Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01216

 

М ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

“М ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

“Д ” ХК-д холбогдох

EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 245,993,576 төгрөг, даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал 1,592,520,083 төгрөг, даатгалын хураамжийн зөрүү 53,396,137 төгрөг, даатгалын хураамжид илүү төлсөн 465,134,058 төгрөгийг буюу нийт 2,357,043,855 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

ханшийн зөрүүд 78,379,084 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, Н.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, Б.Насанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, Г.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ” ТӨХК нь хариуцагч “Д ” ХК-д холбогдуулан EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 245,993,576 төгрөг, даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал 1,592,520,083 төгрөг, даатгалын хураамжийн зөрүү 53,396,137 төгрөг, даатгалын хураамжид илүү төлсөн 465,134,058 төгрөгийг буюу нийт 2,357,043,855 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ханшийн зөрүүд 78,379,084 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг тус тус баримтлан “Д ” ХК-аас 764,523,772.10 төгрөгийг гаргуулж “М ” ТӨХК-д олгож, “М ” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,592,520,083.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Д ” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 78,379,084.23 төгрөгийг “М ” ТӨХК төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12,388,214 төгрөгөөс 12,387,279 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 550,000 төгрөгөөс 549,845.4 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1,089.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид 935 төгрөгийг, хариуцагчид 154.6 төгрөгийг тус тус буцааж, хариуцагчаас 3,980,568.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 549,845.4 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 764,523,772.10 төгрөгийг гэснийг 2,089,655,000 төгрөгийг гэж 1,592,520,083.25 төгрөгт гэснийг 267,388,855 төгрөгт гэж, 2 дахь заалтын 3,980,568.9 төгрөгийг гэснийг 10,606,225 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 181/ШШ2020/02252 шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.04-ний өдрийн 2229 дугаар магадлалаар ЕI-СХV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөгт шинээр агаарын хөлгийн хөдөлгүүр түрээсэлсэн болон зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэсэн гэх зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1. ЕI-СХV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөгт холбогдох даатгалын тохиолдлын улмаас шинээр агаарын хөлгийн хөдөлгүүр түрээсэлсэн зардал 534,700 ам.доллар буюу 1,521,927,304 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Давж заалдах шатны шүүхээс маргаантай харилцаанд хууль болон гэрээг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан. Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан “Даатгалын гэрээ”-тэй холбоотой эрх зүйн харилцаа гэж зөв тодорхойлсон боловч тухайн даатгалын гэрээгээр ямар даатгалын зүйлийг, ямар эрсдэлээс сэргийлж байгаа дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн буруу дүгнэлт хийж, гэрээний нөхцөл болон хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх... үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. Энэ зүйлд заасан хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрт талуудын даатгалын гэрээгээр тохирсон нөхцөлийг ойлгоно. Мөн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т “Даатгалын гэрээнд дараах нөхцөлийг тусгана” гээд 431.4.1-т “даатгалын зүйл", 431.4.2-т “даатгалын эрсдэлийн төрөл” гэж хуульчилсан. Эндээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015.08.28-ны өдөр байгуулагдсан №90С 1520014297 №15/230 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-гээр “даатгалын зүйл”, “даатгалын эрсдэлийн төрөл”-ийг зөв тодорхойлсноор маргааныг шийдвэрлэнэ. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлээр даатгалын зүйл нь нийт 5 агаарын хөлөг тус бүрийг хөдөлгүүрийн хамт буюу агаарын хөлгийн даатгал, зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөд учирч болох хохиролд хүлээх хариуцлагын даатгал, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлагын даатгал, агаарын хөлгийн их бие, сэлбэг хэрэгслийн дайны эрсдэл, дайны хариуцлагын даатгал гэж тохиролцсон байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд даатгалын зүйл болох ЕI-СХV бүртгэлийн дугаартай В737-800 дугаарын хөлөг Ховд хотод осолд орж, тус хөлгийн СРМ 7В26 сериал дугаар 890116 бүхий хөдөлгүүрт гэмтэл учирсан. Энэхүү гэмтсэн хөдөлгүүрийг засварлахтай холбоотой бүхий л зардал болох 4,093,493.64 ам.долларыг гэрээний дагуу даатгагчаас нөхөн төлбөр болгон олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, даатгагчийн зүгээс Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийн дагуу Ховд хотод болсон даатгалын тохиолдлын улмаас үүссэн нөхөн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Харин энэхүү 4,093,493.64 ам.доллароос гадна Ховд хотод болсон тохиолдолтой холбоотойгоор нэхэмжилж байгаа хөдөлгүүр түрээсийн зардал нь даатгалын зүйл биш юм. Давж заалдах шатны шүүх даатгалын тохиолдолтой холбоотой гарсан бүхий л зардлыг даатгагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу. Учир нь хөдөлгүүр түрээсийн төлбөрийг нэхэх боломж энэхүү маргааны тохиолдолд, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүсэхгүй.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтын 1.11-т заасан “Санхүүгийн даатгал”-д хамаарах бөгөөд тус даатгалын хэлбэрийн тайлбар нь “Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал, бизнес тасалдлын даатгал үүнд хамаарна.” гэсэн байх бөгөөд эндээс дүгнэхэд хөдөлгүүр түрээслэхэд гарсан зардал нь бизнес тасалдлын даатгалын хэлбэрт шууд хамаарч байгаа юм. Харин “М ” ТӨХК нь “Д ” ХК-тай дээрх 207 дугаар тогтоолын 1.8 болон 1.16-д заасан Агаарын хөлгийн даатгал болон Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгалын гэрээг байгуулсан бөгөөд аливаа санхүүгийн даатгалын гэрээ байгуулаагүй. Мөн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гээд 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж зохицуулсан. Иймд хөдөлгүүр түрээслэх зардал нь даатгалын зүйл биш, даатгалын хамгаалалтад хамаарахгүй тул үүнтэй холбоотой нөхөн төлбөр төлөх үүрэг даатгагчид байхгүй, нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй.

