 тоот тушаалыг зөвшөөрөхгүй тул ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин /олговор/ гаргуулах хүсэлтийг анх шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон нэмэгдүүлж “Шивээ-Овоо” ХК-н Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг олгуулах гэсэн шаардлагыг  гаргажээ. /хх-1, 157,159/

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ээлжийн мастер ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл гэмтэл саатлыг цаг алдалгүй арилгуулах үүргээ зөрчсөн, ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх,тоног төхөөрөмж, хүн хүчийг зөв зохион байгуулж, байнгын удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүйгээс ажлын хариуцлага алдаж удаа дараа зөрчил гарган компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан тул Ю.Алтан-Оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбар гарган маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ю анх шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугцааны олговор гаргуулах шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэмэгдүүлсэн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

Гэхдээ  шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэмэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэргээс  үзэхэд  нэхэмжлэгч Ю нь 2008 оноос 2018 оны 03 сарын 27-ныг хүртэл  Говьсүмбэр аймгийн “Шивээ-Овоо” ХК-д өрмийн туслах машинч, өрмийн машинч, Уулын нэгдсэн хэсэгт ээлжийн мастераар тус тус ажиллаж байжээ. /хх-1,4/

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 тоот тушаалаар Компанийн тухай хуулийн  83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, хөдөлмөрийн гэрээний 7.2.11,7.2.16, захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн  нэхэмжлэгч Ю байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /хх-3/

Ажил олгогч буюу хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 тоот “ажлаас чөлөөлөх тухай” шийдвэр /тушаал/-тээ Ю.Алтан-Оргил нь ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдаж удаа дараа зөрчил гаргасан, компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан гэжээ.

 Ажил олгогч буюу “Шивээ Овоо” ХК-н захирлын  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 тоот шийдвэр/тушаал/-тээ хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

Ажил олгогч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан  тайлбарт:

 -нэхэмжлэгч Ю.Алтан-Оргил нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ээлжинд ажилд гарч байх үед нь эксковаторын сумны татуурга хугарч ажил зогссон, уг татуурга хугарсанд машинст буруутай ч, ээлжийн мастерын хувьд Ю.Алтан-Оргил нь үүнд хяналт тавьж ажиллах ёстой байсан,

-2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөн ээлжинд гарахдаа а/тухайн ээлжинд гарах машинчийн оронд өөр машинч график зөрчүүлж гаргасан, б/эксковаторын подъёомны хөдөлгүүр гэмтсэн, мөн машинч нар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийх үедээ явахын хөдөлгүүр буудуулсны улмаас уг эксковатор нь 24 цаг зогссон,

- 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шөнө эксковаторын ерөнхий хөдөлгүүр гэмтсэн гэж ажиллуулахгүй зогсоож, 4 цаг сул зогсоосон зэрэг зөрчлүүдэд ээлжийн мастерын хувьд ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл гэмтэл саатлыг цаг алдалгүй арилгуулах ажлыг хариуцан зохион байгуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүй зөрчсөн,  мөн ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх,тоног төхөөрөмж хүн хүчийг зөв зохион байгуулж, байнгын удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүйгээс дээрх зөрчлүүдийг гаргасны улмаас компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсан гэснээс үзэхэд: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр  хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохоос гадна зөрчлүүдийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн зааж, тухайн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай юм.

Гэвч хэрэгт авагдсан  “Шивээ-Овоо” ХК-н хөдөлмөрийн дотоод журам /хх-136/-н 10.3-т дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гээд 10.3.1-10.3.13 хүртэл дугаарлан зөрчлүүдийг нэрлэн жагсаасан байх боловч  эдгээрт 2018.02.06, 2018.03.02, 2018.03.06-ны өдрүүдэд гаргасан  зөрчлүүд хамааралгүй  байна. 

Түүнчлэн  нэхэмжлэгч Ю.Алтан-Оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ/хх-32/-ний 7.2.11-д “ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсныг ажил олгогч ноцтой гэж үзсэн”,

хөдөлмөрийн гэрээний 7.2.16-д “ажилтан өөрийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл, аюулгүй ажиллагаа болон техник ашиглатын заавар, горим зөрчиж аваарь, осол, саатал гарган байгууллагад хохирол учруулсан” зэрэг тохиолдолд  ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар  тус тус заажээ.

Мөн хэргийн 113 дугаар талд техникийн комиссын акт /2018.03.15/ авагдсан байх бөгөөд уг актаар 2018.03.02, 2018.03.06-ны өдрүүдэд эксковаторын сул зогссон тооцоог гаргасан байх боловч ажилтан Ю.Алтан-Оргил гарын үсэг зураагүй байна.  Мөн уг актыг үйлдэхэдээ түүнийг  оролцуулаагүй гэсэн тайлбарыг Ю.Алтан-Оргил нь шүүх хуралдаанд гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “..., ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”  үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.

