Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/02252

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А” ТӨХК -ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “Б” ХК -д холбогдох,

 

“Б” ХК-аас EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 245,993,576 төгрөг /86,425.13 ам.доллар/, даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал 1,592,520,083.25 төгрөг /534,700 ам.доллар+70,592,779.25 төгрөг/, даатгалын хураамжийн зөрүү 53,396,137.8  төгрөг /18,759.71 ам.доллар/, даатгалын хураамжид төлсөн 465,134,058.3 төгрөг /163,415.94 ам.доллар/-ийг буцаан гаргуулах буюу бүгд 2,357,043,855.35 төгрөг гаргуулах “А” ТӨХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй,

“А” ТӨХК-аас ханшийн зөрүүд 78,379,084.23 төгрөг гаргуулах “Б” ХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, Ж.Чулуунжав, Ш.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Жанчивдорж, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.  “Б” ХХК нь 2013 оноос 2016 оны хооронд “А” ТӨХК-аас зарласан агаарын хөлгийн иж бүрэн даатгалын тендерт шалгарч 2013 оноос 2017 оны 3 cap хүртэл агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж ирсэн.

Талуудын хооронд байгуулсан “А” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын № 90С1520014297,     №15/230 тоот гэрээний дагуу “А” ТӨХК нь даатгалын хураамжид нийт 14 удаагийн шилжүүлгээр 5,127,964,071.10 төгрөг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлөг нь HVD-ULN чиглэлийн нислэг хийж байхдаа хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед чиглэл алдсаны улмаас хөөрөлтийн зурвасаас гарч агаарын хөлөгт гэмтэл учруулсан ба уг гэмтлээс шалтгаалан нийт 4,9 сая ам.долларын бодит хохирол даатгуулагчид учирсан.

Талуудын хооронд байгуулсан “А” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын № 90С1520014297, №15/230 тоот гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлөг нь даатгалын эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгэсэн болох нь тогтоогдсон учраас гэрээний дагуу даатгалын зүйлд учирсан эрсдэлийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал түүнтэй холбогдох баримт бичиг, нотлох баримтыг даатгуулагч нь гэрээний дагуу даатгагчид цаг тухай бүрд нь хүргүүлж ирсэн бөгөөд даатгалын нөхөн төлбөрийн гэрээнүүд байгуулагдаж, даатгагчид учирсан 3,9 сая ам.долларын төлбөрийн хохирлыг “Б” ХХК болон түүний давхар даатгагч компаниуд болох “UIB” болон “McLarens” хамтран ажиллаж дэс дараатайгаар нөхөн төлсөн.

“Б” ХК нь EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 86,425.13 ам.долларыг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй тул гаргуулахаар нэхэмжилж байна.

Ослын тохиолдол болсноос хойш CFM 7В26 сериал дугаар 890116 бүхий В737-800 маягийн агаарын хөлгийн гэмтэлтэй хөдөлгүүрийг засварлах гэрээг Малайз улсын GE компанитай байгуулсан. Тус хөдөлгүүрийг Малайз Улс руу тээвэрлэж засварын ажил 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу хуанлийн 62 өдөр үргэлжилсэн бөгөөд засварлагдсан хөдөлгүүрийг Малайз Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын “АМЕСО Beijing” компани руу тээвэрлэх үед буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Тианжин боомтод тээвэрлэлтийн буруугаас болж уг хөдөлгүүрт дахин гэмтэл учирсан. Хөдөлгүүрийн гэмтэл нь АSI.160202 даатгалын тохиолдол болсон тул буруутай этгээдийг шалган тогтоох даатгалын байгууллагын ажиллагаа 2 cap үргэлжилж Малайз Улс уруу дахин засварт илгээж, хөдөлгүүрийн бүрэн бүтэн байдлыг дахин нягтлан шалгах, засварлах ажил 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл буюу хуанлийн 63 өдөр үргэлжилсэн. “А” ТӨХК нь 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр сериал дугаар 890116 бүхий засварлагдсан хөдөлгүүрийг хүлээн авч EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлөгт суурилуулсан.

Энэ хугацаанд агаарын хөлгийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс даатгуулагч нь “Aviation Lease Finance”компанитай байгуулсан гэрээний дагуу хөдөлгүүрийг засварлагдаж байх үед даатгуулагч нь CFM 7В26 маркийн сериал дугаар 874410 хөдөлгүүрийг “Aviation Lease Finance” компаниас 58,000 ам.долларын барьцаатай, түрээсийн төлбөрт өдрийн 1,900 ам.доллар, хатуу цагтай эд ангийн төлбөрт нэг цикл тутамд 163 ам.доллар, хөдөлгүүрийн засварт ашиглалтын горимоос хамааран нислэгийн цаг тутамд 140-270 ам.доллар төлөхөөр түрээсийн гэрээ байгуулан 2016-05-20-ноос 2017-03-27-ны өдрийн хооронд буюу нийт 10 cap 7 өдөр түрээслэн ашигласан. Хөдөлгүүрийн түрээсийн гэрээний дагуу 11 удаагийн гүйлгээгээр нийт 592,800 ам.долларын төлбөрийг “А” ТӨХК нь түрээслэгч “Aviation Lease Finance” компанид төлсөн.

“Aviation Lease Finance” компаниас түрээсэлсэн CFM 7В26 маркийн сериал дугаар 874410 хөдөлгүүрийг EI-CXV В737-800 маягийн агаарын хөлөгт суурилуулсантай холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр №15/230-3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №15/230-4 тоот даатгалын нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулж сериал дугаар 874410 хөдөлгүүрийг 7,160,000 ам.доллараар даатгуулж, нийт 35,915,486.20 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагчид төлсөн.

Өнөөдрийн байдлаар “А” ТӨХК нь 1 сарын түрээсийн төлбөр буюу 58,100 ам.долларын нөхөн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сард байгуулагдсан ASI.160074 тоот даатгалын нөхөн төлбөрийн 4 дүгээр гэрээний /Full & Final Release/ дагуу хүлээн авсан бөгөөд даатгагч болох “Б” ХК нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг a/ хөдөлгүүрийн түрээсийн зардал нь даатгалын эрсдэл бус даатгалын зүйл бөгөөд даатгалын гэрээгээр даатгалын хамгаалалтад хамрагдаагүй тийм учраас даатгуулагчийн мэдүүлсэн түрээсийн үнэлгээнд үндэслэн Loss of Use /Ашиглалтаас гарах/ даатгалыг нэмж хийсэн тохиолдолд нөхөн төлөх боломжтой, б/ даатгалаас зөвшөөрсөн 1 сарын түрээсийн зардлын хувьд цөөн цагийн нислэг үйлдэх түрээсийн зардлыг төлөхөд хангалттай боловч түрээсийн зах зээл хөдөлгүүрээ хамгийн багадаа 1 сараар түрээслэх болзлыг танайд тулгаж болохыг ойлгон маргаан гаргахгүйн үүднээс зөвшөөрсөн юм хэмээн тайлбарлаж даатгуулагчид учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байгаа болно.

