Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1014

 

Б.О.В-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00735 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.О.В-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТМХС ХХК-д холбогдох

 

Хөдөлмөрийн гэрээний хугацаанд авбал зохих шагналт цалин хөлс урамшуулал, ажил хүлээлцэх үеийн олговор, бусад зардал нийт 29 823 753 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б- нь Оросын холбооны улсын Буриад харьяалалтай хүн байгаа. Энэ хүн Монгол Улсын ТМХС ХХК-д ирж ажилласан. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба гэрээний хугацаа дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн гэрээнд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд удирдагчийн сарын цалин хөлс нь 8 000 000 төгрөг, нийгмийн даатгал болон татвар төлөгдсөний дараа компаний шийдвэрийн дагуу цалингийн 40 хүртэл хувиар урамшуулал олгож болно гэж тус тус заасан. Ийнхүү заасны дагуу 2016 оны 3, 4 дүгээр улирлын буюу нийт 6 сарын ажлын үр дүнг харгалзан шагналт цалинг олгоогүй. Шагналт цалин нийт 15 360 000 төгрөг. Татвар, нийгмийн даатгал төлөгдсөний дараа гар дээр олгогдох үндсэн дүн 8 000 000 төгрөгөөс 2016 оны 3 дугаар улирлын нийт цалин 24 000 000 төгрөгийн 25 хувиар, 4 дүгээр улирлын тооцоо 24 000 000 төгрөгийн 39 хувиар урамшуулалт цалин, нийт 15 360 000 төгрөгийн урамшууллыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгох ёстой. Учир нь гүйцэтгэх захирлын өөрийнх нь гаргасан тушаал болон захидал харилцаа болон бусад нотлох баримтууд дээр үндэслэн уг огноог тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2016 оны 3, 4 дүгээр улирлын ажилтнуудын урамшууллыг О.Б- олгож шийдвэрлэхдээ ерөнхий захирал болон ерөнхий нягтлан бодогч нарын цалинг хойшлуулсан ба аудитын дүгнэлт гарсны дараа олгохоор шийдвэр гарсан. Аудитын дүгнэлт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарч, энэ өдрөөс эхлэн урамшууллыг олгох ёстой. Уг өдрөөр тасалбар болгож ерөнхий нягтлан бодогчид урамшуулал олгогдсон. Харин ерөнхий захиралд урамшуулалт цалин олгогдоогүй тул олгох ёстой байсан хугацаанд олгоогүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар алданги нэхэмжилсэн. Алдангийг хоногийн 0,3 хувиар тооцож 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 329 хоногоор тооцож нийт 15 160 320 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 7 680 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх 4 хоногийн цалин 2 000 000 төгрөг, уг цалинг хугацаандаа олгоогүй тул Иргэний хуулийн дагуу 50 хувиар тооцож алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг нэхэмжилнэ.