4.2. Зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэхэд болон нисэх бүрэлдэхүүнийг байршуулахад гарсан зардал болох 70,592,779 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 Давж заалдах шатны шүүхээс маргаантай харилцаанд хууль болон гэрээг мөн буруу тайлбарлаж шийдвэр гаргасан. Тухайлбал, магадлалд “...Талууд даатгалын гэрээний 3.8-д гуравдагч этгээд болон зорчигчийн эд хөрөнгөд учирч болох хохирлыг даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцсон. Ослын улмаас зорчигчийг шилжүүлэн тээвэрлэхтэй холбоотой 68,322,779 төгрөг, зорчигч, бүрэлдэхүүний хоол байранд 2,270,000 төгрөгийн зардал бодитой гарсан ба үүнийг “М " ТӨХК нь төлсөн тул хариуцагчаас гаргуулах нь зөв юм.” хэмээн дүгнэжээ. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “Агаарын хөлгөөр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгө болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага” гэж даатгалын зүйлийг тодорхойлсон. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан. Гэтэл даатгуулагч “М " ТӨХК-ийн нэхэмжилсэн төлбөр нь ослын улмаас зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэсэн, зорчигч, бүрэлдэхүүний хоол байртай холбоотой зардлууд байдаг. Зорчигч шилжүүлэх тээвэрлэх, зорчигч, бүрэлдэхүүний байр, хоолны зардал гарах эрсдэл нь даатгалын гэрээний зүйл байхаар талууд хэлэлцэн тохироогүй, гэрээнд тусгаагүй тул энэ тохиолдолд даатгагч нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийг “М ” ТӨХК-ийн өмнө хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.8 дахь заалт нь хариуцлагын даатгалын хэлбэр буюу даатгуулагчаас гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд үүсэх эрсдэл юм. Иймд давж заалдах шатны шүүхээс 70,592,779 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “М ” ТӨХК-нд олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.3. Дээрх 2 шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