Гэтэл үндсэн даатгуулагч “А” ТӨХК-ийн давхар даатгуулагч “Б” ХХК болон давхар даатгагч нарын хооронд байгуулсан доорх гэрээнүүдийн заалтуудыг үндэслэл болговол “Б” ХХК нь даатгагчийн болоод давхар даатгуулагчийн хувьд түрээсийн хөдөлгүүрийн зардал болоод ослын тохиолдлын улмаас зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардлыг даатгуулагчид төлөхөөс татгалзах үндэслэлгүйгээс гадна дээр дурдсан № 15/230-3, № 15/230-4 тоот даатгалын нэмэлт гэрээнүүдээр түрээсийн хөдөлгүүрийн даатгалын хураамжийг даатгагч нь түрээсийн 10 сарын хугацаанд хүлээн авсан мөртлөө “Б” ХК нь “Бид цөөн цагийн нислэг үйлдэх түрээсийн зардлыг төлөхөд хангалттай” хэмээн тайлбарлаж хөдөлгүүрийн түрээсийн зардлыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрх зүйн үндэслэл:

a/ Үндсэн даатгуулагч “А” ТӨХК-ийн давхар даатгуулагч “Б” ХХК болон давхар даатгагч Английн Уэллсэд № 2034497 дугаар бүхий бүртгэлтэй ЛЛОИДЗ-ын брокер “Юнайтед Иншүүрэнс Брокерз Лимитед”-тэй байгуулсан В0902А15000422/01 тоот Арилжааны тусгай дугаар бүхий /UIВ0902/ “Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн “Бүх эрсдэл” ба хариуцлагын давхар даатгал”-ын гэрээний “Эд хөрөнгийн хохирол” гэдэгт (а) эд хөрөнгөнд учирсан хор, хохирол, мөн тэдгээрийг ашиглаж чадаагүйн улмаас хүлээсэн алдагдал, түүнчлэн ачаа тээш, гадаад ачаа тээврийн хувьд хугацаа хоцроосны улмаас бий болсон хор хохирлыг, мөн (б) алдагдаж эсхүл хохирол учраагүй боловч эд хөрөнгийг ашиглаж чадаагүйн улмаас хүлээсэн хохирол /ашиглаж чадаагүйн улмаас хүлээсэн алдагдал нь тухайн нэг тохиолдлоос үүдсэн байх нөхцөлд/-ыг хамааруулж ойлгоно.

“Сэлбэг хэрэгсэл” гэдэгт агаарын хөлөгт хэрэглэгдэх зориулалт бүхий эсхүл агаарын хөлгийн бүрдэл болох зориулалттай, түүнчлэн/эсхүл агаарын хөлөгт арчилгаа, засвар үйлчилгээ үзүүлэх эсхүл түүнийг сэргээн засварлахтай холбоотойгоор ашиглагдах сэлбэг, хөдөлгүүр, нислэгийн сэлбэгийн бүрдэл тоноглол /тухайн агаарын хөлөгт суулгагдсан байх үедээ мөн хамаарна/ багаж хэрэгсэл, эд анги, төхөөрөмж зэргийг хамааруулан ойлгоно. “Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол зохицуулагдаж буй ижил асуудал эрсдэлийн хувьд Үндсэн даатгалын гэрээгээр тогтоосон аливаа нөхцөл журмыг дагаж мөрдөнө” хэмээн заасан .

б/ Үндсэн даатгуулагч “А” ТӨХК-ийн давхар даатгуулагч “Б” ХХК болон давхар даатгагч Английн Уэллсэд № 2034497 дугаар бүхий бүртгэлтэй ЛЛОИДЗ-ын брокер “Юнайтед Иншүүрэнс Брокерз Лимитед”-тэй байгуулсан В0902А15000424/01 тоот Арилжааны тусгай дугаар бүхий /UIB0902/ “Агаарын хөлгийн их бие /сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт/-ийн дайны эрсдэл болон түүнтэй холбоотой бусад эрсдэлийн даатгал”-ын гэрээнд “...Түрээсээр авсан хөдөлгүүрийн гэрээ “Даатгуулагчийн шаардсаны дагуу энэхүү даатгалын гэрээгээр даатгагдсан агаарын хөлөгт түрээсээр авсан хөдөлгүүр, эсхүл сэлбэг хэрэгсэл, эсхүл эд анги угсран суулгасан тохиолдолд тэдгээр түрээсээр авсан хөдөлгүүр, эсхүл сэлбэг хэрэгсэл эсхүл эд ангийг суулгасан агаарын хөлгийн тохирсон үнэлгээг тэрхүү түрээсээр авсан хөдөлгүүр эсхүл сэлбэг хэрэгсэл, эсхүл эд анги нь угсрагдсан байх хугацаанд тэдгээрийн тохирсон үнэлгээтэй тэнцэх хэмжээгээр шууд өсгөх бөгөөд ингэхдээ жагсаалтад тодорхойлсон, тохирсон үнэлгээний дээд хязгаараас аль ч тохиолдолд хэтрэхгүй байхаар тохиролцов. Тэгэхдээ дээрх заалтыг үндэслэн энэхүү гэрээнд тусгагдсан бүтцийн чанартай бүрэн хэмжээний хохиролд хамаарах заалтыг хэрэглэхдээ тухайн агаарын хөлөгт тогтоосон, тохирсон үнэлгээний хэмжээг нэмэгдүүлэхгүй. Тухайн агаарын хөлөгтэй холбогдуулан гаргасан тодорхой шаардлагыг бүрэн хэмжээний хохирлоор тооцон хангасан тохиолдолд даатгагч нар нь салгаж авсан хөдөлгүүр, эсхүл сэлбэг хэрэгсэл, эсхүл эд ангитай холбогдуулж эд хөрөнгийг аварсны хариу төлбөр авах эрхтэй. Энэхүү даатгалтай холбогдуулан даатгалын хураамжид хувь тэнцүүлсэн тохиргоог хийнэ...” хэмээн заасан нь № 15/230-3, № 15/230-4 тоот түрээсийн хөдөлгүүрийн даатгалын хураамжийн нэмэлт гэрээнүүд талуудын хооронд байгуулагдсан үйл баримттай нийцэж байна.

в/ “Б” ХХК болон “А” ТӨХК-ийн хооронд 2015-05-28-ны өдөр байгуулагдсан “А” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын №90С1520014297, №15/230 тоот гэрээний 2.1. В737-800 EI-CXV агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт; 2.6. Агаарын хөлгөөр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөнд учирч болох хохиролд хүлээх хуулийн хариуцлага; 2.8. даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага; 3.5. Нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн тэсрэлт, дэлбэлэлт,агаарын хөлөг сураггүй алга болох, техникийн осол, гэмтэл, саатал; 3.8. Гуравдагч этгээдийн болон зорчигчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа тээш, шуудан, эд хөрөнгөнд учирч болох хохирлын хариуцлага; 6.8. Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн олговор дээр нэмж оруулан даатгуулагчид төлнө хэмээн заасан нь даатгуулагч нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлсөн 592,800 ам.долларын үлдэгдэл 534,700 ам.долларын шаардлагыг гаргах эрхтэй байна.

Ховд-УБ чиглэлийн нислэгийн сааталтай холбоотойгоор зорчигчдыг “Аэромонголия” ХХК-ийн агаарын хөлгөөр Ховд-Улаанбаатар чиглэлд 68,322,779.25 төгрөгөөр шилжүүлэн тээвэрлэсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №16/40 тоот нэхэмжлэхийн дагуу хоорондын тооцоогоор төлбөрийг барагдуулсан. Ослын улмаас зорчигчид болон нисэх бүрэлдэхүүнийг байрлуулахад нийт 2,270,000 төгрөгийн буюу бүгд 70,592,779.25 төгрөгийн зардал гарсан тул үүнийг мөн нөхөн төлбөрт тооцож шаардах эрхтэй.

