Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00107

 

 Ю ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018//00119 дүгээр шийдвэр,

            Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2018/00012 дугаар магадлалтай,

             Ю ын нэхэмжлэлтэй,

             “Шивээ овоо” ХК-д холбогдох

         “Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор, амралтын мөнгөний зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шивээ Овоогийн нүүрсний уурхайн Уулын хэсэгт 2008 оны 07 сарын 14-нөөс эхлэн халагдах хүртлээ нийт 10 дахь жилдээ ажиллаж байна. Ажил амьдралын гараагаа эхлүүлсэн уурхайдаа үнэн сэтгэлээсээ ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 03 сарын 27-ны өдөр доорх шалтгаанаар ажлаас халагдсандаа гомдолтой байна. Үүнд: 1. 2018 оны 02 сарын 06-ны өдөр 2 дугаар ээлжинд ажилд гарч байх үед экскаваторын сумны татуурга хугарч зогссон талаар машинч Б.Бар, туслах машинч Б.Базарзагд нар надад мэдээлсэн ба уг гэмтлийг ажил үүргийнхээ дагуу ээлжийн дарга, уулын диспетчер нарт мэдээлж мөн уулын дарга, хэсгийн дарга нарт утсаар мэдээлсэн болно. 2. 2018 оны 03 сарын 02-нд 2 дугаар ээлжинд ажилд гарч байхад экскаваторын подъёмны хөдөлгүүр гэмтэлтэй байсныг засварлаж 23 цагт бэлэн болгосон ба машинч Б.Бар, Б.Базарзагд нар цаашид үргэлжлүүлэн тухайн экскаватораар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ явахын хөдөлгүүр буудсан гэх мэдээллийг өгсний дагуу уулын диспетчерт 23:30 цагт мэдэгдэж ээлжийн даргын хамт очиж үзэхэд халалт ихтэй угаар үнэртэж байсан ба машинч Б.Бар нь одоо асааж болохгүй буудсан гэх шалтгаанаар шууд зогсоосон ч гидроэкскаваторыг ажиллуулж, нүүрс гаргалтыг хэвийн явуулсан. 3. 2018 оны 03 сарын 06-ны шөнийн 01:00 цагт экскаваторын ерөнхий хөдөлгүүр гэмтэлтэй байна гэж машинч Б.Бар, Л.Пүрэвсүрэн нар мэдэгдсэн ба би мөн л ажил үүргийнхээ дагуу уулын диспетчер, ээлжийн дарга нарт мэдэгдэж улмаар цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёрыг авчирч үзүүлэх шаардлагатай гэх шалтгаанаар ээлжийн даргын зөвшөөрлөөр зогсоосон. Дээрх байдлаас үзэхэд уурхайн уулын хэсэгт ажиллаж байгаа техникт гэмтэл байнга гардаг. Хэн нэгний буруутай ажиллагаанаас гарсан гэмтэл огт байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдлыг холбогдох хүмүүст мэдэгдэж байсныг минь л алдаа гэж үзэхгүй юм бол ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд хүрсэн алдааг би гаргаагүй учраас ажлаасаа үндэслэлгүй халагдлаа гэж үзэж байна. “Шивээ-Овоо” ХК-д ажиллах хугацаандаа өөрийгөө нэр хүндтэй ажиллаж байсан гэж бодож байна. 2010 онд шилдэг залуу ажилтан, 2016 онд тэргүүний мастераар тус тус шагнуулж байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Түүний нэмэгдүүлсэн шаардлагад: “Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд намайг эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг олгуулж өгнө үү гэжээ.             

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гаргасан хариу тайлбарт:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Ю ыг “Шивээ Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 сарын 27-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.6, Захирлын зөвлөлийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдаж, удаа дараа зөрчил гарган компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг цуцлуулахаар зохицуулсан болно. Ю той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.11-д Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсныг ажил олгогч ноцтой гэж үзсэн, 7.2.16-д Ажилтан өөрийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл, аюулгүй ажиллагаа болон техник ашиглалтын заавар, горим зөрчиж аваар осол, саатал гарган байгууллагад хохирол учруулсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагчаар цуцлахаар заасан байна. Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтын 10.5-д Ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх, уулын машин тоног төхөөрөмж, хүн хүчийг зөв зохион байгуулж, бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллуулах чиглэл баримталж байнгын удирдлагаар хангаж ажиллана, 10.7-д уулын ажлын явцад уулын машин, тоног төхөөрөмжийн технологийн горим, паспортыг мөрдүүлэх, зөөвөр нүүдлийн ажлыг биечлэн удирдаж, илэрсэн зөрчлийг тухай бүр засуулж ажиллана гэсэн чиг үүргийг зохицуулсан болно. Гэтэл Ю  ажлын байран дээрх тодорхойлолтод заагдсан чиг үүргийг ноцтойгоор зөрчиж компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсан. Ю  2018 оны 02 сарын 07-ны өдрийн 2 дугаар ээлж, 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлж, 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжид ээлжийн мастераар ажилласан. Уг ээлжид ажиллах хугацаанд 2018.02.07-ны өдрийн 2 дугаар ээлжид мөргөцөгт ажиллаж байсан ЭКГ5А№04 экскаватор шанагаараа мөргөцөг цохиж, татуургаа хугалсан зөрчил гарсан. Ээлжийн мастер ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл гэмтэл саатлыг цаг алдалгүй арилгуулах ажлыг хариуцан зохин байгуулах үүргээ зөрчсөн. Ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх тоног төхөөрөмж хүн хүчийг зөв зохион байгуулж, байнгын удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүйгээс дээрх зөрчил үүссэн болно. Ээлжийн мастераар ажиллаж байж мөргөцөгт ажиллаж буй техник, ажилчдыг очиж шалгадаггүй, ямар эрсдэл үүсч болох үүссэн эрсдэлийг арилгах, ажил удирдан зохион байгуулж байнгын удирдлагаар хангаж ажиллах ёстой атал ЭКГ5А№04 экскаватор дээр очиж ажиллаагүй, зөвхөн бусдын хэлснээр ажил явуулсан. Үүнээс үүдэн компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол шууд учирсан. 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжид ЭКГ5А№04 экскаваторыг мөргөцөг шилжүүлэх зөөх ажиллагааг ээлжийн мастер шууд удирдан, техник зохион байгуулалтын ажлыг хийх ёстой байтал, уг үүргээ зөрчин экскаваторыг машинч, туслах нарт даатгаж шилжүүлэх ажиллагааг явуулсан. Ээлжийн мастерын үүрэг нь экскаваторын ажлын талбайг бүрэн бэлдсэн мөргөцөгт шилжүүлэн зөөх ёстой. Ажлын талбай бэлдэнэ гэдэг нь экскаватор шилжин явах замыг бульдозероор түрүүлэн суулт үүсгэхгүйгээр хөрсийг нягтруулсан байх ёстой. Экскаваторыг шилжин явах үед машинчид зааварчилгаа өгч, болзошгүй эрсдэлийг тооцоолж, машинч туслахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, эрсдэл үүссэн тохиолдолд цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Эдгээр арга хэмжээг цаг тухайд аваагүйгээс мөргөцөгт шилжин явж байсан экскаватор сул шороонд сууж башмак /гинж/ дугуйнаас мултарч экскаваторын явахын хөдөлгүүрийг халааж шатаах нөхцөл байдал үүссэн. ЭКГ5А№04 экскаватор нь 150 тонн жинтэй, 6000 волт цахилгаанаар ажилладаг, нүүрс гаргалтын ажлыг гүйцэтгэж байсан техник юм. Хэрвээ экскаваторын явахын хөдөлгүүр шатсан тохиолдолд багадаа 25 сая төгрөгийн шууд хохирол үүснэ. Ээлжийн мастерын буруугаас болж үүссэн ЭКГ5А№04 экскаватор нь нүүрс гаргалтын ажлыг хийдэг учир нүүрс гаргалт 24 цагаар тасарч төлөвлөгөөнд сөргөөр нөлөө үзүүлж сул зогсолтын болон засварын ажлын зардлын хохирол үүссэн.