 Даатгуулагч, даатгагдсан эд хөрөнгө болох агаарын хөлгийн үндсэн эзэмшигч, агаарын хөлгийн дундын түрээслэгч, түрээслэгч, үйлчилгээ үзүүлэгч болон даатгагч гэсэн талуудыг оролцуулан хохирлын нөхөн төлбөрийн асуудлаар нийтдээ 6 удаагийн гэрээ байгуулан нэхэмжлэл бүрийн төлбөрийн дүнг баталгаажуулан, шилжүүлэг бүрд тодорхой актууд үйлдэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2017.07.17-нд Ховд хотод гарсан ослын улмаас үүссэн бүхий л нөхөн төлбөр эцсийн байдлаар бүрэн төлөгдсөн талаар тодорхой тэмдэглэж, улмаар хэлцэлд оролцогч бүх талууд гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Энэхүү гэрээгээр даатгалын тохиолдлын хохиролд бүрэн бөгөөд эцсийн төлбөр хийгдэх хэмжээг тодорхойлж, гэрээний чөлөөлөлт ба үүргийг дуусгавар болгох тухай 5 дугаар зүйлийн (i) хэсэгт Даатгагчийг энэхүү гэрээний дагуу үүссэн осол гэмтэлтэй холбоотой ямар ч төрлийн, хаана ч хэзээ ч үүсэх аливаа болон бүх нэхэмжлэлийн хариуцлагаас, шаардлагууд, үйл ажиллагааны зардлуудаас үүрд, эргэж буцах боломжгүйгээр чөлөөлж, тэдгээрийн үүргийг дуусгавар болгож байна гэж заасан.

“Д ” ХК нь тус гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн. Үүргийг дуусгавар болгох гэрээнд нийт 7 этгээд гарын үсэг зурах байснаас бүгд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд гэрээний гарын үсэг зурах хэсэгт гэрээний талууд болох “Масquarie Aircraft Services” Ltd болон “Masl UK” Ltd-ийн гэж 1 этгээдийн нэр 2 удаа давхцаж орсноос 2 этгээдийн гарын үсэг дутуу мэт харагдсаныг давж заалдах шатны шүүхээс хэлбэрийн шаардлага хангаагүй хэмээн дүгнэж, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан байна. Дээрх баримт үйлдэгдсэний дараа нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2017.12.25-ны өдөр “Гэрээ дүгнэсэн акт” үйлдэж 2016.05.03-ны өдрийн Ховдын ослын тохиолдлын нөхөн төлбөр нь 4,093,493.64 ам.доллар болсныг харилцан зөвшөөрч, улмаар талуудын хооронд 329,154,027.49 төгрөгийн үлдэгдлийг баталж гэрээг дүгнэж баталгаажуулсан байна.

“М ” ТӨХК-ийн зүгээс түрээсийн зардал болон зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх зардлыг даатгалын тохиолдлын үед буюу 2016, 2017 онд нэхэмжилж, даатгагч болон давхар даатгагчийн зүгээс эдгээр зардал гэрээний дагуу олгогдохгүй гэдгийг албан бичгээр болон и-мэйлээр удаа дараа мэдэгдэж байсан. Ийнхүү эдгээр зардал гэрээний дагуу олгогдох боломжгүй гэдгийг даатгуулагч нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2017.07.17-ны өдрийн үүрэг дуусгавар болгох гэрээ болон 2017.12.25-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн. Тухайн үедээ нөхөн төлбөрийг хүлээн авч, хохирлоо барагдуулан, дахин тус даатгалын тохиолдлуудтай холбоотой аливаа нөхөн төлбөр, зардал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан атал одоо ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

“М ” ТӨХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2015 онд агаарын хөлгийн иж бүрэн даатгалын тендер зарлан тендерийн баримт бичигт тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлохдоо тендерийн баримт бичгийн тусгай нөхцөлийн 3.4 дүгээр хэсэгт заасан даатгалын зүйлд агаарын хөлгийн хөдөлгүүр бусад эд ангийн түрээсийг оруулаагүй бөгөөд харин 2016 оны тендерийн баримт бичгийн тусгай нөхцөлийн 3.4 дүгээр хэсэгт заасан даатгалын зүйлд “Агаарын хөлгийн хөдөлгүүр бусад эд ангийн түрээс”-ийг даатгалын зүйл байхаар нэмж оруулсан нь нотлох баримтаар даатгалын зүйлд түрээсийн зардал хамаарахгүй байсан гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны тендерийн баримт бичгийн дагуу “Д ” ХК-тай байгуулсан даатгалын гэрээний зүйлд аливаа түрээсийн зардлыг хамруулаагүй, харин 2016 оны тендерийн баримт бичгийн дагуу “Бодь даатгал” ХК-тай байгуулсан даатгалын гэрээний даатгалын зүйлд хөдөлгүүрийн түрээсийн зардлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, гэрээ хийх үндэслэл болсон тендерийн баримт бичиг, захиалгад аливаа түрээсийн зардал даатгалын зүйл биш байсан юм.