Мөн орчуулгын зардал хөдөлмөрийн гэрээ, ажил хүлээлцсэн тухай баримт болон бусад баримт гээд нийт 711 053 төгрөг, Соён орчуулгын төвөөс Орос хэлнээс Монгол хэл рүү орчуулсан хөдөлмөрийн гэрээний орчуулга 181 000 төгрөг, итгэмжлэл олгох, нотариатаар баримт бичиг батлуулахад 20 200 төгрөг, өмгөөллийн ИЭлСи ХХН-д 2 790 000 төгрөг төлсөн. Эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлыг нэмж нэхэмжлээд сүүлийн байдлаар 82 500 төгрөгийн орчуулгын зардлыг нэмж нийт 29 823 753 төгрөг болж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар цорын ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэр О.Б- О.В-д шагнал, урамшуулал олгох тухай шийдвэр байхгүй нь үнэн гэж өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Нийгмийн даатгалд шагнал урамшуулал төлсөн мэтээр тайлан өгсөн байдаг ба үүнийг хувьцаа эзэмшигч хийж байгаа юм биш. Ерөнхий захирлын албан тушаалд сууж байгаа хүн өөрөө өөртөө нотлох баримт бий болгож байна. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргаагүйгээр нотлох баримт гаргаад байгаа Монгол Улсын Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-т гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох, 62.2.3-т компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох, 62.2.4-т гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтооно гэж тодорхой заасан. Хөдөлмөрийн гэрээний үүрэгт компанийн дүрмийг баримталж үйл ажиллагаа явуулна гэж тусгасан. Дүрмийн 7 дугаар заалтанд компаний ерөнхий захиралтай байгуулах гэрээний нөхцөлд олгох шагнал урамшууллын хэмжээ, оноох хариуцлагыг зөвхөн гишүүдийн нэгдсэн хурлын онцгой эрх мэдлийн хүрээний асуудал гэж заасан. Үүнийг О.Б- шийдэх ёсгүй, харин түүний эрх хэмжээг компанийн дүрэмд тусгасан. Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ерөнхий захирал бие даан компанийг удирдан ажиллуулах ба энэхүү дүрмийн дагуу бүх гишүүдийн нэгдсэн хурлын эрх мэдэлд хамааруулснаас бусад бүх өдөр тутмын ажлыг удирдан явуулна гэж заасан. Хэрвээ өөрийнх нь эдлэх эрхийн ж-д компаний ажиллагсдад компаний дүрмээр тогтоосон шагнал урамшуулал болон арга хэмжээ авна гэсэн. Ажилчдын шагнал урамшууллыг дүрэмд зааснаар ерөнхий захирал өөрийнхөө эрх хэмжээнд шийдэхээр байгаа. Харин ерөнхий захирлын урамшууллыг компанийн гишүүдийн нэгдсэн хурлаар шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарах ёстой компаний дүрэмд О.Б-т үүрэг болгосон заалт байгаа. Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3.2-ийн к-д ерөнхий захирал нь бүх гишүүдийн нэгдсэн хурлын онцгой эрх мэдэлд хамааруулаагүй бусад эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэж заасан. Харин 6.3.3-т ерөнхий захирлын үүргийн б-д ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлс болон албан тушаалыг олгохдоо цалингийн систем боловсруулж бүх гишүүдийн нэгдсэн хурлаар батлуулах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, О.Б- өөрөө мэдээд тушаал журам боловсруулж, батлан, өөртөө шагнал урамшуулал олгож байсан. О.Б- өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн өөртөө шагнал урамшуулал оноож, тайлан бичүүлж, нийгмийн даатгалд өгөн эрх хэмжээгээ хэтрүүлсэн учраас цорын ганц хувьцаа эзэмшигч түүний гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон. Тиймээс О.Б-д шагнал урамшуулал олгох нь үндэслэлгүй.

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр О.Б- ажлаа хүлээлгээд өгсөн бөгөөд мөн өдрөөр тасалбар болгоод түүний цалин хөлсийг олгосон тул 4 хоногийн цалин олгох үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан ТМХС ХХК-аас шагналт цалин хөлс урамшуулал түүний алданги нийт 23 040 000 төгрөг, ажил хүлээлцэх үе буюу 4 хоног ажилласан хугацааны цалин олговор алданги нийт 3 000 000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 3 783 753 төгрөг бүгд 29 823 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О.В-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00702 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 2-т хариуцагч ТМХС ХХК-ийн эзэмшлийн 36-70 УНО дугаартай тоёото прадо маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хариуцагчийн Голомт банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ авсан хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн шүүхийн 102/ШШ2018/00735 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь тус компанид 2012 оноос ажиллаж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөс тус компанийн Ерөнхий захиралаар томилогдож, Ерөнхий захирлын бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/1 тоот ажилчдын хөдөлмөрийн цалин олгох тухай журам батлах тухай тушаалыг гаргаж байсан нь ТМХС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан нэмэлт өөрчлөлтөөр нотлогддог. Иймд шүүгч дээрх байдлаар дүгнэж байгаа нь нотлох баримтыг дутуу үнэлсэн нь харагдаж байна.