2.  “Б” ХК болон “А” ТӨХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “А” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын № 90С1520014297,                 №15/230 тоот гэрээг үндэслэн JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс газрын эрсдэлд шилжүүлэхтэй холбогдуулан “Б” ХК болон “А” ТӨХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Даатгалын гэрээний нэмэлт № 90С1520014297-001, 15/230-1 гэрээг байгуулсан.

Уг гэрээний 1.1 дэх заалтаар “Талуудын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 90С1520014297 тоот даатгалын гэрээний 11.1-д заасанчлан даатгуулагчийн гаргасан хүсэлтийн дагуу Боинг 767-300 /улсын бүртгэлийн дугаар JU-1011/ агаарын хөлгийн даатгалыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 цаг хүртэл газрын эрсдэлийн даатгалд шилжүүлэхээр харилцан тохиролцож, хавсралт №1-д бууралтын хураамжийн хэмжээг 147,826.52 ам.доллар байхаар” талууд харилцан тохиролцсон. Энэхүү нэмэлт гэрээтэй холбогдуулан Боинг В767-300, JU-1011 улсын бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлгийг түрээсийн гэрээний хугацаанаас өмнө түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслүүлэгчид 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд буцаан хүргэж өгөхөөр болсон тул агаарын хөлгийн даатгалын хураамжийн төлбөр тооцоог 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгох тухай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №01/2362 тоот албан бичгийг “Б” ХК-д хүргүүлсэн.

“Б” ХК нь 2017 оны 2 сард ирүүлсэн и-мэйлдээ “...№90С1520014297, 15/230-1 дугаар бүхий нэмэлт гэрээ нь түрээслүүлэгчийн зөвшөөрөл олгогдоогүй улмаас хүчин төгөлдөр болж чадаагүй болно. Үүнтэй холбогдон уг нэмэлтээр тохиролцсон хураамжийн буцаалт хийгдэх боломжгүй болоод байна” гэх мэтчилэн гэрээний үүргээ биелүүлэлгүй явсаар 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №01/665 тоот “Тооцоо нийлж гэрээ дүгнэсэн тухай” албан бичгийг “А” ТӨХК-д ирүүлсэн. Тус албан бичигт “даатгалын гэрээнд хамгаалагдсан даатгалын зүйл болох JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767- 300 агаарын хөлгийг даатгалын гэрээнээс хасаж, даатгалын хураамжийн буцаалт хийх тухай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №01/2362 тоот албан бичгийг хүлээн авч давхар даатгагчдаа мэдэгдэн хураамжийн буцаалтын асуудал дээр хамтран ажилласан боловч давхар даатгагчаас зөвшөөрөгдсөн нөхцөлийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр уг агаарын хөлгийн даатгалын хамгаалалтыг дуусгавар болгон үлдэх хугацаанд ногдох 69,571.75 ам.доллар ба давхар даатгалын гэрээний AVN26 нөхцөлийн дагуу 16,633.45 ам.доллар буюу нийт 86,205.21 ам долларын буцаалт хийхийг үүгээр мэдэгдэж байна” хэмээн хариу ирүүлсэн.

Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын № 90С1520014297, №15/230 тоот үндсэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2-т “Агаарын хөлгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болох”-оор зохицуулагдсан бөгөөд 8.2 дахь заалтад “Даатгуулагч нь энэ талаар хүсэлтийг даатгагчид гаргах ба даатгагч даатгалын төрлийг солих талаар холбогдох арга хэмжээ авч холбогдох хураамжийг бууруулан нэхэмжлэлийг даатгуулагчид хүргүүлэхээр заасан”.

Давхар даатгалын В0902А15000422/01 тоот Арилжааны тусгай дугаар бүхий /UIВ0902/ “Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн “Бүх эрсдэл” ба хариуцлагын давхар даатгал”-ын гэрээний 11 дугаар хуудаст “Агаарын хөлөг сул зогссонтой холбоотойгоор буцаан олголт хийх заалт AVN26-урьдчилж мэдэгдэл өгөх шаардлага хасагдсан ба хөлгийн их бие нислэгийн болон газар дээрх эрсдэлийн даатгалын хураамжийн хэмжээ хоорондын зөрүүг 100% буцаан олгоно” хэмээн заасан байхад “Б” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж даатгуулагчийн эрх ашгийг өнөөдрийг хүртэл хохироож байна.

Иймд агаарын хөлгийн иж бүрэн даатгалын № 90С1520014297, №15/230 тоот, 115/230-1 тоот гэрээнүүд, ASI.160202 тоот Даатгалын нөхөн төлбөрийн гэрээ болон ASI.160074 тоот ослын тохиолдлын дагуу даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, даатгалын гэрээгээр хамгаалагдсан даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул нийт 2,282,826,896.3 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.

Үүнд:

1.2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ASI.160202 тоот даатгалын нөхөн төлбөрийн төгсгөлийн гэрээний дагуу даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт давхар даатгагчаас даатгуулагчид шилжүүлсэн 86,425.13 ам доллар буюу 245,993,576 төгрөг,

2. “Б” ХК болон “А” ТӨХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “А” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын №90С1520014297, №15/230 тоот гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн онгоцны буудлаас хөөрөх үедээ чиг алдан нислэгийн зурвасаас гарсан ослын улмаас EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн СБМ 7В26 сериал дугаар 890116 бүхий гэмтсэн хөдөлгүүрийг засварлах хугацаанд түрээсээр ашигласан CFM 7В26 маркийн сериал дугаар 874410 бүхий хөдөлгүүрийн түрээсийн зардалд “А” ТӨХК буюу даатгуулагчаас төлсөн 534,700 ам.доллар буюу 1,521,927,304 төгрөг,

3. Ховд-УБ чиглэлийн нислэгийн сааталтай холбоотой зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардал 70,592,779.25 төгрөг,

4. “Б” ХК болон “А” ТӨХК нь 2016-05-23-ны өдөр Даатгалын гэрээний нэмэлт болох № 90С1520014297, 15/230-1 дугаар бүхий гэрээний дагуу JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлгийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуанлийн 25 хоногийн хугацаанд газрын эрсдэлд шилжүүлэн даатгасан даатгалын хураамжийн бууралт болох 18,759.71 ам.доллар буюу 53,396,137.8 төгрөг, 

5. “Б” ХХК болон “А” ТӨХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “А” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын № 90С1520014297, №15/230 тоот гэрээний хамгаалагдсан даатгалын зүйл болох JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлгийг түрээсийн гэрээний хугацаанаас өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 26-нд өмчлөгчид шилжүүлэн өгсөнтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хуанлийн 171 хоногийн даатгалын хураамжийн буцаалт 163,415.94 ам.доллар буюу 465,134,058.3 төгрөг буюу бүгд 2,357,043,855.35 төгрөгийг “Б” ХК-аас гаргуулж өгнө.