Дээрх үндэслэлүүд нь даатгалын гэрээгээр тохирсон даатгалын хамгаалалт болон даатгалын зүйлд хөдөлгүүр түрээсийн төлбөр нь ороогүй, оруулах боломжгүй нь талуудын хооронд хийгдсэн гэрээнээс тодорхой харагдаж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасны дагуу хариуцагчийг нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэдгийг баталж байна. Мөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ховд аймагт гарсан осолтой холбоотой нөхөн төлбөрийг бүрэн авч дууссан гэж олон улсын гэрээнд баталгаа гаргасан, байгуулсан гэрээгээ дүгнэж хаасан зэргийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Үүгээр “М ” ТӨХК-ийн Аviation Lease Finance компанид түрээсийн төлбөрт төлсөн 534,700 ам.доллар буюу 1,521,927,304 төгрөгийг болон зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх зардалд 70,592,779 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас даатгалын нөхөн олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.2-т заасны дагуу “М ” ТӨХК-ийн ЕI-СХV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөгт шинээр агаарын хөлгийн хөдөлгүүр түрээсэлсэн болон зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэсэн зардалд 1,592,520,083 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.04-ний өдрийн 2229 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах үндэстэй гэж үзлээ.

           6. Нэхэмжлэгч “М ” ТӨХК нь хариуцагч “Д ” ХК-д холбогдуулан агаарын хөлгийн даатгалын төлбөрийн үлдэгдэл 245,993,576 төгрөг, даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал 1,592,520,083.25 төгрөг, даатгалын хураамжийн зөрүү 53,396,137 төгрөг, даатгалын хураамжид 465,134,058 төгрөгийг буцаан гаргуулах, нийт 2,357,043,855.35 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...талууд B737-800, B767-300 маягийн хоёр агаарын хөлгийн талаар даатгалын үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байсан. ... даатгалын хураамжид 5,127,964,071.10 төгрөг төлсөн. ...2016.05.03-ны өдөр даатгагдсан B737-800 маягийн агаарын хөлөгт гэмтэл гарснаас 4.9 сая ам.долларын бодит хохирол учирсан. ... гэрээнд заасан нөхөн төлбөртэй холбоотой баримт бичгийг даатгагчид цаг тухайд хүргүүлсэн. ...агаарын хөлгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл 86,425.13 ам.долларыг төлөөгүй. ...агаарын хөлгийн хөдөлгүүрт учирсан гэмтлийг Малайз улсын компаниар засуулах хугацаанд гуравдагч этгээдтэй түрээсийн гэрээ байгуулж 2016.05.20-2017.03.27-ны өдрийг хүртэл 10 сар 7 хоног хөдөлгүүр түрээсэлсэн. ...даатгагч нь даатгалын хураамжийг түрээсийн 10 сарын хугацаанд хүлээн авсны зэрэгцээ даатгалын үндсэн болон нэмэлт гэрээ, давхар даатгалын гэрээний дагуу хөдөлгүүр түрээсэлсэн зардал 534,700 ам.доллар, ослын улмаас зорчигчдыг шилжүүлэх, тээвэрлэх, байрлуулах зардал 70,592,779.25 төгрөгийг төлөх үндэстэй. … B737-300 маягийн агаарын хөлгийн даатгалыг 2016.05.31-2016.12.14-ний өдрийг хүртэл хугацаанд газрын эрсдэлийн даатгал руу шилжүүлж хураамжийг бууруулахаар талууд нэмэлт гэрээ байгуулсан. Өмнөх болон буурсан хураамжийн хэмжээний зөрүү 18,759.71 ам.долларыг шаардана. Түүнчлэн тус агаарын хөлгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос шалтгаалан B737-300  агаарын хөлгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн. Иймд даатгалын хураамжийн төлөлтийг 2016.06.26-ны өдрөөр тасалбар болгосон. ... тул 2016.06.26-ны өдрөөс 2016.12.14-ний өдрийн даатгалын хураамжийн буцаалт 163,415.94 ам.долларыг шаардана. Ам.долларын ханшийг 2020.08.09-ний өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар тооцож, 2,357,043,855.35 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тайлбарласан байна.   

