Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/2021/00696

 

 

 

 

 

 

 

                            2021         03      04                             

                               101/ШШ2021/00696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Балт,

Хариуцагч:  Наранцэцэг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 63,786,356.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, хариуцагч Ж.Балтын өмгөөлөгч О.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.  

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нар нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус банкнаас 17/97 тоот Зээлийн болон барьцааны гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-ний үндсэн дээр 60,000,000 төгрөг сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 40,531,852.67 төгрөг, хүний өр 21,979,442.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 1,275,061.66 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг төлүүлэх талаарх банкны удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдэж байсан. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2020 оны 08 сарын 07-ны өдөр дууссан. Өмнө нь банкны зүгээс 2019 оны 05 дугаар сард шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад зээлдэгч нарт нэхэмжлэлээ гардуулж чадаагүй учир зээлдэгч нарын оршин суугаа хаягийг тогтоолгох зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/01271 тоот эрэн сурвалжлуулах шийдвэрээр Ж.Балтыг эрэн сурвалжлуулсан. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсээс Ж.Балт нь Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 152-р байр 9 тоотод оршин суудаг нь тогтоогдсон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Иймд банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн буюу үндсэн зээлийн төлбөр 40,531,852.67 төгрөг, зээлийн хүү 21,979,442.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,275,061.66 төгрөг нийт 63,786,356.82 төгрөгийг Ж.Балт, О.Наранцэцэг нараас гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 17/97 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-д заасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хилчид гудамж 27-р байр, 5-тоот хаягт байршилтай 51,38 м.кв талбайтай, 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн Y-2204050174 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Балт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Жамбалсанжид овогтой Балт би Төрийн банкны нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүх нийтийг хамарсан халдварт өвчин хорио цээрийн үед бизнесийн үйл ажиллагаа доголдож ашиг орлого муудсан тул зээлийг төлөх боломжгүй байсан. Нэхэмжилж буй зээлийн хүү өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Балтын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Балт 2017 оны 08 сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг сарын 2,5 хувь жилийн 30 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 2020 оны 11 сарын 07-ны өдөр гаргасан энэ нь зээлийн хугацааны 36 сараас хойш 9,10,11 сар гэх 3 сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна. Үүнийг үндэслэлгүй хүү нэхэмжилж байна гэж үзэж байна. Энэ хугацаанд нийт хүүгийн өр 21,979,442.49 төгрөг нэхэмжилсэн байна. 2020 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсон. Тэгэхээр 2020 оны 08 сарын 31-ний өдөр төлөх ёстой хүүгийн үлдэгдэл 19,747,410.44 төгрөг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүүгийн өр 21,979,442.49 төгрөгөөс 19,747,410.44 төгрөг энэ 2-ын зөрүү нь 1,952,760.00 төгрөг гарч байна. Нэмэгдүүлсэн хүү болох 1,275,061,66 төгрөг нэхэмжилсэн гэтэл 08 сарын 31-ний байдлаар 828,656.55 төгрөг болсон. Ингээд зөрүү нь 446,405 төгрөг байна. Иймээс хүү болон нэмэгдүүлсэн хүү 2-ын зөрүүг нэмэхээр 2,399,167 төгрөгийн илүү нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс 36 сараас хойших илүү нэхэмжилсэн хүүгийн үнийн дүнг хасаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Ж.Балт, О.Наранцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,786,356.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч Ж.Балт хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч О.Наранцэцэгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар болон ямар нэг нотлох баримтыг гаргаж өгч мэтгэлцээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17/97 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17/97 дугаартай барьцааны гэрээний үүргийн дагуу тус тус хангуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч Ж.Балт нь нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзлын үндэслэлээ “...  бүх нийтийн хөл хорио, цар тахлаас хамаарч орлогогүй болсон, хүү хэт өндөр тул төлөх боломжгүй” гэж маргасан байна.

“Төрийн банк” ХХК нь Ж.Балт, О.Наранцэцэг нартай 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 17/97 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-2204050174 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хилчид гудамж 27 байр 5 тоот хаягт байрлах 51.38 м.кв бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалж, “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 5-10 дахь талд/

Дээр дурдсан гэрээнүүдэд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 12-13 дахь талд/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгч нараас гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл 40,531,852.67 төгрөг, зээлийн хүүд 21,979,442.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,275,061.66 төгрөг, нийт 63,786,356.82 төгрөгийг шаардсан байна.

Хариуцагч Ж.Балтын өмгөөлөгч нь зээлийн гэрээний хугацаа 2020 оны 08 сарын 31-ний өдөр дуусахад төлөх ёстой хүүгийн үлдэгдэл 19,747,410.44 төгрөг байхад хүү илүү 1,952,760.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү илүү 446,405 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.4-д “Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон байх ба мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээлдэгч нарыг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагч Ж.Балт нь дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаарх татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна үүнтэй холбоотойгоор гэрээний хугацааг сунгах, чөлөөлүүлэх талаар зээлдүүлэгч талд аливаа хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл 40,531,852.67 төгрөг, зээлийн хүү 21,979,442.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,275,061.66 төгрөг нэхэмжилсэн зээл, хүүгийн тооцоолол нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр, нэхэмжлэгч нь хариуцагч нараас талуудын хооронд байгуулсан гэрээний заалт болон хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч тал зээлийн гэрээний үүргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй зөрчил гаргасан боловч хариуцагчийн хаягийг олж тогтоосон 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш буюу жилийн дараа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгч нараас нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүүг тал хувиар хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Ж.Балт, О.Наранцэцэг нараас 63,148,824 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 637,530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд заасан Улсын бүртгэлийн Ү-2204050174 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хилчид гудамж 27 байр 5 тоот хаягт байрлах 51.38 м.кв бүхий гурван өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Балт, О.Наранцэцэг нараас 63,148,826 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 637,530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Ж.Балтын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204050174 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хилчид гудамж 27 байр 5 тоот хаягт байрлах 51.38 м.кв бүхий гурван өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,082 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Балт, О.Наранцэцэг  нараас 543,894 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