Ам.долларын ханш өдрөөс өдөрт чангарч, төгрөгийн ханш унаж байгаа тул үүнтэй холбоотойгоор 2020 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн Монгол банкны ханш 2,846.32 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож, нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-т заасан, ийнхүү тооцож шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашигт нийцэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд “А” ТӨХК-аас даатгалын гэрээний дагуу ханшийн тохируулгад 78,379,084.23 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг шаардлага болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ховд аймгийн нисэх буудалд болсон ослын тохиолдолд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. “А” ТӨХК болон “Б” ХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр №90С 1520014297 дугаар “А” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг байгуулж, 5 ширхэг агаарын хөлгийн их бие болон хөдөлгүүрийг, зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөнд учирч болох хариуцлагыг, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлагыг, агаарын хөлгийн их бие, сэлбэг хэрэгслийн дайны эрсдэл, дайны хариуцлагыг тус тус даатгалын гэрээний зүйл хэмээн тохиролцсон.

Тус даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5-д “Даатгалын зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор Олон Улсын нэр бүхий давхар даатгагч нарт 100 хувь давхар даатгана” хэмээн заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн B090215A703401353 дугаар Давхар даатгалын гэрээг байгуулж давхар даатгалд 100 хувь даатгуулсан.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр даатгалын зүйл болох В737-800 агаарын хөлөг Ховд аймгийн онгоцны буудлаас хөөрөх үедээ чиг алдан нислэгийн зурвасаас гарсан ослын улмаас CFM 7В26 сериал дугаар 890116 бүхий хөдөлгүүр гэмтэн даатгалын тохиолдол болсон. Уг гэмтсэн хөдөлгүүрийг Малайз улсын Куала Лампур хот руу тээвэрлэж, GE компаниар засвар хийлгэсэн. Засварласан хөдөлгүүрийг Малайз улсын Куала Лампур хотоос Хятад улсын Бээжин хот руу тээвэрлэх явцад тээвэрлэлтийн буруугаас унаж дахин гэмтсэн.

Ийнхүү 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэмтлээс үүссэн хохирол болох агаарын хөлгийн хөдөлгүүрийн засварлах зардал, хөдөлгүүрийг тээвэрлэх зардал, шатахууны зардал, хөдөлгүүрийг солих болон түрээсийн хөдөлгүүрийг буцаах зардал зэрэг нийт 4,179,918.77 ам.долларыг “А” ТӨХК-д давхар даатгагч нар олгосон.

Дээрх нөхөн төлбөрөөс 4,093,493.64 ам.долларыг “А” ТӨХК-д олгосон. Үлдэгдэл 86,425.13 ам.долларыг шилжүүлээгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагын дагуу 86.425.13 ам.долларыг нэхэмжлэгчид олгоход хариуцагчийн зүгээс татгалзах зүйлгүй болно.

Харин ханшийн хувьд давхар даатгагчаас уг 86,425.13 ам.доллар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн тул тухайн өдрийн Монгол банкны ам.долларын хаалтын ханш 2,426.41 төгрөгөөр тооцон 209,702,799.68 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байх тул 36,290,776.31 төгрөгийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү.

2. Агаарын хөлгийн хөдөлгүүрт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тус тус ослоос үүссэн бүх хохирлыг “Б” ХК болон давхар даатгагч нар “А” ТӨХК-д төлж барагдуулсан.

Гэтэл нэхэмжлэгч нь EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн CFM 7В26 сериал 890116 дугаар бүхий хөдөлгүүрийг засварлах хугацаанд уг агаарын хөлөгт CFM 7В26 сериал 874410 дугаар бүхий хөдөлгүүрийг “Aviation Lease Finance” компаниас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 10 cap 7 хоног, нийт 592,800 ам.доллараар түрээслэн ашигласан. Хариуцагч тал нэг сарын түрээсийн төлбөр болох 58,100 ам.долларыг төлсөн гэж уг төлбөрийг хасаж тооцон, 534,700 ам.долларыг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Учир нь, нэхэмжлэлийн “эрх зүйн үндэслэл” хэсгийн а/-д В0902А15000422/01 дугаар “Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн Бүх эрсдэл ба хариуцлагын давхар даатгал”-ын гэрээний 10 дугаар хуудсанд заасан “Эд хөрөнгийн хохирол” гэх хэсгийг үндэслэн түрээсийн төлбөрийг нэхэмжилжээ. Уг заалт нь зорчигчийн эд хөрөнгийн хохирол буюу ачаа тээш зэрэгт учрах хохирлын талаар зохицуулсан заалт байна.

Мөн дээрх Давхар даатгалын гэрээний 1 дүгээр хуудасны “Эрх ашиг” хэсэгт “Давхар даатгуулагч дор дурдсан эрсдэлийг Даатгуулагчийн өмнө хариуцахаар үүрэг хүлээн тогтоосон тодорхой нэг даатгалын гэрээ эсхүл гэрээ, хэлцэлүүдтэй холбогдон үүсэх аливаа хариуцлагаас давхар даатгуулагчийг бүрэн чөлөөлөх” гэж зааснаар “Б” ХК нь даатгалын гэрээтэй холбоотой аливаа хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн.

Ийнхүү “Б” ХК-ийг хариуцлагаас бүрэн чөлөөлсөн гэрээний зүйл, заалтыг үндэслэн хариуцагчаас хөдөлгүүрийн түрээсийн зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн “эрх зүйн үндэслэл” хэсгийн б/-д В0902А15000424/01 дугаар “Агаарын хөлгийн их бие /сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт/-ийн дайны эрсдэл болон түүнтэй холбоотой бусад эрсдэлийн даатгал”-ын гэрээний 8 дугаар хуудсанд заасан “Түрээсээр авсан хөдөлгүүрийн гэрээ” гэх хэсгийг үндэслэн хөдөлгүүрийн түрээсийн төлбөрийг нэхэмжилжээ.

Дээрх давхар даатгалын гэрээ нь онцгой нөхцөл байдал буюу дайн болсон үед агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгсэлд учирсан хохиролд л нөхөн төлбөрийг олгох эсэхийг зохицуулах гэрээ юм.

Гэтэл дайны эрсдэл үүсээгүй байхад ийнхүү уг гэрээний заалтыг үндэслэн хариуцагчаас хөдөлгүүрийн түрээсийн зардал нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр CFM 7В26 сериал 874410 дугаар бүхий хөдөлгүүрийн түрээсийн төлбөр болох 534,700 ам.доллар гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.  Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №90С 1520014297 дугаар “А ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-ээр EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийг даатгуулсан. Уг агаарын хөлөг нь Ховд аймагт осолдсоны улмаас зорчигчдыг “А” ТӨХК өөрийн зардлаар шилжүүлэн тээвэрлэж, байрлуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх №90С 1520014297 дугаар “А ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1.2-т “Агаарын хөлгөөр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, тэдний алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа тээш, илгээмж болон түүнчлэн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын ... даатгалуудаар даатгуулан хураамж төлөх, даатгагч нь уг даатгалыг гүйцэтгэх, даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгагч н” гарсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргүүдийг харилцан хүлээв ” гэж заасан.

Зорчигчтой холбоотой дээрх гэрээний зохицуулалтад нэхэмжлэгчийн шаардаж буй “зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарах зардал” нь даатгалын тохиолдолд ороогүй бөгөөд уг зардлыг нөхөн төлөх үүрэг хариуцагч тал хүлээгээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардал болох 70,592,779.25 төгрөг гаргуулах үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“А” ТӨХК, “Б” ХК болон давхар даатгагч нар нь нийтдээ зургаан удаа “Даатгалын болон Давхар даатгалын үүргээс Бүрэн бөгөөд эцсийн байдлаар чөлөөлөх болон үүргийг дуусгавар болгох гэрээ” буюу Хаалтын гэрээ байгуулсан.