2018 оны 03 сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжид ЭКГ5А№04 экскаваторын ерөнхий хөдөлгүүрт өглөөний 03 цагт гэмтэл гарсан тул ажиллуулахгүй зогсоосон гэсэн боловч өглөөний ээлж ирж экскаваторыг асаахад ямар нэг доголдолгүй хэвийн асч ажилласан байна. Ээлжийн мастер ээлжийн хугацаанд гарсан тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл саатлыг газар дээр нь өөрийн биеэр очиж, үзлэг хийж, цаг алдалгүй засварлуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй атал гэмтэл гарсан гэх шалтгаанаар ЭКГ5А№04 экскаваторыг сул зогсоож компанид хохирол учруулсан зөрчлийг гаргасан. Ээлжийн мастер экскаваторын хөдөлгүүрт гэмтэл гарсан гэдгийг утсаар мэдээлэл авсан даруй өөрийн биеэр очиж үзэх үүргээ биелүүлээгүй, зөвхөн хөдөлгүүрт гэмтэл гарсан гэсэн мэдээллээр техникийг зогсоосон. Гэмтэл үүссэн нөхцөлийг өөрийн биеэр тодруулж, үзлэг хийх, цаг алдалгүй засварлуулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлд цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёрыг авчирч экскаваторын ерөнхий хөдөлгүүрийг үзүүлсэн хэмээн дурдсан байна. Ээлжийн мастер нь цахилгааны монтёр дуудаж экскаваторын ерөнхий хөдөлгүүрийн гэмтлийг үзүүлэх ёсгүй. Учир нь монтёр бол цахилгааны шугам хариуцан ажилладаг ажилтан, дуудах ёстой ажилтан нь цахилгааны наладчик буюу цахилгаан тохируулгын инженерийг дуудаж үзүүлж дэс дараатай арга хэмжээ авч экскаваторыг ажилд оруулах арга хэмжээг авах ёстой байсан. Өөрийн үүргээ биелүүлэхгүй бусдын амаар экскаваторыг сул зогсоосноор нүүрсний гаргалтын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлсөн. “Шивээ Овоо” ХК нь хүрэн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж ТЭЦ-4 цахилгаан станцын нийт нүүрсний хэрэглээний 50 хувийг дангаараа хангадаг. Хүйтний улиралд Үндэсний аюулгүй байдлыг хариуцаж нүүрс гаргалт, борлуулалтыг тасалдуулахгүй, нийлүүлэх онцгой үүргийг төрийн өмнө хариуцан хүлээдэг байгууллага юм. 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад уурхайн нээсэн нүүрс дутмагаас ганц цэгээс нүүрс олборлож байсан. Энэ гол цэгт нүүрс олборлох ажлыг ЭКГ5А№04 экскаватор гүйцэтгэж байсан. ЭКГ5А№04 экскаватор ямар нэг шалтгаанаар зогсох нь нүүрс гаргалтын төлөвлөгөөт ажлыг тасалдуулах, улмаар байгууллагын орлого буурах, ТЭЦ-4 станц болон бусад хэрэглэгчийн үйл ажиллагааг доголдуулах байдлыг үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байсан. Уурхайд 5 ээлжийн мастер 12 цагаар ээлжлэн ажилладаг. Гэтэл зөвхөн Ю  ээлжийн мастерын ээлжид удаа дараалан ЭКГ5А№04 экскаватор байж боломжгүй сул зогсолт, эвдрэлүүд гарч, компанид хохирол учруулсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ю  нь надад ямар нэгэн буруу байхгүй, үүрэг хүлээхгүй мэтээр тайлбар гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 03 сарын 23-ны өдөр болсон Захирлын зөвлөлийн хуралд Ю  нь өөрийн биеэр оролцсон бөгөөд уг хуралд өөрийн гаргасан зөрчлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 03 сарын 23-ны өдрийн “Шивээ Овоо” ХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар 2018 оны 02 сарын 07, 2018 оны 03 сарын 02, 2018 оны 03 сарын 06-ны өдрүүдэд ЭКГ5А№04 экскаваторт учирсан гэмтэл, зөрчил түүний шалтгааныг хэлэлцсэн бөгөөд ээлжийн мастер Ю , экскаваторын машинч А.Бар нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас Ю ын гаргасан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлтэй бүрэн тохирсон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг ажилтан гаргасан үндэслэл нь тогтоогдсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн гурван хэлбэрийг зааж өгсөн хэдий ч ажилтны гаргасан зөрчлөөс шалтгаалж аль нэгийг сонгон хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Ю ын гаргасан зөрчил нь туйлын ноцтой бөгөөд Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн тул ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Иймд дээрх байдлыг үндэслэн Ю ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ю ыг халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх мөн амралтын мөнгө байгууллага гаргаж өгөх ёстой. Тийм учраас 14 хоногоор бодсон байдлыг буруу гэж үзэж хуулиар 21 хоногоор тооцож бодох ёстой. Ю  шүүхэд ийм шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Үүнийг хууль зүйн талаас нь тайлбарлавал.