            7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас B737-800 маягийн агаарын хөлгийн гэмтлийн улмаас учирсан хохирлын даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 86,425.13 ам.доллар, B767-300 маягийн агаарын хөлгийн 2016.10.03-ны өдрөөс 2016.12.14-ний өдрийг хүртэлх хугацааны даатгалын хураамж 69,571.75 ам.долларыг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... B737-800 маягийн агаарын хөлгийн даатгалын гэрээнд заасан эд хөрөнгийн хохирол, зардал гэсэн зохицуулалт нь даатгуулагчийн бус зоригчийн эд хөрөнгийн хохирол, ачаа, тээш зэрэгт учирсан хохиролд үйлчилнэ. Түрээсийн зардал нь даатгалын зүйл, эрсдэл, тохиолдолд хамаарахгүй. ... Даатгалын гэрээний зорчигчтой холбоотой заалтууд нь зорчигчийг шилжүүлэх, тээвэрлэх, байрлуулах зардал бус, энэ нь даатгалын тохиолдолд хамаарахгүй. ... “М ” ХК, “Д ” ХК, давхар даатгагч нар нь 6 удаа хаалтын гэрээ байгуулж, даатгалын болоод давхар даатгалын үүргээс бүрэн бөгөөд эцсийн байдлаар чөлөөлөн, дуусгавар болгохоор тохирсон. ... “М ” ТӨХК нь B737-300 маягийн агаарын хөлгийг түрээслүүлэгч Air Sale компанид 2016.10.03-ны өдөр хүлээлгэж өгсөн байх тул энэ өдрөөс даатгалын гэрээ дуусгавар болсон өдөр болох  2016.12.14-ний өдөр хүртэлх хугацааны даатгалын хураамж 69,571.76 ам.долларыг буцаан олгож, бусад буцаалт, бууралтын зөрүүг зөвшөөрөхгүй.” гэж мэтгэлцсэн байна.

            8. Хариуцагч “Д ” ХК нэхэмжлэгч “М ” ТӨХК-д холбогдуулан 78,379,084.23 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан байна. Тэрээр шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд 2015.08.28-ны өдөр байгуулсан гэрээний 5.9-д заасны дагуу ам.долларын ханшийн тохируулга хийгдэх ёстой. ... 2017.12.25-ны өдөр гэрээ дүгнэсэн актаар ханшийн тохируулгын зөрүүг төлөхөө нэхэмжлэгч зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул нэхэмжилнэ” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч сөрөг шаардлагын талаар маргаагүй бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

            9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 764,523,772.10 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 1,592,520,083.25 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрийг агаарын хөлөг тус бүрээр хуваарилан дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэжээ. Ингэхдээ B737-800 маягийн агаарын хөлөгт хамаарах шаардлагаас ослын нөхөн төлбөрийн үлдэгдэл 86,425.13 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч ам.долларын төгрөгт харьцах ханшийн асуудал маргаантай гэж үзэн үүргийг шударгаар гүйцэтгэх зарчмын дагуу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 245,993,576 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэжээ. Харин даатгалын гэрээ нь гэм хорын, хариуцлагын, эд хөрөнгийн даатгалын гэрээний аль алины шинжийг агуулж байх боловч аль ч гэрээний тохиолдолд түрээсийн зардал, зорчигчийн ачаа тээшийг зөөвөрлөх, байршуулах зардал нь даатгалын хамгаалалтад хамаарах боломжгүй гэж үзэн энэ хэсэгт холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар B737-300 маягийн агаарын хөлгийг газрын эрсдэлийн даатгалд шилжүүлсэн, ийнхүү шилжүүлснээс хойш 25 хоногийн дараа буюу 2016.06.26-ны өдөр түрээсийн гэрээ цуцлагдсан нь тогтоогдсон гэж дүгнэн 25 хоногийн даатгалын хураамж буурсны зөрүү 18,759.71 ам.доллар, даатгалын гэрээ цуцлагдсанаас хойших 171 хоногийн хугацаанд ногдох хураамж 163,415.94 ам.долларыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзжээ. Энэ тохиолдолд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдөр буюу 2020.08.09-ний Монголбанкны албан ханшаар тооцож 518,539,196.10 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.  