Гэтэл хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-32/-нээс үзэхэд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тухайлан нэрлэн заасан гэж үзэх боломжгүй, түүнчлэн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг  хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй бөгөөд харин ажлын байрны тодорхойлолт болон журамд заасныг зөрчвөл” ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн  гэрээнд  тусгагдсан   байх учиртайг хуульд тодорхой тусгажээ.

Иймээс нэхэмжлэгч Ю.Алтан-Оргил нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

Харин  нэхэмжлэгч Ю.Алтан-Оргил нь  2018.02.06, 2018.03.02, 2018.03.06-ны өдрүүдэд буюу удаа дараа  зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, тус уурхайн Уулын нэгдсэн хэсгийн ахлах механик Д.Батмөрөн, уулын нэгдсэн хэсгийн дарга Л.Амгалан нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-162,168/, “Шивээ-Овоо” ХК-н захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-93/, Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журам /хх-48/, ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолт /хх-34/, хөдөлмөрийн дотоод журам /хх- 136/ зэргээр тогтоогдож байх тул түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан, энэхүү зөрчлүүд нь тус бүрдээ тогтоогдсон гэж  үзэх үндэслэлтэй байна. 

Тодруулбал, хэргийн 34 дүгээр талд авагдсан ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд: ээлжийн мастерын шууд харъяалах ажлын байр нь ээлжийн ажилтнууд байх бөгөөд тэрээр ээлжийн мастерийн хувьд энэхүү журмын 9.1, 9.2, 10.5, 10.6, 10.7-д заасан чиг үүргүүдийг,

Тухайлбал, ажлын байрны тодорхойлолтын 10.5-д зааснаар “ээлжиндээ уулын машин, тоног төхөөрөмж, хүн хүчийг зөв зохион байгуулж,  тухайн ээлжийн ажилтнуудыг байнгын удирдлагаар хангаж ажиллах,

10.7-д зааснаар уулын ажлын явцад /хөрс хуулалт, нүүрс олборлолт, мөргөцөг засах, өрөмдлөгийн талбайг бэлтгэх/ уулын машин, тоног төхөөрөмжийн технологийн горимыг мөрдүүлэх, зөөвөр нүүдлийн ажлыг биечлэн удирдаж, илэрсэн зөрчлийг тухай бүр засуулж ажиллах үүрэгтэй  байна.

Мөн Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журам /хх-48-55/-д зааснаар ээлжийн мастер нь ээлжийн ажлыг зөв зохион байгуулж байнгын удирдлагаар хангах, ээлжийн хугацаанд гарсан зогсолт, эвдрэл саатлыг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах, зам талбайг засуулах ажлыг хариуцан гүйцэтгэх, ээлжийн төгсгөлд хэсгийн ажлын мэдээ, тайланг гаргаж хэсгийн удирдлагад мэдээлэх зэрэг үндсэн чиг үүргийг тус тус хэрэгжүүлэх байтал  эдгээр үндсэн чиг  үүргээ хангалтгүй биелүүлснээс болж түүний ээлжинд удаа дараа буюу давтан зөрчил гарсан байх бөгөөд энэ тухайгаа өөрөө 2018.03.23-ны өдрийн захирлын зөвлөлийн хурал дээр хүлээж мэдүүлсэн байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 10.6-д “...ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам бусад холбогдох дүрэм журамд заасныг зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг захирлын зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

 Ажилтан буюу нэхэмжлэгч Ю.Алтан-Оргилд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогч буюу “Шивээ-Овоо” ХК-н шийдвэр хууль зөрчөөгүй, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т нийцжээ.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд /тэмдэглэл 2-р хх-16/  фото зураг, ТЭЦ-4, “Шивээ-Овоо” ХК-н хооронд байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтас хасуулая, шалтгаан нь  энэ нь хөдөлмөрийн эрх зүйн гэрээний зүйл өөрөө хөдөлмөр, ажилтны хүч байдаг учраас хасуулах гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх  хүсэлтийг шийдвэрлэх үүднээс шүүх хуралдааныг түр завсарлуулж, дахин үргэлжлүүлэн шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж, шүүгчийн захирамж гаргасныг танилцуулсан байна. /2-р хх-29/.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно. 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар /2-р хх-3/-т ...хөдөлмөрийн гэрээний заалт 7.1.11, 7.1.16, 7.2.11, 7.2.16, 7.1.11 гэх мэтээр бичигдсэн байна. Шүүх хуралдаан видо бичлэгтэй явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч ийнхүү зөрүүтэй байдлаар ярьсан эсэхийг бичлэгээс  нягтлан үзэх боломжтой байхад алдаатай байдлаар нь тэмдэглэлийг хэвлэн гаргасан, мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэ чигээр нь  бичсэн байгааг шүүгч  анхаараагүй  байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018/00119 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                             Х.БАЙГАЛМАА