Эдгээр зургаан гэрээний эхний таван гэрээний 5 дугаар зүйл нь бүгд адил утгатай буюу зөвхөн тухайн гэрээний төлбөрийн хэмжээний хувьд эцсийн байдлаар үүргээс чөлөөлөхөөр хаалтын гэрээг байгуулсан. Харин сүүлийн зургаа дахь Хаалтын гэрээний 5 дугаар зүйл нь агаарын хөлөгт тохиолдсон ослоос үүдэн гарсан хохиролтой холбоотой гаргасан болон ирээдүйд хэзээ ч гаргаж болох бүхий л нэхэмжлэлээс давхар даатгуулагч болон давхар даатгагч нарыг үүрд чөлөөлөхөөр тохиролцон хамгийн эцсийн байдлаар байгуулсан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээтэй холбоотойгоор гэрээ дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд уг актаар талуудын хооронд бий болсон бүх тооцоог хааж тооцоо нийлсэн. Гэтэл уг гэрээ дүгнэсэн актад тусгагдаагүй асуудлаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Ховд аймгийн нисэх буудалд болсон осолтой холбоотой үүрэг дуусгавар болсон учир дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

В767-300 /бүртгэлийн дугаар JU1011/ агаарын хөлгийн даатгалын хураамжийн буцаалт нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №90С 1520014297 дугаар “А ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-ээр JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийг даатгуулсан.

Дээрх гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т “Даатгуулагч даатгалын хугацаанд аль нэг загварын агаарын хөлгийг түр хугацаагаар ашиглахгүй зогсоох тохиолдолд газрын эрсдэлийн даатгалд даатгуулах хүсэлтийг даатгагчид гаргах ба даатгагч даатгалын төрлийг солих талаар холбогдох арга хэмжээг авч холбогдох хураамжийг бууруулан нэхэмжлэлийг даатгуулагчид хүргүүлнэ ” гэж заасан.

“А” ТӨХК-ийн хүсэлтээр уг агаарын хөлгийг түр хугацаагаар ашиглахгүй зогсоох болсон тул газрын эрсдэлийн даатгалд даатгуулахыг хүссэн. JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлөг нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 23 хоног, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 73 хоног, нийт 121 хоног нислэг үйлдээгүй тул газрын эрсдэлийн даатгалд шилжсэн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн зүгээс JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийн даатгалын хураамжийн бууралтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү.

JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийг даатгалын гэрээний хугацаа дуусахаас өмнө өмчлөгчид буцаасантай холбоотойгоор даатгалын хураамжийн бууралт болох 163,415.94 ам.долларыг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №90С 1520014297 дугаар “А” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.3-т “Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно” гэж, 8.3.2-т “Агаарын хөлгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон” гэж тус тус заасан.

“А” ТӨХК нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №01/2362 дугаар “JU-1011 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн даатгалын тухай” албан бичгээрээ JU-1011 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээслүүлэгчид буцаахаар болсноо мэдэгдсэн.

Хэдийгээр “А” ТӨХК нь 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийг улсын бүртгэлээс хасаж, түрээслүүлэгчид буцаасан гэх боловч түрээслүүлэгч болох “Air Sales” компани нь “Б” ХК-ийн цахим шуудан руу ирүүлсэн мэдэгдэлдээ “А” ТӨХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийг хүлээлгэн өгсөн талаар мэдэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч нь агаарын хөлгийг түрээслүүлэгчид буцаасан өдөр болох 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс даатгалын гэрээний дуусгавар болох хугацаа болох 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, нийт 171 хоногийн даатгалын хураамжийн буцаалт болох 163,415.94 ам.долларыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Энэ шаардлагаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацааны 69,571.76 ам.долларыг даатгалын гэрээнд заасан ам.долларын ханшаар тооцож төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“А” ТӨХК болон “Б” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №90С 1520014297, 15/230 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-д “Даатгалын хураамжийг ам.доллараар тооцон, төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх ба тендер зарласан өдрийн Монгол Банкны ханшийг суурь болгон ханш 10%-аас илүү болон дутуу хэлбэлзсэн тохиолдолд даатгал үйлчлэх хоног бүрээр даатгалын хураамжид тохируулга хийнэ”, 7.11-д “Даатгуулагч нь энэхүү гэрээний 5.9-д заасны дагуу ам.долларын ханш тендер зарласан өдрийн Монгол Банкны албан ханш 10%-аас дээш өссөн тохиолдолд даатгагчийн ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу ханшийн зөрүүний тохируулга хийн, зөрүү төлбөрийг барагдуулах үүрэгтэй” хэмээн тус тус заасны дагуу ханшийн тохируулга хийхээр тохиролцсон.

Монгол Банкны зарласан хаалтын ханш 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тендер зарласан өдрийн хаалтын ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тул тус өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ханшийн тохируулга хийгдсэн бөгөөд гэрээний 10.1.3-д “ханшийн тохируулгын тооцооллыг талууд улирал бүр хийж тооцоо нийлэх ба ийнхүү тооцоо нийлснээс хойш ажлын 7 хоногийн дотор үүссэн төлбөрийн үүргийг бие биедээ барагдуулна. Хэрэв тооцооны үндсэн дээр нэмэгдэл төлбөр нь буцаалт төлбөрөөс их гарсан нөхцөлд даатгуулагч нь даатгагчид зөрүү төлбөрийг нэмж төлөх үүрэгтэй” хэмээн заасны дагуу “А” ТӨХК нь “Б” ХХК-д 78,379,084.23 төгрөгийн зөрүүг төлж барагдуулах үүрэгтэй.

Энэ талаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”-аар “А” ТӨХК нь дээрх төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул 78,379,084.23 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ТӨХК нь хариуцагч “Б” ХК-аас EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 86,425.13 ам.доллар, хөлгийн хөдөлгүүрийн гэмтлийг засварлах хугацаанд өөр хөдөлгүүр түрээсэлсний улмаас гарсан зардалд 534,700 ам.доллар, даатгалын тохиолдолд бий болж нислэг саатсаны улмаас зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардалд 70,592,779.25 төгрөг, JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэн даатгасан 25 хоногийн даатгалын хураамжийн зөрүү 18,759.71 ам.доллар, уг агаарын хөлгийг түрээсийн гэрээнд заасан хугацаанаас өмнө түрээслүүлэгчид буцаан шилжүүлсэнтэй холбогдуулан 171 хоногийн даатгалын хураамж 163,415.94 ам.долларыг буцаан гаргуулах буюу бүгд 2,357,043,855.35 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч “Б” ХК нь даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 86,425.13 ам.доллар, JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийн даатгалын хураамжид 69,571.75 ам.доллар буцаан төлөхийг тус тус зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан ба нэхэмжлэгчээс ханшийн зөрүүд 78,379,084.23 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Б” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 78,379,084.23 төгрөгийг “А” ТӨХК төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“А” ТӨХК нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Б” ХХК /одоогийн “Б” ХК/-тай 90С1520014297 15/230 дугаартай Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-г 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00 цагаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний 24 цаг хүртэл хугацаатай байгуулжээ.