            10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч хөдөлгүүр түрээсэлсэн нь гэрээнд заасан “саатлыг даван туулах”, “хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ” мөн гэж дүгнэн түрээсийн төлбөрт бусдад төлсөн 534,700 ам.доллар, зорчигч, нисэх бүрэлдэхүүнийг байршуулах, ачаа тээшийг тээвэрлэхэд гарсан 70,592,779 төгрөгийн зардал нь бодитой гарсан зардал тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн B737-300 агаарын хөлөгтэй холбогдох шаардлагаас түрээсийн гэрээ дуусгавар болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаж, түрээсийн гэрээг 2016.10.03-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ, мөн энэ хэсэгт холбогдох даатгалын хураамжийн буцаалт 69,571.76 ам.долларыг хариуцагчаас гаргуулна, ам.долларын төгрөгт харьцах ханшийг 2020.08.09-ний өдрийн Монголбанкны албан ханшаар тооцно гэж дүгнэн хариуцагчаас 2,089,655,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            11. Талууд “М ” ТӨХК, “Д ” ХК-ийн хооронд 2015.08.28-ны өдөр “М ” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээ байгуулагдсан талаар харилцан маргаагүй. Тус гэрээний зүйл нь уг маргааны зүйл буюу B737-800 E-CXV, B767-300 JU-1011 маягийн хоёр агаарын хөлгийг багтаасан нийт дөрвөн агаарын хөлөг болох, гэрээний агуулга нь эд хөрөнгийн, хариуцлагын, гэм хорын даатгалын шинжийг холимог байдлаар агуулсан үйл баримтын тухайд тус тус маргаагүй байна.

            Түүнчлэн дээрх даатгалын гэрээгээр даатгагчийг давхар даатгуулахыг үүрэг болгосны үндсэн дээр “Д ” ХК нь даатгалын зүйлийг “Юнайтед Иншүрэнс Брокерс болон “Макларенс” /UIB болон Mclarens/ компанид давхар даатгуулсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Улмаар 2016.05.03-ны өдөр даатгалын зүйл болох EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг нь Ховд, Улаанбаатарын чиглэлийн нислэг хийхдээ хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед чиглэл алдаж, агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл учирснаар даатгалын тохиолдол бий болжээ. Давхар даатгагч “Юнайтед Иншүрэнс Брокерс болон Макларенс” /UIB болон Mclarens/ компаниас ослын улмаас агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл учирсан даатгалын нөхөн төлбөрт 4,179,918.77 ам.доллар олгосноос 4,093,493.64 ам.долларыг “Д ” ХК нь “М ” ТӨХК-д шилжүүлсэн үйл баримтын тухайд зохигч тус тус маргаагүй.

            12. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах асуудлаар зохигч ялгаатай байр суурь илэрхийлэн мэтгэлцсэн байх ба эдгээрийг тус маргааны зүйл болсон гэж үзнэ.