Нэгдүгээрт, Ю ыг ажлаас халсан үйл баримтын хувьд тогтоогдохгүй байна. Ажлаас халж байгаа байгууллага аливаа тушаал шийдвэрээ шүүхийн өмнө хамгаалах үүрэгтэй. Шүүхэд тайлбар гаргаж хариуцагч гаргасан тайлбараа нотлох үүрэгтэй. Хариуцагчаас гаргасан дүрэм, журам, заавар нь хоорондоо зөрчилтэй, эрх хэмжээтэй нь эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, эрх хэмжээгүй этгээд эрх хэмжээгээ хэтрүүлсэн ийм баримт байна. Үүнд: 2018 оны 03 сарын 23-ны өдрийн “Шивээ Овоо” ХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар Ю  болон бусад этгээдэд сахилгын шийтгэл ногдуулах асуудал хэлэлцсэн. Ингэж хэлэлцэхдээ 02 сарын 06-ны өдөр, 03 сарын 02-ны өдөр, 03 сарын 06-ны өдрүүдийн зөрчил гэх тохиолдол яригддаг, гэхдээ хариуцагч талын гаргаж өгсөн хэсгийн дарга Амгалан гэх хүний гаргаж өгсөн тодорхойлолтыг уншсан гэж хэлдэг. Энэ тодорхойлолт дээр 02 сарын 06-ны өдрийн зөрчил яригдаагүй, бичигдээгүй. 03 сарын 02, 06-ны өдрийг тодорхойлж олох байсан орлого үүнийг алдагдсан гэж нэрлэсэн. Мөн нотлох баримтад олох байсан болон алдагдлын тооцоо гаргасан. Тушаал дээр хөдөлмөрийн гэрээний 7.1.11, 7.1.16, дотоод журмын 10.6 гэх заалтыг үндэслэсэн. Эдгээр заалтууд нь хохирол учруулсан гэх заалтууд байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7.1.11 дээр ажилтны буруу ноцтой зөрчил гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой гэж үзэх тохиолдлоор заасан болохоос ноцтой гэж үзэх үзэмжээр заагаагүй. Тухайн ажил олгогч ноцтой гэж үзнэ гэсэн нэг ийм заалтаар боломж олгосон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд мөн үүнийг захирлын зөвлөлийн хурлаар ноцтой гэж олонхоороо гар өргөх юм бол ингэж үзэх гээд байгаа байдал. Энэ агуулгаас ноцтой гэж үзэх нь урьдчилж ийм тохиолдол гэж заах ёстой байтал хэрвээ ийм тохиолдолд тэд ингэж үзвэл гэсэн ийм заалт байж болохгүй. Тэгэхээр 7.2.11 өөрөө ойлгомжгүй заалт. 7.2.11, 7.2.16 дугаар заалтад хохирол гэсэн заалт байна. 03 сарын 02, 03 сарын 06 өдрүүдийн тодорхойлолтоор техникийн комиссын акт гэсэн зүйл гаргасан. Энэ актын үндэслэл дээр 2018 оны 03 сарын 02, 06-ны өдрүүд машинчийн буруутай үйлдлээс болж гэж заасан мөртлөө Ю д хамаатай болсон. Хурлаар гурван этгээд оролцсон энэ өдрийн асуудалд туслах машинч, машинч, Ю  хамаарагдаж байгаа. Гэмтэлд машинч буруутай гэж бичсэн мөртлөө шалтгаан нь Ю  гэж бичсэн. Тэгэхээр энэ акт тодорхойлолтоо зөв болгох гээд сүүлд нөхөж бичсэн юм шиг санагдаж байна. Хоёр этгээдийг хоорондоо буруутай гэж тайлбарлан бичсэн. Өнөөдөр Ю  буруутай юу гэдэг асуудал яригдана. 7.1.11 дээр ажилтны буруу гэж байна. 131.3-т мөн ажилтны буруутай үйлдэл яригдана. Эдгээр өдрүүдийн гэмтэлд Ю ын буруу ямар хамааралтай байсан бэ? үүнийг нягталж үзэхэд Ю  харин ч буруугүй, тухайн хөдөлгүүр шатах юм бол 25-30 сая төгрөгийн шууд хохирол үүсдэг гэсэн Батмөрөнгийн мэдүүлгээр авч үзэх юм бол ийм эвдрэлээс урьдчилан сэргийлсэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй. Мөн оронд нь гидроэксковатор ажиллуулж, үйлдвэрийн ажиллагаа зогсоогоогүй. Нүүрс олборлох үйл ажиллагаа хэвийн явагдах нь үйлдвэрийн үндсэн зорилго болохоос хариуцагч талын гаргасан олон тооцоололд авч үзэх юм бол хамааралгүй, харин ч чухал ажлаа орхигдуулаагүй. Амгалан болон Батмөрөн нар мэдүүлэгтээ олборлолт зогсоогүй гэсэн мэдүүлэг өгсөн. Ингээд үйлдвэрлэл зогсоогүй.