 

Уг гэрээгээр  “А” ТӨХК нь В737-800 ЕI-СХV агаарын хөлгийн их бие, хоёр хөдөлгүүр, В767-300 JU-1011 агаарын хөлгийн их бие, хоёр хөдөлгүүр /маргаанд хамаарах даатгалын зүйлээр хязгаарлаж тодорхойлов/ зэрэг даатгалын зүйлийг агаарт болон газарт байх үед нь тохиолдож болох байгалийн бүх төрлийн эрсдэл; гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт; цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл эрсдэлүүд; усны бүлэг эрсдэлүүд; нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, агаарын хөлөг сураггүй алга болох, техникийн осол, гэмтэл, саатал; агаарын хөлгүүдийн их биед дайны эрсдэлийн улмаас учирч болох хохирол; агаарын хөлгийн их биед учирсан хохирлоор даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага; гуравдагч этгээдийн болон зорчигчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, шуудан, эд хөрөнгөнд учирч болох хохирлын хариуцлага; дайн, агаарын хөлгийг булаах, барьцаалах болон түүнтэй холбоотой бусад эрсдэлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хохирлын хариуцлага зэрэг даатгалын эрсдэлээс даатгуулсан ба талууд

1.Агаарын хөлгийн их биеийн даатгалын хувьд агаарын хөлөг тус бүрийн үнэлгээ, хураамжийг 

- В737-800 ЕI-СХV агаарын хөлөг, хоёр хөдөлгүүрийн хамт даатгалын үнэлгээг 26,600,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 115,096.67 ам.доллараар;

- В767-300 JU-1011 агаарын хөлөг, хоёр хөдөлгүүрийн хамт даатгалын үнэлгээг 14,500,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 83,625.51 ам.доллараар;

2.Агаарын хөлгийн хариуцлагын даатгалын хувьд нэг удаагийн тохиолдолд хүлээх нийт хариуцлагын дээд хязгаар, хураамжийг

- В737-800 ЕI-СХV агаарын хөлгийн хувьд дээд хязгаарыг 600,000,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 39,334.43 ам.доллараар;

- В767-300 JU-1011 агаарын хөлгийн хувьд дээд хязгаарыг 800,000,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 51,375.33 ам.доллараар;

3.Даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлагын даатгалын хувьд хохиролд нөхөн төлөгдөх хариуцлагын дээд хязгаар, хураамжийг

- В737-800 ЕI-СХV агаарын хөлгийн хохиролд нөхөн төлөгдөх хариуцлагын дээд хязгаарыг 720,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 24,469.73 ам.доллараар;

- В767-300 JU-1011 агаарын хөлгийн хохиролд нөхөн төлөгдөх хариуцлагын дээд хязгаарыг 970,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 40,477.45 ам.доллараар;

4.Зорчигчийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хураамжийг

- В737-800 ЕI-СХV агаарын хөлгийн 162 зорчигч, даатгалын хураамжийг 93,667.07 ам.доллараар;

- В767-300 JU-1011 агаарын хөлгийн 263 зорчигч, даатгалын хураамжийг 152,064.44 ам.доллараар;

5.Агаарын хөлгийн их биеийн дайны эрсдэлийн даатгалын хувьд агаарын хөлөг тус бүрийн үнэлгээ, хураамжийг

- В737-800 ЕI-СХV хоёр хөдөлгүүрийн хамт даатгалын үнэлгээг 26,600,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 6,043.23 ам.доллараар;

- В767-300 JU-1011 хоёр хөдөлгүүрийн хамт даатгалын үнэлгээг 14,500,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 3,294.24 ам.доллараар;

6.Дайны бүлэг эрсдэлийн улмаас гуравдагч этгээдэд учирч болох хохирлын хариуцлагын нэг удаагийн тохиолдолд хүлээх дээд хязгаар, хураамжийг

- В737-800 ЕI-СХV агаарын хөлгийн хувьд 600,000,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 17,974.84 ам.доллараар;

- В767-300 JU-1011 агаарын хөлгийн хувьд 800,000,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 17,974.85 ам.доллараар тус тус тогтоосон байх бөгөөд гэрээний нийт хураамж 1,980,000 ам.долларыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 165,000 ам.доллараар хэсэгчлэн төлөх үүргийг “А” ТӨХК хүлээсэн ба энэ үүргээ биелүүлжээ. /Талууд үүнд маргаагүй/

 

Үүнээс гадна зохигчид 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 90С1520014297 15/230-1 тоот даатгалын гэрээний нэмэлт гэрээг бичгээр байгуулж, В767-300 JU-1011 агаарын хөлгийн даатгалыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 цаг хүртэл газрын эрсдэлийн даатгалд шилжүүлж, зорчигчийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг цуцалж 82,264.37 ам.долларыг буцааж, агаарын хөлгийн их биеийн даатгалын үнэлгээг 14,500,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 87,144.02 ам.доллараар; агаарын хөлгийн хариуцлагын даатгалын үнэлгээг 800,000,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 16,675.93 ам.доллараар; даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлагын даатгалын нөхөн төлөгдөх хариуцлагын дээд хязгаарыг 970,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 10,948.82 ам.доллараар;  агаарын хөлгийн их биеийн дайны эрсдэлийн даатгалын үнэлгээг 14,500,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 1,069.28 ам.доллараар; дайны бүлэг эрсдэлийн улмаас гуравдагч этгээдэд учирч болох хохирлын хариуцлагын нэг удаагийн тохиолдолд хүлээх дээд хязгаарыг 800,000,000 ам.доллар байхаар тохирч хураамжийг 9,724.10 ам.доллараар буюу хураамжийг бүгд 147,826.52 ам.доллараар бууруулахаар тохиролцсон байна.

 

Талууд даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулсан ба зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын маргаагүй тайлбараар даатгалын гэрээний хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр даатгалын зүйл болох EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлөг нь HVD-ULN чиглэлийн нислэг хийж байхдаа хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед чиглэл алдсаны улмаас хөөрөлтийн зурвасаас гарч агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл учирсан даатгалын тохиолдолд бий болсон, “А” ТӨХК нь эвдэрсэн хөдөлгүүрийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд Малайз Улсад засварлуулсан, энэ хугацаанд “Aviation Lease Finance” компаниас CFM 7B26 маркийн 874410 хөдөлгүүрийг түрээсэлж, түрээсийн төлбөрт “А” ТӨХК-аас нийт 592,800 ам.доллар төлсөн, агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл гарснаас болж зорчигчдыг “Аэро Монголиа” ХХК-ийн агаарын хөлгөөр захиалгат нислэгээр шилжүүлэн тээвэрлэхэд 68,322,779.25 төгрөгийг, зорчигчид болон нисэх бүрэлдэхүүнийг зочид буудалд байрлуулахад 2,270,000 төгрөгийг тус тус төлсөн, “Б” ХК нь EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн хөдөлгүүр гэмтсэнтэй холбоотой даатгалын нөхөн төлбөрт нийт 3,908,771.21 ам.доллар, CFM 7B26 маркийн 874410 хөдөлгүүрийн түрээсийн 1 сарын төлбөрт 58,100 ам.долларыг тус тус “А” ТӨХК-д төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

 

Түүнчлэн “А” ТӨХК нь “Alc Blarney Aircraft limited” компанитай байгуулсан JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийг түрээслэх гэрээг хугацаанаас өмнө цуцалж, уг агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлээс 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хасуулсан үйл баримт мөн тогтоогдов.