    1. Давхар даатгагчаас даатгалын нөхөн төлбөрт “Д ” ХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон “Д ” ХК-аас даатгуулагч “М ” ТӨХК-д нөхөн төлбөрт тооцон шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зөрүү 86,425.13 ам.долларыг монгол төгрөгөөр тооцон гаргаж өгөхдөө аль өдөр, хугацааны албан ханшийг баримтлах талаар маргаантай байна.
    1. Гэмтэл гарсан агаарын хөлгийн хөдөлгүүрийг Малайз улсад засварлуулах хугацаанд даатгуулагч “М ” ТӨХК нь Aviation Lease Finance компанитай түрээсийн гэрээ байгуулан хөдөлгүүр хүлээн авч, суурилуулан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн. Түрээсийн гэрээг 2016.05.16-ны өдөр байгуулж, 2016.05.20-ны өдрөөс 2017.03.20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 592,800 ам.доллар төлснөөс “Д ” ХК-ийн 58,100 ам.долларыг хасч, үлдэх 534,700 ам.долларыг даатгалын нөхөн төлбөрт хамрагдах эд хөрөнгийн хохирол буюу зардал гэж тооцох эсэх талаар зохигч маргаантай байна.
    1. Нэхэмжлэгч нь зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, зорчигч болон нисэх бүрэлдэхүүнийг байршуулахад гарсан зардалд 70,592,779 төгрөгийг даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал гэж нэхэмжилсэн, хариуцагч нь эдгээр зардал нь даатгалын тохиолдолд ороогүй бөгөөд уг зардлыг нөхөн төлөх үүргийг хүлээхгүй гэж үзсэн. Зорчигч ба нисэх бүрэлдэхүүнийг байршуулсан, ачаа, тээшийг зөөх, тээвэрлэхэд гарсан дээрх зардал даатгалын нөхөн төлбөрт хамрагдах эсэх талаар зохигч ийнхүү маргаантай байна.
    1. Нэхэмжлэгч нь JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэх хүсэлтийг даатгагчид гаргасан, холбогдох нэмэлт гэрээг байгуулсан тул ийнхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс даатгалын гэрээ цуцлагдах өдрийг хүртэлх хугацааны урьдчилсан төлсөн хураамж, бууруулсан хураамжийн зөрүү 18,759,71 ам.долларыг нэхэмжилсэн. Хариуцагч давхар даатгагчаас зөвшөөрөл аваагүй тул бууруулсан хураамж бүхий нэмэлт гэрээ үйлчлэхгүй гэж үзэж шаардлагыг зөвшөөрөөгүй. Иймд зохигчийн маргаж буй нэмэлт гэрээ байгуулагдсан эсэх, бууруулсан хураамжийн зохицуулалт үйлчлэх эсэх асуудал маргааны дараагийн зүйл болжээ.
    1. Нэхэмжлэгч нь JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэхээр тохирсноос хойш “М ” ТӨХК Alc Blarney Aircraft limited компанийн хооронд байгуулсан В737-300 агаарын хөлгийг түрээслэх гэрээ дуусгавар болж хөлгийг буцаан өгөх болсон тул даатгалын гэрээ шаардлагагүй болж дуусгавар болсон гэж тайлбарлан нэгэнт төлсөн хураамжийг ийнхүү даатгалын гэрээ дуусгавар болсон өдөр буюу онгоц Монгол Улсын холбогдох бүртгэлээс хасагдсан өдөр болох 2016.06.26-ны өдрөөс хойших хугацаагаар тооцон 163,415.94 ам.долларыг эргүүлэн шаардана гэж тайлбарласан. Хариуцагч гэрээ 2016.06.25-ны өдөр дуусгавар болоогүй, 2016.10.03-ны өдөр буюу онгоцыг түрээслэгч талд бодитой хүлээлгэж өгсөн өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ гэж дүгнэн энэ хэсэгт холбогдох шаардлагаас 2016.10.03-ны өдрөөс хойших хугацаанд ногдох хэсгийг зөвшөөрсөн. Маргааны зүйл энэ тохиолдолд гэрээг хэдийд дуусгавар болсныг тогтоох явдал болжээ.
  1. Хоёр шатны шүүх маргааны нэгдүгээр зүйл буюу нөхөн төлбөрийн үлдэгдэл 86,425.13 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны албан ёсны ханшид хөрвүүлэн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, үүргийг шударгаар гүйцэтгэх зарчмыг үндэслэл болгон тайлбарласан нь зөв гэж үзнэ. Энэ талаар шүүхийн өгсөн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
  2. Түүнчлэн гэмтсэн хөдөлгүүрийг засварлах хугацаанд гаргасан түрээсийн зардал, зорчигч, нисэх бүрэлдэхүүнийг ослын дараа байршуулах, ачаа, тээшийг зөөвөрлөхтэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардлыг даатгалын нөхөн төлбөрт хамрагдвал зохих эд хөрөнгийн хохирол гэж үзсэн нь үндэслэлтэй. Хариуцагч түрээсийн зардал ба зорчигч, нисэх бүрэлдэхүүнийг зөөвөрлөх, ачаа тээшийг байршуулахад гарсан зардлыг даатгалын зүйл бус, хөдөлгүүр түрээслэх арга хэмжээ нь даатгалын эрсдэл ба тохиолдолтой шууд хамааралгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

Талууд Ховд аймгийн нутаг дэвсгэрт болсон агаарын хөлгийн хөдөлгүүрийн гэмтэл нь даатгалын гэрээгээр тодорхойлсон даатгалын эрсдэл мөн эсэх тухайд маргаагүй. Энэ ч агуулгаар тухайн хөдөлгүүрийн эвдрэл гэмтлийн тухайд эд хөрөнгийн бодит хохирол учирсан гэж үзэн нөхөн төлбөр олгосон байна. Харин онгоц хөдөлгүүргүй байх хугацаанд буюу гэмтлийг засварлаж байх хугацаанд даатгуулагчид учирсан хохирол, алдагдлыг даатгалын нөхөн төлбөрт хамрагдах эд хөрөнгийн хохиролд тооцох эсэх талаар маргасан гэж үзнэ.

