Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00760

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бгийн хариуцагч О.Ид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17 551 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бгээс хариуцагч О.Ид 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5134011786 тоот данснаас О.Иы Хаан банкны 5037039519 тоот дансанд 5 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй барьцаагүйгээр итгэл үзүүлэн зээлсэн. Тохиролцооны дагуу хариуцагчаас зээл болон зээлийн хүүг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл төлж байгаад үүнээс хойш зээлийн хүүгийн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүнд 1 250 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 12 551 666 төгрөг, нийт 17 551 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жигс-Ундарга ХХК-нийн бизнесийн зорилгоор О.И миний бие иргэн Д.Бгээс 2017 онд 5 000 000 төгрөг зээлсэн. Уг зээлийг 2017 ондоо манай Жигс-Ундарга ХХК-ний нягтлан бодогч ажилтай П.Рагчаасүрэн төлж барагдуулаад байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас суутган тооцож авсан тухай надад хэлсэн. Нэхэмжлэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлага гаргахдаа 12 551 666 төгрөг нэмж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. О.И нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Бгээс 5 000 000 төгрөг утсаар ярьж тохиролцон зээлсэн. О.И нь Д.Бд нийт 1 250 000 төгрөг төлсөн. Д.Б нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс О.Игийн төлсөн 1 250 000 төгрөгийг хасч 3 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Иаас 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 551 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Иаас 94 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Бтэй байгуулсан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү шаардах эрхээ алдана. Анхан шатны шүүх мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсгийг үндэслэл болгож Б.Батхүүд төлсөн 1 250 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй нь буруу. Иймд О.Игаас 3 500 0000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.Ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 3 500 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 1 500 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэхээр харилцан тохиролцож, тус өдрөө нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зохигчид зээлийн гэрээг амаар байгуулсан тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан зээлийн хүү шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 551 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч хүү шаардах эрхээ эдлэхийн тулд гэрээг бичгээр байгуулах шаардлагатай юм. Нэхэмжлэгч талаас энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 1 250 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой байсан гэх агуулгаар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ. Хариуцагч О.Игаас 4 удаагийн гүйлгээгээр 1 250 000 төгрөгийг хүү гэсэн утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь О.Игийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхээс дээрх төлөлтүүдийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцоогүйг буруутгахгүй. /хэргийн 45-48 дугаар тал/ Өөрөөр хэлбэл уг мөнгийг 5 000 000 төгрөгийн зээлд тооцохоор шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00541 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

С.ЭНХТӨР