 

Нэхэмжлэгч нь одоо EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 86,425.13 ам.доллар, хөдөлгүүр түрээсэлсний улмаас гарсан зардал 534,700 ам.доллар, даатгалын тохиолдолд бий болж нислэг саатсаны улмаас зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардал 70,592,779.25 төгрөг, JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэн даатгасан 25 хоногийн даатгалын хураамжийн зөрүү 18,759.71 ам.доллар, уг агаарын хөлгийг түрээсийн гэрээнд заасан хугацаанаас өмнө түрээслүүлэгчид буцаан шилжүүлсэнтэй холбогдуулан 171 хоногийн даатгалын хураамж 163,415.94 ам.долларыг буцаан гаргуулахаар тус тус шаардаж байгаа.

 

Хариуцагч EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 86,425.13 ам.доллар, JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийн даатгалын хураамжид 69,571.75 ам.долларыг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг дараах хоёр үндсэн хэсэгт хувааж дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэг. EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлөгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлагын тухайд:

 

1.1. Ослын улмаас энэхүү агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл учирсан даатгалын тохиолдол бий болсны улмаас талуудын тохиролцож тодорхойлсон нөхөн төлбөрөөс 86,425.13 ам.долларын үлдэгдэлтэй болох нь зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдсон хариуцагч төлөхийг зөвшөөрсөн.

 

Гэхдээ талууд ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн, эсхүл 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тооцох тал дээр маргаж байгаа тул шүүх энэхүү маргааныг эцэслэх нь нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг шийдвэрлэх гол үндэс болохоор байна.

 

Хариуцагч нь 86,425.13 ам.долларыг төлөх үүргээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өөрчлөгдөж, нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1 ам.доллар нь 2,846.32 төгрөгийн ханшид хүрсэн бодит үйл баримт нийтэд илэрхий байна.

 

Нэхэмжлэгч ханшийн өөрчлөлттэй холбогдуулан нэхэмжлэлийн энэ шаардлагын үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар шаардлага гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон 245,993,576 төгрөгөөр тооцож тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

Талууд гэрээгээр даатгалын үнэлгээ, хураамж, нөхөн төлбөрийг ам.доллараар тооцохоор тохиролцсон, хариуцагч даатгалын гэрээгээр хүлээсэн нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өссөн, 86,425.13 ам.долларын үнэ цэнэ өнөөдөр 245,993,576 төгрөгтэй тэнцэж байгаа нь тогтоогдсон тул шүүх ам.доллартой тэнцэх төгрөгийн ханшийг өнөөгийн үнэ цэнээр нь тооцож хариуцагчаар нөхөн төлүүлэх нь хуулийн дээрх зохицуулалтад заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэх зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХК-аас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 86,425.13 ам.доллартой тэнцэх 245,993,576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ТӨХК-д олгоно.

 

1.2. “А” ТӨХК нь ослын улмаас EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлгийн хөдөлгүүрт учирсан гэмтлийг Малайз Улсад засварлуулах хугацаанд өөр хөдөлгүүр түрээсэлсний төлбөрт 592,800 ам.доллар, хөдөлгүүрийн гэмтлээс нислэг саатаж, улмаар зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад 70,592,779.25 төгрөгийн зардлыг тус тус гаргасан байдалд “Б” ХК маргаагүй.

 

Гэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчээс гарсан дээрх зардлуудыг даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдлоос үүдэлтэй хохиролд тооцох үндэслэлгүй гэж маргаж байгаа бөгөөд шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх энэхүү маргааныг шийдвэрлэх гол үндэс нь нэхэмжлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцох хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг дүгнэх явдал байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 90С1520014297 15/230 дугаартай агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ нь эд хөрөнгийн, гэм хорын, хариуцлагын даатгалын шинжүүдийг өөртөө агуулсан гэрээ байна.

 

EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлөг нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр HVD-ULN чиглэлийн нислэг хийж байхдаа хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед чиглэл алдсаны улмаас хөөрөлтийн зурвасаас гарч агаарын хөлөгт гэмтэл учруулсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл хэн нэг этгээдийн буруутай үйлдлийн улмаас гаргасан техникийн ослын буюу даатгалын гэрээний 3.5-д заасан эрсдэлийн улмаас хөдөлгүүрт гэмтэл учирсан даатгалын тохиолдолд бий болсон байж болзошгүй байна.

 

Тийм бол энэ тохиолдол нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалд хамаарах бөгөөд гэм хорын даатгалаар даатгуулагчийн амьд нас, эрүү мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүргийг даатгагч хүлээдэг байна.

 

Энд заасан гэм хорыг тодорхойлоход Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан зохицуулалт үйлчлэх бөгөөд эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого нь гэм хор гэх ойлголтод хамаарахаар байна.

 

Манай тохиолдолд учирсан бодит хохирол гэх ойлголтод талуудын өөрсдийн тодорхойлон тогтоож, төлөлцсөн нөхөн төлбөрийн хэмжээг хамаатуулах бөгөөд даатгалын зүйлд хохирол учирсантай холбоотой нэхэмжлэгчээс гарсан энэ шаардлагад хамаарах нэмэлт зардлуудыг хамаатуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй “Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн бүх эрсдэл ба хариуцлагын давхар даатгалын гэрээ”-ний “эд хөрөнгийн хохирол” гэх ойлголтод даатгуулагчаас гарсан зардлыг хамаатуулахаар заагаагүй байх бөгөөд энд заасан эд хөрөнгийн алдагдалд гарсан зардлыг хамруулах боломжгүй гэж үзнэ.

 

Учир нь, эд хөрөнгийн алдагдал, гарсан зардал гэх ойлголтууд нь өөр өөр утгыг илэрхийлдэг, өөр өөр хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг тул гэрээний дээрх заалтад заасан эд хөрөнгийн алдагдал гэх ойлголтод нэхэмжлэгчээс гарсан зардлыг хамаатуулах үндэслэлгүй гэх дүгнэлтэд хүрсэн болно.

 

Иймд гэм хорын даатгалын гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Даатгалын тохиолдол нь хариуцлагын даатгалын гэрээнээс үүдэн гараагүй тул шүүх энд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

Эд хөрөнгийн даатгалын гэрээний хүрээнд даатгалын тохиолдлоос нөхөн төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзвэл талууд гэрээгээр В737-800 ЕI-СХV агаарын хөлгийг хоёр хөдөлгүүрийн хамт нийтэд 26,600,000 ам.доллар байхаар даатгалын үнэлгээг тохирсон, үүнээс хөдөлгүүрийн үнэлгээ хэд болох нь тодорхойгүй тул шүүх хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 3,908,771.21 ам.доллар, төлөх үүрэг бүхий 86,425.13 ам.долларын нийлбэр нь гэрээгээр тохирсон хөдөлгүүрийн даатгалын үнэлгээний хэмжээнд хүрч байгаа эсэх, зөрүү нь нэхэмжлэлийн энэ шаардлагын дүнгээр тодорхойлогдох эсэх асуудалд үнэлэлт өгөх  ямар ч боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчээс гарсан дээрх зардлуудыг шүүх хариуцагчийн төлөх үүрэг бүхий нөхөн төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй байна.