Ерөнхий захирал нь ТМХС ХХК-ийн дүрмийн 6.3.2 дахь хэсгийн а, ж-д заасны дагуу тушаал гаргах эрх эдлэх бөгөөд компанийн ажиллагсдад дотоод дүрэм, журам ба компанийн дүрмээр тогтоосон шагнал урамшууллын арга хэмжээг авах эрхтэйгээр зохицуулсан. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээний 4.1.11, 4.1.14, 4.1.15-т заасныг үндэслэн Гүйцэтгэх захирал О.Б- О.В. нь компанийн ажилчдыг урамшуулах тухай тушаал гаргасан. Гэтэл шүүгч тус дүрмийн шагнал урамшуулал олгохтой холбоогүй зүйл заалтыг үндэслэж байгаа нь тус шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байгааг илэрхийлнэ.

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 137/1 тоот тушаалын 1 хавсралт ТМХС ХХК-ийн ажилчин албан хаагчдыг урамшуулах журмын 2.1.1-д заасны дагуу Ерөнхий захирал нь компанийн ажилчдын 1 дүгээр зэрэглэлийн ангилалд хамаарах бөгөөд тус журмын 2.1.2-т зааснаар ажилчдын уг ангилалд урамшуулал олгох болзол нөхцөлийг тус журмаар биш, харин Ерөнхий захиралтай байгуулсан гэрээгээр зохицуулахаар тогтоосон нь тодорхой байна.

Түүнчлэн шүүхээс 128/1, 200 тоот тушаалуудыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ТМХС ХХК-ийн ганц гишүүн Ю.С.Дегтярёвын тушаалаар хүчингүй болгосныг дурьдаж байгаа нь ойлгомжгүй. 128/1 тоот тушаал нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 200 тоот тушаал нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, уг тушаалууд нь нэхэмжлэгч О.Б- О.В халагдах хүртэлх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд тушаалуудыг үндэслэн О.Б- О.В-аас бусад компанийн бүх ажилчид шагнал урамшууллыг авсан нь хэрэгт хавсаргасан баримтаар нотлогддог. Иймд эдгээр тушаалуудын эрх зүйн үр дагавар О.Б-аас бусад ажилчдын хувьд хэрэгжсэн, мөн цаг хугацааны хувьд тушаалуудыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчингүй болгосон нь хэргийг хэлэлцэхэд огт хамааралгүй юм.

Хөдөлмөрийн гэрээний 7.2-т заасны дагуу ерөнхий захиралд шагналт цалин олгох гол болзол нөхцөл нь ТМХС ХХК-ийн ганц гишүүн болох ТМХ-Сервис ХХК, түүнийг удирдаж буй Локомотивные технологии ХХК-ийн Ерөнхий захирал А.А.Белинскийгээсурамшууллыг олгох тухай шийдвэр гарах явдал юм. А.А.Белинский нь ТМХС ХХК-ийн удирдлагыг ОХУ-аас хэрэгжүүлж байсан тул О.Б- О.В нь тус компанийн эрх бүхий этгээдийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлыг тодруулах зорилгоор Локомотивные технологии ХХК-д мэйл бичиж, хариу шийдвэрийг цахим хэлбэрээр хүлээж авдаг байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тухайн шийдвэр нь цахим хэлбэрээр гарсан эсэхийг тогтоохоор О.Б- О.В-ын цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хангасан боловч 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар үзлэгийг явуулахдаа шүүгч шагналт цалинг компанийн ажилтнуудад олгуулах тухай 200 тоот тушаалыг гаргахыг хүлээн зөвшөөрсөн тухай А.А.Белинскийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн цахим харилцаанд үндэслэлгүйгээр үзлэг хийхээс татгалзсан. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргийг шүүгч биелүүлээгүй бөгөөд ийнхүү үзлэг хийхээс татгалзснаар шүүгч хэргийг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Шүүгч ажил хүлээлцсэн тухай баримт байна гэдгийг зөвшөөрсөн атал ямар нэг цагийн бүртгэл хийгдээгүй гэснийг үндэслэл болгосон. Ажил олгогч нь О.Б- О.В-ийг цагийн бүртгэлийн баримтад түүнийг бүртгүүлэхгүй байхаар зааварчилгааг ерөнхий нягтлан бодогчид өгсөн байх магадлалтай. Харин шүүх ийнхүү дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэхгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 19-т хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэр /тушаал/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно гэж заасан. Гэтэл ажил олгогчийн гаргасан О.Б- О.В-ийг халах тухай 42/ЛС дугаартай тушаалд ажил хүлээлгэх хугацааг тогтоогүй бөгөөд эрх бүхий байгууллагын тамгагүй, ОХУ-ын хууль тогтоомжийг удирдлага болгосон нь ажил олгогч Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоож, Монгол дахь өөрийн компанийн ажилтнуудад хууль бусаар хандаж байгааг нотолж байна.

Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн цахим хэлбэрээр ирүүлсэн шийдвэрээс үзэхэд 2016 оны 3, 4 дүгээр улирлын шагналт цалин урамшууллыг 2016 оны аудитын эцсийн дүгнэлт гаргах хүртэл буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нөөцлөн хадгалахыг шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, хэрэв Ерөнхий захирал 2016 оны 2 дугаар хагаст алдаа, дутагдал гаргасан бол ажил олгогч нь үүнийг үндэслэн шагналт цалин олгохгүй тухай шийдвэр гаргах боломжтой. Энэхүү ажил олгогчийн шалгах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан нь давхар баталгаажуулж байна. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/1 тоот ажилчдын хөдөлмөрийн цалин олгох тухай журмын 7.4-д Ажилтны ажлын байр дахь чиг үүрэг, Компанийн дүрэм журам, үйлдвэрлэлийн зорилт, шууд удирдах албан тушаалтан эсхүл Ерөнхий захирлын үүрэг, даалгавар зэргийг чанартай, тогтоосон хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд, түүнчлэн тухайн тайлагналын хугацаанд ажилтан хөдөлмөрийн сахилга батыг зохистойгоор мөрдсөн, түүнд аливаа сахилгын арга хэмжээ авагдаагүй, сахилга батын зөрчилгүй, үйлдвэрлэлийн ноцтой дутагдал гаргаагүй тохиолдолд шагналт цалин олгогдох-оор гэж зохицуулсны дагуу Ерөнхий захирал дээр дурдсан зөрчил, дутагдал гаргаагүй боловч гаргасан талаар нотлох баримтгүй тул шагналт цалин олгогдох үндэслэлтэй. Харин тухайн нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/1 тоот ажилчдын хөдөлмөрийн цалин олгох тухай журмын 5.6-д хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтанд олговол зохих бүхий л мөнгөн дүнг түүний халагдах өдөр олгохоор зохицуулсан. Нэхэмжлэгч халагдах өдөр шагналт цалин аваагүй тул 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр түүний эрх зөрчигдсөн хэмээн тооцох тул шүүгчийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа холбогдох хуулийг хэрэглээгүй, үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, үзлэг хийх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч ТМХС ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний 1.1, 7.2-т заасны дагуу ажиллаж байх хугацаандаа авах байсан 2016 оны 3, 4 дүгээр улирлын шагналт цалин 15 360 000 төгрөг түүнийг олгох хуулийн хугацаа хэтрүүлсний алданги 7 680 000 төгрөг, нийт 23 040 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх ажлын 4 өдөрт ногдох ажил хүлээлцэх үеийн олговор, алдангийн хамт 3 000 000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой бусад зардал 3 783 753 төгрөг, нийт 29 823 753 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Б.О.В- нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээ болон компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, ажлаас чөлөөлсөн өдрөөс хойшхи хугацаанд цалин олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.О.В- нь хариуцагч ТМХС ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ТМХС ХХК-ийн Ерөнхий захирлын ажил үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан ба гэрээгээр тохирсон хугацаа 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дууссантай холбоотойгоор зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 128/1 тоот ажилчдад хөдөлмөрийн цалин хөлс олгох журам батлах тухай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200 тоот, 2016 оны 3, 4 дүгээр улирлын шагнал урамшууллыг олгох тухай тушаал тус тус гаргасан ба дээрх тушаалын дагуу компанийн ажилчдад 2016 оны 3 дугаар улирлын шагнал урамшууллыг цалингийн 25 хувь, 2016 оны 4 дүгээр улирлын шагнал урамшууллыг цалингийн 39 хувиар тооцон олгохоор шийдвэрлэж нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, санхүүгийн тайлан гаргажээ. /1 дэх хавтас 97, 102, 191, 196, 227, 228, 2 дахь хавтас 90 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь ТМХС ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдохоос өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажилчдад хөдөлмөрийн цалин хөлс олгох журам батлах тухай 128/1 тоот тушаалыг гаргасан байгаа нь ойлгомжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4-т Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. гэж, талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т Компани нь удирдагчийн хичээнгүйлэн хийсэн үр дүн бүхий ажлыг урамшуулах гэж, ТМХС ХХК-ийн дүрэмд Ерөнхий захирал ажиллагсдын цалин хөдөлмөрийн хөлс болон албан тушаалтны орон тоо, цалингийн систем боловсруулж бүх гишүүдийн нэгдсэн хурлаар батлуулах, ажилчин, албан хаагчдыг урамшуулах журамд урамшуулал олгох болзол нөхцөлд Ерөнхий захирлаас бусад ажилчдад хамаарна гэж тус тус заасан байгаагаас үзэхэд компанийн ерөнхий захирал буюу нэхэмжлэгч нь өөртөө цалин урамшуулал олгох эрхгүй байх ба дээрх 128/1, 200 тоот тушаалууд нь Монгол Улсын Компанийн тухай хууль, тус компанийн дүрэм болон талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчжээ.

 

Улмаар нэхэмжлэгч Б.О.В-ийн гаргасан дээрх тушаалуудыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ТМХС ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ю.С.Дегтярёвын тушаалаар хүчингүй болгосон байна. /хэргийн 1 дэх хавтас 66-71, 76-83, 151-152, 2 дахь хавтас 77-78 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний цахим хаягт шүүх үзлэг хийсэн боловч хариуцагч ТМХС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас түүнд хэдий хугацаагаар тооцон ямар хэмжээний урамшуулал олгох шийдвэр гарсан талаарх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд ийм шийдвэр гарч, түүнд цахим хэлбэрээр ирсэн гэх баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд ирүүлээгүй тул дахин өөрийн цахим хаягт ирсэн шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасныг хүлээн аваагүйг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчид урамшуулал олгох шийдвэрийг хариуцагч түүний цахим хаягт ирүүлсэн болохыг үзлэг хийлгэх хүсэлтийн хамт нэхэмжлэгч өөрөө шүүхэд ирүүлээгүй буюу үзлэг хийлгэх үндэслэл шаардлага тогтоогдоогүй байна.

 

Харин шүүх нэхэмжлэгчийг тус компанийн Ерөнхий захирлын үүрэгт ажлыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ажилласан талаар цагийн бүртгэлд бичигдээгүй гэж түүний ажил хүлээлцэх хугацааны 4 хоногийн олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Учир нь ажил олгогч ТМХС ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.А.Белинскийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 42/ЛС дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгч Б.О.В-ийг тус компанийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаас мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс чөлөөлжээ. /хэргийн 1 дэх хавтас 38 дугаар тал/

 

Уг тушаалтай нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр танилцаж, хуулбарлан авсан гэж тайлбарлажээ.

 

Улмаар нэхэмжлэгч нь Ерөнхий захирлын үүрэгт ажлыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэн хүлээлцсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд тушаал гарсан өдөр ажил хүлээлцээгүйд нэхэмжлэгч буруутай болох нь тогтоогдохгүй байх тул түүний ажил хүлээлцэх өдөр хүртэлх ажлын 4 хоногийн олговрыг түүний хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон 8 000 000 төгрөгийн цалингаас тус сарын ажлын өдөрт ногдох хэмжээгээр тооцон 2 000 000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасан алдангийн зохицуулалт нь 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсөд хамаарах болохоос олговорт хамаарахгүй тул алданги гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 сарын дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор бусдаас эрх зүйн туслалцаа авсан хөлс болон баримт орчуулуулж, нотариатаар батлуулсны хөлс төлсөн нь хариуцагчийн буруугаас буюу үүрэг зөрчсөн үйлдэлтэй холбоогүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00735 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТМХС ХХК-аас ажил хүлээлцэх үе буюу 4 хоног ажилласан хугацааны цалин олговор 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О.В-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 823 753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч ТМХС ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 070 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

С.ЭНХТӨР