Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1013

 

Ц.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул,С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00361 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Г-холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туяажаргал,

Хариуцагч Б.Гантулга,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гантулга нь 4 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар бичиг үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээл 4 000 000 төгрөг, мөн хугацааны алданги 1 520 000 төгрөг, нийт 5 520 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би нөхөр В.Энхтөвшинтэй 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрээн хотод явж байгаад Б.Гантулгатай таарсан бөгөөд тэрээр мөнгө хэрэгтэй байна зээл олгооч гэсний дагуу 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 20 000 юань буюу тэр үеийн ханшаар 4 000 000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Ингээд Б.Гантулга нь зээлсэн мөнгөө өгөхгүй алга болсон бөгөөд түүнтэй 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод таарсан тул бид нотариат дээр очиж, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээл эргүүлэн төлөх тухай баримтыг үйлдсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 08 дугаар сарын 15-ы өдөр 4 000 000 төгрөгийг Ц.Т-аас зээлж аваагүй. Би 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод Ц.Т-тай анх танилцсан. Тухайн үед тэрээр нөхөр В.Энхтөвшинтэй хамт явж байсан. Бидний хооронд ачаа тээврийг Эрээн хотоос Замын-Үүд рүү яаж зөөх талаар ярилцаж, зөвлөлдсөн зүйл байгаа. Тээвэр хийх машин олдохгүй байна танд таньж мэдэх жолооч байна уу гэхэд нь өөрийн мэдэх жолооч руугаа ярьж, 10 машин олж өгөхөөр болсон боловч 4 машин л надад олдож, би тээврийн урьдчилгаа 8 000 юань авч, жолооч нарт өгсөн нь үнэн ба би тэр мөнгөнөөс өөртөө илүү авч, ашиг олсон зүйл байхгүй.Харин намайг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ц.Т-, В.Энхтөвшин нар нотариат руу дагуулан явж хүчээр зээл эргүүлэн төлөх тухай баримтыг үйлдүүлсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гантулгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 520 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 103 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 103 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00361 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. ИХШХШТХ-ийн заалтыг зөрчсөн тухайд

Шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагт зарлагдсан шүүх хуралдаанд гэрч Ё.Мижиддоржийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж гарсан бөгөөд дараагийн шүүх хуралд уг гэрч ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж гэрчийг албадан ирүүлэхээр болсон бөгөөд шүүх хуралдааны товыг жич зарлахаар шүүх хуралдаан хойшилсон. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг өмгөөлөгчид ямар нэгэн байдлаар /утсаар болон мэдэгдэх хуудсаар/ мэдэгдээгүй бөгөөд утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байсан гэж шүүгчийн туслах тэмдэглэл бичснээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй гэж нэхэмжлэгчийн хүсэлтээр өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн, өмгөөлөгчид мэтгэлцэх боломж олгоогүй, мэтгэлцэх зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарласанд гомдолтой байна.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримтыг бүх талаас бүрэн гүйцэд бодитой үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн зохицуулалтад нийцээгүй талаар

Нэхэмжлэгч 4 000 000 төгрөгийг 4 жилийн өмнө хариуцагч Б.Г-зээлсэн гэдгээ нотлоогүй бөгөөд хариуцагч 4 000 000 төгрөгийг зээлж аваагүй, тээвэр зууч хийх үүднээс 8 000 юань авч жолооч нарт өгсөн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байхад шүүх зээл эргүүлэн төлөх тухай хэлцлээр зээл, алдангийг төлөхөөр талууд амаар харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч зээл гэх 4 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад шүүх мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн хууль буруу хэрэглэсэн. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад алданги гаргуулахаар шийдвэрлэн мөн хууль буруу хэрэглэсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан зээл эргүүлэн төлөх тухай баримт болон зохигчдын тайлбараар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэж хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлж дүгнэж чадаагүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Ганболдод мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр түүний оршин суух хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. /хэргийн 78 дугаар тал/

 

Хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/01945 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх ба захирамжид хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдэхээр мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 99246111 дугаарт залгасан боловч холбогдох боломжгүй байсан шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан талаар дурдсан байна. /хэргийн 85 дугаар тал/

 

Хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болно гэсэнтэй нийцээгүй байна.

 

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт боломжит хугацааны өмнө мэдэгдэх нь тухайн этгээдийн шүүх хуралдаанд бэлтгэх, улмаар талуудын мэтгэлцэх эрх, хуулиар олгогдсон өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх байдалд нөлөөлөх юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй атлаа хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь талуудын эрх тэгш байх зарчмыг хангасан гэж үзэхгүй бөгөөд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

С.ЭНХТӨР