Хоёрдугаарт, экскаватор шатаагүй. Харин шатсан байх юм бол нэг өдрөөр биш олон өдрөөр зогсох болно. Хэрвээ эвдэрсэн бол худалдан авах асуудал яригдана, цаашид суурилуулах засварын асуудал мөн яригдах байсан. Шатсан бол нэг өдөр биш олон өдрийн олборлолт яригдах байсан. Засвар хийсэнтэй холбоотой техникийн комиссын актад ойлгомжгүй зүйл байна. Засвар хийхэд нийт 800,000 гаруй төгрөгийн зардал гардаг. Тэгсэн мөртөө масло юм уу эрэг, боолт сольсон гэх ямар ч үг байхгүй засварын ийм ажлын зардал ийм ажилтны цалин гэж байна. Техникийн комиссын актад дээрх эвдрэлийг арилгахад гаргасан ажлын хөлсний зардал бичсэн. Энэ бичсэн зардал нь өөр байгууллагаас засварчин авчирч, өөр тарифаар бодсон ажиллуулсан юм шиг ойлгомжгүй тооцоо бичсэн байна. Нэмэлтээр хөлс тохирсон юм шиг, гэтэл эдгээр хүмүүс нь энэ байгууллагын ажилтан эвдрэл гарвал угаасаа засвар хийнэ. Эдгээр хүмүүс нь эвдрэл гарах юм бол засвар хийх зорилготой ажиллаж байгаа хүмүүс. Эвдрэл тухайн техникээс хамаарч гарч байгаа эдгээр гэмтлийг тооцож засварлах зорилгоор засварчин ажиллаж байгаа. Ирээдүйд олох ёстой байсан орлогыг бодож тооцох нь хийсвэр зүйл. Олох байсан орлогыг хохирол гэж тооцдоггүй. Тэгэхээр хариуцагч талын хохирол гэж үзэж байгаа зүйл хийсвэр. Энэ хийсвэр зүйл нь хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16, 40.1.4 дээр хохирол гэсэн ойлголт болохгүй. Тушаал сонин гарсан, давтан үйлдсэн, ноцтой зөрчил гаргасан гэж хоёр өгүүлбэр байгаа. Ноцтой гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан, үүнийг маргааны дунд ярьж болно. Товчхондоо хэлэхэд ноцтой гэдэг нь заавар, журам дээр эсвэл аюулгүй ажиллагааны журам дээрээс сонгон авч, энэ нь өөрөө ноцтой хохирол учраас гэж тайлбарласан байгаа. Харин давтан гэдэг нь тухайн зөрчил удаа дараа гаргасныг дотроо мөн тус тусдаа сахилгын шийтгэл ногдуулаагүй байж болох ч тус тусдаа тогтоогдсон байна гэж заасан. Гэтэл 23-ны өдөр орж шийдсэн нь давтан зөрчил юм уу гэдгийг тогтооход хэцүү. Ингэхээр үндсэн хоёр шалгуураа ойлгох хэрэгтэй, хохирол учирсан юм уу, үгүй юм уу, үүнийг хэрхэн тогтоосон юм. Тогтоох нь хамгийн хэрэгтэй зүйл, үүнийг тогтоох үйл ажиллагааг ажил олгогч тогтоох үүрэгтэй. Акт үйлдэх эрхтэй нь механик гэж заасан. Акт гэдэг албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар дээр тухайн үйл баримтыг тодорхойлон гаргаж байгаа үйл баримтыг хэлж байгаа. Акт нь тухайн зөрчил гаргасан этгээдэд танилцуулагдсан байх ёстой, танилцуулж, зөвшөөрч байгаа, үгүй юм уу гэх эрхээр хангах ёстой, ийм үйл баримт бол байхгүй. Тэгэхээр зөрчил гэж үзэж байгаа гурван үйлдлийг хариуцагч тал хоёр үйлдэл гэж үзэж байгаа хурал дээр гурван үйлдэл яригдаж байгаа хэдий ч оруулсан санал нь хоёр юм. Энэ зөрчил нь нэг баримтад байна. Гэхдээ тогтоох ажиллагааг бүрэн хангаагүй. Тогтоох ажиллагаа нь ямар юм бэ гэхээр тухайн байгууллага энгийн нэг байгууллага биш, том байгууллага Монгол Улсад данстай уурхай, энэ байгууллага хөдөлмөрийн стандартыг өөрөө баталж, бүрдүүлж ажиллах ёстой байгууллага. Ийм байгууллагад ажиллаж байгаа этгээдүүд хөдөлмөр эрхэлж, цалин авахаас гадна, хэрвээ ийм эрсдэл үүсэх юм бол тогтоох ажиллагаа ажил олгогчийн үүрэг хэвээрээ байх ёстой. Ажилтан өөрөө зөрчил гаргаж ажлаас халагдсаны дараа өөрөө зөрчлөө нотлох гээд шүүхээр явна гэж байхгүй, энд ажил олгогч зөрчлийг нотолж тайлбарынхаа үндэслэлийг гаргах ёстой. Ингээд зөрчил тогтоогдоогүй учир зөрчил хуулийн дагуу тогтоогдох ёстой. Ажиллагаа хийсний үндсэн дээр халах, магадгүй 40.1.2-т зааснаар халах юм бол тухайн ажиллагаа хангагдаагүй бол хууль бус үүний нэгэн адил тухайн шийдвэр мөрдөгдөх ажиллагаа хийгдсэний дараа процесс ажиллагаа өөрөө хангагдана. Ингэхээр “Шивээ Овоо” ХК-ийн Б/126 дугаар тушаал хуульд нийцээгүй байна. Энэ тушаал үндэслэлгүй учраас хохирсон этгээдийн эрх сэргэх ёстой. 