 

Нөгөөтээгүүр, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцож үүрэг гүйцэтгэгчээс гаргуулах хууль зүйн боломж нь даатгалын гэрээгээр “А” ТӨХК-ийн өмнө хүлээсэн үүргээ “Б” ХК зөрчсөн тохиолдолд буюу үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байж болох юм.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч энд холбогдох шаардлагын үндэслэлээ даатгалын гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн нөхөн төлбөрт хамаарна гэж тодорхойлсноос өөрөөр даатгалын гэрээгээр хүлээсэн ямар үүргээ хариуцагч хэрхэн зөрчсөний улмаас өөрөөс нэмэлт зардал гарч хохирсон буюу хоёрдогч үүргийн хүрээнд тодорхойлоогүй байдаг.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хариуцлагын хүрээнд ч нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тиймээс хөдөлгүүр түрээслэхэд гарсан зардал 534,700 ам.доллар, зорчигч шилжүүлэн тээвэрлэх, байршуулахад гарсан зардал 70,592,779.25 төгрөгийг тус тус “Б” ХК-аас гаргуулах “А” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийн даатгалын хураамж буцаан гаргуулахтай холбоотой нэхэмжлэгчийн шаардлагын тухайд:

 

Талууд даатгалын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 цаг хүртэл хүртэлх хугацаанд газрын эрсдэлд шилжүүлэхээр тохиролцож, даатгалын хураамжийг 147,826.52 ам.доллар буюу 290,266,241.61 төгрөгөөр бууруулж, даатгагч нь даатгуулагчийн 2016 оны 6 сарын даатгалын хураамжийг тухайн дүнгээр хөнгөлөх буюу харилцан тооцохоор тохирсон байдаг ч ийнхүү тооцоогүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4.3, даатгалын гэрээний 8.2-т заасанд тус тус нийцсэн байна.

 

Даатгалын гэрээнд заасан эрсдэлийн төрлийг нислэг үйлдэхгүй болсон нөхцөл байдалдаа тохируулан өөрчилж, ийнхүү нэмэлт гэрээ байгуулсан явдал нь JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг түрээслүүлэгч “Alc Blarney Aircraft limited” компанийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд ийнхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад түрээслүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг хууль болон даатгалын гэрээгээр шаардаагүй тул шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

 JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлснээс хойш 25 хоногийн дараа “А” ТӨХК болон “Alc Blarney Aircraft limited” компанийн хооронд байгуулагдсан уг агаарын хөлгийг түрээслэх гэрээ цуцлагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Агаарын хөлгийн түрээсийн гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд ийнхүү цуцлагдсан нь зохигч талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлөгт хамаарах хэсгээр цуцлагдах шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.” гэж заасан бөгөөд түрээсийн гэрээ цуцлагдсан явдал нь энд заасан хүндэтгэх үзэх үндэслэлд хамаарна.

 

Зохигчид JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлөгт хамаарах хэсгээр даатгалын гэрээ цуцлагдсан байдалд маргаагүй боловч хэдийд цуцлагдсан талаар маргаж байгаа.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн хөлгийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын бүртгэлээс хасаж, түрээслүүлэгчид хүлээлгэн өгснөөр мөн өдөр цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь улсын бүртгэлээс хасагдсан агаарын хөлөг нь 28 хоногийн дотор ямар нэг чиглэлд нислэг үйлдэх боломжтой гэх үндэслэлийг гаргаж, агаарын хөлгийг түрээслүүлэгчид бодитоор хүлээлгэн өгсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээ цуцлагдсан гэж мэтгэлцсэн.

 

JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлээс хассан Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 149 DC/16 тоот гэрчилгээнд “Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна.” гэсэн Иргэний нисэхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь зохицуулалтыг үндэслэл болгосноос үзэхэд уг агаарын хөлгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байсан гэж дүгнэх нь эдийн засгийн хувьд болоод цаг хугацаа, хууль зүйн хувьд алдаатай болно.

 

Түрээсийн хөлгийг түрээслүүлэгчид бодитоор хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтыг зохигч байгууллагуудын ажилтнууд болох Жадамба, Т.Саруул нарын хоорондоо харилцсан “...Одоогоор JU-1011 эцсийн байдлаар түрээслүүлэгчид хүлээлцээгүй байгаа...” гэсэн агуулга бүхий 2016 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдрүүдийн цахим захидал бүрэн нотлохгүй, энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд илүү үндэслэл бүхий нотолгооны ач холбогдолтой байх тул шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүх даатгалын гэрээ JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлөгт хамаарах хэсгээр 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цуцлагдсан гэх дүгнэлтэд хүрсэн болно.

 Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д зааснаар гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах тул даатгуулагч “А” ТӨХК нь мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд ногдох даатгалын хураамжийг даатгалын гэрээ болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагч “Б” ХК-д төлөх, харин нэгэнт хураамж төлөгдсөн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан өдрөөс гэрээ цуцлагдах өдрийг хүртэлх хугацааны бууруулан тооцсон хураамжийн зөрүүг, гэрээ цуцлагдаж, даатгалын хамгаалалт дуусгавар болсноос хойших 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох хураамжийг тус тус мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “А” ТӨХК буцаан шаардах эрхтэй.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч нь даатгалын үндсэн гэрээнд заасан хэмжээгээр хураамжийг урьдчилан төлсөн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул шүүх нэхэмжлэгчийг JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлсэн 25 хоног /2016.06.01-2016.06.25-ныг дуустал/-ийн хугацаанд ногдох даатгалын буурсан хураамжийн зөрүүд 18,759.71 ам.доллар /энэ хэмжээнд хариуцагч маргаагүйн дээр тооцоолол үндэслэлтэй/, мөн 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 171 хоногийн хугацаанд ногдох даатгалын хураамж 163,415.94 ам.доллар /энэ хэмжээнд мөн хариуцагч маргаагүй, тооцоолол үндэслэлтэй/ буюу нийт 182,175.65 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Шүүх 182,175.65 ам.долларыг нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш /2,846.32 төгрөг/-аар тооцож, тодорхойлох нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэх зарчим болоод зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний төлбөрийг ам.доллараар гүйцэтгэхээр тохиролцсон байдал, ам.долларын төгрөгөөр илэрхийлэгдэх үнэ цэнд тус тус нийцэх тул хариуцагч “Б” ХК-аас 518,530,196.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” МӨХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Эцэст нь шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Б” ХК-аас нийт 268,600.78 ам.доллартой тэнцэх 764,523,772.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ТӨХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 1,592,520,083.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг тус тус баримтлан “Б” ХК-аас 764,523,772.10 төгрөгийг гаргуулж “А” ТӨХК-д олгож, “А” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,592,520,083.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Б” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 78,379,084.23 төгрөгийг “А” ТӨХК төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12,388,214 төгрөгөөс 12,387,279 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 550,000 төгрөгөөс 549,845.4 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1,089.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид 935 төгрөгийг, хариуцагчид 154.6 төгрөгийг тус тус буцааж, хариуцагчаас 3,980,568.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 549,845.4 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас шинжээчийн зардалд 268,000 төгрөг төлснийг дурдаж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 181,168 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА