Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00777

 

 

 

 

 

 

 

 

 

ТБХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/00696 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТБХХК-ийн хариуцагч Ж.Б, О.Ннарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 63 786 356.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Ж.Б, О.Ннар нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зөрчсөн. Иймээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 40 531 852.67 төгрөг, хүү 21 979 442.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 275 061.66 төгрөг, нийт 63 786 356.82 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчид гудамж 27 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 51.38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Бын шүүхэд ирүүлсэн тайлбар болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бүх нийтийг хамарсан халдварт өвчин хорио цээрийн үед бизнесийн үйл ажиллагаа доголдож ашиг орлого муудсан тул зээлийг төлөх боломжгүй байсан. Нэхэмжилж буй зээлийн хүү өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 11 сарын 07-ны өдөр гаргахдаа зээлийн хугацааны 36 сараас хойшхи 9,10,11 саруудын хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хугацаанд зээлийн хүүд нийт 21 979 442.49 төгрөг нэхэмжилсэн. 2020 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсон. Тэгэхээр 2020 оны 08 сарын 31-ний өдөр төлөх ёстой хүүгийн үлдэгдэл 19 747 410.44 төгрөг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүүгийн өр 21 979 442.49 төгрөгөөс 19 747 410.44 төгрөгийн зөрүү нь 1 952 760.00 төгрөг болно. Нэмэгдүүлсэн хүү болох 1 275 061,66 төгрөгөөс 08 сарын 31-ний өдрийн байдлаар 828 656.55 төгрөг буюу зөрүү нь 446 405 төгрөг байна. Иймээс хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн зөрүүд нийт 2 399 167 төгрөгийг илүү нэхэмжилсэн тул зээлийн гэрээний хугацааны 36 сараас хойшхи илүү нэхэмжилсэн хүүгийн үнийн дүнг хасч өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б, О.Ннараас 63 148 826 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 637 530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Ж.Бын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204050174 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хилчид гудамж 27 байр 5 тоот хаягт байрлах 51.38 м.кв бүхий гурван өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547 082 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, О.Ннараас 543 894 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага хаяг тогтоосноос хойшхи хугацаанд шүүхэд хандаагүй буюу зээлдэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн тул зээлдэгч нараас нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь эрхээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүү тал хувиар хасч тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь энэ хугацаанд банк зээлдэгчтэй уулзсан, тэмдэглэл, зээлдэгчийн зээлийг төлөх хүсэлт, хугацаатай мэдэгдэл, амлалт, зээл төлүүлэх талаар хамтарч ажиллаж байсан талаар нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэхгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ТБХХК нь хариуцагч Ж.Б, О.Ннараас зээл 40 531 852.67 төгрөг, зээлийн хүү 21 979 442.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 275 061.66 төгрөг, нийт 63 786 356.82 төгрөг гаргуулах, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн зээлийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Ж.Б, О.Ннар 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ТБХХК-аас хэрэглээний зээлийн зориулалтаар 60 000 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчид гудамж, 27 байр 5 тоотын 51.38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх5-9/ Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд зээлд 60 000 000 төгрөг, зээлийн хүүд 44 366 437.65 төгрөг, нийт 104 366 437.65 төгрөг төлөх үүрэгтэйгээс үндсэн зээлд 19 468 147.33 төгрөг, зээлийн хүүд 22 386 995.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 661 883.78 төгрөг, нийт 42 517 026.27 төгрөг төлж, 2018 оны 11 дүгээр сараас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, зээл, хүүний тооцооны хуудас зэргээр тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 12-13/

 

Хариуцагчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсон тул 36 сарын хугацаанаас хойших илүү нэхэмжилсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Талууд гэрээний 2.1.5-д үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон байна.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Шүүх зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн тул зээлдэгч нараас нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 13.1 дэх хэсэгт заасан эрхээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүүг тал хувиар хасаж тооцсон нь үндэслэл муутай болжээ.

Талуудын гэрээний 3.2.4-т заасны дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6 дах заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-т заасан зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлнө, 3.2.8-д зээлдэгч өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгийн хэмжээ, гэрийн болон ажлын байрны хаягт өөрчлөлт орсон тухай бүр банкинд мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэх эсвэл биечлэн уулзах зэргээр шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч нь үүнийг үгүйсгэж чадаагүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01271 дүгээр шийдвэрээр хариуцагч Ж.Быг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсээс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр түүний оршин суугаа хаягийг тогтоосон болохыг мэдэгдсэн байна. /хх16-17/

Дээрхээс үзэхэд зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээ нэмэгдэхэд зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхээ алдаагүй.

Хариуцагч нь бүх нийтийг хамарсан халдварт өвчин гарч хорио цээрийн үед бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлээ төлөх боломжгүй байсан гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, зээл төлөлтийг хойшлуулах, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт банкинд гаргаж байсан талаар баримтгүй. Талуудын хоорондын гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 40 531 52.67 төгрөг, зээлийн хүү 21 979 442.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 275 061.66 төгрөг, нийт 63 786 356.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБХХК-д олгох нь зүйтэй.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/00696 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б, О.Ннараас зээлийн гэрээний үүрэгт 63 786 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын 543,894 гэснийг 476 881 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 776 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