Нэгдүгээрт, өөрт хийгдэх байсан ажиллагаа хийгдээгүй, хоёрдугаарт, процесс ажиллагаа хийгдээгүй, ийм хоёр үндэслэлээр Ю ыг ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Дээрээс нь нэмэгдүүлсэн шаардлагын хувьд амралтын цагийг тооцдог журам байдаг, энэ журмын 79.6-д ажилтанд үндсэн амралт болон доор дурдсан амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно гэж заасан. 6-10 жил ажилласан бол ажлын 5 ба түүнээс дээш өдөр үндсэн амралт өөрөө 15 хоног байдаг. Ямар ч албан тушаалтанд 15 хоног байхад Ю д 14 хоног бодсон, тушаал дээр 14 хоног гэж бодсон үүнийг ямар ч албан тушаалтанд хуульд 15 хоног гэж заасан байхад үүнд ажилласан жил хамаарахгүй. Ажилласан жил болон ажлын нөхцөлөөс хамаарч хэвийн нөхцөлд ажилладаг бол 1-5 хоног, хэвийн бус ажлын нөхцөлд ажилладаг бол 6-10 хоног байдаг. Ингэхээр 14 хоног өөрөө алдаатай, хэрвээ хэвийн гэж үзэх юм бол 3 хоног, хэвийн бус гэж үзэх юм бол 5 хоног нэмэх байсан. Уурхайн мастерын албан тушаалыг хуульчилсан акт гаргадаг эрх бүхий албан тушаалтны гаргасан хавсралтад байгаа. Үүнийг шүүх өөрөө судлаад үзэх боломжтой. Хэрвээ хариуцагч тал ажлаас сахилгын шийтгэлээр халагдсан тохиолдолд 14 хоног, өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа бол 16 хоног гэх мэт, ийм стандарт тогтоосон зүйл хуульд байхгүй, ийм үндэслэлгүй байхад хуульч хүн ойлгомжгүй тайлбар хийхгүй байх. Ю ын хувьд 14 хоног байх боломжгүй. Ийм учраас амралтын мөнгийг хуульд нийцүүлэн тооцож олгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ээлжийн мастер Ю ын гаргасан зөрчил нь дараах хоёр зөрчлөөр харагдаж байна. ЭКГ5А№04 машинч Бар, туслах машинч Базарзагд гэсэн хүмүүстэй холбоотой. Захирлын зөвлөлийн хурлаар Ю , Бар, Базарзагд нарын гаргасан зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Үүнийг мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн тодорхой дурдаж байна. Үүнд: 2018 оны 02 сарын 06-ны өдөр гаргасан ЭКГ5А№04 экскаваторын татуурга хугарсан асуудал, 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжид гарсан нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ явахын хөдөлгүүрийг халаасан сул шороонд суулгаж 24 цаг сул зогсолт үүсгэсэн зөрчил гаргасан. Үүнд: Бар, Ю , Базарзагд нар мөн байсан. 2018 оны 03 сарын 06-ны өдрийн оройны ээлжид ЭКГ5А№04 экскаваторын хөдөлгүүр буудсан шалтгаанаар 4 цаг сул зогсолт хийхэд, маргааш өглөө зүгээр ассан, үүнийг тодорхой ярих юм бол 2018 оны 02 сарын 06-ны өдрийн татуурга хугалсан асуудал байгаа. Энэ асуудал нь Бартай холбоотой асуудал байсан учраас Бар шанагаараа мөргөцөг цохиж татуурга хугалсан. Гэхдээ ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтод тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааны зөрчил доголдол арилгах ажлын байранд анхан шатны удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, 2018 оны 02 сарын 06-ны өдрийн татуурга хугалсан асуудал дээр зөрчил гаргасан. 2018 оны 03 сарын 02-ны өдөр ээлжийн мастер дээр хоёр зөрчил байдаг. Нэгдүгээр зөрчил, Пүрэвсүрэн туслах машинч гарах байсан. Тэр хүнийг өөрчилж Базарзагд гэх хүнээр сольж гаргасан. Удирдлагад хэлэхгүй график зөрчүүлсэн. Энэ нь уулын нэгдсэн хэсгийн ажиллах журмын 5.6-д ямар нэгэн байдлаар график зөрчихгүй гэсэн заалт. Үүнийг Ю  зөрчиж дур мэдэн өөр хүн гаргасан. Хоёрдугаарт, ЭКГ5А№04 экскаватор уурхайд хүрэн нүүрс олборлож байсан гол техник өглөөний ээлжид засварт орж, оройны ээлжид хүрэн нүүрс олборлохоор гарсан байгаа. Энэ ээлжид хүрэн нүүрс олборлохоор гарсан гэдэг нь Бар болон Базарзагдад өгсөн Ю ын наряд мөн уурхайн нэгдсэн хэсгийн шуурхай тэмдэглэлд тодорхой байгаа. ЭКГ5А№04 экскаваторыг мастер биечлэн удирдаж байх ёстой, энэ нь ажлын байрны тодорхойлолтын 17-д заасан байгаа. Гэтэл нүүрс гарга гэсэн үүрэг өгсөн мөртлөө өөрөө алга болсон, зөөвөр нүүдлийг машинч Бар туслах машинч Базарзагд нар хариуцан явуулсан. Нотлох баримтаар шинээр өгсөн журам байгаа тухайн журам ЭКГ5А№04 хэр налуу байх, хэдэн градустай байх, замыг хэрхэн зассан байх талаар тодорхой дурдсан ба хөдөлмөрийн гэрээний 7.2-т ажилдаа хайхрамжгүй хандсан, хариуцлагагүй үйлдэл гаргаж, осол саатал гаргах гол нөхцөл бүрдүүлж өгсөн. Бар, Базарзагд нар зөөврийн ажиллагааг өөрсдөө биечлэн явуулсан мастер ирээгүй. Ингээд сул шороотой хэсэг рүү 1500 тонн жинтэй экскаватор оруулж, дугуйгаа хий шороо ухуулж, дотор хөдөлгүүрээ маш их халааж зогсоосон. Үүний ар дээр Ю  очсон. Тэр экскаватор хөдлөх боломжгүй, нам зогссон байсан. Үүнээс болж тухайн экскаватор сул зогсолт хийсэн хоёр ээлж сул зогссон. Уг нь тухайн экскаватор мөргөцөг рүү орж нүүрс олборлож байх ёстой экскаватор нүүрс олборлолтыг уурхай явуулдаг. “Шивээ Овоо” ХК нь өөрөө Үндэсний аюулгүй байдал хангаж ажилладаг байгууллага, олборлолтоо зогсоох ТЭЦ-4 байгууллагын нүүрс зогсох юм бол манай уурхай маш том асуудалд ордог. Иймээс хөрсөн дээр ажиллаж байсан экскаваторыг нүүрс рүү оруулсан тэр шөнийн ээлжид эвдэрсэн экскаваторыг засварлах боломж байхгүй, засварын баг байхгүй. Хавтаст хэрэгт 2018 оны 03 сарын 03-ны өдрийн наряд дээр байгаа зургаан ажилтныг ажиллуулахын тулд нэмэлт цагаар гаргасан. Гурван машинч, гурван туслах ээлжийн механик дээр нь цахилгааны багийг авчирч мотор шалгасан. Гэрч Батмөрөнгийн мэдүүлэгт “мотор халсан учраас шалгасан, тухайн мотор шатаагүй байсан. Хэрвээ шатсан байсан бол шууд 25,000,000 төгрөгийн хохирол учрах байсан. Экскаваторыг хөдөлгөхийн тулд дахин хүнд механизм хэрэгтэй, 1500 тонн жинтэй зүйлийг хүнд жинтэй зүйлээр өргөх ёстой ингээд экскаватор кран авчирсан. Хэрвээ өөрөө хажууд нь байсан бол тухайн машин сул шороо руу орохгүй хажууд нь байсан бол эвдрэхгүй байсан. “Шивээ Овоо” ХК-д сул зогсолтын тариф батлах тухай 2012 оны 08 сарын 10-ны өдрийн А/66 дугаар тушаал байдаг. Үүнд сул зогсолтыг хэрхэн тооцох талаар тодорхой заасан байдаг. Захирлын зөвлөлийн 2018 оны 03 сарын 23-ны өдөр болсон хурал дээр Ю оос дээрх асуултууд асуугдсан. Та мөргөцөг шилжүүлэх үед та байсан уу? гэхэд байгаагүй энэ үйл ажиллагаанд таны буруутай үйлдэл байна уу? гэхэд миний буруу байна гэсэн. Гэтэл өнөөдөр шүүх дээр нэхэмжлэл гаргахдаа миний буруутай үйлдэл байхгүй, би байгууллагад хохирол учруулаагүй гэсэн зүйл ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуульд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын зүйл байдаг. Гэхдээ “Шивээ Овоо” ХК нь Ю той эд хөрөнгийн бүрэн хариуцлага байгуулсан ажилтан биш, бид нар эд хөрөнгийн хохирол Ю оос шаардаагүй, харин таны ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлээс болж компанид ийм хохирол учирсан хохирлын асуудал ярьсан, бусдаар хохирлын асуудал нэхэмжлээгүй. Байгууллагад учирсан хохирлын асуудал ярьсан. Захирлын зөвлөлийн хурал дээр уулын нэгдсэн хэсгийн даргын үүрэг хэлэлцэгдсэн мөн уулын техникийн комиссын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 49 дүгээр акт хэлэлцэгдсэн. Үндэсний аюулгүй байдал хамгаалах байгууллага 24 цаг сул зогсолт хийж болохгүй энэ зүйл байнга дурдагдсан. Үүнийг үгүйсгэхгүй байх байгууллагаас гаргасан техникийн комиссын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нэгдүгээрт, 2012 оны 08 сарын 10-ны өдрийн А/66 дугаартай тушаалаар нотолно, дараа нь хүн хүч ажилласан ажил тэмдэглэлээр мөн гэрч Батмөрөн, Амгалан нарын мэдүүлэг өнөөдөр нотлох баримтаар өгсөн Ю ын өөрийнх өгсөн нарядуудаар нотолж байна. 2018 оны 03 сарын 06-ны өдрийн бас нэг зөрчил байгаа мөн ялгаагүй дээрх гурван хүн байсан. Шөнийн ээлжид ажилласан экскаваторын хөдөлгүүр буудсан гэх үндэслэлээр шууд зогсоосон бас нүүрс гаргалтыг зогсоосон тэр үед мөн ээлжийн мастер байгаагүй, Бар гэх хүнтэй утсаар ярьж уг нь өөрөө газар дээр биечлэн очиж ажлын байрны тодорхойлолтын 10-т ээлжийн ажлын үед гарсан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зогсолт зэргийг ээлжийн даргад мэдэгдэж арилгуулах ажлыг зохион байгуулна. Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журамд мөн ээлжийн механикийн үүрэг байгаа энэ үүргээ мөн биелүүлээгүй, уг нь тухайн газар очиж шалгаж асааж үзэж үнэхээр зогссон байна уу, эвдэрсэн байна уу гэдгийг мэдэж, хэсгийн даргад хэлж, засах арга хэмжээг тэр дор нь авах байсан. Гэтэл шууд хаяад явж, 4 цаг сул зогсолт хийсэн, тэгтэл маргааш өглөөний ээлж ирж экскаваторыг асаахад шууд ассан, энэ талаар гэрч Батмөрөн, Амгалан нар мэдүүлсэн, зогссон гэдгийг хавтаст хэргээс харах боломжтой. Мөн олох байсан орлогыг танайх нэхэхгүй энэ нь хохирол биш гэж байна. Бид нар өөрийнхөө техникийг 24 цаг сул зогоолгож бараг 30 цаг сул зогоолгосон байхад энэ цагийн бүтээлийг бодож хохирол гаргахгүй юм бол өөр юугаар хохирол тооцох юм бэ. 2018 оны 02 сарын 06-ны өдөр, 2018 оны 03 сарын 02, 06-ны өдрүүдэд Ю  ажлын байрны тодорхойлолт, уулын хэсгийн ажиллах журам, хөдөлмөрийн гэрээ, техник технологийн журам ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа давтан зөрчил гэдгийг тайлбарласан тайлбар байгаа гэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбарын 15.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг сахилгын зөрчил хоёр ба түүнээс дээш гаргасан байхыг хэлнэ. Зөрчил бүр дээр сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй гэсэн байна. Ю ын гаргасан зөрчил нь тус бүрдээ тогтоогдсон, тус бүрдээ эрх зүйн акттай, удаа дараа давтан зөрчил гаргасан үүнийг үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Мөн тайлбарын 14.2-т хуулийн 40.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил орлогыг унагаах зэргээр түүний эрх ашигт нөлөөлөхөөр сөрөг үр дагавар бий болгосон уг ажилтны үйлдэлд эс үйлдэхүй байхыг ойлгоно гэж заасан. Энэ хүний зөрчилд үйлдэл байна уу байна, эс үйлдэхүй байна уу байна, тэгэхээр юуг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Гэрээний талууд ажлын байр, ажлын үүрэг зэргээс ямар зүйлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан зөвшилцөн тогтоож, уг зүйлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Хөдөлмөрийн гэрээний 7.2-т ажилтныг ямар зөрчил гаргах юм бол “Шивээ Овоо” ХК гэрээг цуцлах юм бэ гэвэл, энэ зөрчил нь ажилтны гаргасан зөрчил хамаарч байна уу гэвэл хамаарч байна, хохирол учруулсан уу учруулсан. Иймд “Шивээ Овоо” ХК-ийн гаргасан 2018 оны Б/126 тушаал хуулийн хүчин төгөлдөр. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хүн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т зааснаар энэ заалтад Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан гэж заасан байдаг. Энэ захиргааны хэргийн асуудал, тиймээс хөдөлмөрийн эрх зүйтэй хамааралгүй гэж бодож байна. Гуравдугаарт, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага байгаа, нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг “Шивээ Овоо” ХК зөвшөөрөхгүй байгаа, өөрийнхөө гаргасан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэмэгдэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цалин гаргуулах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бөглөлт хийлгэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаар шаардлагаар цалин орж ирсэн ээлжийн амралтыг буруу бодсон ээлжийн амралтыг 20 хоногоор бодох ёстой гэсэн заалт орж ирсэн. Ажилтан өөрийгөө ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Халагдсан хүн ээлжийн амралтын мөнгө нөхөж авна гэж байна. Энэ нь өөрөө логикоор бодоход ойлгомжгүй асуудал. Ээлжийн амралт гэдэг тухайн ажилтныг ажилд орсноос бодож явдаг жилд хэдэн сар ажиллана, тэр хугацаанд бодож амралтын мөнгө олгодог. Тэрнээс сахилгын зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн хүн бүтнээр буюу 20 хоногоор тооцож авах боломж байхгүй. Үүнийг Монгол Улсын Эрүүл мэнд, нийгэм хамгааллын Сайдын 2000 оны 06 сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаал ээлжийн амралт олгох заавраар бодож олгодог. “Шивээ Овоо” ХК-ийн хувьд ээлжийн амралтыг дутуу бодож олгосон зүйл огт байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018//00119 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю ын “Шивээ Овоо” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, “Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн томилуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2018/00012 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 134/ШШ2018/00119 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 216/МА2018/00012 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны Б/126 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл буруутгаад байгаа зөрчилтэйгээ тохирохгүй алдаатай байхад тушаалыг зөвтгөж хэвээр үлдээснийг ойлгохгүй байна. “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, Ю той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11, 7.2.16 заалтуудыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан байх ба үүнээс улбаалан хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16 гэсэн заалтуудыг сонгон авчээ. Үүнээс харахад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн болохыг харуулна. “Шивээ-Овоо” ХК нь нэхэмжлэгч Ю той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж заасан байх бөгөөд нийт 20 тохиолдлыг дурджээ. Гэтэл шүүх ноцтой зөрчлийн ойлголттой ямарч хамааралгүй талуудын чөлөөт байдлыг тохиролцсон, хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон ... хуульд нийцсэн гэрээ байна” гэсэн хайнга дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байв.