Үндсэн даатгалын гэрээний 11.5-д дотоодын даатгагчтай байгуулсан даатгалыг олон улсын даатгагчид давхар даатгуулах шаардлагыг даатгуулагч хуулийн этгээдээс тавьсан байх ба энэ үүднээс “Д ” ХК Английн Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг “Ю ” компанитай давхар даатгалын гэрээ байгуулжээ. “М ” ТӨХК болон “Д ” ХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний 6.8-д “Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн олговор дээр нэмж оруулан даатгуулагчид төлөх”-өөр заажээ. Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын цар хүрээг тогтооход бодит байх, тухайн нөхцөл байдалтай шууд хамааралтай байх үндсэн зарчим үйлчлэх боловч талууд хохирлын агуулгыг хэрхэн тодорхойлох нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу уян хатан хэрэглэгдэх боломжтой.

Давхар даатгалын гэрээнд “эд хөрөнгийн хохирол” гэдэгт эд хөрөнгөд учирсан хор, хохирол, мөн тэдгээрийг ашиглаж чадаагүйн улмаас хүлээсэн алдагдал,..-ыг оруулан тооцохоор заасан байна. Хэдийгээр давхар даатгалын гэрээ нь “Д ” ХК болон “Ю ” компанийн хооронд байгуулагдсан боловч ийнхүү давхар даатгуулах шалтгаан болсон үндсэн даатгалын гэрээний бүрхэг утга  санааг тайлбарлахдаа давхар даатгалын гэрээний агуулгыг анхаарч үзэх нь хууль зөрчихгүй. Маргаан бүхий тохиолдолд хөдөлгүүр нь даатгалын зүйл байх ба хөдөлгүүрт гарсан эвдрэлийг засуулах, арилгах зардлын зэрэгцээ хөдөлгүүрийг ашиглаж чадаагүйгээс учирсан алдагдлыг хохирол гэж үзэх үндэстэй байна. Иймд хөдөлгүүрийн түрээсийн төлбөрт гуравдагч этгээдэд төлсөн 534,700 ам.долларыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасантай нийцнэ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Талууд даатгалын гэрээний 3.8-д гуравдагч этгээд болон зорчигчийн эд хөрөнгөд учирч болох хохирлыг даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцсон. Ослын улмаас зорчигчийг шилжүүлэн тээвэрлэхтэй холбоотой 68,322,779 төгрөг, зорчигч, болон нисэх бүрэлдэхүүний хоол байранд 2,270,000 төгрөгийн зардал бодитой гарсан ба үүнийг “М ” ТӨХК нь төлсөн тул хариуцагчаас гаргуулах нь зөв гэж үзнэ.

  1. JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийн даатгалын нөхцөл, даатгалын төрөл өөрчлөгдөн даатгалын зүйлийг гагцхүү газрын эрсдэлээс даатгахаар талууд тохирсон бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн, мөн даатгалын гэрээ дуусгавар болсон хугацааг 2016.10.03-ны өдөр гэж тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, магадлалд дурдсан үндэслэлийг буруутгахгүй. Иймд энэ талаар өгсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй.
  2. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Үүргийг дуусгавар болгох тухай гэрээнд нийт долоон этгээд гарын үсэг зурах байснаас бүгд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд гэрээний гарын үсэг зурах хэсэгт гэрээний талууд болох “Масquarie Aircraft Services” Ltd болон “Masl UK” Ltd-ийн гэж нэг этгээдийн нэр хоёр удаа давхцаж орсноос хоёр этгээдийн гарын үсэг дутуу мэт харагдсаныг давж заалдах шатны шүүхээс хэлбэрийн шаардлага хангаагүй хэмээн дүгнэж, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан” гэж дурдсан байна. Тус гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэр дурдагдсан хоёр этгээд нэг, эсхүл өөр этгээдүүд болох эсэх талаарх мэтгэлцээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндөгдөөгүй үйл баримт байхын зэрэгцээ маргаан бүхий тохиолдолд уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг нотлох үүрэг хариуцагчид оногдох тул хариуцагчийн гомдолд дурдсан тайлбарыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
  3.  Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 2,089,655,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх үндэстэй.
  4. Харин давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, түүнд нийцүүлэн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж тэмдэглэсэн нь алдаатай болсон байх тул залруулж, магадлалд холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 дахь заалтын” гэснийг “3 дахь заалтын” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д  ХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 8,388,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН