Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Г*****

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Татварын улсын байцаагч П.О****** , Т.У****** нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч П.О****** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Т.Г***** аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Татварын улсын байцаагч П.О****** , Т.У****** нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-00******** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт-ыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Татварын улсын байцаагч П.О****** , Т.У****** нар нь 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр 00000******** тоот нөхөн ногдуулалтын актаар 458,259,132.74 төгрөгийн зөрчил илрүүлж 45,825,913.27 төгрөгийн нөхөн татвар, 15,116,481.62 төгрөгийн торгууль, 7,733,514.46 төгрөгийн алданги нийт 68,675,909.35 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолоор 00000******** тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж, 2022 оны 2022 оны 02 сарын 21-ны өдөр гардуулсан.

4. Т.Г***** аас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн HA 00000******** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү тухай нэхэмжлэл гаргасан.

4.1. Т.Г***** аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргагч Т.Г***** нь хувиараа автомашин импортоор оруулж ирэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй харьцаж ажилладаг юм.

Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О****** , Т.У****** нар нь миний хувиараа эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор 2017-2021 онуудад хамаарах хугацаанд татварын хяналт, шалгалт хийж улмаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр НA-00000******** дугаартай хэт өндөр дүн бүхий "нөхөн ногдуулалтын акт" үндэслэлгүйгээр тавьж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хөндөөд байна.

Уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хүлээн авч хянаад 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 02 дугаартай тогтоол гаргаж, тогтоолыг гомдол гаргагч талд 2022 оны 02 сарын 21-ний өдөр гардуулсан бөгөөд Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.4 дэх хэсэгт заасны дагуу татварын улсын байцаагч нарын "Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгуулахаар дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нэг. Татвар ногдуулах орлогын дунг буруу тодорхойлсон.

Жишээлбэл: Иргэн Т.Г***** ын 2017 онд 2,951,541,088.69 төгрөгийн борлуулалтын орлого, 2,883,951,843.31 төгрөгийн зардал, 67,589,245.39 төгрөгийн татвар Ногдуулах орлого гэх мэтчилэн хяналт, шалгалтад хамаарч буй он тус бүрээр борлуулалтын орлогоос зардлыг хасаж зөрүү дүнг татвар ногдуулах орлого байна гэж тооцсон нь илэрхий алдаатай, бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Учир нь борлуулалтын орлого гэж үзэж байгаа тоон дүн нь өөрөө анхан шатны санхүүгийн баримтаар бүрэн илэрхийлэгдэх ёстой байтал дан ганц гаалийн мэдээ, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл зэргээр тодорхойлогдож байна гэж үзсэн нь тухайн иргэний борлуулалтын орлого гэж шууд үзэх боломжгүй бөгөөд энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Тэрчлэн гаалийн мэдээ нь тухайн иргэний нэр дээр импортоор орж ирсэн автомашинуудыг нэгдсэн байдлаар бүртгэх буюу автомашин импортоор оруулж ирж буй хувиараа бизнес эрхлэгч нар нийлж чингэлэг ачуулах тохиолдол цөөнгүй байдагтай холбоотой юм. Товчхондоо: Тухайн иргэний нэр дээр импортоор орж ирсэн машин бүрийг гаалийн мэдээнд үндэслэн түүний өмч /борлуулалтын орлого олох/ мэтээр шууд үзэх боломжгүй юм.

Борлуулалтын орлогын дүнг тооцож гаргасан гэх тооцоололтой холбоотой баримт байхгүй, энэ нь нотлогдохгүй байна.

Хоёр. Тооцооллын илэрхий алдаатай.

Нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэгт дурдсанаар иргэн Т.Г***** нь /нэмэгдсэн өртгийн албан татвар/ суутгах үүрэг үүссэн болзол, шаардлагыг хангасан байтал харьяалах татварын албанд бүртгүүлж суутган төлөгчөөр бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэжээ./ зөрчсөн гэж НӨАТ-аар нөхөн татвар торгууль алданги ногдуулжээ/

Хэрэвзээ /НӨАТ-ын/ суутган төлөгч гэж үзэж байгаа бол татварын улсын байцаагч нар суутган төлөгчийн талаас нь тооцоолол хийж зөрчлийн дүнг тодорхойлох ёстой байсан юм.

Тухайлбал: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 д заасны дагуу иргэн Т.Г***** нь суутган төлөгчийн үүрэгтэй бол түүнд мөнгөн хэлбэрээр орсон орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварт орсон орлого гэж үзэж цэвэр борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварт тооцож, тооцсон дүнгээс худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцоолол хийх нь зүйд нийцэх бөгөөд тооцооллын хувьд алдаагүй болох байсан юм.

Тэрчлэн татварын алба татвар төлөгч нартаа итгэл үзүүлэн, татвар төлөгчийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана гэж хуулиар үүрэг хүлээсэн атлаа татварт төлсөн мөнгөн дүнг татварын нөхөн ногдуулалтын актад оруулан тооцож, хасаагүй зэрэг буруутай үйлдэл гаргасан байна./ Иргэн Г**** үйл ажиллагаа эрхлэх явцдаа импортоор болон дотоодын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсон тооцоолол актад огт дурдаагүй/

Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О****** , Т.У****** нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн HA 00000******** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой нэмэлт тайлбар хэлэхэд актын 3 дугаар зүйлд 2018 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татвараар суутган төлөгчөөр бүртгэгдсэн байх ёстой гээд нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар ногдуулж эхэлсэн. Ингэж тооцохдоо суутган төлөгч гэдэг нь 2016 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Суутган төлөгч буюу татвар төлөгч нь хэн бэ? гэхээр хуулийн 5 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Татвар төлөгч гэдэг бол худалдан авалт хийж байгаа үйл ажиллагаа юм. Суутган төлөгчийн үүрэг хэзээнээс үүсэх вэ? гэхээр үйл ажиллагааны борлуулалтын орлогоос гэрчилгээ авсан өдрөөс суутган төлөгчийн үүрэг үүсэж байгаа. Нэхэмжлэгч 2018 онд суутган төлөгчийн үүрэг хүлээсэн гээд татварын байцаагч акт ногдуулсан. Ногдуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг ерөөсөө бариагүй. Татварын улсын байцаагчийн 3 дугаар зүйлд 2018 онд хэдэн төгрөгийн борлуулалтын орлогоос хэдэн төгрөгийн импортын болон дотоодын худалдан авалтыг хассан талаар бичсэн. 2018 оны төгрөгийн тухайд цэвэр борлуулалтын орлого гэж үзэхгүй. Цэвэр борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож тэр дүнгээсээ дотоодын худалдан авалтын төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцоод зөрүү дээр тухайн албан татварыг тооцох ёстой. Гэтэл үүн дээр тийм тооцоолол харагдахгүй байна. Ямар баримтаар борлуулалтын орлого гэж үзэж байгаа вэ? гэдэг асуудал баримтаар нотлогдоогүй. Борлуулалтын орлого хэд байдаг вэ? гэхээр 1,1-д хуваахаар 2,5 тэрбум төгрөг байгаа. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татвараа ногдуулахаар 258,106,551 гараад, худалдан авалтаар үндсэн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь 272 болоод зөрүү хасах 14,000,000 сая төгрөг илүү төлөлт гарч ирж байгаа. Хэдэн төгрөгөөр борлуулсан талаар татварын улсын байцаагч ерөөсөө тооцоогүй. Гаалийн ярилцлагаар үндэслэж, ногдуулж автоматаар тооцож байгаа гэжээ.

4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч нь 3 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О****** , Т.У****** нарын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн НА...дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай юм. Нэхэмжлэгч хувиараа авто машин оруулж ирж үйл ажиллагаа эрхэлдэг. Нөхөн ногдуулалтын актыг дараах хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт татвар ногдох орлогын дүнг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч 2017 онд хоёр тэрбум 951,541,088 төгрөгийн борлуулалтын орлого, 2 тэрбум 883,951,043 зардал улмаар орлогын дүн болон борлуулалтын орлогын зарлагын зөрүү 67,000,000 сая төгрөгийн татвар ногдуулах орлого гэх мэтчилэн зөрүүгээс татвар ногдуулсан тооцоо хийсэн. Энэ бол илэрхий алдаатай байна. Борлуулалтын орлогоос зарлага хасах, зөрүү дүнд татвар ногдуулах орлого нь тооцооны хувьд алдаатай байна. Борлуулалтын орлого гэж үзэж байгаа бол тоон дүнгийн анхан шатны санхүүгийн баримтуудаар мэдэх ёстой. Дан ганц гаалийн мэдээ, татварын бүртгэлийн мэдээлэлд тулгуулж үзэх нь санхүүгийн анхан шатны баримт материалд тулгуурлах гэдэг шаардлага хангаагүй гэж үзнэ. Гаалийн мэдээгээр иргэний нэр дээр орж ирсэн авто машиныг нэгдсэн байдлаар буюу нэхэмжлэгчийн нэр дээр ачигдсан жиглэг нарыг гаалийн мэдээгээр бүртгэж байгаа. Шууд тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй. Яагаад гэвэл машин импортолж байгаа хүмүүс нийлээд жиглэг ачуулах тохиолдол байдаг. Гэхдээ гааль мэдүүлэхдээ нэгнийхээ нэрээр мэдүүлдэг. Дотоодоо борлуулалт хийхээр бол салгаж зааглаж байгаа юм.

 

Хоёр дах үндэслэлийн тухайд тооцооны илэрхий алдаатай үйлдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл тус үүргээ биелүүлээгүй. Мөн суутган тооцогчийг үүрэг хүлээсэн эсэхээр тооцох зүйтэй гэсэн. Үүрэг өгсөн үеэс тооцоо хийх боломжтой гэж үзэж байгаа бол нөхөн ногдуулалт акт мөн адил нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцож тооцоо хийх ёстой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д заасны дагуу үүргийг нэхэмжлэгч нь суутган төлөгчийн үүрэгтэй гэж үзэж байгаа бол түүнд мөнгөн хэлбэрээр орсон орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар орсон орлого гэж үзнэ борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох ёстой. Гэтэл үүнийг хасаж тооцоогүй байна.

Суутган төлөгчийн үүрэгтэй байсан гэж татварын алба үзэж байгаа. Мөнгөн хэлбэрээр олсон орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар олсон орлого гэж үзэж борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг орсон гэж тооцох ёстой. Гэтэл ийм тооцоолол хийгээгүй. Мөн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол хийгээгүй. Тооцоололтой холбоотой манай итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбар хэлнэ. Нэхэмжлэгчийн дотоодын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсон тооцоолол актад хавсаргаагүй. Иймд акт тооцооллын шаардлага хангаагүй гэж харагдаж байна. Иймд нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариу тайлбар, татгалзал:

5.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.У****** , П.О****** нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О****** , Т.У****** нар нь *********тоот регистрийн дугаартай иргэн Тогтохбаяр овогтой Гомбожавын 2017-2020 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд 24******** тоот томилолтоор иж бүрэн хяналт шалгалтыг хийж 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр 00000******** тоот нөхөн ногдуулалтын актаар 458,259,132.74 төгрөгийн зөрчил илрүүлж 45,825,913.27 төгрөгийн нөхөн татвар, 15,116,481.62 төгрөгийн торгууль, 7,733,514.46 төгрөгийн алданги нийт 68,675,909.35 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Иргэн Т*****овогтой Г**** нь гаргасан гомдолдоо:

Шалгалтад хамаарч буй он тус бүрээр борлуулалтын орлогоос зардлыг хасч зөрүү дүнг татвар ногдуулах орлого байна гэж тооцсон нь илэрхий алдаатай бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Учир нь борлуулалтын орлого гэж үзэж байгаа тоон дүн нь өөрөө анхан шатны санхүүгийн баримтаар бүрэн илэрхийлэгдэх ёстой байтал дан ганц гаалийн мэдээгээр тодорхойлогдож байна гэж үзсэн нь борлуулалтын орлого гэж шууд үзэх боломжгүй бөгөөд энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Гаалийн мэдээ нь тухайн иргэний нэр дээр импортоор орж ирсэн автомашинуудыг нэгдсэн байдлаар бүртгэх буюу автомашин импортоор оруулж ирж буй хувиараа бизнес эрхлэгч нар нийлж чингэлэг ачуулах тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн иргэний нэр дээр импортоор орж ирсэн машин бүрийг гаалийн мэдээнд үндэслэн түүний өмч мэтээр шууд үзэх боломжгүй юм гэж гомдол гаргажээ.

Тайлбар: Татварын хяналт шалгалт хийх 24******** тоот томилолт 2021 оны 05 сарын 06-ны өдөр олгогдсон боловч удаа дараа дуудаад ирэхгүй байх мөн санхүүгийн анхан шатны баримт, бүртгэл, нотлох баримтууд авч ирэхийг олон удаа хүссэн боловч дансны хуулга болон цөөн тооны зардлын баримтаас өөр баримт авчирч өгөхгүй байх зэрэг шалтгаанаас үүдэн хяналт шалгалтын ажилд саад учруулж удаасны улмаас шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүртэл хойшлогдсон. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг зааж өгсөн байдаг. 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.2.татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх;, 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон Нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах; гэж заасан байдаг. Тухайн иргэн нь үүргээ биелүүлж шаардлага хангахуйц санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлээгүй, бүртгэл хөтлөөгүй, татварын тайлан гаргаж татвараа төлөөгүй байсан.

Иймд борлуулалтын орлогыг тооцохдоо уг иргэний нэр дээрх гаалийн мэдээлэл, Т.Г***** ын ХААН банкан дахь 5********тоот дансаар орж ирсэн орлогоос машины марк тодорхой бичигдэн орж ирсэн нийт 15 ширхэг машины орлогыг тухайн дүнгээр авч борлуулалтаар тооцсон бөгөөд бусад машины борлуулалтын үнийг тодорхойлохдоо тухайн иргэний 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн ярилцлага дээр үндэслэн жижиг Суудлын тэргэн дээр 500,000.00 төгрөг, жип төрлийн машин дээр 1,000,000.00 төгрөг нэмж тооцооллыг хийсэн.

Зардлын баримтыг удаа дараа шаардсан бөгөөд бүрдүүлж ирэх хугацаа хангалттай өгч ажилласан. Тухайн хугацаанд бүрдүүлж ирсэн баримтыг зардалд хүлээн зөвшөөрч орлогоос хасаж тооцсон бөгөөд өөрсдийнх нь гаргаж өгөөгүй орхигдуулсан байсан зээлийн хүүгийн зардлын баримтыг гаргуулан авч хасагдах зардлын тооцоололд оруулж өгсөн.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасны дагуу иргэн Т.Г***** нь суутган төлөгчийн үүрэгтэй бол түүнд мөнгөн хэлбэрээр орсон орлогыг НӨАТ орсон орлого гэж үзэж цэвэр борлуулалтын орлогоос НӨАТ тооцож, тооцсон дүнгээс худалдан авалтын НӨАТ-ыг хасаж тооцоолол хийх нь зүйд нийцэх бөгөөд тооцооллын хувьд алдаагүй болох байсан. Татварт төлсөн мөнгөн дүнг татварын нөхөн ногдуулалтын актад оруулан тооцож, хасаагүй зэрэг буруутай үйлдэл гарсан гэх гомдолд.

Тайлбар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна. гэж заасан байдаг. Энэ нь тухайн бараа ажил үйлчилгээг борлуулаад 50 сая төгрөгт хүрч Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн үүрэгтэй болсон өдрөөс хойш тухайн борлуулж байсан үнэ дээрээ 10 хувиар татвар ногдуулан суутган авч төсөвт төлөх үүрэг хүлээдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцооллыг энэ хуулийн дагуу хийж нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Мөн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3 дугаарт төлсөн татварын хасалтыг оруулж тооцсон тухай тодорхой дурдсан ба хяналт шалгалтын ажил дуусах явцад акттай танилцаж хийгдсэн тооцооллыг тулган шалгах боломж өгч байсан гэжээ.

 

5.2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О****** гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Борлуулалтын орлогыг яаж тооцсон бэ? гэхээр дансны хуулга болон ярилцлагаар үндэслэж байгаа. Дансны хуулгаар тодорхой хэмжээний тайлбар өгсөн. 15 ширхэг жиглэг цэвэр дансаар нь түүж авсан. Машинуудыг борлуулсан үнээр аваад жийп машинд 1,000,000 сая төгрөг, жижиг машинд 500,000 төгрөг нэмж зардаг гэдэг ярилцлага өгсний дагуу актаа үйлдсэн. Улмаар гаалийн дүнг аваад өөрийнх нь хэлсэн дүнг нэмээд зардлыг бүгдийн хасаж өгсөн. Хангалттай хугацаа өгсөн. Бүх зардлын баримтыг бид нар өөрсдөө нэхэж байж хасаж өгсөн. Улмаар тооцооллоор алдаа байхгүй гэж үзэж байна. Машины үнэлгээнд үндэслэлгүй мөнгө тогтоосон гэж байгаа. Өөрсдөө нэмээд тавьсан мөнгөтэй харьцуулахад асар ялгаатай байдаг. Зах зээлийн үнээс хамаагүй бага орлого тодорхойлсон. Өөрийнх нь хэлсэн үнээр үндэслэж байгаа. Гааль бол суурь үнэлгээ болж байгаа. гэв.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө******-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татвар төлөгчийн хяналт шалгалт 2021 онд үүссэн байдаг. Татвар төлөгчийн томилолт үүссэнээс хойш анхан шатны баримтуудаа удаа дараа авчрах талаар шаардсан боловч баримт ирээгүй. 6 сарын 22-ны өдөр ярилцлага өгсөн байгаа. Үүн дээр үйл ажиллагааны талаар танилцуулсан. Хянан шалгалтын акт гарах хүртэл тодорхой хэмжээний хугацаанууд байсан. Татварын байгууллагаас удаа дараа татвар төлөгчийг баримтаа гаргаж өгнө үү гээд шаардаж байсан. Улмаар өгсөн дансны хуулгыг үндэслэж хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 18.1-д зааснаар тайлангаа үнэн зөв гаргах ёстой. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр маргаан бүхий актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь НА-00000******** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлсон,

- холбогдох худалдан авалт хасаагүй,

- мөнгөн хэлбэрээр орсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцоогүй,

- жишиг үнийн аргаар татвар ногдох орлогыг тодорхойлох ёстой байхад татвар төлөгчийн тайлбараар татвар ногдох орлогыг тооцсон тул нөхөн ногдуулалтын акт нь хууль бус гэж маргасан.

2. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь 24******** тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу иргэн Т.Г***** ын 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

3. Маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтын тухайд:

3.1. Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ... дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлогоо нуусан татвар төлөгчид ...татварыг нөхөн төлүүлж, ... татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:, 74.1.3-т ... тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж,

3.2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д татварын ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 1.2-т татварын ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 2 дахь хэсэгт Татварын хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, 4 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, этгээд ... үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж, хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Тайлбар хэсэгт Энэ зүйлийн ...2..4. дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж,

3.3. Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох ..., 73.2.1-т " татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор", 82 дугаар зүйлийн 82.1-д Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно, 82.1.1-д хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 84 дүгээр зүйлийн 84.1-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:, 84.1.1-т Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн гэж,

3.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ-нд албан татвар ногдуулахаар, 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулах гэж,

3.5. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:, 8.1.2-т үйл ажиллагааны орлого;, 12 дугаар зүйлийн 12.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна:, 12.1.2-т хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/2019 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна, 8.1.2-т хувиараа бүтээгдэхүүн ..., борлуулах,... үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж, тус тус заажээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас 2017-2020 онуудад Т.Г***** ын нэрээр 466 машин импортолсон тухайд болон Т.Г***** нь хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаагүй тухайд тус тус маргаагүй. Энэ тохиолдолд хариуцагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Т.Г***** ын үйл ажиллагааны орлогод нөхөн татвар ногдуулж, торгууль алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хууль болон татварын хууль тогтоомжид зааснаар татвар ногдох орлого олсон хүн бүр татвар төлөх үүрэгтэй бөгөөд Т.Г***** нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар ногдох орлого олсон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан НӨАТ-ын суутган төлөгчийн үүрэг үүссэн байхад уг хуулиудад заасан журмын дагуу татвар ногдох орлогоо тайлагнаагүй, татвар ногдуулж төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

5. Гэхдээ хариуцагч нар Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 48 дугаар зүйлийн 48.1-д тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба нь тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох-оор заасан байх ба ингэхдээ мөн зүйлийн 48.1.2-т заасанчлан жишиг үнийн арга-ыг хэрэглэхээр, Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1-д Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ, 36.2-т Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно:, 36.2.1-т татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Г***** ын татвар ногдох үйл ажиллагааны орлогын тодорхойлохдоо жишиг үнийг аргыг хэрэглээгүй нь буруу байна. Тодруулбал,

5.1. Т.Г***** нь 2017-2020 оны хооронд нийт 466 автомашиныг Япон улсаас импортолсон болох гаалийн байгууллагаас гаргасан мэдээгээр тогтоогдсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг машинуудын зарим нь түүний импортолсон машин биш. Нэг чингэлэгт өөр хүний импортолсон машин хамт ачигдсан тохиолдолд Т.Г***** ын нэрээр гаалийн мэдүүлэг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч нар нь татварын зайлсхийх ерөнхий дүрмийн дагуу өөр хүний импортолсон гэх машинуудын импортлогчийг тодруулж татвар ногдуулалт, төлөлтийг тооцсоны үндсэн дээр Т.Г***** ын төлбөл зохих татварт хамаарах эсэхийг тодорхойлох шаардлагатай байжээ.

5.2. Мөн Т.Г***** ын дансаар мөнгө нь орж ирсэн гэх 15 ширхэг машинтай холбоотой тооцооллоос үзвэл, хариуцагч нар нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ Т.Г***** ын импортолсон 451 машин/466-15/-ыг борлуулсны орлогод ногдох татварыг машин бүрд 500,000-аас 1,000,000 төгрөгөөр тооцсон нь бодитой бус тооцоолол болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тодорхойлогдох боломжтойгоор буюу машины нэр, үнийн дүн бүхий Т.Г***** ын дансаар орж ирсэн гүйлгээнээс тооцсон дүнгээс үзвэл, Т.Г***** нь нэг машиныг борлуулах үйл ажиллагаанаас дунджаар 40,070,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэхээр байхад хариуцагч татварын улсын байцаагч нараас нэг машиныг борлуулаад олдог гэх Т.Г***** ын тайлбарт үндэслэж нэхэмжлэгчийн татвар ногдох орлогыг тооцсон нь зөрүүтэй байна.

6. Мөн нэхэмжлэгч талаас Да хүрээ худалдааны төвд төлсөн зогсоолын түрээсийн төлбөр, сэлбэг хэрэгсэл авсан зарлагын баримт, машин чингэлэг тээвэрт төлсөн төлбөрийн жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлж холбогдох худалдан авалтыг хасаагүй гэж тайлбарласан бол хариуцагч татварын улсын байцаагчаас эдгээр баримтуудыг бүгдийг нь Т.Г***** ын зээл, зээлийн хүүд төлсөн төлбөрийг хасаж тооцсон, чингэлэг тээврийн баримтууд нь гаальд мэдүүлсэн барааны өртөгт багтаж байгаа гэж зөрүүтэй тайлбарласан.

7. Дээрхээс үзвэл, иргэн Т.Г***** нь татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах, төлөх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой байхад хариуцагч татварын улсын байцаагч нараас Т.Г***** ын татвар ногдох орлогыг үнэн зөв, бодитой тогтоогоогүй байх ба энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Гэвч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагатай ба маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хуульд заасан 6 сар хртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэх үр дагавартай байна. Тодруулбал,

8.1. Нэхэмжлэгч талаас 466 машины зарим нь өөр хүний машинууд бөгөөд нэг чингэлэгт тээвэрлэгдсэн учраас Т.Г***** ын нэр дээр импортолсноор мэдүүлсэн гэх боловч 2017, 2018, эсхүл 2018 онуудад машин хамт тээвэрлүүлсэн хүмүүсийг олж тогтоох боломжгүй, зарим нь гадаадад амьдарч байгаа гэж тайлбарласан.

8.2. Хариуцагч татварын улсын байцаагчаас Японоос импортолж буй хуучин машинууд нь үйлдвэрлэгдсэн он болон явсан гүйлт зэргээс хамаарч өөр өөр үнэтэйгээр борлуулагддаг тул хуучин машины импорт дээр жижиг үнийг аргыг хэрэглэх боломж хомс байдаг гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, Т.Г***** ын импортолсон гэх 466 машины жишиг үнийг тодорхойлоход 6 сарын хугацаа хүрэлцэхээргүй байна.

9. Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэхийн зэрэгцээ Т.Г***** ын үйл ажиллагааны орлогод нөхөн татвар ногдуулж, торгууль алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдлийг буруутгахааргүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

10. Харин Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль/2020/-иудад 2020 оны 02 дугаар сарын 01-ээс, 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацааны  ... татвар төлөгчийн төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх-өөр зохицуулсан байхад хариуцагч нар Т.Г***** ын 2020 оны Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд НӨАТ ногдуулаагүй зөрчилд 3,237,108.13 төгрөгийн торгууль ногдуулж, 772,050.29 төгрөгийн алданги тооцсон, үйл ажиллагааны орлогод хувь хүний албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 2,237,722.42 төгрөгийн торгууль ногдуулж, 533,696.79 төгрөгийн алданги тооцсон нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-00000******** тоот актаар тогтоосон төлбөрөөс 6,780,577.63 төгрөгийг хасч багасгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

11. Т.Г***** нь хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж тайлагнаагүйн зэрэгцээ мөн өөр цалин, хөдөлмөрийн хөлс авдаггүй тухайд маргахгүй байх тул түүний татвар ногдох орлогыг татварын хяналт шалгалтын явцад өөрийнх нь өгсөн тайлбар буюу орлогын хэмжээгээр тооцсоныг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаалийн мэдээ буюу импортолсон машины өртөгт үндэслэж татвар ногдох орлогыг тодорхойлсон орлого тодорхойлох зарчимд нийцэхгүй гэж тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

12. Түүнчлэн татвар ногдох орлого нь зөвхөн мөнгөн хэлбэртэй байхыг шаардахгүй тулд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөнгөн хэлбэрээр орсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Татварын ерөнхий хууль/2019/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 болон 4 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль/2020/-иудын 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г***** ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-00000******** тоот актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 6,780,577.63 /зургаан сая долоон зуун наян мянга таван зуун далан долоон/ төгрөгийг багасгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