Хоёр. Мөн тушаалын үндэслэх хэсэгт “Ю той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16 гэсэн заалтуудыг сонгон авсан. Хөдөлмөрийн гэрээний 7.2.11-д “Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсныг ажил олгогч ноцтой гэж үзсэн”, 7.2.16-д “ажилтан өөрийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл аюулгүй ажиллагаа болон техник ашиглалтын заавар, горим зөрчиж аваар осол саатал гарган байгууллагад хохирол учруулсан” гэж заасан байна. Дээр дурдсан 2 заалтын аль алинд компанид хохирол учруулсан байхыг шаардаж байна. Говьсүмбэр аймгийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдын хэлсэн үгийг бүрэн тэмдэглэлгүй орхих, утгыг алдагдуулж, өөрчлөн найрлуулах, хэлээгүй үгийг бусдын өмнөөс нэмж найруулах зэрэг үйлдэл түгээмэл гаргах юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аливаа тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болдог байтал түүнийг хянаж, хамгаалах үүрэгтэй шүүхийн байгууллага нь техник хэрэгсэл ашигладаг хэрнээ ийнхүү хайхрамжгүй хандах нь туйлаас зохимжгүй юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан. Хөдөлмөрийн маргаанд хохирлыг Иргэний хуулиар биш Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлээр тодорхойлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох аргыг дараах байдлаар зохицуулсан байна.

Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж жинхэнэ гарсан алдагдлаар тооцно. Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно. Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно. Гэтэл хэрэгт цугларсан баримтад дээрх аргачлалаар бодож илэрхийлсэн нэг ч баримт байхгүй бөгөөд алдагдал боломжийн тооцоолол гэх ирээдүйд олох байсан ашгийн тухай нягтлан бодох бүртгэлийн аргачлалаар бодоогүй баримт байгууллагад учирсан бодит хохирлыг тодорхойлсон, хууль ёсны баримт болж чадахгүй юм. Шууд утгаараа Ю  нь “Шивээ-Овоо” хувьцаат компанид ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа ямар нэг хохирол учруулаагүй учир зөрчил гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан  заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн заалтаас ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг  давтан гаргасан гэх үндэслэлд хамаатуулж байгаа гэж үзвэл хөдөлмөрийн гэрээнд заасан  сахилгын шийтгэлийн үндэслэлийг сонгох ёстой. Мөн тогтоолын 15.4-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай болохыг тодорхой тайлбарласан. Харин Ю ын авсан сахилгын шийтгэлийн зөрчлүүд нь тус ажил олгогчийн сонгон авсан хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16 заалтуудад холбогдуулан тогтоогдоогүй юм. Эндээс харвал зөрчил гаргасан эсэхийг ажил олгогч тогтоох бөгөөд энэхүү тогтоох ажиллагаа нь тус тусдаа баримжуулагдсан байх ёстой. Тодруулбал, Ажил олгогчийн зөрчил гэж үзсэн үйл явдлыг зөрчил мөн эсэхийг шалган тогтоох ажиллагаа огт явуулаагүй. Байгууллагыг хохироосон гэж үзсэн хэрнээ хохирлын хэмжээг тогтоогоогүй, машинч Б.Бар, туслах машинч Б.Базарзагд нарын гаргасан алдааг бүхэлд нь Ю д хамаатуулсан, хэд хэдэн этгээдийг буруутгасан хэрнээ тус бүрд нь хохирлын ялгагдах хэмжээг тодорхойлоогүй байхад үндэслэлтэй гэж үзсэн. Ю ыг зөрчил гаргасан гэж үзсэн шүүхийн шийдвэрийг ойлгохгүй юм. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдагдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрч ноцтой зөрчил биш гэж үзсэн хэрнээ тус тусдаа тогтоогдсон үйл баримтгүй байхад давтан зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй.

