Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 101/2021/00541

 

 

 

 

 

 

 

                           2021         02         18                             

                               101/ШШ2021/00541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  *******гийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,551,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Рагчаасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шихихутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  Д.******* О.Ирбуянд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5134011786 тоот данснаас О.Ирбуяны Хаан банкны 5037039519 тоот дансанд 5,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй барьцаагүйгээр итгэл үзүүлэн зээлсэн бөгөөд тухайн үедээ мөнгөтэй болохоороо эргэн төлье зээлийн гэрээгээ дараа хийе/ тухайн үед бид завгүй зөвхөн утсаар ярьсан/ гэсэн тохиролцоогоор өгсөн болно. Тохиролцооны дагуу зээл болон зээлийн хүүг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл төлж байгаад үүнээс хойш зээлийн хүүгийн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй, мөн утсаа авахгүй уулзахгүй байгаагаас гадна тохиролцсон зээлийн гэрээгээ хийхээс зайлсхийж итгэл эвдэн худал ярьж заль мэх гаргаж 3 жил шахуу хойшлуулан явж байгаа тул зээлсэн 5,000,000 сая төгрөгийг хариуцагч О.Ирбуянаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч О.Ирбуян нь надаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүү сарын 350,000 төгрөгийг 3 удаа 200,000 төгрөгийг 1 удаа төлсөн байдаг. Миний бие өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зөвхөн үндсэн зээлийг шаардсан байдаг бөгөөд тус хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Үүнд: Хариуцагч О.Ирбуян нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээлийн хүүгийн төлбөрт 13,801,666 төгрөг төлөхөөс нийт 1,250,000 төгрөг төлсөн. Одоо зээлийн хүүгийн төлбөрт 12,551,666 төгрөгийн үлдэгдэлтэй байна. О.Ирбуян нь надаас 5,000,000 төгрөгийг зээлэхдээ хүүтэй гэдгийг мэдэж, өөрөө хүлээн зөвшөөрсөн мөн хүүгийн төлбөр төлж, энэхүү үйлдлээрээ баталгаажуулсан болно. Иймд О.Ирбуянгаас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг 12,551,666 төгрөгөөр нэмэгдүүлж байна. О.Ирбуянгаас нийт 17,551,666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жигс-Ундарга” ХХК-ний бизнесийн зорилгоор О.Ирбуян миний бие иргэн Д.*******гээс 2017 онд 5,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлийг 2017 ондоо манай “Жигс-Ундарга” ХХК-ний нягтлан бодогч ажилтай П.Рагчаасүрэн төлж барагдуулаад байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас суутган тооцож авсан тухай надад хэлсэн юм. П.Рагчаасүрэн ярихдаа “би Д.*******тэй машин худалдах талаар ярьж байгаа. Тэрэндээ 5,000,000 төгрөгийн тооцоог оролцуулчихна. Та 5,000,000 төгрөгийг төлсөнд тооцоорой би компанийн тооцооноосоо суутгаад авчихсан” гэсэн. Тухайн үед би бичгээр тэмдэглэл хийж аваагүй нь эд нарын өнөөдөр үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн санаатай заль мэх гэж ойлгож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлага гаргахдаа 12,551,666 төгрөг нэмж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. О.Ирбуян нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.*******гээс 5,000,000 төгрөг утсаар ярьж тохиролцон зээлсэн. О.Ирбуян Д.*******д дараах байдлаар нийт 1,250,000 төгрөг төлсөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5134011786 тоот дансаар 350,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5134011786 тоот дансаар 350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5134011786 тоот дансаар 350,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5134011786 тоот дансаар 200,000 төгрөг нийт 1,250,000 төгрөг төлсөн. Д.******* нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож үндсэн зээлийн 5,000,000 төгрөгөөс О.Ирбуянгийн төлсөн 1,250,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байгаа тул үлдэгдэл 3,750,000 төгрөгийг О.*******д төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч О.Ирбуянд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12,551,666 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 17,551,666 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 3,750,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч нь өөрийн танил П.Рагчаасүрэнгийн гуйснаар хариуцагч О.Ирбуянд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,  мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 хэсэгт “зааснаар мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зохицуулсан.

Зээлийн гэрээ байгуулах зорилгоор нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэнтэй талууд маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, талууд зээлийн гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 17,551,666 төгрөгийг тодорхойлохдоо үндсэн зээл 5,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн учир хүүгийн төлбөрт  12,551,666 төгрөг, үндсэн зээл 5,000,000 төгрөг гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ “... нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримттай маргахгүй боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүүд төлсөн 1,250,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцуулахаас гадна зээлийн хүү төлөх үүрэггүй” гэж маргасан.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцааж төлөх хугацааг талууд тогтоогоогүй байх тул зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх үүрэг зээлдэгч талд үүсэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зохицуулсан бөгөөд тус зохицуулалтаар зээлийн гэрээ байгуулахдаа хүү тогтоож болох боловч хүү шаардах эрхийг хангахын тулд гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуулиар заасан.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч хүү шаардах эрхээ эдлэхийн тулд гэрээг бичгээр байгуулах шаардлагатай юм.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар талууд зээлийн гэрээнд хүү тогтоосон талаар хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгч тал зээлдэгч талаас хүү шаардах эрхгүй юм.

Хэдийгээр, зээлдүүлэгч тал зээлдэгч талаас ийнхүү зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй улмаас хүү шаардах эрхгүй боловч хариуцагч нь 4 удаагийн гүйлгээгээр “з/хүү, хүү” гэсэн утгаар нийт 1,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 45-48 дахь талд/

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зохицуулсан.

Тайлбарлавал, хариуцагчийн нэхэмжлэгчид “зээлийн хүү” төлөх зорилгоор шилжүүлсэн буюу нэгэнт хүлээн зөвшөөрч, өрийг төлсөн “хүсэл зориг”-ийг үгүйсгэх боломжгүй тул зээлийн хүүд төлсөн 1,250,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч О.Ирбуянаас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,551,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

 

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Ирбуянаас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,551,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ирбуянаас 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