Гурав. Ю  бол тус байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байсан байгууллагын туршлагатай ажилтан, шилдэг мастер юм. Энэ талаарх үнэмлэх, өргөмжлөл зэргээс харж болно. Тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулалтаас харахад ажлаас халах хүртэл шийтгэх ёсгүй байсан гэж үзэж байна. Сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн өдрүүдэд галын үзлэг хийж явах хойгуур машинистын гаргасан үйлдлийг Ю д хамаатуулан шийдсэн ажил олгогчийн шийдвэр ажилтны гэм буруутай байдалд бодитой үнэлгээ өгөөгүй болохыг илтгэнэ.

Тав. Ю  бол байгууллагын тэргүүний ажилтан байхаас гадна тухайн нутаг орондоо олны итгэлийг дааж, хүндлэгдсэн хүн. Иймдээ ч 2016 оны орон нутгийн сонгуулиар Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дээрх нөхцөл байдлыг төрөөс буюу хууль тогтоогчоос зарим төрлийн баталгаа болгож Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг тогтоосон байдаг. Үүн  дотроо 14.4-т “Засаг дарга эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухай шатны Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, зөвшилцсөн байна” гэж заасан байдаг. Энэхүү заалт бол одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аливаа сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчаас бусад сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн хэн боловч сонгогдон төлөөлөгч болсны хойно улс төрийн үзэл бодол болоод бусад шалтгаанаар эрхэлж байсан ажил албан тушаалаас хууль бусаар хагацаахгүй байх үйл ажиллагааны баталгаа юм. Энэ тохиолдолд эрх бүхий этгээд гэдэгт “Шивээ-овоо” ХК-ийн томилох эрх бүхий этгээд. Хурлын төлөөлөгч нь Ю  байна. Нэгэнт Ю.Алтан оргил Хурлын төлөөлөгч учир энэ заалтыг хэрэглэх нь зайлшгүй бөгөөд түүний үүрэгт ажлаас ямарваа байдлаар өөрчлөх тохиолдолд Шивээговь сумын Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцөх ажиллагааг хийж, шийдвэр гаргалтад шаардлагатай, хуулиар заасан процессыг хангаж ажиллах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, зөвшилцөх ажиллагаа хийлгүйгээр ажлаас чөлөөлөх ёсгүй буюу шийдвэр гаргах бүрдэл хангагдаагүй байсан гэсэн үг юм. Гэтэл энэхүү процесс ажиллагааг хангаагүй болохыг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан бичгээс харж болно. Гэтэл анхан шатны шүүх Монгол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т заасан энэ баталгааг иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэхгүй. Захиргааны эрх зүйн харилцаанд хэрэглэнэ гэсэн утгаар тайлбарлан дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл байх шаардлагыг хангаагүй болоход хүргэж байна. Хуулиар олгосон эрхийг эцсийн шатанд шүүх л хамгаалдаг. Тэр дундаа хуулиар олгосон баталгааг шүүх л хангах учиртай. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2018/00119 дугаартай үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн, хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянахдаа үндэслэлгүйгээр өмөөрч, шийдвэрийг хэвээр үлдээсэн Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 216/МА2018/00012 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ю  нь “Шивээ-Овоо” ХК-д холбогдуулан тус компанийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон амралтын мөнгөний зөрүү 7 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргажээ.

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  ...нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ээлжийн мастер ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл гэмтэл саатлыг цаг алдалгүй арилгуулах үүргээ зөрчсөн, ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх, тоног төхөөрөмж, хүн хүчийг зөв зохион байгуулж, байнгын удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүйгээс ажлын хариуцлага алдаж удаа дараа зөрчил гарган компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан тул Ю той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Ю  нь 2008 оноос 2018 оны 03 сарын 27-ныг хүртэл  “Шивээ-Овоо” ХК-д өрмийн туслах машинч, өрмийн машинч, Уулын нэгдсэн хэсэгт ээлжийн мастераар ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 тоот тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, хөдөлмөрийн гэрээний 7.2.11,7.2.16, захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг “Шивээ Овоо” ХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 тоот тушаалд үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Ю  нь 2018.02.06, 2018.03.02, 2018.03.06-ны өдрүүдэд зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, тус уурхайн Уулын нэгдсэн хэсгийн ахлах механик Д.Батмөрөн, уулын нэгдсэн хэсгийн дарга Л.Амгалан нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, “Шивээ-Овоо” ХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журам, ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам зэргээр тогтоогдож байх тул түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан, энэхүү зөрчлүүд нь тус бүрдээ тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Ажилтан Ю д сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т нийцсэн боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ю  нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч мөн болох нь тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа”-г тодорхойлжээ.

Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж  зөвшилцсөн байна” гэжээ.

Хариуцагч нь “...тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байх” дээрх ажиллагааг хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх “...14.4 дэх заалт нь хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг заасан байна. Гэтэл тухайн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн гэрээ, ажилтны хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой маргаан байх тул дээрх хуулийн зохицуулалт нь хамааралгүй” гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарласан байна.

Хууль тогтоогч “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа”-г хуульчлахдаа төлөөлөгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан байх тул  “эрх бүхий бусад албан тушаалтан” болох ажил олгогч “Шивээ-Овоо” ХК-ийн захирлыг   “...тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байх”   хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.1-д нийцнэ. 

            Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 тоот тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн байх тул хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгч Ю ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг тус тус хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг ажилтныг ажлаас халагдсан өдрөөс хяналтын шатны шүүх хуралдаан болсон өдрийг хүртэл тооцож, 19,396,297.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцнэ.

Харин “...амралтын мөнгөний зөрүү 7 хоногийн цалин гаргуулах” шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлд энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “...амралтын мөнгөний зөрүү 7 хоногийн цалин гаргуулах” гэж шаардлагаа нэмэгдүүлсэн боловч үндэслэлээ тодорхой заагаагүй, хариуцагч нь “...ээлжийн амралтын олговрыг ажлын 14 өдрөөр тооцож олгосон нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарласан, энэ шаардлагын талаарх нотлох  баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлагаа нотолж чадаагүй байх тул “...амралтын мөнгөний зөрүү 7 хоногийн цалин гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2018/00012 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018//00119 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю ыг “Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Шивээ Овоо” ХК-аас 19,396,297 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас амралтын мөнгөний зөрүү 7 хоногийн цалинг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч “Шивээ Овоо” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 254,931 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН